Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баяраагийн Баярмаа |
Хэргийн индекс | 184/2018/04087/И |
Дугаар | 186 |
Огноо | 2019-01-15 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 186
2019 оны 01 сарын 15 өдөр | Дугаар 184/ШШ2019/00186 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т.Н/-ын
Хариуцагч: О.С/-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 1.100.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2018 оны 11 дүгээр 28-ны өдөр хүлээн авч, мөн оны 12 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Н, хариуцагч О.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дамба нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Ц гэдэг хүний түрээслэгч нь О.С гэдэг хүн байдаг гэж надад Н.Ц хэлсэн. Ингээд О.Ст мөнгө зээлүүлэх санал тавьсан. О.С нь надаас ирж хоёр удаа мөнгө зээлийг гуйхад нь би өгөөгүй. Дараа нь Н.Ц гэдэг хүн ирээд гуйхаар нь би 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гэрээ байгуулж 1.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр нотариатаар гэрчлүүлж зээлсэн. Би зээл өгөөд удаагүй 3-4 хоног болж байхад О.С нь лангуугаа ажиллуулахаа болиод явсан байсан. Ингээд би утсаар удаа дараа шаардлага тавьсан боловч О.С нь би төлнө гэдэг боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Би дараа нь О.С дээр ирж зээлийн гэрээ хийсэн. Би байнга О.Стай утсаар ярьж удаа дараа шаарддаг боловч хариуцагч нь төлөхгүй байгаа. Иймд би Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өргөдөл гаргасан. Тохиролцсоноос хойш 40.000, 20.000, 30.000 төгрөг, нийт 90.000 төгрөг өгсөн байгаа. Иймд үндсэн зээлээ 1 сарын хүүгийн хамт 1.100.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч О.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 онд 3 дугаар хорооллын голд гадаа майханд Н.Ц гэдэг хүний эзэмшлийн лангууг түрээслэдэг байсан. Ингээд барааны хомсдол үүссэн учраас би Н.Ц гэдэг хүнд түрээс төлөхөд хэцүү байна гэдэг санал тавихад нэхэмжлэгчийг зааж өгсөн. Би очиж уулзсан боловч надад зээл өгөөгүй учраас Н.Ц гэдэг хүнээр хэлүүлж зээл авсан. Нэхэмжлэгч нь өдрийн зээл олгодог хүн байсан. Ингээд гадаа хүйтэн болж бараа зарагдахаа больсон учраас би лангуу түрээслэхээс татгалзсан. Нэхэмжлэгч нь намайг мөнгөө өг гэхэд нь би бараа зарагдаагүй гэж хэлсэн. Ингээд бид 2016 оны 01 дүгээр сард зээлийн гэрээ хийсэн. Би 2015 оны 11 сарын 14.нд нэхэмжлэгчээс мөнгө авсан. Н.Ц нь би Т.Нтай гэрээ хийчихсэн барааг чинь зараад Т.Наранбямбын өрийг өгнө гэж хэлсэн. Би Н.Ц гэдэг хүн дээр хоёр удаа очиж бараагаа авах гэсэн боловч Н.Ц нь зугтаад алга болчихдог. Т.Н нь над дээр ирж мөнгөө авна гэхэд нь би бараагаа авна гэж хэлсэн. Би хороололд очиж үзэхэд лангуу нь хаагдчихсан Н.Ц нь байхгүй байсан. Би өчигдөр очиж үзсэн боловч Н.Ц нь байхгүй байсан. Би Т.Нд одоо байдал хэцүү байна. Би бараагаа авч байж мөнгийг чинь өгнө гэж хэлсэн. Би зуны цагт жуулчид аваад хөдөө явдаг. Ингээд саяхан над дээр шүүхийн зарлан дуудах бичиг ирсэн. Би ч гэсэн бараагаараа шатчихсан. Би нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа зүйл байхгүй боловч өөрөө хохирч үлдэхийг хүсэхгүй байна гэв.
Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч Т.Н нь хариуцагч О.Ст холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1.100.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч Т.Н нь хариуцагч О.Ст 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 1.000.000 төгрөгийг зээлдүүлсэн байх ба 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр бичгийн хэлбэртэйгээр зээлийн гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогддог.
Хавтаст хэргийн 4 дүгээр хуудсанд зохигчид хоорондоо байгуулсан гэх зээлийн гэрээг шүүхэд үнэлүүлэхээр ирүүлсэн байх ба уг гэрээ нь 2015 оны 11 дүгээр сард зээлдүүлсэн гэрээг дараа оны 1 дүгээр сард бичгээр баталгаажуулсан, анх байгуулсан гэрээ биш сар гарангийн дараа нөхөж нотариат дээр байгуулсан гэрээ гэж тайлбарладаг.
Зохигчид анх зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогддог.
2015 оны 11 дүгээр сард авсан 1.000.000 төгрөгийг 1 сарын 10 хувийн хүүг авахаар бичгийн хэлбэрээр тохиролцсон эсэх нь тогтоогддоггүй.
Иймээс талуудын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 1.000.000 төгрөгийг зээлдүүлэгч Т.Н нь О.Ст зээлдүүлэн зээлийн гэрээний хүүг сарын 10 хувь байхаар амаар тохиролцсон болох нь тогтоогддог.
Уг тохиролцоог 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр бичгийн хэлбэрээр баталгаажуулсан болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан зохигчдын хооронд байгуулсан бичгийн хэлцэл зэргээр тогтоогдож байна.
Монгол улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байх ба зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээсэн байна.
Мөнгийг зээлдүүлэгчид 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шилжүүлж өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох тул зохигчдын хооронд 1.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан байна. Үүнтэй зохигчид маргадаггүй.
Түүнчлэн нэхэмжлэгч Т.Н нь уг зээлийн гэрээний үүрэгт 1 сарын хүү шаардсан боловч 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хүүг бичгээр тохиролцсон гэж үзэх үндэслэл тогтоогддоггүй.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар зээлийн гэрээнд хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийсэн байхыг шаардахын зэрэгцээ бичгээр байгуулаагүй бол хүү авах эрхээ алдахаар заасан байх тул зохигчид зээлийн хүүг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ч анхнаасаа зээлийн хүүг бичгээр тохиролцоогүй тул хүү шаардах эрхээ алдсан байна.
Зохигчид тус зээлийн гэрээний үүрэгт 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 40.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 20.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 30.000 төгрөг, нийт 90.000 төгрөг төлөгдсөн талаар маргаагүй.
Хариуцагч нь 1.000.000 төгрөгийг өдрийн зээл хэлбэрээр 25 ажлын өдрийн дотор өдөр бүр хэсэгчилсэн байдлаар 1.100.000 төгрөг болгон буцаан төлөхөөр зээлдэн авсан, зээлийн гэрээний үүрэгт 90.000 төгрөг төлсөн талаар маргаагүй боловч О.С нь Н.Ц гэх хүнээр дамжуулан зээл авсан. Н.Цгийн лангууг түрээслэн ажиллуулахад зориулж Т.Нас авсан 1.000.000 төгрөгөөр бараа худалдан авч, Н.Цгийн лангуунд худалдан борлуулж байсан боловч Н.Ц О.Сын бараа болон барааны мөнгийг түүнд өгөлгүй олдохгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.
Хариуцагч О.С нь зээлдүүлэгч Т.Наранбямбын өмнө зээлийн гэрээний үүрэгт зээлсэн мөнгөө буцаан төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй. Т.Н Н.Цтэй зээлийн гэрээний харилцаанд ороогүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна. Харин хариуцагч О.С нь Н.Цд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гарган эрхээ хамгаалуулахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй юм.
Нэхэмжлэгч Т.Н нь зээлийн гэрээг анхнаасаа бичгээр байгуулаагүй тул хүү авах эрхээ алдсантай холбоотойгоор хариуцагч талын зээлийн гэрээний үндсэн зээл болон хүүнд төлсөн гэх төлөлтүүд үндсэн зээлийн төлбөрөөс хасагдан тооцогдох хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний үндсэн үүрэгт зээлсэн 1.000.000 төгрөгнөөс хариуцагчаас төлсөн 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 40.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 20.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 30.000 төгрөг, нийт 90.000 төгрөгийг тус тус хасаж тооцоод үлдэгдэл 910.000 төгрөгийг хариуцагч О.Саас гаргуулан нэхэмжлэгч Т.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 190.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч О.Саас 26.390 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Нд олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч О.Саас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 910.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 190.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч О.Саас 26.390 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Нд олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б. БАЯРМАА