| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2022/1333/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1353 |
| Огноо | 2022-10-31 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Лхагвасүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1353
2022 10 31 2022/ШЦТ/1353
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
улсын яллагч Г.Лхагвасүрэн,
хохирогч Ж.Д-,
шүүгдэгч Ж.Н-,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Н-д холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... төрсөн, 62 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Жамсран овогт Ж.Н (регистрийн дугаар:йс6007...).
Холбогдсон хэргийн утга: Шүүгдэгч Ж.Н- нь 2022 оны 07 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэр, Тахилт 4-22 тоотын гадна “ахыг дээрэлхэж цохилоо” гэх шалтгаанаар хохирогч Ж.Д-гийн баруун гар хэсэг рүү нарийн урт модоор цохих, хоорондоо ноцолдох зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун дунд, эрхий хурууны шивнүүрийн ясны хугарал, дух, зүүн дээд, доод зовхи, зүүн чихний дэлбэн, доод уруул, хэвлийнд цус хуралт, хамрын нуруу, баруун, зүүн хацар, эрүү, хүзүү, хэвлий, нуруу, ахар сүүл, баруун, зүүн өвдгөнд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 1015 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.
2. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
4. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон.
5. Шүүгдэгч Ж.Н- нь “ахыг дээрэлхэж цохилоо” гэх шалтгаанаар бэр эгч болох Ж.Д-гийн баруун гар хэсэг рүү нарийн урт модоор цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
5.1. Тус дүүргийн цагдаагийн байгууллагад гаргасан “... 2022 оны 7 сарын 22-ны өдөр миний зүүн гарыг модоор цохисон...” гэсэн гэмт хэргийн таларх гомдол, бичгээр гаргасан өргөдөл мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1-2 хуудас),
5.2. Хохирогч Ж.Д-гийн “...Ж.Н- гарч ирэхгүй болохоор нөхөр Цэвэгмидийг дүүгээ дагуулж гарч ирсэнгүй гээд өмсөж явсан гутлаа тайлаад хоёроос гурван удаа цохиод байж байхад Ж.Н- гэрээсээ гарч ирээд “чи миний ахыг дандаа дээрэлхэж байдаг, насаараа дээрэлхлээ” гэж хэлээд нарийн урт мод аваад миний зүүн гар руу нэг удаа цохиход бид хоёр хоорондоо зодолдох гээд барьцалдаж авах үед Цэвэгмид намайг салгаад бид гурав Баянхошуунд байх Нацагдоржийнх руу явсан юм ...миний биед учирсан баруун дунд, эрхий хурууны шивнүүрийн ясны хугарал гэмтлийг Ж.Н- модоор цохисноор учруулсан, мөн дух, зүүн доод, дээд зовхи, зүүн чихний дэлбэн, доод уруул, хэвлийнд цус хуралт, хамрын нуруу, баруун, зүүн хацар, эрүү, хүзүү, хэвлий, нуруу, ахар сүүл баруун, зүүн өвдгөнд зулгаралт зэрэг нь Ж.Н- намайг нааш цаашаа түлхэж гараас базаад байсан болохоор миний биед үүссэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 8-12 хуудас),
5.3. Гэрч Ж.Ц-ийн “...намайг цээж хэсэг рүү зөөлхөн цохиод байж байхад Ж.Н- гэрээсээ гарч ирээд Даариймаад хандаж ...чи манай ахыг байнга дээрэлхэж байдаг даварсан авгай” гэж хэлээд нарийн мод аваад ...баруун гарын хуруу хэсэг рүү нь нэг удаа цохисон юм. Тэгээд л мөн ноцолдох гээд байхаар нь би болиулаад гурвуулаа машиндаа суугаад явцгаасан юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 хуудас),
5.4. Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022 оны 7 сарын 28-ны өдрийн 10261 дугаартай шинжээчийн “...Ж.Д-гийн биед баруун дунд, эрхий хурууны шивнүүрийн ясны хугарал, дух, зүүн дээд, доод зовхи, зүүн чихний дэлбэн, доод уруул, хэвлийнд цус хуралт, хамрын нуруу, баруун, зүүн хацар, эрүү, хүзүү, хэвлий, нуруу, ахар сүүл, баруун, зүүн өвдгөнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 20-25 хуудас),
5.5. Ж.Н-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар болон шүүх хуралдаанд өгсөн “...би ахыгаа өмөөрөөд Дариймааг 40 см орчим урттай нарийн модоор зүүн гар руу нь нэг удаа цохисон юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл) зэргээр нотлогдон тогтоогдсон.
6. Хохирогчийн биед учирсан хүндэвтэр хохирол нь шүүгдэгчийн хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, түүний хууль бус үйлдлийн улмаас гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж хангагдсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
7. Гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлын төлбөрт Ж.Д- нь “гарын зураг авхуулахад 120,000 төгрөгийн зардал гаргасан, тэгэхдээ надад баримт нь байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 хуудас) болон хохирогчийн “эмчилгээний зардалд 90,000 төгрөг хүлээн авсан гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл) зэргээр шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн.
8. Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад оршин суух газраас явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ял оногдуулах санал гаргасан.
9. Шүүгдэгч: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, ялын хувьд хэлэх саналгүй гэв.
10. Шүүгдэгч Ж.Н- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хор уршиг их биш, хувийн байдлын хувьд өндөр насны тэтгэвэрт байдаг, хохирогчтой хувийн таарамжгүй харилцаатай байдаг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын хяналтад хохирогч Ж.Д-гийн “Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Шинэ цэргийн хотхон 8-14 тоот”-д очихыг хориглох буюу тодорхой газар очихыг хориглох Зорчих эрх хязгаарлах ялыг 04 сарын хугацаагаар оногдуулах нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдалд тохирно гэж шүүх шийдвэрлэв.
11. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Жамсран овогт Ж.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Н-ыг Эрх бүхий байгууллагын хяналтад хохирогч Ж.Д-гийн “Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Шинэ цэргийн хотхон 8-14 тоот”-д очихыг хориглох буюу тодорхой газар очихыг 04 сарын хугацаагаар хориглох Зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ж.Н-д мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ