Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/15

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Баясгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

улсын яллагч Г.Баясгалан,

шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******гийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 2207000000197 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр ******* аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, , ам бүл 3, аав, ээжийн хамт ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******/.

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч М.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 19 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* хороо, тоот хашаанд өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн эцэг хохирогч Ш.*******тэй “...гэрээсээ хөөж, эд зүйлээ харамлалаа...” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар хохирогчийг согтуурсан болон өндөр настай биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гараараа олон удаа нүүрэн тус газарт нь цохин халдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэлбэрээр эрүүл мэндэд нь “нүүр хүзүүнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэг. Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар.

          1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудыг дүгнэвэл   шүүгдэгч М.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 19 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* хороо, тоот хашаанд өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн эцэг хохирогч Ш.*******тэй “...гэрээсээ хөөж, эд зүйлээ харамлалаа...” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар хохирогчийг согтуурсан болон өндөр настай биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гараараа олон удаа нүүрэн тус газарт нь цохин халдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэлбэрээр эрүүл мэндэд нь “нүүр хүзүүнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан байдал буюу үйл баримт тогтоогдлоо.

1.2 Нотлох баримтын үнэлгээ.

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтууд болон дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тодруулбал:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М. өгсөн: “... аавтай хамт архи уусан.  Тэгээд ямаандаа явах гээд мотоцикл унаад явах гэсэн явуулахгүй гээд маргалдаад тэгээд нүүрэнд нь цохисон. Миний буруу...аав нэлээн согтсон байсан, би бол гайгүй байсан” гэх мэдүүлэг,

мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.*******гийн өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гэртээ байж байхад 17 цагийн орчимд манай хүү М.*******, найз банхар хочит Б.тай халамцуухан нэг шил “Хараа” нэртэй 0.75 литрийн хэмжээтэй архитай ирж, хувааж уусан. 19 цагийн үед миний хүү М.******* согтуу, хашаанд байгаа мотоциклийг унаад гарна, явна гээд байсан. Тэгэхээр нь би уурлаад “согтуу мотоцикл жолоодож болохгүй” гэж хэлсэн чинь миний өмнөөс “муу хөгшин төгцөг минь, ямбий хар мотоциклоо харамлалаа” гээд миний нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохисон. Тухайн үед нүүр амнаас цус гараад би гэрээсээ гарч гүйсэн ба гудамжны дэлгүүр дээр очоод худалдагч хүүхнээс нь ахдаа цагдаа дуудаад өгөөч гэж хэлээд цагдаа болон эмнэлгийн тусламж авсан. Тухайн үед миний толгой, нуруу, нүүр хэсэгт хөхөрсөн байсан. Одоо зүгээр болсон тул санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 04 дэх тал/,  

 мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.гийн өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Багахангай дүүргийн 2-р хороо, Бор үзүүрийн гэр хороололд байх “” дэлгүүр дээр ажлаа хийж байхад 19 цагийн орчимд нүүр ам нь битүү цус болсон настай, согтуу хүн орж ирсэн. Тэгснээ “би зодуулчихлаа, цагдаа дуудаад өгөөч” гэсэн. Эхлээд би Ш.******* ах байна гэдгийг нь таниагүй. Тэгээд таниад “та юу болов, хэн зодов” гэж асуусан чинь “хүн зодчихлоо цагдаад дуудаад өгөөч..” гэх мэдүүлэг /хх-ийн 77 дахь тал/, 

мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.ын өгсөн: “...Ш.******* нь миний нөхөр. М.******* нь миний том хүү байгаа юм. Би тухайн үед 17-18 цагийн үед гэрээсээ гараад цэцэрлэг явсан. 18 цаг өнгөрч байхад хүүхдүүдээ оруулж орхиод гарах үед манай гэрт хүүгийн найз Б. шал согтуу, ухаангүй унтаж байсан, өөр хүн байгаагүй. Би малдаа яваад 1 цаг орчмын дараа хэдэн ямаагаа туугаад гэртээ ирэхэд хашааны хаалгаар ******* гараад урагшаа гүйж байсан. Хашаан дотроос ******* гэртээ орж байсан. Юу болоод байгаа юм гэтэл араас гэрт ороход ******* юу ч хэлэхгүй байсан. Тэгээд өвгөнийхөө араас гудамжны урагшаа гүйгээд очиход *******гийн нүүр ам нь цус болчихсон “******* намайг зодсон, би цагдаа дуудсан” гэж хэлээд дэлгүүрийн үүдэнд сууж байсан. Би хэнийг нь ч өмөөрөхгүй хоёулаа архи уудаг. ******* нь уусан үедээ байнга л ыг хөөж тууж байдаг. ******* нь уухаараа аавтайгаа сөрж хэрэлдээд байдаг. М.******* нь *******гийн төрсөн хүү нь биш бөгөөд би 1982 онд жирэмсэн байхдаа гэр бүл болж байсан. Сүүлийн 2 жил өвгөн архи уух бүртээ *******д хандаж "би чамайг өдий болтол тэжээсэн, одоо чи яв зайл” гээд хөөдөг болсон. Мөн “би чиний малыг харж чадахгүй” гээд маргалддаг. ******* нь аавдаа хандаж “би энэ байшинг, мал хөрөнгө авахад чинь ажил хийж, мөнгө олж авч байсан, би энэ гэрт байх ёстой” гэж хэлдэг. Надад үнэхээр хэцүү байдаг. Эрүүлдээ хэн хэндээ юм хэлж чадахгүй, архи уусан үедээ байнга хэргүүл маргаан хийдэг. Өмнө нь М.*******, Ш.******* нар 2018 онд нэг удаа маргалдаад цагдаа дуудаж байсан. Хоёулаа согтуу, бие биеэ цохилцож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.гийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 405 дугаартайШ.*******гийн биед нүүр, хүзүүнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 20-21 дэх тал/

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл “дунд” гэж үнэлэгдсэн /хх-ийн 25-27 дахь тал/,

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт-гэр бүлээрээ архидан согтуурдаг /хх-ийн 28-31 дэх тал/

хохирогч Ш.*******гийн согтуурал шалгасан тэмдэглэл /1.96 хувийн хүнд зэргийн согтолттой/-/хх-ийн 07 дахь тал/,

“Хур-Иргэний мэдээлэл”-Ш.******* 1951 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн 71 настай гэсэн тодорхойлолт /хх-ийн 32 дахь тал/

“Хур-Иргэний мэдээлэл”-М.******* 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр аавыгаа зодоод байна гэх зөрчилд арга хэмжээ авагдаж байсан байна. /хх-ийн 38-43 дахь тал/,

Багахангай дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн М. “Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэг зөрчил үйлдэж болзошгүй хүний бүртгэл” /хх-ийн 60-61/ -нь зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх   нотлох   баримтууд   нь   энэ   хэрэгт   хамааралтай,   хуульд   заасан   үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос   шүүхэд   шилжүүлсэн   хэргийн   хүрээнд   шүүгдэгчийн   гэм  буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн  үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.3.Эрх зүйн дүгнэлт.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч М.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч М.******* нь хохирогч Ш.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол уруулсан болох нь шүүгдэгч М.*******гийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ш.*******, гэрч Б. нарын мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.гийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 405 дугаартайШ.*******гийн биед нүүр, хүзүүнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлтээр тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч М.******* нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг хуульчилсан ба тэрхүү үйлчлэлд “...  гэр бүлийн бусад гишүүн, ... тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд;”, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно”  гэж,  мөн   хуулийн   6  дугаар   зүйлийн 6.2-т “Энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний эрүүл мэндэд гэм хор учруулсан үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ”, Гэр бүлийн хамаарал бүхий харилцаа гэдгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлд “гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, ...хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно” гэж тус тус тайлбарлаж хуульчилжээ.

Холбогдогч, хохирогч нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай гэр бүлийн эцэг, хүү нар болох нь тэдний мэдүүлгээр тогтоогдож байна.

Хохирогч Ш.******* нь 1951 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн одоо 71 настай, хэрэг болох үед согтуурсан байсан болохыг М.******* “аав *******г нэлээн согтсон байсан, аав тэтгэвэр байдаг өндөр настай” гэж мэдүүлсэн байна.

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд М.******* нь өөрийн эцэг Ш.*******тэй маргалдаж түүний нүүрэн тус газарт нь гараараа олон удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Иймээс шүүгдэгч М.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

1.4. Хохирол, хор уршиг.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, шүүхийн шатанд нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх тайлбарыг ирүүлсэн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар.

2.1. Талуудын санал, дүгнэлт.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч М.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулж, 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлт гаргасан, шүүгдэгчийн зүгээс прокурорын сонсгосон ялыг зөвшөөрч буйгаа илэрхийлсэн тайлбар, саналыг тус тус гаргав.

2.2. Эрүүгийн хариуцлага.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.

Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр санал болгосныг шүүгдэгч М.******* хүлээн зөвшөөрсөн бөгөөд М.******* нь мал малладаг, өөрийн нэр дээр малтай, тодорхой орлоготой тул торгох ял оногдуулах боломжтой, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэрэг нөхцөл байдалд нь торгуулийн хэмжээ тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч М.*******д улсын яллагчийн санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулж, 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дугаар зүйлд ,36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

            1. ******* овогт *******гийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000  /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.******* нь шүүхээс оногдуулсан 800.000  /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгасугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.******* нь оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Шүүгдэгч М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол М.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               П.БАЯСГАЛАН