Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/200

 

2022        11          07                                   2022/ШЦТ/200

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Аззаяа, улсын яллагч  Ховд аймгийн Прокурорын газрын ахлах  прокурор  Э.Ариунболд, шүүгдэгч Х.*******, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* /цахимаар/ шинжээч ******* /цахимаар/  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* ургийн овогт ******* *******д холбогдох эрүүгийн 2136000000096 дугаартай, 178/2021/0095/Э индекстэй хэргийг 2021 оны 06 сарын 08-ны өдөр хүлээн авч, 2022 оны 11 сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.

                                           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,1978 оны 09 сарын 11-ний өдөр Ховд аймгийн Буянт  суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, ард казак, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6 эхнэр хүүхдүүдийн хамт амьдрах , хувиараа газар тариалан эрхэлдэг, аминдаа портер бонго маркийн суудлын авто машин-1 хувийн 2 өрөө орон сууц нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлогоо тодорхойлох боломжгүй, урьд ял шийтгэлгүй,  ПВ78091116 дугаарын регистртэй ******* ургийн овогт ******* *******

                  Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгагдсанаар:

 Шүүгдэгч  Х.******* нь Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багийн нутаг дэвсгэр “Булт” гэх нэртэй газарт байрлах өөрийн эзэмшлийн торноос 2021 оны 02 сарын 26-наас 2020 оны 02 сарын 30-ны өдрийн хооронд нойтон бургас мод тайрч бэлтгэн ойн санд 4382379 төгрөгийн хохирол учруулж хууль бусаар ойд мод бэлтгэсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

                            Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн  3 дахь хэсэгт  зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтыг хянан хэлэлцэв.

Хэргийн газар үзлэг хийсэн...Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа  багийн нутаг дэвсгэрт байрлах Булт гэх нэртэй иргэн Х.*******ы эзэмшлийн тор байв. Уг тор нь уртаашаа 320 метр өргөн нь 1123 метр байв. Уг тор нь өргөстэй төмөр тороор харгана, бут бургасаар хүрээлүүлж татсан байв. Уг торлуу төмөр торон хаалгыг нээж ороход торны зүүн дээд буланд шигүү ургасан байгалийн бургасууд байв. Торны баруун талаараа газар тариалангийн зориулалтаар хагалсан газар байх ба зүүн дээд буланд байх бургаснуудыг очиж үзэхэд бургаснуудын дунд тайрч бэлдсэн нойтон бургаснууд байх ба бургаснуудыг ташуу тайрч бэлдсэн байдалтай байв. Уг бургаснуудыг захаас нь тоолоход нийт 259 ширхэг бургас байв. Уг бургаснуудын уртыг хэмжиж үзэхэд 2м10см-ээс 2м 30см-ийн хооронд урттай байв.

Уг бургаснуудыг гараараа тэмтэрч үзэхэд тайрсан хэсэг нь нойтон байв. Бургаснуудын өргөнийг хэмжихэд 5см, 9см-ийн хооронд өргөнтэй байв. Үзлэгийг цааш нь үргэлжлүүлэхэд тайрсан бургаснуудын суурийг харахад нэг бургаснаас 5-7 ширхэг бургасны мөчир тайрсан байх ба уг бургаснуудыг тоолж үзэхэд нийт 259 ширхэг бургасыг хэргийн газрын үзлэгээр хураан авч цагдаагийн байрны гражид оруулан лацдан түлхүүрийг Баатарт хүлээлгэн өгөв...гэх тэмдэглэл, гэрэл зураг /хэргийн 08-16 дугаар хуудас/

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авах  тэмдэглэл үйлдэж , нойтон бургасыг хураан авсан  тэмдэглэл, гэрэл  зураг /хх-ийн 16-20-рт/

Эд мөрийн баримт хураан авах тэмдэглэл үйлдэж, гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 72 см урттай, 5 өргөнтэй, модон иштэй, үзүүр хэсгээрээ зэвэрсэн төмөртэй, 12 см урт, 3 см өргөнтэй, 1 ширхэг сүхийг хураан авсан, гэрэл зураг /хх- ийн 23-26рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Энхтайваны өгсөн...Хар нуур Ховд голын сав газрын захиргаанд  Гадаргын усны нөөц судалгаа шинжилгээний асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр  4 дэх жилдээ ажиллаж байна. Булт гэх газарт байх иргэн Х.*******ий тор нь усны сав бүхий газар буюу онцгой хамгаалалтын бүсэд хамаарна. Усны тухай хуулиар өөрийн эзэмшлийн болон онцгой бүс дотор нойтон бургас тайрахыг хориглосон байдаг.  Нойтон бургас тайрч болохгүй, мод бут огтлох хориотой. Тухайн газар нь ойн хамгаалтын бүсэд хамаарна. Ойн дагалдах баялаг гэдэг нь ашиг шимтэй жимс жимсгэний модыг хэлнэ. Тухайн сумын орон нутгаас ой ашиглах мод бэлдэх хүсэлтээ Байгаль орчин аялал жуулчлалын яам руу мэдэгдэж зохих зөвшөөрлийг нь авдаг. Иргэн  Х.******* нь өөрийн эзэмшлийн торноос мод бургас тайрсан нь хууль бус үйлдэл  байна. Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын дэглэмийг зөрчсөн байна. Бургас нь хөрс хамгаалах усны нөөцийг  бүрдүүлэх чухал ач холбогдолтой учраас бургас тайрах нь хориотой байдаг...гэх мэдүүлэг/хх-ийн 35-36-рт/

 Ховд аймгийн Сум дундын Ойн ангийн инженер *******гийн 2021 оны 04 сарын 29-ний өдрийн 05 дугаартай шинжээчийн...Шинжлэгдэж буй мод нь бургасны төрлийн бургас гэдэг мод байна. Холтос нь ишнээсээ хөндийрөөгүй, хатаж өмхөрөөгүй чийгтэй нойтон мод байв. Уг мод бэлтгэсэн газар нь Хамгаалалтын ойн бүс.  Иймд Байгаль орчин Ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11 сарын 13- ны өдрийн 325  тоот тушаалын 1-р мужийн хамгаалалтын бүсийн ойд багтаж байв. Улсын тусгай хамгаалалттай ойд хамаарахгүй. Зөвшөөрөл өгөгдөөгүй болно. 2,5 м х 2.0 м х1,5 м=7,5 м х 0,43=3,225 м3 /Урт өргөн, өндөр  гурван хэмжээс нь 3,225м3 болж байна. Ойн газрын даргын 2010 оны 6 сарын 04-ний өдрийн  А-79-р  тушаалын  нэгдүгээр хавсралтаар сийрэг шоо метрийг нягтын хэмжээнд шилжүүлэхдээ тусгай шилжүүлэх итгэлцүүрийг ашигладаг. Тухайлбал захлаагүй 2 метрээс дээш урттай мод 0,43 гэсэн итгэлцүүрийг ашигладаг.

Тухайн модны нийт эзлэхүүн нь 3,225 м3 байна. Уг мод бэлтгэсэн газар нь хамгаалалтын бүсийн ой. Иймд Байгаль орчин, Ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11 сарын 13-ны өдрийн 325 дугаартай тушаалын дагуу 1 дүгээр мужийн хамгаалалтын бүсийн ойд багтаж байна. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 сарын 16-ны өдрийн А/176 дугаартай тушаалаар ойн экологи-эдийн засгийн үнэлгээг модон материалд шилжүүлэхэд ашигладаг хэрэглээний бөөрөнхий модын итгэлцүүр 1.8-аар үржүүлж бодно.

Экологи эдийн засгийн үнэлгээ:

д/д

Модны үүлдэр

Нийт эзлэхүүн

Буюу хэмжээ/м3/

Итгэлцүүр

1м3 модны үнэлгээ

Тайлбар

1

Бургас

3.225

1,8

251,644

1460,793

 

Нийт дүн

 

 

 

1460,793

... гэх дүгнэлт /хэргийн 40-41 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч *******гийн өгсөн...2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Буянт сумын Норжинхайрхан багт очиж хэргийн газраас хураан авсан 259 ширхэг модыг үзэхэд, бургас нь нойтон сүх хэрэглэж унгаасан байдалтай байв. Урт, өргөн, өндөр 3-ын гурван талт хэмжээс хийж эзлэхүүнийг тогтоосон шинжээчийн дүгнэлт дээр тодорхой байгаа.Байгалийн бургасыг тайрч болохгүй. Хамгаалалтын бүсийн ойд ургаа нойтон мод унагах зохицуулалт байхгүй. Манай Ховд аймаг ойн сан нь нэгдүгээр мужийн хамгаалалтын бүсэд ордог тийм учраас өөрийн эзэмшлийн торноос болон ургаа нойтон модноос тайрч болохгүй хуулиар хориглосон байгаа.  Нойтон бургас байсан. Ховд аймгийн нутаг дэвсгэрт ургаж байгаа модлог болон бутлаг ургамал, мод нь нэгдүгээр мужийн хамгаалалтын бүсэд хамаарна. 2013 он 11 дүгээр сарын 13 өдрийн 325 дугаартай тогтоолоор хориглосон. Х.******* өөрийн эзэмшлийн торноос нойтон бургас тайрсан үйлдэл нь ойн хуулиар хориглосон.  Нойтон бургас тайрсан үйлдэл нь хууль бус үйлдэл ... гэх мэдүүлэг/хх-ийн 46-47-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ээс өгсөн...2021 оны 02 дугаар сард байх өдрийн сайн санахгүй байна. Буянт сумын байгаль хамгаалагч Н.Бактер надруу залгаад иргэн Х.******* Ховд сумын Улаанбураа багийн нутаг дэвсгэрт байрлах “Булт” гэх газарт тор татах зориулалтаар их хэмжээний мод бэлтгэсэн байна гэж хэлсэн. Тухайн үед ковид-19 цар тахалтай холбогдуулан сумын төвөөс орох, гарах хөдөлгөөн хязгаарлагдсан байсан тул Н.Бактерыг та сумын хэсгийн төлөөлөгчдөө хэлээд хамт очоод хураагаад авчих гэж хэлсэн. Иргэн Х.******* нь Ховд сумын Улаанбураа багийн нутаг дэвсгэрт байрлах “Булт” гэх газарт газар тариалангийн чиглэлээр тор эзэмшдэг. Иргэн Х.******* өөрийн торон дотроос байгалийн нойтон бургас бэлдэж болохгүй.  Хамгаалалтын бүсийн ойд ургаа нойтон бургас мод унгах зохицуулалт байхгүй. Манай Ховд аймгийн ойн сан нэгдүгээр мужийн хамгаалалтын бүсэд ордог тийм учраас өөрийн эзэмшлийн торноос болон байгалийн ургаа мод тайрч болохгүй хуулиар хориглосон байдаг. Ховд аймгийн нутаг дэвсгэрт ургаж байгаа модлог болон бутлаг ургамал мод нь нэгдүгээр мужийн хамгаалалтын бүсэд хамаарна. 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 325 дугаартай тогтоолоор хориглосон байдаг. Иргэн Х.******* Ховд сумын Засаг даргын тамгын газраас мод тайрч бэлтгэх талаар зөвшөөрөл аваагүй. Иргэн Х.******* төлбөр мөнгөө хийгээгүй байгаа...гэх мэдүүлэг /хэргийн 54-55 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *******ы өгсөн...Манай нөхөр Х.******* нь 1978 онд Ховд аймгийн Жаргалант суманд Хозай гэх айлын 4 дэх хүү болон мэндэлсэн байдаг. Тэрээр 1978 оноос 1985 оны хооронд ээж, аав, эгч, дүү нарын хамт амьдарч байгаад 1986 онд Ховд аймгийн Буянт сумын 10 жилийн ерөнхий боловсролын сургуульд элсэн орж 1994 онд 8 дугаар анги төгссөн. Манай нөхөр Х.******* нь дээрээ 3 эгч, 3 дүүтэй айлын 4 дэх хүүхэд Х.*******ы төрсөн эгч нар нь Казахстан улсад амьдардаг. 2 охин дүү, 1 эрэгтэй дүү нь Ховд аймгийн Буянт суманд хувиараа газар тариалан эрхэлж амьдарч байна. Манай нөхөр Х.******* архи, тамхи хэрэглэдэггүй хүнд тусархуу сэргэлэн, ажилч хөдөлмөрч хүн байгаа юм.Манай нөхөр Х.******* ах, дүү 7-лаа манай нөхрийн төрсөн аав, ээж нар одоо Ховд аймгийн Буянт суманд тэтгэвэрт байдаг. Насаараа газар тариалан эрхэлж ирсэн хүмүүс байдаг.Манай нөхөр Х.******* төлөв, даруу хүнд тусархуу, нийтэч, ажилч. хөдөлмөрч, Бага насаа аав, ээжийнхээ хамт газар тариалан эрхэлж өнгөрүүлсэн. Х.******* урьд өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй. Х.******* нь Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багт эхнэр 4 хүүхдийн хамт амьдарч байна. Одоо хувиараа газар тариалан эрхэлдэг. Манай нөхрийн нэр дээр жижиг том хоёр машин, өөрийн байшин хашаа 20 гаруй үхэр, ногооны талбай байдаг.Эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлж байгаагүй. Манай нөхөр цэргийн алба хаагаагүй. Тухайн үед манай нөхөр торон дотор байгаа усны шуудууг бургас хаагаад ус явуулахгүй болохоор нь тайраад авчихлаа гэж хэлж байсан. Манай нөхөр ганцаараа тайрсан. Өөр хүн байгаагүй...гэх мэдүүлэг/хх-ийн 62-63-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Идэрсайханы өгсөн...Манай найз Х.******* нь 1978 онд Ховд аймгийн Жаргалант суманд Хозай гэх айлын 4 дэх хүү болон мэндэлсэн байдаг. Тэрээр 1978 оноос 1985 онь хооронд ээж, аав, эгч, дүү нарын хамт амьдарч байгаад 1986 онд Ховд аймгийн Буянт сумын 10 жилийн ерөнхий боловсролын сургуульд элсэн орж 1994 онд 8 дугаар анги төгссөн. Манай найз Х.******* нь дээрээ 3 эгч, 3 дүүтэй айлын 4 дэх хүүхэд Х.*******ы төрсөн эгч нар нь Казахстан улсад амьдардаг. 2 охин дүү, 1 эрэгтэй дүү нь Ховд аймгийн Буянт суманд хувиараа газар тариалан эрхэлж амьдарч байна. Манай найз Х.******* архи, тамхи хэрэглэдэггүй хүнд тусархуу сэргэлэн, ажилч хөдөлмөрч хүн байгаа юм. Манай найз Х.******* ах, дүү 7-лаа манай найзын төрсөн аав, ээж нар одоо Ховд аймгийн Буянт сумын төвд амьдардаг, тэтгэвэртээ гарсан хүмүүс байдаг. Насаараа газар тариалан эрхэлж ирсэн хүмүүс байдаг. Манай найз Х.******* төлөв, даруу хүнд тусархуу, нийтэч, ажилч, хөдөлмөрч, Бага насаа аав, ээжийнхээ хамт газар тариалан эрхэлж өнгөрүүлсэн. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй. Х.******* нь Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багт эхнэр 4 хүүхдийн хамт амьдарч байна. Одоо хувиараа газар тариалан эрхэлдэг.Манай найз жижиг том хоёр машин, өөрийн байшин хашаа, 20 гаруй үхэр, ногооны талбай өөрийнх нь  нэр дээр байдаг. Сарын орлогыг нь  сайн мэдэхгүй байна. Эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлж байгаагүй байх биеэ өвдлөө гэж юм хэлдэггүй. Манай найз цэргийн алба хаагаагүй гэж байсан. Манай найз архи, тамхи хэрэглэдэггүй.Тухайн үед манай найз торон дотор байгаа усны шуудууг бургас хаагаад ус явуулахгүй, ногооны талбай усаар дүүрээд байхаар нь тайраад авчихлаа гэж байсан. Манай найз надад хэлэхдээ ганцаараа тайрсан. Өөр хүн байгаагүй гэж хэлж байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 65-66-рт/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар Х.******* нь  урьд ял шийтгэлгүй гэх баримт /хэргийн 71 дүгээр хуудас/

Х.*******ы 0057545 дугаартай газар эзэмших гэрчилгээний хуулбар /хх-ийн 85-рт/

Х.******* нь 2021 оны 05 сарын 27-ны өдөр 300000 төгрөгийг Төрийн сангийн 100161300952 тоот дансанд төлсөн тухай баримт /хх-ийн 91-рт/

 Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.*******ы өгсөн...Би 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 30-ны хооронд 3 өдөр Ховд сумын Улаанбураа багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн эзэмшлийн торноос шуудуй таглаж ургасан хоёр бургасыг  сүхээр тасалж тор сэргээж татах зориулалттай 2 метрийн урттай тайрч бэлтгэсэн. Би ганцаараа 3 өдөр бэлтгэсэн. Ямар нэгэн тээврийн хэрэгсэл ашиглаагүй бургасаа тайрч бэлтгээд тор дотроо хураасан байсан. Би сүхээр тайрч бэлтгэсэн.Би хоёр том бургас тайрч бэлтгэсэн. Нэг бургаснаас 130 гаруй ширхэг мөчир, шонгийн бэлдэц гарсан нийт 259 ширхэг шурга мод гарсан. Би тайрч бэлтгэсэн модноос хүнд зараагүй. Манай ногооны талбай руу ордог усны суваг таглаад байдаг болохоор нь тайраад тор сэргээж татах зориулалттай бэлтгэсэн. Би газар эзэмших 0057545 дугаартай гэрчилгээтэй, өмчлөх эрхийн гэрчилгээ байхгүй. Манай гэрийнхэн мэдэж байсан. Нэг өглөө Буянт сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа хоёр ирээд та нойтон бургас тайрч бэлтгэсэн байна гэж хэлээд хураагаад явсан. Би бургас тайрч бэлтгэх талаар сум орон нутгийн удирдлагуудтай уулзаж зөвшөөрөл аваагүй. 1994 онд би аавтайгаа тухайн газарт тор татаж авсан. Тэр цагаас эхлэн ногоо тарьж байна. Торон доторх бураа их ургаснаас болж усны шуудуу таглаад мөн тарьсан ногооны чийгийг өөртөө татаад байсан болохоор тайрсан юм. Ганц манайх гэлтгүй манай торноос залгаад 8 айл тор татсан ба ус гүйхгүй болсон тул  бургасыг тайрсан байгаа...гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэцүүлэгт  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын өгсөн:  2021 оны 04 сарын 21-ний өдөр анх мэдээ хүлээн авсан. Тухайн үед коронавирустай зам хаасан хөл хорио тогтоосон байсан. Буянт сумын байгаль хамгаалагч модыг хураан авсан. Газар эзэмшлийн гэрчилгээ байгаа гэж өөрөө хэлсэн. Хохиролд 300000 төгрөг төлсөн. Бусад хохирол төлөөгүй байгаа. Бусад хохирол нь ойн сан бүхий газарт орох байх гэж үзэж байна. Намайг 6 сард очиж үзэхэд тайрсан мод нь  бага зэрэг  ургаж байгаа юм байна лээ. Тайрсан нэг модны оронд хоёр мод тарьж өгч болно...гэх мэдүүлэг  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч *******гийн өгсөн...Тайрсан модны урт, өндөр, өргөнийг хэмжиж гаргасан. Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын  2013 оны 325 дугаар тушаал, мөн 2020 оны Байгаль орчин аялал жуулчлалын сайдын А/176  дугаартай тушаал зэргийн дагуу гарсан Ховд аймгийн нутаг дэвсгэр дээр ургаж байгаа тариалснаас бусад бүх ой, мод Алтайн уулархаг мужийн бүс буюу нэгдүгээр мужийн ойд хамаардаг. Би экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоодог. Нөхөн төлбөрийн үнэлгээг байгаль орчны хяналтын улсын байцаагч нар гаргадаг. 4382379  төгрөг гэж гаргасан үнэлгээ миний гаргасан үнэлгээ. Нийт тайрсан модныхоо эзлэхүүнийг гаргадаг итгэлцүүр нь дээр дурдсан сайдын тушаал дээр тогтмол тоо байдаг. Газар дээр нь үзлэг хийх шаардлагагүй та хэмжилтээ хий гэж тухайн сумын цагдаа надад хэлсэн. Хураасан модны урт, өргөн, өндөр 3-ыг хэмжиж дүгнэлтээ гаргасан...гэх мэдүүлэг зэрэг болно.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамааралтай ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтыг үнэлж дүгнэхэд:

Шүүгдэгч Х.******* нь Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багийн нутаг дэвсгэр “Булт” гэх нэртэй газарт байрлах өөрийн эзэмшлийн торноос 2021 оны 02 сарын 26-наас 2020 оны 02 сарын 30-ны өдрийн хооронд 259 ширхэг нойтон бургасыг 2  ширхэг бут  модноос  тайрч бэлтгэн ойн санд 4382379 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.*******ы үйлдсэн дээрх гэмт хэрэг нь хохирогч байгууллагын төлөөлөгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн...2021 оны 02 дугаар сард байх өдрийн сайн санахгүй байна. Буянт сумын байгаль хамгаалагч Н.Бактер надруу залгаад иргэн Х.******* Ховд сумын Улаанбураа багийн нутаг дэвсгэрт байрлах “Булт” гэх газарт тор татах зориулалтаар их хэмжээний мод бэлтгэсэн байна гэж хэлсэн. Тухайн үед ковид-19 цар тахалтай холбогдуулан сумын төвөөс орох, гарах хөдөлгөөн хязгаарлагдсан байсан туг Н.Бактерыг та сумын хэсгийн төлөөлөгчдөө хэлээд хамт очоод хураагаад авчих гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хэргийн 54-55 дугаар хуудас/, гэрч *******ы өгсөн...Тухайн үед манай нөхөр торон дотор байгаа усны шуудууг бургас хаагаад ус явуулахгүй болохоор нь тайраад авчихлаа гэж хэлж байсан. Манай нөхөр ганцаараа тайрсан. Өөр хүн байгаагүй.. гэх мэдүүлэг/хх-ийн 62-63-рт/ гэрч Ц.Идэрсайханы өгсөн...Тухайн үед манай найз торон дотор байгаа усны шуудууг бургас хаагаад ус явуулахгүй, ногооны талбай усаар дүүрээд байхаар нь тайраад авчихлаа гэж байсан. Манай найз надад хэлэхдээ ганцаараа тайрсан. Өөр хүн байгаагүй гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 65-66-рт/ мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.*******...259 ширхэг бургасыг 2 ширхэг бутнаас тайрч авсанаа хүлээн зөвшөөрсөн...мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, бургас модыг үнэлсэн шинжээчийн дүгнэлт, шинжээч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,  хэрэгт  эд мөрийн  баримтаар  хураан авсан 259 ширхэг бургас модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг зэрэг хэрэгт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь  шүүгдэгч Х.*******  ойд мод бэлтгээгүй гэсэн үндэслэлээр гэм буруугийн талаар маргаж байгаа боловч энэ нь дараахи нотлох баримтаар үгүйсгэгдэж байна.

Үүнд: Шүүгдэгч Х.*******ий 2 ширхэг бургаснаас 259 ширхэг бургасыг сүхээр, зөвшөөрөлгүйгээр тайрч авсан. Тухайн Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багийн Булт гэх газар нь хамгаалалтын  бүсийн ойн бүсэд хамаардаг болох нь ... Байгаль орчин, Ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11 сарын 13-ны өдрийн 325 дугаартай тушаалд зааснаар 1 дүгээр мужийн хамгаалалтын ойн бүсэд  хамаардаг гэх нь  мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт  шинжээч Ц.Цэцэгээгийн өгсөн...Ховд аймгийн нутаг дэвсгэрт ургаж байгаа модлог болон бутлаг ургамал,  мод нь хамгаалалтын бүсэд хамаарна...гэх мэдүүлэг, шинжээчээр оролцож гаргасан дүгнэлт, Ойн тухай хуулийн 5 дугаар зүйлд...Хамгаалалт, ашиглалтын хэлбэр, экологи эдийн засгийн ач холбогдлыг нь харгалзан ойн санг дор дурдсанаар ангилна. 5.1.1.хамгаалалтын бүсийн ой; 5.1.2.ашиглалтын бүсийн ой. 5.2.Ой бүхий газар, таримал ой, бут сөөг, мод бэлтгэсэн, ой, хээрийн түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн ойн талбай, ойн цоорхой, түүнчлэн ойн захаас гадагш 100 метр газар, тарьц, суулгац бойжуулах мод үржүүлгийн газрын эзлэх талбай нь ойн сангийн газарт хамаарна…гэх заалт зэргээр тогтоогдож байна.

 Ойн тухай хуулийн 34.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт” Энэ хуулийн 34.1-д заасан эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын нэр, хаяг, бэлтгэх модны төрөл хэмжээ, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа, газрын нэрийг заана...”гэж мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт ”...Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно...”гэж мөн хуулийн 35 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэж тус тус заасан байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч  Х.******* нь хамгаалалтын бүсийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 259 ширхэг бургасыг бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. 

Ховд  аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.*******ийг зөвшөөрөлгүйгээр хамгаалалтын бүсийн ойд мод бэлтгэсэн үйлдэлд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 Иймд шүүгдэгч Х.*******ийг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн  гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

                         Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг:

            Шинжээчийн дүгнэлт болон хохирогчийн мэдүүлгээр Х.******* нь Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багийн нутаг дэвсгэр “Булт” гэх нэртэй газарт байрлах өөрийн эзэмшлийн торноос 259 бургас мод тайрч бэлтгэж, гэмт хэргийн улмаас байгаль орчинд 3225х1.8-251644= 1460793  төгрөгийн хохирол учруулсан тул Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 1.2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар...иргэн хууль бусаар мод бэлтгэсэн бол шууд учирсан хохирлыг, ойн экологи эдийн засгийн үнэлгээгээр 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлнэ...гэснийг үндэслэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байгаль орчинд шууд учирсан хохирол 1460793  төгрөгийг 3 дахин нэмэгдүүлж, 4382379  төгрөгөөр тогтоож, , Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...”  гэж заасан тул шүүгдэгчээс 4382379 төгрөгийг  гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулж,  шүүгдэгч Х.*******ий  Ховд аймгийн Төрийн сангийн 100161300952 тоот дансанд 2021 оны 05 дугаар сарын 27- ны өдөр төлсөн 300000 төгрөгийг хасаж, нөхөн төлбөрийг 2 жилийн хугацаанд  төлүүлэхээр тогтоов.   

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Х.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, хэргийн 71 дүгээр хуудас дахь  баримтаар тогтоогдож байна Шүүгдэгч Х.*******ий хувийн байдлын талаар гэрч *******ы өгсөн...Манай нөхөр Х.******* нь архи, тамхи хэрэглэдэггүй хүнд тусархуу сэргэлэн, ажилч хөдөлмөрч хүн байгаа юм. Х.******* урьд өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй...гэх мэдүүлэг, гэрч Ц.Идэрсайханы өгсөн... Манай найз Х.******* төлөв, даруу хүнд тусархуу, нийтэч, ажилч, хөдөлмөрч, Бага насаа аав, ээжийнхээ хамт газар тариалан эрхэлж өнгөрүүлсэн. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй...гэх мэдүүлэг авагдсан байна.

Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Харин шүүгдэгч Х.******* нь улсад учруулсан хохирол 300000 төгрөг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Х.*******ы хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан...зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн...гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгч Х.*******д 650000 төгрөгөөр торгох ял шийтгэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 259 ширхэг  бургас модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод хураах, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, хүрээлэн буй орчинд учруулсан хохирол 300000 төгрөг төлснийг дурдаж, Үлдсэн 4082379  төгрөгийн нөхөн төлбөрийг  3 жилийн хугацаанд төлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Х.******* нь улсад учруулсан хохирлоос 300000 төгрөгийг төлсөн. Улсын яллагчийн санал болгож буй 650000 төгрөгөөр торгох  ялыг төлөх боломжгүй тул зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлэх хүсэлттэй байна гэв.

Шүүхээс шүүгдэгч Х.*******ийг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм болохыг тогтоосон тул эрүүгийн  хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Х.*******д  зургаан зуун тавин  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун тавин мянган төгрөгөөр  торгох ял шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******д  оногдуулсан  650000 төгрөгний торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт   зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  шүүгдэгч Х.*******д  тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугар зүйлд зааснаар  шүүгдэгчийн торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь шүүгдэгч Х.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж өгнө үү гэх дүгнэлтийг гаргасан боловч шүүгдэгч Х.******* нь 2021 оны 09 дүгээр сард Улсын хоёрдугаар төв эмнэлэгийн мэдрэлийн мэс заслын тасагт мэдрэлийн суваг чөлөөлөх мэс засалд орсон, хэвтэрийн дэглэм сахих шаардлагатай гэсэн үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү гэх хүсэлт гаргаж, шүүхийн хэлэлцүүлэгт мэдрэлийн мэс засал хийлгүүлсэн  орсон талаархи нотлох баримтыг  ирүүлсэн  тул шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан торгох ял шийтгэх зүйтэй гэж үзсэн болно.

Мөн шүүгдэгч Х.******* нь 2 га талбайд газар тариалан эрхэлдэг талаархи баримтыг ирүүлсэн тул орлого олох боломжтой гэж үзсэн болно.     

Эрүүгийн 2136000000096 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 259 ширхэг бургас модыг улсын орлого болгуулахаар, мөн модон иштэй сүхийг устгуулахаар Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохиролд 300000 төгрөгний хохирол төлсөн,  цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг  тус тус дурдав.

Шүүгдэгч Х.*******д торгох ял шийтгэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ургийн овогт ******* *******ийг зөвшөөрөлгүй  ойд мод бэлтгэсэн,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт ******* *******ийг зургаан зуун тавин  нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  шүүгдэгч Х.*******д  оногдуулсан 650000 төгрөгний торгох ялыг 6 сарын хугацаанд, сар бүр  хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1,  Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3-т зааснаар зааснаар  шүүгдэгч Х.*******аас 4082379 / дөрвөн сая наян хоёр мянга гурван далан ес / төгрөгийг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд  олгож, 2 жилийн хугацаанд нөхөн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн 2136000000096 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 259 ширхэг бургас модыг улсын орлого болгуулахаар, мөн модон иштэй сүхийг устгуулахаар Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохиролд 300000 төгрөг төлснийг нийт төлөх 4382379 төгрөгнөөс хасаж тооцсон, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг  тус тус дурдсугай.

 6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт   зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  шүүгдэгч Х.*******д  тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар   шүүгдэгчийн торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7.Шүүгдэгч Х.*******д  өмнө  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Т.ЦЭЦЭГМАА