Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2024/0569

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

W Co.Ltd-ийн

    нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч З.Ганзориг

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э, М.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б

Нэхэмжлэгч: W Co.Ltd

Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ

Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороо

Нэхэмжлэлийн шаардлага: “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ******* дугаар бүхий Өндөр даралтын булт нунтаглагчийг нэвтрүүлэх ажлын багц №1, Өндөр даралтын булт нунтаглагчийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх, туршилт тохируулга хийх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 04 дугаар хурлын тэмдэглэл (үнэлгээний хорооны дүгнэлт)-ийг хууль бус байсан болохыг тогтоолгох;

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ******* дугаар бүхий Өндөр даралтын булт нунтаглагчийг нэвтрүүлэх ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерт “ФМ” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох;

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “ФМ” ХХК нарын хооронд 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан №****** тоот гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох;

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ******* дугаар бүхий Өндөр даралтын булт нунтаглагчийг нэвтрүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн багц №1, Өндөр даралтын булт нунтаглагчийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх, туршилт тохируулга хийх ажилд W Co.Ltd-ийн ирүүлсэн тендер шаардлагад нийцсэн гэж дүгнэж, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг даалгах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 35 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, Б.А, Л.Э, М.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, Д.Э, Г.Ц, Ж.О, Ц.О, Г.Л,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш, Б.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 119/2024/0007/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч W Co.Ltd-аас хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ******* дугаар бүхий Өндөр даралтын булт нунтаглагчийг нэвтрүүлэх ажлын багц №1, Өндөр даралтын булт нунтаглагчийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх, туршилт тохируулга хийх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 04 дугаар хурлын тэмдэглэл (үнэлгээний хорооны дүгнэлт)-ийг хууль бус байсан болохыг тогтоолгох;

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ******* дугаар бүхий Өндөр даралтын булт нунтаглагчийг нэвтрүүлэх ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерт “ФМ” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох;

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “ФМ” ХХК нарын хооронд 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан №****** тоот гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох;

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ******* дугаар бүхий Өндөр даралтын булт нунтаглагчийг нэвтрүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн багц №1, Өндөр даралтын булт нунтаглагчийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх, туршилт тохируулга хийх ажилд W Co.Ltd-ийн ирүүлсэн тендер шаардлагад нийцсэн гэж дүгнэж, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг даалгуулах”-аар маргасан байна.

 

2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 35 дугаар шийдвэрээр: “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 он/-ийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 12.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 46 дугаар зүйлийн 46.1.3, 47 дугаар зүйлийн 47.2.2, 47.7, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 55.1.1, 55.1.7 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч W Co.Ltd-ийн Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан

-Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ******* дугаар бүхий Өндөр даралтын булт нунтаглагчийг нэвтрүүлэх ажил-ын багц №1, Өндөр даралтын булт нунтаглагчийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх, туршилт тохируулга хийх ажил-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 04 дугаар хурлын тэмдэглэл (үнэлгээний хорооны дүгнэлт)-ийг хууль бус байсан болохыг тогтоолгох;

-Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ******* дугаар бүхий Өндөр даралтын булт нунтаглагчийг нэвтрүүлэх ажил-ын гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерт “ФМ” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох;

-Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ болон “ФМ” ХХК нарын хооронд 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан №****** тоот гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох;

-Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ******* дугаар бүхий Өндөр даралтын булт нунтаглагчийг нэвтрүүлэх ажил-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн багц №1, Өндөр даралтын булт нунтаглагчийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх, туршилт тохируулга хийх ажил-д W Co.Ltd-ийн ирүүлсэн тендер шаардлагад нийцсэн гэж дүгнэж, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн байна.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э, М.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

3.1. “...Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй тухайд: ...нэхэмжлэгч талын зүгээс “ФМ” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалыг үнэлэхдээ хууль бусаар давуу байдал олгож үнэлсэн” талаар маргаж, шүүх хуралдаан мэтгэлцсэн буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (2005)-ийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн “Худалдан авах ажиллагаанд ... өрсөлдөх тэгш боломжтой, ... байх зарчмыг баримтална.” гэх зарчим зөрчигдөж байгаа талаар маргасан. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн ирүүлсэн тендер шаардлага хангасан эсэхээс гадна тендерт шалгарсан гуравдагч этгээдийн ирүүлсэн тендер шаардлага хангасан эсэх, Үнэлгээний хорооны энэ талаар хийсэн дүгнэлт, шийдвэр үндэслэлтэй эсэхийг мөн адил хянах хяналтын цар хүрээ бий болох юм. Гэтэл шүүх үүнийг анхаарахгүйгээр нэхэмжлэгч тал тухайн тендер шалгаруулалтад шалгарахгүй байсан тул тус асуудлаар маргах эрхгүй мэтээр дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэх үндэслэлийг дурдаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

3.2. ...шүүх нэхэмжлэгчийн ирүүлсэн тендер нь тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй талаарх дүгнэлтийг хийхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, Захиргааны ерөнхий хууль зэрэг тендерийн Үнэлгээний хорооны заавал дагаж мөрдөх хэм хэмжээг хэрэглээгүй, үндэслэл бүхий тайлбар хийж хэрэглэхгүйгээр дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэх дүгнэлтийг хийх боломжгүй юм. Хэрэв нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй байна гэж үзэж буй бол нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох бус тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах үр дагавар (ЗХШХШтХ-ийн 54.1.5) үүсэх учиртай. Гэтэл шүүх тухайн маргааны зүйлд дүгнэлт хийх үүргээсээ үндэслэлгүйгээр татгалзаж, нэхэмжлэлийн шаардлага бүрт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй гэх үндэслэл дурдсан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

 

3.3. Техникийн зураг ирүүлээгүй учир нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан гэх үндэслэлд хийсэн дүгнэлтийн тухайд: ...Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон МNS ISO-1:2005 гэх дугаар бүхий үндэсний стандарт Монгол Улсад байхгүй бөгөөд шийдвэрийн үндэслэл болоод буй стандарт нь юуг зохицуулах, ямар хамрах хүрээтэй стандарт байгаа, тэрхүү стандарт нь маргаан бүхий харилцаанд хэрэглэгдэх стандарт болох талаар, тухайн стандартын ямар зохицуулалтаар, ямар шаардлагыг техникийн зурагт тавьсан талаар дүгнэлт хийгээгүй. Эндээс үзвэл ийм стандарт байхгүй нь тодорхой харагдаж байна гэж үзэж байна, ...хэргийн материалд буй тус тендерийн баримт бичигт “Техникийн зураг” гэсэн ганцхан өгүүлбэр байдаг. Тэрнээс техникийн зураг нь Монгол Улсын МNS ISO-1:2005 стандартын дагуу боловсруулагдсан байх, энэ стандартад заасан зураг байх талаар ямар ч шаардлага тавигдаагүй байна. Гэтэл ТББ-т заасан энэ хууль зүйн фактыг шүүх хэрхэн үнэлсэн нь тодорхойгүйгээр дээрх дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй байна.

 

3.4. Нөгөөтэйгүүр Үнэлгээний хорооны 2024 оны №4 дүгээр хурлын тэмдэглэл буюу дүгнэлтийн үндэслэлд хариуцагч Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт дурдсан “МNS ISO-1:2005 гэх стандартын дагуу боловсруулагдаагүй тул техникийн зураг ирүүлээгүй” гэж үзсэн талаар ганц ч үг, өгүүлбэр байхгүй байна. Ингэснээр хариуцагчаас тухайн шийдвэрийг гаргах үед энэ үндэслэлийг бодоогүй, шийдвэр гаргахдаа энэ үндэслэлийг баримтлаагүй болох нь тодорхой байна. Гэтэл шүүгч хариуцагчийн өмгөөлөгч мэт үйлдэл гаргаж, маргаан бүхий актын үндэслэлд байхгүй шинэ үндэслэлээр тухайн маргаан бүхий акт гарсан гэж шийдвэртээ үндэслэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр болоогүй гэж үзэхээр байна.

 

3.5. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтад ““стандарт” гэж тодорхой хүрээнд хэм хэмжээ бий болгоход чиглэсэн ерөнхий зарчим, үзүүлэлтийг сонирхогч талууд зөвшилцөн боловсруулж баталсан, сонгон хэрэглэх баримт бичгийг;” гэж зохицуулсан. Үүний дагуу стандарт нь заавал дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон баримт бичиг мөн боловч тохирох стандартыг заавал сонгож хэрэглэх ёстой. Өөрөөр хэлбэл, Барилга, архитектур, хүнс үйлдвэрлэл гэх мэт олон салбарын стандартуудад техникийн зургийг тодорхой хэмжээгээр тодорхойлсон байгаа. Үүнээс аль стандарт нь ТББ-т буй “техникийн зураг”-т тавигдах ёстой талаар хариуцагч сонгоод ТББ-ийг батлахдаа тусгах үүрэгтэй байсан. Гэвч энэ үүргээ биелүүлээгүй атлаа шүүх хуралдаан дээр нийтэд нээлттэй байдаг хууль, Захиргааны хэм хэмжээний актыг баримтлаагүй мэт ярьж байгаа нь үндэслэлгүй.

 

3.6. ...хэргийн материалд буй Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 04 дугаар тэмдэглэлд шүүхийн шийдвэрийн үндэслэлд буй Үнэлгээний хорооны гишүүдийг гаргасан санал гэх “өмнө энэ асуудлыг ярьчихсан...шаардлага хангаагүй гэж үзсэн” хэсгээс өмнөх хэсгүүдэд Сангийн яамны “гомдол хянасан тухай” албан бичигт дурдсан зөрчлийг хэлэлцсэн, энэ талаар Үнэлгээний хороо дүгнэлт хийсэн нэг ч үг өгүүлбэр байдаггүй. Гэтэл шүүх үүнийг олж тогтоогоогүй, энэ талаар нэхэмжлэгч талын гаргасан “Гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий болон дээд шатны захиргааны байгууллагын шийдвэрийг заавал биелүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй нь хууль дээдлэх зарчмыг зөрчсөн” талаар үндэслэлийг няцаагаагүй, дүгнэлт өгөөгүй мөртлөө нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

 

3.7. Сангийн яамны шийдвэрт үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг тодруулахыг даалгасан зүйл байгаагүй, ... Гэтэл шүүх энэ үйл баримтыг үнэлэхдээ Үнэлгээний хороог Сангийн яамны шийдвэрийн дагуу ажилласан мэтээр шийдвэртээ тусгаж, Үнэлгээний хорооны шийдвэрийн улмаас тендерийн хууль Захиргааны ерөнхий хууль зөрчигдөж, хууль дээдлэх зарчим алдагдаж буй талаар нэхэмжлэгч талын үндэслэлд тайлбар хийгээгүй байна.

 

3.8. Хариуцагчийн зүгээс “... Сангийн сайдын 2021 оны 103 дугаар тушаалаар баталсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх журам”-ын 3.6-д “Үнэлгээний хороо тендер шалгаруулалттай холбоотой асуудлаар захиалагчаас бусад этгээдтэй бие даан харилцах, тодруулга, нэмэлт мэдээлэл гаргах эрхгүй ба шаардлагатай асуудлаар захиалагчаар дамжуулан харилцана.” гэж тодруулга авахтай холбоотой харилцааг зохицуулсны дагуу тендерт оролцогч бус этгээдээс тодруулга авах эрхтэй” гэх агуулгаар маргадаг. Гэтэл тус журмын зохицуулалтыг хууль тайлбарлах системчилсэн аргаар тайлбарлавал, “бусад этгээд” гэдэгт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (2005 он)-ийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэгт “Тендерийн агуулга, үнийг өөрчлөхөөс бусад асуудлаар тайлбар тодруулгыг бичгээр ирүүлэхийг захиалагч тендерт оролцогчоос шаардаж болно” гэх зохицуулалтын дагуу зөвхөн тендерт оролцогч гэж үзэхээр байна. Ийм тодорхой хуулийн зохицуулалт байсаар байхад шүүх үндэслэлгүйгээр хэрэглэхээс татгалзаж, зарчмын хувьд боломжтой гэж байгаа нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, зарчим хэрэглэх үндэслэл нь хуулийн зохицуулалт тухайн харилцааг зохицуулахад хүрэлцэхгүй тохиолдолд зарчим хэрэглэх байтал тухайн асуудлыг зохицуулсан хуулийн тодорхой заалтыг баримтлаагүй нь үндэслэлгүй байна.

 

3.9. Үнэлгээний хороо үүнийг урвуулан ашиглаж “ФМ” ХХК-ийн тендерийн материалд байхгүй гэрээ дүгнэсэн акт болон өмнө нь гэрээ байгуулсан этгээд буюу өмнөх захиалагч “"TUMAD mining industry and trade” компаниас гэрээт ажлын гүйцэтгэлийн талаарх тодорхойлолтыг гаргуулж, түүнийгээ ТББ-ийн ТШЗ 18.6.4-ийн 2-т байгаа шаардлагыг хангасан гэж үнэлгээний дүгнэлтдээ тусгасан нь Үнэлгээний хороо тендерт оролцогч нэг талд үйлчилж, тэдний ирүүлээгүй материалыг шинээр авах зорилгоор тодруулгыг урвуулан ашигласан гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр Үнэлгээний хороо дээрх байдлаар өөрт олгогдсон эрх хэмжээ (тендерт оролцогчоос тодруулга авах)-г хэтрүүлсэн тендерт оролцогч бус этгээдээс тодруулга авч буй нь захиргаа хуульд үндэслэх зарчмыг ноцтой зөрчсөн талаар нэхэмжлэгч талын үндэслэлд шүүхээс дүгнэлт хийгээгүй байна.

 

3.10. Тендер шалгаруулалтын заавар (ТШЗ)-ын 13.1-д “Тендер шалгаруулалтын урилга, тендерийн баримт бичгийг гадаад хэлээр давхар нийтэлсэн эсэхээс үл хамааран тендерийн баримт бичиг, тендер шалгаруулалттай холбогдох албан бичиг, захидал, бусад баримт бичиг, тендерт оролцогчдын ирүүлэх тендер монгол хэлээр байх ба өөр хэлээр үйлдсэн тендер, түүний доторх баримт бичиг, мэдээллийг зохих ёсоор орчуулсан орчуулгыг тендерт оролцогч бэлтгэн ирүүлнэ.” гэж заасан. Мөн ТӨХ-ийн “В. Тендер бэлтгэх” хэсэгт “Тендерийн хэл нь Монгол хэл дээр байна. Гадаад хэл дээрх баримт бичгийг баталгаат орчуулгын газраар орчуулан гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулж ирүүлнэ.” гэж Үнэлгээний хорооны 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хурлын №01 дугаар тэмдэглэл (1-р х.х-ийн 245)-ээр Үнэлгээний хорооны гишүүд санал нэгтэйгээр оруулсан. Гэтэл Үнэлгээний хорооны тодруулга нэрийдлээр тендерт оролцогч биш этгээдээс авч тендерт оролцогчийн материалын бүрдэл болгох шахам үнэлж буй материалууд нь гадаад хэл дээр үйлдэгдсэн. Түүнийг Монгол хэл рүү орчуулахдаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтан орчуулсан. Үнэлгээний хорооны тодруулга нэрээр авсан бүх баримт нь “ФМ” ХХК-д ашигтай нөхцөл байдал бий болгоход чиглэсэн байгааг харахад түүний орчуулга ч мөн адил чиг үүрэгтэй гэж хардаж байна. Ингэснээрээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (2005 он)-ийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн “Худалдан авах ажиллагаанд ... өрсөлдөх тэгш боломжтой, ... байх зарчмыг баримтална.” гэх зарчим зөрчигдөж байгаа гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч компанийн тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны дүгнэлт нь хууль бус болох нь тодорхой байхад шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглэхгүйгээр үндэслэлгүй шийдвэр гаргасан байна.

 

3.11. Сангийн яамны 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Гомдол хянасан тухай” №03/18 дугаар шийдвэрийн 2.4-т ...Худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-г шалгахад “ФМ” ХХК нь Худалдаа хөгжлийн банкны “404DBG/23/1071000” дугаартай 830,458,005.0 төгрөгийн үнийн дүнтэй, 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг дуустал хүчинтэй байх цахим тендерийн баталгааг ирүүлсэн байгаа нь тендерийн баримт бичигт заасан дээрх шаардлагыг хангаагүй байхад шаардлагад нийцсэн гэж үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна. ...” гэж дүгнэлт өгсөн байна. Гэтэл шүүх үүнийг шийдвэртээ бичиж дүгнэхгүйгээр шууд энэ талаар дүгнээгүй гэж хэргийн материалд буй баримтыг буруу, дутуу үнэлсэн нь шийдвэрт нөлөөлсөн байх бөгөөд энэ талаар шүүх тодорхой хууль, журмын зохицуулалтыг хэрэглээгүй нь үндэслэлгүй байна. Үнэлгээний хорооны №4 дүгээр хурлын тэмдэглэл (дүгнэлт)-ээ гаргахдаа Сангийн яамны 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/248 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан журмын 2.13-ыг үндэслэл болгосон, мөн шүүх дээр энэ талаараа тайлбарлаж мэтгэлцдэг. Гэтэл шүүх Үнэлгээний хорооны энэ үйл баримтад дүгнэлт хийлгүйгээр тухайн журмын энэ тендер шалгаруулалтад хэрэглэгдэхгүй талаар дурдсан нь үндэслэлгүй байна. Хэрэв тухайн журам хэрэглэгдэх ёсгүй байсан бол түүнийг үндэслэж шийдвэр гаргасан үнэлгээний хорооны шийдвэр хууль бус бөгөөд хүчингүй болох нь зүйн хэрэг билээ.

 

3.12. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (2005 он)-ийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн “Худалдан авах ажиллагаанд ... өрсөлдөх тэгш боломжтой, ... байх зарчмыг баримтална” гэх зарчмын дагуу шүүхийн дээр хийсэн дүгнэлтэд буй алдааны дагуу Үнэлгээний хороо гуравдагч этгээд “ФМ” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзах ёстой. Гэтэл манай нэхэмжлэгч тал тендерийн материалдаа аль хэдийн ирүүлчихсэн, энэ талаар Сангийн яам гомдол хянасан шийдвэртээ тусгасан байсаар байхад ирүүлээгүй гэж дүгнэж, эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгддөггүй. Харин “ФМ” ХХК-ийн ирүүлсэн тендер нь илт тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй байхад “байж болох алдаа” гэх байдлаар шийдвэрлэсэн нь “тэгш боломжтой өрсөлдөх” зарчим болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (2005)-ийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх заалт зэрэг олон зохицуулалтыг зөрчиж байна.

 

Иймд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаас №119/ШШ2024/0035 дугаар шүүхийн шийдвэр нь дээрх үндэслэлүүдээр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байгаа тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

4. Хариуцагчаас нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлын дагуу хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв. 

 

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан өөрчлөлт орууллаа.

 

2.1. Нэхэмжлэгчээс “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ******* дугаар бүхий Өндөр даралтын булт нунтаглагчийг нэвтрүүлэх ажлын багц №1, Өндөр даралтын булт нунтаглагчийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх, туршилт тохируулга хийх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 04 дүгээр хурлын тэмдэглэл (үнэлгээний хорооны дүгнэлт)-ийг хууль бус байсан болохыг тогтоолгох;

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ******* дугаар бүхий Өндөр даралтын булт нунтаглагчийг нэвтрүүлэх ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерт “ФМ” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох;

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “ФМ” ХХК нарын хооронд 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан №****** тоот гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох;

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ******* дугаар бүхий Өндөр даралтын булт нунтаглагчийг нэвтрүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн багц №1, Өндөр даралтын булт нунтаглагчийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх, туршилт тохируулга хийх ажилд W Co.Ltd-ийн ирүүлсэн тендер шаардлагад нийцсэн гэж дүгнэж, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

 

2.2. Нэхэмжлэгч W Co.Ltd нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зарласан ******* дугаартай “Өндөр даралтын булт нунтаглагчийг нэвтрүүлэх ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцсон боловч Үнэлгээний хорооны 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааны 02 дугаартай тэмдэглэлээр “ФМ” ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэж, захиалагчаас 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ТБ-134-12/7684 дүгээр албан бичгээр “..Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсгийг үндэслэн W Co.Ltd-ийг тендерт шалгараагүй гэж үнэлгээний хороо дүгнэсэн” тухай мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн байна.

 

2.3. Уг шийдвэрийг W Co.Ltd-аас эс зөвшөөрч гаргасан гомдолд Сангийн яамнаас 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 03/18 дугаар албан бичгээр:

“...1.1. Тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.6.1-д “Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл: Тендерт оролцогч нь үйлдвэрлэгч бол нотлох баримтыг ирүүлнэ”, ... W Co.Ltd-д 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр олгосон үйлдвэрлэгчийн итгэмжлэлийг баталгаат орчуулгын хамт ирүүлсэн, ...тус компанийн ирүүлсэн тендерээс санал болгосон барааг дагалдах жижиг тоног төхөөрөмжид үйлдвэрлэгч, эсхүл гэрээт борлуулагчийн зөвшөөрөл ирүүлээгүй нь ...ТШЗ 18.6.1-д заасан шаардлагыг хангахгүй гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй,

1.2. ...Тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.2-ын 10-т “Нийлүүлэх тоног төхөөрөмжийн техникийн зураг, үйлдвэрлэгчийн катологи ирүүлнэ” гэж заасан байна. W Co.Ltd-ийн тендерт санал болгож буй тоног, төхөөрөмжийн схем зургийг ирүүлсэн байх тул тус компанийн ирүүлсэн тоног, төхөөрөмжийн схем зураг нь тендерийн баримт бичигт заасан дээрх шаардлагад нийцэх эсэхийг нягтлан үзэх нь зүйтэй,

2.4. ...Худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn) шалгахад “ФМ” ХХК нь Худалдаа хөгжлийн банкны “404DBG/23/1071000” дугаартай 830,458,005.0 төгрөгийн үнийн дүнтэй, 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг дуустал хүчинтэй байх цахим тендерийн баталгааг ирүүлсэн байгаа нь тендерийн баримт бичигт заасан дээрх шаардлагыг хангахгүй байхад шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна,

2.5. ...Тендерийн баримт бичгийн техникийн даалгаврын 5.2-т “Чанарын баталгаа, сэлбэг: ӨДБН-ийн бул 8000-аас доошгүй цаг ажиллах баталгаа өгөх” гэж заасан байна, ... “ФМ” ХХК-аас Өндөр даралтын булт нунтаглагчийг нэвтрүүлэх бул нийт 22,000,000 тонн хүдэр нунтаглалтын ажлыг гүйцэтгэх эсвэл 8000 цаг ажиллах, эдгээр хоёр нөхцөлийн аль түрүүлж биелснээр гэсэн агуулгатай чанарын баталгаа гаргасан нь мөн тус компаниас АБ-20/138 тоот албан бичгээр ирүүлсэн чанарын баталгааны мэдэгдэл нь захиалагчийн техникийн даалгаврын шаардлагаас зөрүү үүсгэх эсэх асуудлыг нягтлан үзэх нь зүйтэй байна, ...захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ТБ-134-12/7683 тоот шийдвэрийг, ТБ-134-12/7684 тоот мэдэгдлийг тус тус хүчингүй болгон шийдвэрлэж байна” гэсэн хариу өгчээ.

 

2.4. Дээрх мэдэгдлийн дагуу Үнэлгээний хороо 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хуралдаж, 03 дугаартай тэмдэглэлээр “...1. Metso Outotec Mongolia-аас БНХАУ-ын “Metso Outotec international trade (Tianjin) Co., LTD” компани нь Монгол Улсад Metso компанийн бүтээгдэхүүнийг нийлүүлж, чанарын болон технологийн баталгаа гаргах албан ёсны эрхтэй байгууллага мөн эсэхийг тодруулах, 2. Үнэлгээний хороо тодруулгын хариуг 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 12:00 цагаас өмнө цахим хаягаар авч дахин хуралдаж дүгнэлт гаргах”-аар шийдвэрлэж, үүний дагуу “Metso Outotec Монголиа” ХХК-иас тодруулга ирүүлсэн байх бөгөөд улмаар 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр дахин хуралдаж 04 дугаартай тэмдэглэлээр “...Weihai Changte Industrial Machinery компани нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтыг үндэслэн шаардлагад нийцээгүй тендер гэж дүгнэж, харин “ФМ” ХХК-ийн ирүүлсэн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д заасны дагуу шаардлагад нийцсэн тендер гэж үнэлгээний хорооны гишүүдийн 81.81 хувийн саналаар дүгнэж” шийдвэрлэсэн байна.

 

2.5. Ийнхүү “Эрдэнэт үйлдвэр”” ТӨҮГ-аас 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ГЁ-154-12/199 дугаартай албан бичгээр “...танай ирүүлсэн тендер ТШЗ 17.2 (10)-д заасан “Нийлүүлэх тоног төхөөрөмжийн техникийн зургийг ирүүлээгүй нь шаардлага хангаагүй”, мөн ТШЗ 18.6.1-д заасан “Тендерт оролцогч нь үйлдвэрлэгч бол нотлох баримтыг ирүүлнэ. Тендерт оролцогч нь үйлдвэрлэгчийн гэрээт борлуулагч бол үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлэн ирүүлнэ” гэснийг хангаагүй байна” гэж үзээд тендерт шалгараагүй болохыг үнэлгээний хороо дүгнэснийг мэдэгдсэн тул нэхэмжлэгчээс дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг гарган маргаж байна.

 

2.6. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө зарласан тендер шалгаруулалтыг нэмэлт, өөрчлөлт орохын өмнөх зохицуулалтын дагуу зохион байгуулж дуусгана” гэж заасны дагуу анхан шатны шүүхээс уг тендертэй холбоотой маргааныг шийдвэрлэхдээ 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдөр баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг баримталсан нь үндэслэлтэй байх боловч тухайн тохиолдолд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг харьцуулж хэргийн бодит нөхцөл байдалд холбогдуулан хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

2.7. Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 оны/-ийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар захиалагч нь тендер нээсний дараа тендер тус бүр тендерийн баримт бичигт тавигдах шаардлагыг хангасан эсэхийг хянан үзээд мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар тендер үнэлэх зэргээр шат дараалсан ажиллагаанууд хийгдэхээр зохицуулсан. Хуулийн энэ зохицуулалтаас үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгч компанийг тендерийн шаардлага хангасан эсэхийг шийдвэрлэх байтал тухайн үе шатнаас шууд тендерийг үнэлж, 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ТБ-134-12/7684 дүгээр албан бичгээр W Co.Ltd-ийг тендерт “шалгараагүй” гэж дүгнэн, энэ тухай мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн нь дээрх хуулийн зүйл, заалт болон тендер сонгон шалгаруулах үйл ажиллагааны үе шат, дарааллыг зөрчжээ.

 

2.8. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч компанийн тухайд дээрх байдлаар тендерийн материалыг хасаж, үнэлүүлэх боломжгүй болсноор эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн байхад анхан шатны шүүхээс “...тендерийн Үнэлгээний хороо тендерийг хянан үзэх шатанд W Co.Ltd-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан нь...хуулийг зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

2.9. Учир нь Үнэлгээний хорооны 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралдааны 01 дугаартай тэмдэглэлээр “...W Co.Ltd нь нийлүүлэх тоног төхөөрөмжийн зургийг ирүүлээгүй, ...бутлуурыг дагалдах жижиг тоног төхөөрөмжид үйлдвэрлэгч эсвэл гэрээт борлуулагчийн зөвшөөрөл ирүүлээгүй, харин ...“ФМ” ХХК нь ижил төстэй ажилд тооцуулахаар санал болгосон ажлын хүлээлгэж өгсөн актыг ирүүлээгүй” талаар дурдсан атлаа зөвхөн “ФМ” ХХК-иас тодруулга авахаар шийдвэрлэсэн,

2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааны 02 дугаартай тэмдэглэлээр “...“ФМ” ХХК нь тендерийн баримт бичгийн ТШЗ-ийн 18.6.4-д заасан шаардлагыг хангасан эсэх талаар тодруулга авсан талаар”

2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдааны 03 дугаартай тэмдэглэлээр “...Metso Outotec Mongolia-аас БНХАУ-ын “Metso Outotec international trade (Tianjin) Co., LTD” компани нь Монгол Улсад Metso компанийн бүтээгдэхүүнийг нийлүүлж, чанарын болон технологийн баталгаа гаргах албан ёсны эрхтэй байгууллага мөн эсэхийг тодруулахаар”,

2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны 04 дугаартай тэмдэглэлээр “...W Co.Ltd нь ТШЗ 18.6.1-д заасан Metso компанийн тоног төхөөрөмжийг Монгол Улсад үйлдвэрлэх, нийлүүлэх үйлдвэрлэгчийн зөвшөөрөлгүй, ...ТШЗ-ийн 17.2-ын 10-д заасан Нийлүүлэх тоног төхөөрөмжийн техникийн зураг нь шаардлага хангаагүй гэж, мөн ...Сангийн яамнаас ирүүлсэн албан бичигт дурдсан “ФМ” ХХК нь ТШЗ-ийн 23.1-д заасан тендерийн баталгаа хүчинтэй эсэх, ТББ-ийн техникийн даалгаврын 5.2-д заасан шаардлагыг хангасан эсэх талаар...” тус тус хэлэлцсэн зэргээс үзвэл маргаан бүхий тендерийн шаардлагыг нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын хэн аль нь бүрэн хангаагүй гэж эрх бүхий байгууллагаас тодорхойлсон байхад зөвхөн нэхэмжлэгч W Co.Ltd-ийг шаардлагад нийцээгүй гэж дүгнэсэн нь хуульд заасан “тэгш боломжтой өрсөлдөх” зарчимд нийцэхгүй байх бөгөөд энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй байна.

 

2.10. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана”, 16 дугаар зүйлийн 16.2-т “Энэ хуулийн 16.1-д заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх шаардлагатай баримт бичиг, тэдгээрт тавигдах шаардлагыг тендерийн баримт бичигт заана” гэж зааснаар тендерийн баримт бичгийн дагуу Үнэлгээний хороо нь тендерт оролцогчдын ирүүлсэн тендерийг хянан үзжээ.

 

2.11. Дээрх хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д “тендерийн баримт бичиг гэж захиалагчаас тендерт оролцогчдод зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг” гэж зааснаар ойлгох бөгөөд тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт /ТӨХ/ болон тендер шалгаруулалтын зааварчилгаа /ТШЗ/, түүнд заасан маягтууд бүхэлдээ тендерийн баримт бичиг болно.

2.12. Тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын зааварчилгааны 31-т заасан Тендерийг үнэлэх гэсэн хэсгийн 31.1-д “Захиалагч зөвхөн ТШЗ-ны 30.6-д заасан шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн тендерийг хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу үнэлж, харьцуулна”, 31.2-т “Хэрэв ТӨХ-д заасан бол IV бүлэгт заасан үнэлгээнд харгалзах нэмэлт шалгуур үзүүлэлт болон холбогдох бусад хууль, тогтоомжид зааснаар үнэлнэ” гээд Тендерийн баримт бичгийн Тендерийн өгөгдлийн хүснэгт /ТӨЗ/ ТШЗ 17.2-ын 10-д Нийлүүлэх тоног төхөөрөмжийн техникийн зураг, үйлдвэрлэгчийн катологи ирүүлнэ, ТШЗ 18.6.1-д “Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл: Шаардана. ...Тендерт оролцогч нь үйлдвэрлэгчийн гэрээт борлуулагч бол үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлэн ирүүлнэ. /Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл гэдэгт албан бичиг, хамтын ажиллагааны гэрээ, гэрээт борлуулагчийн гэрчилгээний аль нэг байж болно/” гэж тус тус заасан байна.

 

2.13. Гэтэл хариуцагчаас Тендерийн өгөгдлийн хүснэгт /ТӨХ/ ТШЗ 17.2-ын 10-д заасан шаардлагатаа “нийлүүлэх тоног төхөөрөмжийн техникийн зураг” гэсэн ерөнхий шалгуур тавьсан, уг зургийг ямар хэлбэрээр хэрхэн хийж хавсаргасан тохиолдолд шаардлага, шалгуурт нийцэх талаар тодорхой тусгаагүй атлаа нэхэмжлэгч W Co.Ltd-ийг нийлүүлэх тоног төхөөрөмжийн схем зургийг ирүүлсэн гэх шалтгаанаар татгалзсан нь үндэслэлгүй.

 

2.14. Түүнчлэн нэхэмжлэгчээс ТШЗ 18.6.1-д заасан шаардлагын дагуу БНХАУ-ын “Metso Outotec international trade (Tianjin) Co., LTD” компаниас W Co.Ltd-д 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр олгосон үйлдвэрлэгчийн итгэмжлэлийг тус тус баталгаат орчуулгын хамт ирүүлсэн байхад уг шаардлагад нийцэхгүй гэсэн үндэслэлээр тус тендер сонгон шалгаруулалтын Үнэлгээний хороо татгалзсан нь үндэслэл муутай шийдвэр болжээ.

 

2.15. Хэдийгээр Metso брэндийн бүтээгдэхүүнийг Монгол Улсад түгээх эрх бүхий цорын ганц онцгой дистрибьютер нь “OREM Trade” ХХК гэж мэдэгдсэн байх боловч тухайн брэндийн бүтээгдэхүүнийг мөн нийлүүлэх албан ёсны эрх бүхий БНХАУ-ын “Metso Outotec international trade (Tianjin) Co., LTD” компаниас уг тоног төхөөрөмжийг нийлүүлэх итгэмжлэлийг нэхэмжлэгчид олгосон байхад үүнийг харгалзан үзэлгүйгээр шууд татгалзсан нь буруу.

 

2.16. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 он/-ийн 28 дугаар зүйлийн 28.3-д “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна” гэж тус тус заасан бөгөөд маргаан бүхий тендерт W Co.Ltd-аас 163,522,266,600.0 төгрөгийн, “ФМ” ХХК-иас 166,090,793,000.0 төгрөгийн үнийн санал ирүүлсэн нь хуулийн энэ заалт болон Тендер шалгаруулалтын зааварчилгааны 35-д “Тендерийн харьцуулах үнийг тодорхойлох” хэсгийн 35.3-д “ТШЗ-ны 1.2-т заасны дагуу хоёр ба түүнээс дээш багцтай тендер шалгаруулалтад хэд хэдэн багцад хамтад нь хамгийн бага харьцуулах үнэ санал болгосон тендерийг тодорхойлох...”, 36.1-д “Захиалагч хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг сонгохдоо хуулийн 28.7.3-т заасны дагуу тендерүүдийг эрэмбэлж, хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно” гэснийг нэхэмжлэгч W Co.Ltd хангах нөхцөл бүрдэхээр байна.

 

2.17. Учир нь дээрх хуулийн 28 дугаар зүйлийн 28.7-д “Шаардлагад нийцсэн тендерийг дараахь байдлаар харьцуулж үнэлнэ” гээд 28.7.3-д “энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж, энэ хуульд заасны дагуу үнэлэгдсэн тендерүүдийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж, хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно”, 28.7.4-д “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж тус тус зааснаар маргаан бүхий тендерт W Co.Ltd-аас хамгийн бага үнийн санал ирүүлсэн байхад хариуцагчаас хуулийн энэ заалт болон худалдан авах ажиллагаанд үр ашигтай, хэмнэлттэй байх зарчмыг хэрэгжүүлэлгүйгээр нэхэмжлэгчийн тендерийг хянан үзэх шатнаас хасч, мөн адил тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй гуравдагч этгээд “ФМ” ХХК-ийн тендерийг шалгаруулсан үнэлгээний хорооны дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

2.18. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7-д ““тендерийн баталгаа” гэж гэрээ байгуулах хүртэл, эсхүл тендерийн хүчинтэй байх хугацаа дуустал тендер хүчин төгөлдөр байх, ...баталгаажуулж тендерт оролцогчоос захиалагчид ирүүлсэн банкны  баталгаа...”-г ойлгоно гэж зааснаас үзэхэд тендерийн баталгаа нь оролцогч этгээд тендерт шалгарч, улмаар захиалагчтай гэрээ байгуулах, эсхүл тендерийн хүчинтэй байх хугацаа дуустал хүчин төгөлдөр байхаар хуульчилсан байна. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан гуравдагч этгээд “ФМ” ХХК-иас ирүүлсэн банкны баталгааны 4 дугаарт “Энэхүү баталгаа Тендер хүчинтэй байх хугацаанаас хойш 28 хоногийн хугацаанд буюу 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр дуустал хүчинтэй байна” гэсэн тендерийн баталгаа ирүүлсэн нь тус хуульд заасныг болон тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй байхад “хүчинтэй байх хугацаа нь тодорхойгүй” цахим тендерийн баталгааг шаардлагад нийцсэн гэж үзсэн Үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлгүй байна.

 

2.19. Энэ талаар Сангийн яамнаас нэхэмжлэгч компанийн гомдлыг хянасан 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03/18 дугаартай албан бичигтээ “ФМ” ХХК-ийн тендерийн баталгааг шаардлага хангаагүй талаар дурдан, тендерийг дахин үнэлэхийг мэдэгдсэн байхад Үнэлгээний хороо нь “... гишүүдийн 90.9 хувийн саналаар шаардлага хангасан...” гэж хэлэлцээд нэхэмжлэгч компанийн санал болгосон үнийн дүнгээс 2,568,526,400 төгрөгөөр илүү үнийн санал бүхий “ФМ” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн” гэж үнэлэн дахин гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлж, захиалагчаас гэрээ байгуулах эрх олгосон нь дээрх хуулийг зөрчсөн ба энэ талаарх “тендерийн баталгаа нь тендерийн бичиг баримтын шаардлага хангаагүй нь дангаараа тендерээс татгалзах үндэслэл болно” гэх агуулга бүхий нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй.

 

2.20. Түүнчлэн хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ТБ-134-12/695 дугаартай албан бичгээр “...“ФМ” ХХК-иас ирүүлсэн тендерийн баталгаа зөрүүтэй байгаа тухай хууль, эрх зүйн зөвлөмж авахаар” Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хүсэлт хүргүүлсэн байх бөгөөд Сангийн яамнаас 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 03/1469 дугаартай албан бичгээр “...тендерийн баталгааны мэдээлэл хоёр өөр байдлаар бүртгэгдэж байгаа асуудлыг судлан үзэж, цахим системээр баталгаа гаргагч банктай байгуулсан гэрээний хэрэгжилтийг хянаж, холбогдох арга хэмжээ авах талаар” хариу хүргүүлсэн байх боловч хариуцагчаас үүнтэй холбоотой нягтлан шалгах, тодруулах ажиллагаа хийлгүйгээр шууд цахим системээр тендерийн баталгааг шалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

 

2.21. Гэтэл анхан шатны шүүх “...цахим системээр тендерийн баталгааг шалгаж, уг тендерийн баталгаа шаардлага хангасан гэж дүгнэсэн тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг буруутгах үндэслэлгүй, тендерийн баримт бичигт заасан журмын дагуу тендерийн баталгаа гаргагч эрх бүхий арилжааны банкны мэдээллийн сангаас шалгасан тендерийн баталгааг үнэлсэн нь тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангасан ...” гэх байдлаар нотлох баримтыг буруу үнэлжээ.

 

2.22. Түүнчлэн анхан шатны шүүх гуравдагч этгээдээс ирүүлсэн тендерийн баримт бичиг нь Тендерийн баримт бичгийн ТШЗ 13.2-т заасан шаардлагыг хангаагүй талаар дүгнэсэн атлаа “...ФМ ХХК-ийн ирүүлсэн... орчуулгын баримтууд нь бүрэн баталгаажаагүй алдаа нь дангаараа тус компанийг тендерт шалгаруулсан тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй, ... маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, зөрчигдсөн эрх сэргэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж  дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн “...“ФМ” ХХК-ийн ирүүлсэн тендер нь илт тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй байхад “байж болох алдаа” гэх байдлаар шийдвэрлэсэн нь “тэгш боломжтой өрсөлдөх” зарчим ...зөрчсөн” гэх гомдлыг хүлээж авах үндэслэлтэй байна.

 

2.23. Учир нь Захиргааны хэргийн шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т заасанчлан хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, сэргээн тогтоох зорилготой.

 

2.24.  Хэдийгээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “ФМ” ХХК нарын хооронд 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр №****** дугаартай “Бараа худалдан авах гэрээ” байгуулагдсан байх боловч нэхэмжлэгч нь тендерийн баримт бичгийг худалдан авч, тодорхой хугацаа, зардал гаргаж, тендерт бэлтгэн шалгаруулалтад “хамгийн бага” үнийн саналтайгаар оролцсон этгээдийн хувьд дээрх хууль бус захиргааны актуудын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй, сэргэх ашиг сонирхол нь тодорхойгүй гэж дүгнэх үндэслэлгүй юм.

 

2.25. Өөрөөр хэлбэл уг тендер хэрэгжиж үр дагавар бий болгосон эсэх нь нэхэмжлэгч компанийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаагүй, үүний улмаас W Co.Ltd-ийн хууль ёсны эрх ашиг сонирхол буюу шударгаар, тэгш боломжоор өрсөлдөх эрх нь хөндөгдсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ******* дугаар бүхий “Өндөр даралтын булт нунтаглагчийг нэвтрүүлэх ажил”-ын багц №1, “Өндөр даралтын булт нунтаглагчийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх, туршилт тохируулга хийх ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 04 дугаар хурлын тэмдэглэл (үнэлгээний хорооны дүгнэлт), “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ******* дугаар бүхий “Өндөр даралтын булт нунтаглагчийг нэвтрүүлэх ажил”-ын гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерт “ФМ” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг тус тус хууль бус байсан болохыг тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.26. Ийнхүү хариуцагчийн “ФМ” ХХК-тай гэрээ байгуулах үндэслэл болсон тендер шалгаруулалт хууль бус болох нь тогтоогдсон энэ тохиолдолд тендер шалгаруулалтыг үндэслэж 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан “Бараа худалдан авах гэрээ” мөн хууль бус болох учиртай.

 

2.27. Харин шүүх тендерийг үнэлэх, сонгон шалгаруулах үйл ажиллагаа явагдаагүй байхад нэхэмжлэгч W Co.Ltd-ийн тендерийн баримт бичгээс татгалзсан нь хариуцагчийн буруутай үйлдэл байсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч компанитай гэрээ байгуулах эрхийг шууд олгох нь хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ******* дугаар бүхий Өндөр даралтын булт нунтаглагчийг нэвтрүүлэх ажил-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн багц №1, Өндөр даралтын булт нунтаглагчийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх, туршилт тохируулга хийх ажиlд W Co.Ltd-ийн ирүүлсэн тендер шаардлагад нийцсэн гэж дүгнэж, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг даалгах” шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 35 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 он/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.7, 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1, 20 дугаар зүйлийн 20.1, 20.5, 27 дугаар зүйлийн 27.3, 28 дугаар зүйлийн 28.7, 28.7.3, 28.7.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч W Co.Ltd-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдуулах гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 04 дугаар хурлын тэмдэглэл (үнэлгээний хорооны дүгнэлт), “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ******* дугаар бүхий “Өндөр даралтын булт нунтаглагчийг нэвтрүүлэх ажил”-ын гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерт “ФМ” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг тус тус хууль бус байсан болохыг тогтоож, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “ФМ” ХХК нарын хооронд 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан №5/015-24 тоот гэрээг илт хууль бус болохыг тогтоож,

нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “******* дугаар бүхий Өндөр даралтын булт нунтаглагчийг нэвтрүүлэх ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн багц №1, “Өндөр даралтын булт нунтаглагчийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх, туршилт тохируулга хийх ажил”-д W Co.Ltd-ийн ирүүлсэн тендер шаардлагад нийцсэн гэж дүгнэж, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч W Co.Ltd-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35100 /гучин тав нэгэн зуу/ төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгасугай.” гэж тус тус өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                           З.ГАНЗОРИГ

 

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА