Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 125/ШШ2021/0008

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Г.Янжиндулам би даргалж

Нэхэмжлэгч: “С” ХХК-нийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн Д сумын Засаг даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Д сумын Засаг даргын 2019 оны 8 сарын 23-ны өдрийн А/64 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, дээрх хууль бус үйлдлийн улмаас компанид учирсан хохирол болох тусгай зөвшөөрлийн 2018 оны төлбөр 83905000 төгрөг, 2019 оны төлбөр 83905000 төгрөг, нийт 167810000 төгрөгийг Д сумын Засаг даргаас гаргуулан нөхөн төлүүлэх”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баяраа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

“С” ХХК-нийн захирал Д.Ц Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай “С” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргын 2008 оны 08 дугаар сарын 28-ны өдөр олгосон Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу Ховд аймгийн Д сумын Д нэртэй газарт 1..... дугаартай, 11572.97 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмших болсон.

Манай байгууллага Ашигт малтмалын тухай хууль, бусад хууль тогтоомжид заасан үүргээ бүрэн биелүүлж, жил бүр хайгуулын ажлын доод хэмжээнээс багагүй зардал гаргаж, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулж, тусгай зөвшөөрлийн хураамжийг хуульд заасан хугацаанд урьдчилан төлж, байгаль орчныг хамгаалах үүргээ биелүүлж байсан. Харин 2018 оноос хойш нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтны илт хууль бус үйлдлийн улмаас батлагдсан хайгуулын ажлын төлөвлөгөөнийхөө дагуу хайгуулын үйл ажиллагаагаа явуулж чадахгүйд хүрээд байна.

 “С” ХХК нь 2018 оны Хайгуулын ажлын төлөвлөгөө 2018 оны 5 сарын 3-ны өдөр зохих ёсоор батлуулсан бөгөөд тус төлөвлөгөөнд зааснаар хайгуулын өрөмдлөгийн ажлыг 2018 оны 6-9 сард багтаан хийхээр төлөвлөсөн. Улмаар орон нутгийн байгууллага, албан тушаалтнуудаас холбогдох зөвшөөрлүүдийг авах, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах зэрэг хүсэлтийг удаа дараа гаргасан боловч хуулийн хугацаанд хариу өгөхгүй, хойшлуулж байсан ба улмаар Ховд аймгийн Д сумын Засаг даргын зүгээс 2018 оны 11 сарын 12-ны өдрийн 1/298 тоот албан бичгээр "манай компанийн хайгуулын ажлын талбайг Ховд аймгийн Д сумын ИТХ-ын 2016 оны 10/02 тоот тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад авсан тул тухайн газарт хайгуулын ажил хийлгэх боломжгүй” гэсэн хариу өгсөн юм.

Иймд манай компани “Орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” Ховд аймгийн Д сумын ИТХ-ын 2016 оны 10/02 тоот тогтоолыг хууль бус акт болохыг тогтоолгохоор Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан юм.

Гэтэл хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад тус тогтоолд заасан орон нутгийн тусгай хамгаалалтад авсан талбай нь манай хайгуулын ажлын талбайтай давхцалгүй болох нь тогтоогдож, тус шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.

Өөрөөр хэлбэл сумын засаг даргын зүгээс манай компанид хамааралгүй (талбайн хувьд давхцалгүй) тогтоол, шийдвэрийг үндэслэж компанийн хайгуулын үйл ажиллагааг илт үндэслэлгүйгээр тасалдуулсан юм.

Дээрх үндэслэлгүй шийдвэрийн улмаас манай компани 2018 онд төлөвлөсөн хайгуулын ажлаа гүйцэтгэж чадаагүй бөгөөд Ашигт малтмалын тухай хуульд заасан өөрийн тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмал эрэх, хайх компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхол ноцтой зөрчигдсөн юм.

Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй" тохиолдолд захиргааны акт илт хууль бус болохоор тус тус заасан байх тул Ховд аймгийн Д сумын Засаг даргын 2018 оны 11 сарын 12-ны өдрийн 1/298 тоот албан бичиг нь илт хууль бус захиргааны акт гэж үзэж байна.

2019 онд батлагдсан Хайгуулын ажлын төлөвлөгөөний дагуу манай компанийн хайгуулын өрөмдлөгийн ажил тус оны 8 сард хийгдэхээр байсан юм. Улмаар бидний зүгээс Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө боловсруулан Ховд аймгийн Д сумын Засаг даргаар 2019 оны 8 сарын 15-ны өдөр батлуулсан юм. Гэтэл Ховд аймгийн Д сумын Засаг дарга манай компанийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталсан шийдвэрээ цуцалсан тухай бидэнд 2019 оны 8 сарын 26-ны өдрийн 1/205 тоот албан бичгээр мэдэгдсэн. Гэвч тус албан бичигтээ хэзээ, ямар шийдвэрээр манай компанийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг цуцалснаа огт дурдаагүй болно. Улмаар Ховд аймгийн Дуут сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн зүгээс манай компанийг сумын Засаг даргын 2019 оны А/64 тоот захирамжийг зөрчиж үйл ажиллагаа явуулсан хэмээн буруутгаж 2019 оны 10 сарын 14-ний өдрийн 2104329/01 тоот актаар манай компанийн үйл ажиллагааг зогсоосон бөгөөд бид энэхүү акттай холбоотойгоор Засаг даргын 2019 оны А/64 тоот захирамжаар манай компанийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг цуцалсныг албан бусаар олж мэдсэн юм.

Тодруулбал, Ховд аймгийн Д сумын Засаг дарга 2019 оны 8 дугаар сарын 23- ны өдрийн А/64 дүгээр Захиргааны актыг цуцлах тухай захирамжаар С ” ХХК-ийн ашигт малтмал эрэх, хайх ажиллагаанд Шивэр багийн Иргэдийн Нийтийн Хурлаас дэмжлэг үзүүлэхээс татгалзсан тул тус компанийн 2019 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг баталсан Д сумын Засаг даргын шийдвэрийг 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө батлагдсан захиргааны акт цуцлагдсан талаар “С ” ХХК-д мэдэгдэж, тус компанийн ашигт малтмал эрэх, хайх ажиллагааг шуурхай таслан зогсоож ажиллахыг байгаль орчны хяналтын улсын байцаагчид даалгасан хууль бус шийдвэр гаргасан болохыг бидний зүгээс албан бусаар олж мэдсэн бөгөөд Д сумын Засаг даргын зүгээс өнөөдрийг хүртэл энэхүү захирамжийг бидэнд албан ёсоор гардуулж өгөөгүй байна.

Өөрөөр хэлбэл Засаг даргын зүгээс 2019 оны 8 сарын 15-ны өдрийн баталсан байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг 8 хоногийн дараа нутгийн иргэд дэмжихгүй байна гэх хуульд заагаагүй үндэслэлээр цуцалж, манай компанийн үйл ажиллагааг үндэслэлгүйгээр явуулахыг хориглосон хууль бус шийдвэр гаргасан.

Ашигт малтмал эрэх, хайх шатанд нутгийн иргэдийн зөвшөөрлийг тусгайлан авахыг хуулиар шаардаагүй бөгөөд ийнхүү зөвшөөрөл олгоогүй нь хайгуулын үйл ажиллагааг зогсоох хууль зүйн үндэслэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл Д сумын Засаг даргад манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байхгүй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ховд аймгийн Д сумын Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Д сумын Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/64 дүгээр захирамжаар “С” ХХК-нийн байгаль орчны төлөвлөгөөг баталсан захиргааны акт цуцалсан талаар “С” ХХК-нд мэдэгдэхийг сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчид даалгасан. Дуут сумын байгаль орчны байцаагч нь дээрх захирамжийг 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр С ХХК-нд цахимаар хүргэж, утсаар мэдэгдэж, 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр шуудангаар хүргүүлсэн.  Иймдээ ч С ХХК нь нэхэмжлэлдээ “...Д сумын Засаг даргаас манай компанийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг баталсан шийдвэрээ цуцалсан талаар бидэнд 2019 оны 8 сарын 26-ны өдрийн 1/205 дугаар албан бичгээр мэдэгдсэн...” гэж дурдсанаар давхар нотлогдох юм.

Ингэсэн атал “С” ХХК нь Дуут сумын Шивэр багийн нутагт өрөмдлөгийн ажил хийх гэж байгаа талаар иргэдээс өргөдөл, мэдээлэл ирүүлсэн тул Д сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/79 дүгээр захирамжаар Дуут сумын Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/64 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангуулах ажлын хэсэн байгуулан ажилласан.

Ажлын хэсгийн зүгээс Дуут сумын Засаг даргын 2019 оны А/64, А79 дүгээр захирамжийг уншиж танилцуулж, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр С ХХК-нд гардуулан өгч, улсын байцаагчийн актаар хууль бус өрөмдлөгийн үйл ажиллагааг зогсоосон.

Энэхүү үйл баримтын талаар дээрх ажлын хэсгийн бүрэлдэхүүн, тухайн үед байлцсан нутгийн иргэд, мөн тухайн компанийн ажилтнуудаас тайлбар мэдүүлэг авч тодруулж болно.

Ийм байхад С ХХК нь Дуут сумын Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/64 дүгээр захирамжийг эс зөвшөөрч танай шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн.

Дуут сумын Шивэр багийн Иргэдийн нийтийн хурлын 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн өдрийн хуралдаанд оролцсон иргэдийн 100 хувийн саналаар байгалийн унаган төрхийг хадгалах, малчдын өвөлжөө хаваржаа, зуслангийн нутаг бэлчээрийг хамгаалах нөхцөл шаардлагыг харгалзан тус багийн нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх “С” ХХК-нийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээс татгалзаж, 3/1 дүгээр тогтоол гаргасан. Үүнтэй холбогдуулан Дуут сумын Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/64 дүгээр захирамж гарган С ХХК-нийн 2019 оны байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг баталсан шийдвэрээ цуцалсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-т зааснаар тусгай зөвшөөрлийн талбай гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс нь энэ хуульд заасны дагуу төлөх төлбөрийг хэлдэг.

“С” ХХК-нийн хайгуулын тусгай зөвшөөрлөө хүчин төгөлдөр байлгах зорилгоор төлсөн төлбөр нь Захиргааны Ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2-т заасан хохиролд хамаарахгүй. Эдгээрийн хооронд ямар ч шалтгаант холбоо байхгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхаар заажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана уу гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, Б.Н нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “С” ХХК нь 2008 оны 08 сарын 28-ны өдрөөс эхлэн Ховд аймгийн Дуут сумын Дуут нэртэй газарт хайгуулын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг эзэмшиж эхэлсэн.

Нэхэмжлэгч С ХХК нь Ашигт малтмалын тухай хуульд зааснаар хайгуулын үйл ажиллагааны доод хэмжээний зардлыг жил болгон гаргаж, тусгай зөвшөөрлийн төлбөрүүдээ төлж, байгаль орчныг хамгаалах үүргээ биелүүлж ирсэн. Өнгөрсөн хугацаанд чамгүй хэмжээний зардал гаргасан байдаг. 2020 оны санхүүгийн тайланд тусгаснаар 2.000.000.000 гаруй төгрөгийн зардал гаргасан.

Хайгуулын үйл ажиллагаа гэдэг бол геологийн үндсэн үйл ажиллагаанд суурилж, хайгуулын үйл ажиллагаа хийж, ашигт малтмал эрдэс баялаг олдох уу, үгүй юу, олдсоноор тодорхой үр дүнд хүрэх үү, үгүй юу гэдгийг тогтоох  үйл ажиллагаа байдаг. Энэ ажлыг хийхэд тодорхой хэмжээний зардал гаргадаг.

Орон нутгийн хууль бус шийдвэрээс шалтгаалан 2018 оноос хойш “С” ХХК хайгуулын үйл ажиллагаагаа явуулж чадаагүй. Анх 2018 онд хайгуулын үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж Ашигт малтмал газрын тосны газраар батлуулаад үйл ажиллагаа эрхлэхээр болоод явж байхад Ховд аймгийн Дуут сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор ашигт малтмалын хайгуулын талбайг орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутагт авсан тухай мэдэгдлийг манай компанид ирүүлсэн. Гэтэл манай компанийн хайгуулын үйл ажиллагаа явуулж талбай нь Дуут сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор тусгай хамгаалалттай газартай давхцаагүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, тухайн тогтоол буруу байна гэдэг талаар захирамж гарсан.

Төлөвлөгөө ёсоор 2019 оны 08 сард өрмийн үйл ажиллагаа явуулж 2 өрөм цоолох ёстой байсан. Өрмийн үйл ажиллагаа явуулахаар хуульд заасан журмын дагуу 2019 оны 08 сарын 15-ны өдөр Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаад өрмийн компанитайгаа гэрээ байгуулаад бэлтгэлээ хангаад явж байсан.

Гэтэл 2019 оны 08 сарын 23-ны өдөр  Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг цуцалсан. Энэ төлөвлөгөөгөө цуцлахдаа Захиргааны Ерөнхий хуулинд заасан сонсох ажиллагааг явуулаагүй.  Манай компанид мэдэгдээгүй, тайлбар аваагүй. Ховд аймгийн Дуут сумын  А/64 дугаартай захирамж гаргахдаа хууль зүйн үндэслэлээ тодорхой заагаагүй.

Захиргааны акт нь  хууль зүйн бүрэн дүүрэн үндэслэл бүхий байх  ёстой. Энэ захирамжийн 1 дэх заалтад орон нутгийн иргэд дэмжээгүй гэсэн үндэслэл тайлбарласан нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй. Хууль зүйн үндэслэлгүйгээр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг цуцлах боломжгүй.

Орон нутгийн Засаг даргын хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол 167810000 төгрөгийг Дуут сумын Засаг даргаас гаргуулан нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн 2 дахь шаардлагаа тодорхойлсон. Хариуцагч байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас манай компани хайгуул хийж чадаагүй хэрнээ хайгуулын үйл ажиллагааны төлбөр төлсөн  тул уг мөнгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа.

Иймд Ховд аймгийн Дуут сумын Засаг даргын 2019 оны 8 сарын 23-ны өдрийн А/64 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, дээрх хууль бус үйлдлийн улмаас компанид учирсан хохирол болох тусгай зөвшөөрлийн 2018 оны төлбөр 83.905.000 төгрөг, 2019 оны төлбөр 83.905.000 төгрөг, нийт 167.810.000 төгрөгийг Дуут сумын Засаг даргаас гаргуулан нөхөн төлүүлж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баяраа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ашигт малтмалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн  1.1-д “....Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан. Өөрөөр хэлбэл ашигт малтмал эрэх хайх ажиллагаа  нь  зөвхөн Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу явагддаг. Түүнээс биш Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд хамаарахгүй.

Мөн хуулийн 2.1-д “...Ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Газрын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн”, 5.2-т “...төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй” гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл төр өөрийн өмчлөлийн байгалийн баялгийг тусгай зөвшөөрлийн дагуу ашиглуулах эрхтэй ба үүний дагуу “С” ХХК нь Дуут сумын Дуут нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг.  

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулинд орон нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудын эрх хэмжээг зааж өгсөн байдаг. Тодруулбал Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах, 12.1.2-т “...харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргавал таслан зогсоох” гэсэн эрхүүдийг заасан.

Өөрөөр хэлбэл орон нутгийн төр захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь төрийн захиргааны төв байгууллага буюу Яам, Ашигт малтмал газрын тосны газраас олгосон зөвшөөрлийн орон нутгийн хэмжээнд ашиглуулах чиг үүргийг хуулиар хүлээсэн байдаг.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 17.2-т “.....Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 17.1-д заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн саналыг авч, 45 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ” гэж зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос өмнө хайгуулын талбай бүхий газар нь бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхац байгаа эсэхийг лавладаг.

Үүнээс юу харагдаж байна вэ гэхээр “С” ХХК-нийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий Дуут сумын Дуут нэртэй газрыг хуульд заасны дагуу холбогдох баримт, лавлагааг бүрдүүлсний үндсэн дээр “С ХХК-нд хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон гэсэн үг юм. Тэгэхээр орон нутгийн зүгээс “С” ХХК-нийн хайгуулын үйл ажиллагааг дэмжиж ажиллах ёстой.

Манай хэргийн тухайд гэвэл “С” ХХК-нийн хайгуулын үйл ажиллагааг зогсоох үндэслэл бүрдээгүй. Хайгуулын үйл ажиллагааг зогсоосон шалтгаанаа орон нутгийн иргэд дэмжээгүй гэж тайлбарладаг. “С” ХХК нь жил бүр хайгуулын доод хэмжээнээс багагүй зардал гаргаад тусгай зөвшөөрлөө сунгуулж байхад орон нутгийн иргэд дэмжээгүй гэх үндэслэлээр хайгуулын үйл ажиллагааг зогсоож болохгүй. Хэрвээ иргэд дэмжихгүй байна гээд үйл ажиллагааг нь зогсоогоод байх юм бол тусгай зөвшөөрөл олгох ямар ч шаардлага байхгүй.

Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “..Энэ хуулийн 11.1.25-д заасны дагуу төрийн захиргааны байгууллага нь талбайн солбицлыг тодорхойлохдоо тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд талбайн зургийг хавсаргана”, 17.2-т “...Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 17.1-д заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч, 45 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ. Аймаг, нийслэлийн Засаг дарга хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгч болно” гэж заасан.

Өөрөөр хэлбэр “С” ХХК-нд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос өмнө тухайн хайгуулын талбайн орших сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хурлаас тухайн бүс нутагт бусдын өвөлжөө хаваржааны газар байна уу?хадлан тариалангийн талбай байна уу гэдэг талаар тодруулж, хэрвээ давхцах юм бол энэ талаарх тайлбараа Ашигт малтмалын газарт 45 хоногийн дотор хүргүүлэх ёстой. Ийм газар байхгүй тул ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон байдаг.

Иймд С ХХК-нийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “С” ХХК нь Ховд аймгийн Дуут сумын Засаг даргад холбогдуулан “Ховд аймгийн Дуут сумын Засаг даргын 2019 оны 8 сарын 23-ны өдрийн А/64 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоолгох, дээрх хууль бус үйлдлийн улмаас компанид учирсан хохирол болох тусгай зөвшөөрлийн 2018 оны төлбөр 83905000 төгрөг, 2019 оны төлбөр 83905000 төгрөг, нийт 167810000 төгрөгийг Дуут сумын Засаг даргаас гаргуулан нөхөн төлүүлэх” шаардлага бүхий  нэхэмжлэл гаргажээ[1].

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г нь шүүх хуралдаанд  Ховд аймгийн Дуут сумын Засаг даргад холбогдуулан “Ховд аймгийн Дуут сумын Засаг даргын 2019 оны 8 сарын 23-ны өдрийн А/64 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг “Ховд аймгийн Дуут сумын Засаг даргын 2019 оны 8 сарын 23-ны өдрийн А/64 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах гэж  нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, тайлбарласан.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримт, хэргийн оролцогч нараас шүүхэд гаргасан тайлбарт үндэслэн “С” ХХК-ний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагч Ховд аймгийн Д сумын Засаг дарга нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ[2]

1.Сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/64 дүгээр “Захиргааны актыг цуцлах тухай” захирамжийг 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр С” ХХК-ны цахимаар хүргүүлж, утсаар мэдэгдэж, 2019 оны 08 дугаар  сарын 30-ны өдөр шуудангаар давхар хүргүүлсэн, мөн захирамжийн хэрэгжилтийг хангуулах ажлын хэсэг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “С” ХХК-нд гардуулан  өгч, улсын байцаагчийн актаар хууль бус өрөмдлөгийн үйл ажиллагааг зогсоосон. Өөрөөр хэлбэл 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А64 дүгээр захирамжийг эс зөвшөөрч 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэл  гаргаж байгаа нь  нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж тайлбарласан. 

Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна.”, 43.2-т “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна” гэжээ.

Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 69 дүгээр тогтоолоор[3] маргаан бүхий акт болох “...А/64 дүгээр захирамжийг  хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан  үндэслэлээр хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй  талаар шийдвэрлэсэн.

Нэгэнт шүүхээс шийдвэрлэсэн асуудлыг  дахин шийдвэрлэх шаардлагагүйн дээр  захиргааны акт чиглэсэн этгээд нь  уг актыг мэдсэн талаараа хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд  Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна.” гэх захиргааны  байгууллагад үүрэг болгосны дагуу тухайн актыг мэдэгдсэнээ цахим болон бичгийн баримтаар баримтжуулсан  байх ёстой.

Ховд аймгийн Дуут сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/64 дугаар захирамжийг[4] дээрх хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй, энэ талаараа баримтжуулаагүй болох нь

Гэрч Л.Алтанцэцэгийн “...Ингээд Сумын засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/64 дүгээр захиргааны акт цуцлах тухай захирамж гарсан. Уг захирамжийг хүргүүлэхээр “С” ХХК-ны менежер Мандахнарантай утсаар холбоо барьж цахим хаягийг нь авсан....” гэх мэдүүлэг [5],

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Дуут сумын Засаг даргын Тамгын газрын архивт хадгалагдаж байгаа “Явсан бичгийн бүртгэл 2019”-т 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл[6], 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр  Ховд аймгийн Дуут сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч П.Алтанцэцэгийн компъютерт хийсэн үзлэгийн тэмдэглэл[7], Ховд аймаг “Огторгуйн асар нийтийн  мэдээллийн төв” НҮТББ-ийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 43 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг[8], Ховд аймгийн Ардчилсан  намын 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 02/17 дугаар албан бичиг[9], гэрч Х.Эрдэнэбаатарын “...Тухайн үед би Ховд аймгийн Ардчилсан намын хэвлэл мэдээллийн  ажилтнаар ажиллаж байсан. “С” ХХК-ийн  хайгуулын ажил  явуулж байгаа газарт хамт яваад ирье гээд манай намын дарга Ч.Чинбат хэлсэн.  Тэгэхээр нь би хамт явсан. Явахдаа Ховд телевизээс  камерийг нь гуйж авч  явсан. Надад энэ талаарх бичлэг байхгүй. Телевизүүдэд ч байхгүй. Би өөрөө устгасан байгаа.  Ховд телевизээс авч явсан камер нь  хэрхэн ажиллахыг нь сайн мэдэхгүй байсан. Ховд аймагт ирээд үзэхэд бичлэг хийгдсэн боловч  дуу бичигдээгүй,  зүгээр дүрс бичигдсэн чанарын шаардлага хангаагүй  бичлэг байсан тул устгасан” гэх мэдүүлэг[10] зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Иймд  захиргааны байгууллага хуульд заасан мэдэгдэх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл  гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

2.Ховд аймгийн Дуут сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/64 дугаар “Захиргааны актыг цуцлах тухай” захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

“С” ХХК нь Ховд аймгийн Дуут сум, Хайгуулын лиценз ХV-014066 2019 оны байгаль орчныг хамгаалах менежментийн  төлөвлөгөөг Ховд аймгийн Дуут сумын Засаг дарга А.Э  баталж, Ховд аймгийн Байгаль орчин, Аялал жуучлалын газрын дарга Л.Батбаяр хянажээ.[11]

Улмаар Ховд аймгийн Дуут сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/64 дугаар “Захиргааны актыг цуцлах тухай” захирамжаар[12] Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Дуут сумын Шивэр багийн Иргэдийн нийтийн хурлын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн хуралдааны тогтоолыг үндэслэн “С ” ХХК-ны ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагаанд Шивэр багийн Иргэдийн нийтийн хурлаас дэмжлэг үзүүлэхээс татгалзсантай холбогдуулан тус компанийн 2019 оны байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг баталсан Дуут сумын Засаг даргын шийдвэрийг 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөр тасалбар болгон  цуцалснаар маргаан үүссэн байна. 

Ховд аймгийн Дуут сумын Шивэр багийн  Иргэдийн нийтийн хурлын хуралдааны 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 3/1 дугаар “Ашигт малтмал эрэх, хайх ажилд дэмжлэг үзүүлэхээс  татгалзах тухай” тогтоолд Байгалийг унаган төрхөөр нь  хадгалах, малчдын өвөлжөө, хаваржаа, зуслангийн нутаг бэлчээрийг хамгаалах нөхцөл шаардлагыг харгалзан  тус багийн нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх “С” ХХК-ны үйл ажиллагаанд  дэмжлэг үзүүлэхээс татгалзсугай” [13] гэжээ.

Захиргааны Ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран  түүнийг бүхэлд нь  эсхүл хэсэгчлэн цуцалж болно” гэжээ.

Өөрөөр хэлбэл захиргааны байгууллага эрх зүйн зөрчилтэй захиргааны акт хүчин төгөлдөр үйлчилж болох бөгөөд захиргааны байгууллагаас өөрийн санаачлагаар  уг актыг хүчингүй болгож болно.

Харин эрх зүйн зөрчилгүй, өөрөөр хэлбэл ямар нэг  хууль, захиргааны хэм хэмжээний акт, бусад эрх зүйн  акт зөрчөөгүй захиргааны актыг бодит нөхцөл байдал, эсхүл үндэслэсэн эрх зүйн зохицуулалт өөрчлөгдсөнөөр  захиргааны байгууллага  өөрийн санаачлагаар цуцлах эрхтэй.

Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар дараах үүрэг хүлээнэ”, 38.1.1-д “тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө батлуулах”, 38.1.3-д “энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах” гэж заасныг хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор сум, дүүргийн Засаг даргаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар хүргүүлэх үүрэгтэйг, хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Сум дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хянан баталж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж заасныг хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс ирүүлсэн төлөвлөгөөнд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай саналыг тусгасан төлөвлөгөөг сум, дүүргийн Засаг дарга батлах үүрэгтэйг тус тус зохицуулсан зохицуулалт гэж ойлгоно.

Түүнчлэн, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах болон нөхөн сэргээлт хийх журам, аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нөхөн сэргээлтийн стандартыг холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллага тус тус батална”9.8-д “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага төсөл хэрэгжүүлэгчийн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг жил бүрийн 12 дугаар сард багтаан хүлээн авч дараа оны төлөвлөгөө болон түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, зардлын хэмжээг батална” гэж, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А-05 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ын 1.2-т “Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө гэж Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.8-д заасан төлөвлөгөөг ойлгоно” гэж зааснаас үзвэл хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь жил бүр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлуулах үүрэгтэй гэж ойлгохоор бөгөөд ийнхүү шинэчлэн боловсруулж ирүүлсэн төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т зааснаар сум, дүүргийн Засаг дарга батлах үүрэгтэй байна.

Дээрх хуульд заасны дагуу  “С” ХХК нь Ховд аймгийн Дуут сум, Хайгуулын лиценз ХV-014066, 2019 оны байгаль орчныг хамгаалах менежментийн  төлөвлөгөөг Ховд аймгийн Дуут сумын Засаг дарга А.Э  баталжээ.[14]

Хариуцагч сумын Засаг дарга нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.12 “Байгаль орчны менежментийн болон уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд тухайн орон нутгийн байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч, бүх шатны засаг дарга, төрийн захиргааны төв байгууллага болон байгаль орчны төрийн бус байгууллага хяналт тавина”, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 “байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлбөрийн талаар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих”, 38 дугаар зүйлийн 38.3-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг бүрэн биелүүлээгүй бол сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.8-д заасан хөрөнгөөр байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг гүйцэтгүүлэх бөгөөд нэмж шаардагдах хөрөнгийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл маргах журмаар гаргуулна” гэж зааснаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавьж, биелүүлээгүй бол захиргааны актыг цуцлах арга хэмжээг авч хэрэгжүүлэх эрхтэй.

Өөрөөр хэлбэл тус компанийн 2019 оны байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг баталсан Дуут сумын Засаг даргын шийдвэрийг 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөр тасалбар болгосон үндэслэлд нэхэмжлэгч хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй гэж бус харин хуульд байхгүй үндэслэлээр  захиргааны актыг цуцалж  байгаа нь үндэслэлгүй юм.

Тодруулбал  хариуцагчийн “... ард иргэдийн шаардлагад нийцүүлсэн, мөн Шивэр багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоолоор  дэмжлэг үзүүлэхээс татгалзсан тул цуцалсан шийдвэр гаргасан...” гэх үндэслэлээр “С” ХХК-ны 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг цуцалсан  шийдвэрийг зөвтгөх боломжгүй  бөгөөд   сумын Засаг даргын байгаль орчныг хамгаалах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, биелэлтэд нь хяналт тавих зорилгод нийцээгүй, хуулиар олгосон эрхээ хэрэгжүүлсэн гэж ойлгох боломжгүй байна.

Мөн багийн иргэдийн хүсэлтийг анх тусгай зөвшөөрөл олгохдоо нутгийн захиргааны байгууллага харгалзан үзэж шийдвэрлэх байсан болохоос нэгэнт олгогдсон  тусгай зөвшөөрлийн тухайд Ашигт малтмалын тухай хуулийн дагуу, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн  эрх, үүрэгтэй нь холбогдуулан шийдвэрлэх ажиллагаа явагдана. 

3.Хууль бус үйлдлийн улмаас компанид учирсан  хохирол болох  тусгай зөвшөөрлийн 2018 оны төлбөр 83905000 төгрөг, 2019 оны төлбөр 83905000 төгрөг, нийт 167810000 төгрөгийг Дуут сумын Засаг даргаас гаргуулан нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

“С” ХХК нь 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 11 дэх жилийн  тусгай зөвшөөрлийн төлбөр 83904032.5 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 12 дахь жилийн тусгай зөвшөөрлийн ээлжит төлбөр 83904032.5 төгрөгийг тус тус төлсөн болох нь  тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлсөн тухай тодорхойлолтоор[15] тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...компаний тусгай зөвшөөрөл олгогдсон талбайд  2018, 2019 онуудад ашигт малтмал эрэх, хайх эрхээ хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөлийг  хангасан байтал Ховд аймгийн Дуут сумын  Засаг даргын дээрх илт хууль бус  үйл ажиллагааны улмаас 2018 болон 2019 онуудад  хайгуулын  үйл ажиллагаа явуулах боломжгүй болж компани тусгай зөвшөөрлийн төлбөрөө хохироод байна...” гэжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д “тусгай зөвшөөрлийн төлбөр гэж  тусгай зөвшөөрлийг  хүчин төгөлдөр байлгах зорилгоор  эзэмшигчээс  нь энэ хуульд  заасны дагуу  төлөх төлбөрийг хэлнэ.”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Тусгай зөвшөөрөл  эзэмшигч нь  тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу  жил бүр төлнө.”, 34.7-д “Энэ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл  мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу  тусгай зөвшөөрлийг цуцална.” гэжээ.

Хуулийн зохицуулалтаас үзвэл тусгай зөвшөөрлийн төлбөр нь  тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс  тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд жил бүр тогтмол төлөх төлбөр байна. 

Өөрөөр хэлбэл “С” ХХК нь Дуут сумын засаг даргын захиргааны актаас үл хамааран тусгай зөвшөөрлийн төлбөрийг тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд төлснөөр  тухайн компаний тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна.

Захиргааны ерөнхий хуульд хохиролтой холбоотой маргааны хянан шийдвэрлэх журмыг зохицуулахдаа 102 дугаар зүйлийн 102.1-д  “Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно”, 102.2-т “Хохирлын хэмжээний талаарх маргааныг захиргааны журмаар хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэнэ” гэж тус тус зааснаас үзвэл хүн, хуулийн этгээд захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар шаардах урьдчилсан нөхцөл нь тухайн хохирол учруулсан гэх захиргааны хууль бус үйл ажиллагаатай хамтад нь хохирлоо нэхэмжилсэн байхыг ойлгохоор зохицуулжээ.

Дээрхээс үзвэл “С” ХХК-ны  тусгай зөвшөөрлийн 2018 оны төлбөр 83905000 төгрөг, 2019 оны төлбөр 83905000 төгрөг, нийт 167810000 төгрөг нь тусгай зөвшөөрлийг  хүчин төгөлдөр байлгах зорилгоор  хуульд  заасны дагуу  төлөх төлбөр бөгөөд захиргааны актын улмаас гарсан хохирол гэж үзэхээргүй байх тул  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Дүгнэвэл хариуцагчийн  “Ховд аймгийн Дуут сумын Засаг даргын 2019 оны 8 сарын 23-ны өдрийн А/64 дүгээр “Захиргааны актыг цуцлах тухай” захирамжийн улмаас нэхэмжлэгчийн Ашигт малтмалын тухай хуульд заасан “ хайгуулын талбайн хилийн дотор энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх”  эрхээ хэрэгжүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул Ховд аймгийн Дуут сумын Засаг даргын 2019 оны 8 сарын 23-ны өдрийн А/64 дүгээр “Захиргааны актыг цуцлах тухай” захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Ховд аймгийн Дуут сумын Засаг даргын 2019 оны 8 сарын 23-ны өдрийн А/64 дүгээр “Захиргааны актыг цуцлах тухай” захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, хууль бус үйлдлийн улмаас компанид учирсан  хохирол болох  тусгай зөвшөөрлийн 2018 оны төлбөр 83905000 төгрөг, 2019 оны төлбөр 83905000 төгрөг, нийт 167810000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг  тусгай зөвшөөрлийн төлбөр нь тусгай зөвшөөрлийг  хүчин төгөлдөр байлгах зорилгоор  хуульд  заасны дагуу  төлөх төлбөр бөгөөд захиргааны актын улмаас гарсан хохирол гэж үзэхгүй тул тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3,106.3.1, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20, 32 дугаар зүйлийн 32.1, 38 дугаар зүйлийн 38.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ховд аймгийн Дуут засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/64 дүгээр “Захиргааны актыг цуцлах тухай” захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, хохиролд тусгай зөвшөөрлийн 2018 оны төлбөр 83905000 төгрөг, 2019 оны төлбөр 83905000 төгрөг, нийт 167810000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас /Ховд аймгийн Дуут сумын Засаг даргын Тамгын газраас/ 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ЯНЖИНДУЛАМ

 

 

 

 

[1] Хх1-ийн 1-6 дахь тал

[2] Хх1-ийн 77 дахь тал

[3] Хх1-ийн 61-65 дахь тал

[4] Хх1-ийн 112 дахь тал

[5] Хх1-ийн 82 дахь тал

[6] Хх1-ийн 120-126 дахь тал

[7] Хх1-ийн 127-129 дахь тал

[8] Хх1-ийн 222 дахь тал

[9] Хх2-ын 12 дахь тал

[10] Хх2-ын 235 дахь тал,

[11] Хх2-ын 112 дахь тал

[12] Хх1-ийн 112 дахь тал

[13] хх1-ийн 107 дахь тал

[14] хх2-ын 112 дахь тал

[15] хх2-ын 134 дэх тал