Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1340

 

 

 

 

 

 

 

       2022         10          27                                        2022/ШЦТ/1340

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч Г.Лхагвасүрэн /томилолтоор/,

шүүгдэгч Д.М-, өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.М-д холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн... суманд төрсөн, эмэгтэй, 48 настай, тусгай дунд боловсролтой, барилгын засал, чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт ... тоотод оршин суух албан  ёсны бүртгэлтэй, одоо ... тоотод түр оршин суух, урьд:

- ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, ... дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 01 сар 09 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Хашаатынхан овогт Д.М- (регистрийн дугаар:ИП7403...).

 

Холбогдсон хэргийн утга: Шүүгдэгч Д.М- нь ... тоотод оршин суух иргэн Г.Т-гийн байнга амьдрах монгол гэрт 2021 оны 09 дүгээр сарын 27-ны шөнийн цагаар хууль бусаар нэвтэрч 1,400,000 төгрөгийн үнэ бүхий Айфоне-11 /IPHONE-11/ маркийн гар утас 1 ширхэг, 300,000 төгрөгийн үнэ бүхий Айфоне-7 /IPHONE-7/ маркийн гар утас 1 ширхэг зэргийг хулгайлан авч нийт 1,700,000 /Нэг сая долоон зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1039 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.

 

2. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

4. Шүүх хуралдаанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон.

5. Шүүгдэгч Д.М- нь 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Г.Т-гийн байнга амьдрах монгол гэрт шөнийн цагаар унтаж байхад нь нэвтэрч Айфоне загварын 2 ширхэг гар утсыг хулгайлж, бусдад 1,700,000 төгрөгийн  хохирол учруулсан болох нь:

 

5.1. Тус дүүргийн цагдаагийн байгууллагад гаргасан “... 2022 оны 9 сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1-18 тоотоос гар утас алдсан...” гэсэн гэмт хэргийн таларх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4 хуудас),

 

5.2. Хохирогч Г.Т-гийн “... 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 23 цагийн орчим унтсан. Өглөө 7 цагт босоод утас руугаа залгахад гэрт дуугарахгүй байхаар нь хулгай авсан байна гэж бодоод Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Би Цагдаагийн алба хаагчаас хулгайд алдсан 2 ширхэг гар утсаа хүлээн авсан, ажиллагаа хэвийн байна, гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21 хуудас),

 

5.3. Гэрч Л.О-ийн “... цагдаа нар манай “Азука” зочид буудалд ирээд хулгайд алдсан гар утасны байршил танайд зааж байна гээд 201 тоот өрөөнд ороод эрэгтэй, эмэгтэй 2 хүний эмэгтэй хүний цүнхнээс 2 ширхэг гар утас гарч ирсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25 хуудас),

5.4. Гэрч Ж.О-ын “... 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 04 цагийн орчим Баянхошуу Жанцангийн хойд тал 76 дугаар сургуулийн зүүн талын зам дээр эмэгтэй хүн гар өргөхөөр нь суулгасан. Тэгээд явж байгаад архи уумаар байна гэхээр нь би зөвшөөрөөд “Азука” зочид буудалд ороод архи ууж байхад эмэгтэйн цүнхэн дотор утас дуугараад байхад авахгүй байсан. Утсаа аваач гэхээр манай ар гэрээс залгаж байгаа гээд авахгүй байсан. Тэгээд унтаад өглөө босоход цагдаа нар ирээд надтай хамт хоносон эмэгтэйн цүнхэнд үзлэг хийж 2 ширхэг гар утас гаргаж ирсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27 хуудас),

 

5.5. “Мастер Үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 21/026 дугаартай Хөрөнгийн үнийн тодорхойлолт “...iphone-11 маркийн гар утас 1 ширхэг 1,400,000 төгрөг, iphone-7 маркийн гар утас 1 ширхэг 300,000 төгрөг...” гэсэн  үнэлгээ (хавтаст хэргийн 23 хуудас),

 

5.6. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан iphone-11 маркийн гар утас 1 ширхэг,  iphone-7 маркийн гар утас 1 ширхэг зэргийг хохирогч Г.Т-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 28 хуудас),

 

5.7. Яллагдагч Д.М-гийн “...өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  өөрийн үйлдлээ  мэдэх чадваргүй байх үедээ айлын гэр рүү орж 2 ширхэг гар утас хулгайлсан болохоо хүлээн зөвшөөрч байна. Миний хулгайлсан 2 ширхэг гар утсыг хүлээлгэж өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 47 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл) зэргээр  нотлогдон тогтоогдсон.

 

6. Шүүгдэгч Д.М-гийн шөнийн цагаар гэрийн эзнийг унтаж байх хойгуур монгол гэр лүү нэвтэрсэн нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар орсон хулгайн гэмт хэргийн шинжийг хангаж байгаа бөгөөд уг нэвтрэн орсон обьект нь хүн байнга амьдрах зориулалттай монгол гэр тул хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэх шинжийг хангасан.

 

7. Шүүгдэгч Д.М- нь шунахайн сэдэлттэй, өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан.

 

8. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

9. Хохирол, хор уршиг-төлбөрийн тухайд:

9.1. Шүүгдэгч Д.М- нь хохирогч Г.Т-д нийт 1,700,00 төгрөгийн хохирол учруулсан болох нь “Мастер Үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 21/026 дугаартай Хөрөнгийн үнийн тодорхойлолт “...iphone-11 маркийн гар утас 1 ширхэг 1,400,000 төгрөг, iphone-7 маркийн гар утас 1 ширхэг 300,000 төгрөг...” гэсэн  үнэлгээ (хавтаст хэргийн 23 хуудас)-ээр тогтоогдсон.

9.2. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан iphone-11 маркийн гар утас 1 ширхэг,  iphone-7 маркийн гар утас 1 ширхэг зэргийг хохирогч Г.Т-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 28 хуудас)-ээр тогтоогдож байна.

9.3.  Иймд шүүгдэгч Д.М-г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

10. Улсын яллагчаас шүүгдэгч Д.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 04 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах,  уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг гаргасан.

 

            11. Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.М-гийн үйлдсэн гэмт хэргийн хувьд хохирол төлөгдсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хор уршиг, хувийн байдлын хувьд сэтгэцийн эм тариа хэрэглэдэг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар 1 жилийн хорих ял оноож өгнө үү гэв.

 

            12. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

            13. Шүүгдэгч Д.М-гээс iphone-11 маркийн гар утас 1 ширхэг,  iphone-7 маркийн гар утас 1 ширхэг зэргийг хураан авч хохирогч Г.Т-д хүлээлгэн өгсөн  байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэсэн үндэслэлээр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, харин эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

            14. Шүүгдэгч Д.М- нь хувийн байдлын хувьд урьд өмчийн эсрэг гэмт хэрэгт шийтгүүлж ял эдэлж байсан, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, эрүүл мэндийн байдлын хувьд өвчний учир эмчийн хяналтад байдаг, бусдад учруулсан хор уршиг их, хохиролгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирно гэж шүүх үзсэн.

 

            15. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

            16. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-гийн 2022.10.19-2022.10.27 өдрийг хүртэл цагдан хоригдсон 08 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хашаатынхан овогт Д.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Д.М-г 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Д.М-гийн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-гийн 2022.10.19-2022.10.27 өдрийг хүртэл цагдан хоригдсон 08 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч Г.Т-д iphone-11 маркийн гар утас 1 ширхэг,  iphone-7 маркийн гар утас 1 ширхгийг тус тус хүлээлгэн өгсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ДАШДОНДОВ