Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2024/0581

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Б-ны гомдолтой захиргааны

 хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч А.Сарангэрэл

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагч Г.Б

Гомдол гаргагч: Г.Б

Хариуцагч: Чингис хаан Олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын улсын байцаагч Б.О

Гомдлын шаардлага: “Чингис хаан Олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагчийн 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 554 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагч Г.Б, гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.С, Д.Д

Хариуцагч улсын байцаагч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.П

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Баянжаргал

Хэргийн индекс: 128/2024/0322/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Гомдол гаргагч Г.Б нь Чингис хаан Олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын улсын байцаагч Б.О-т холбогдуулан “Чингис хаан Олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагчийн 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 554 дүгээр шийдвэрээр: “...Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, Зөрчлийн хуулийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1, Гаалийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Б-ны гаргасан Чингис хаан Олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагчийн 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн байна.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: гомдол гаргагч Г.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

3.1. “...Би өмнө нь 2023 оны 11 дүгээр сард мөнгөтэй гарахдаа мэдүүлгээ бөглөж гарсан бөгөөд буцаж мөнгөтэй орж ирэхдээ гаалийн байцаагчид мөнгөтэй гэдгээ хэлээд мэдүүлэг авч бөглөөд тоолуулаад гарч байсан. Сая сэтгэл санаа хүнд охиндоо санаа зовоод холбоогүй удаан нойргүй ядарсан явсандаа өмнөх шигээ гаалийн байцаагч дээр очоод мэдүүлээд гарна гэж бодоод шууд очсон. Рентген аппарат дээр ачаагаа тавихдаа мөнгөтэй гэдгээ амаар мэдүүлээд тавих уу гэж асуухад тавь гэсэн, мөн рентген аппаратны дараа ч би мөнгөө мэдүүлье гэдгээ өөрөө хэлэхэд Гаалийн байцаагч нь мэдүүлгээ бөглөөд гар гэсэн. Хаана бөглөх вэ гэсэн өрөөнд ороод бөглө гэсэн. Ороход мэдүүлгийн хуудас өөрсдөө авчирч өгч бөглүүлсэн. Хэрвээ би зөрчил гаргасан бол надад шууд мэдүүлгийн хуудас өгч бөглүүлэхгүй байсан. Ороод бөглөж байгаа нь дүрс бичлэгээр нотлогдоно.

 

3.2. Мэдүүлгээ бөглөж байхад нөгөө өрөөнд ороод тоолуулаад аваад гарч болно гэсэн. Хэрвээ би хууль бус үйлдэл хийсэн бол шууд мэдүүлэг бөглүүлэхгүйгээр арга хэмжээ авагдах байсан. Би мэдүүлэг бөглөхдөө өөрт авч явсан мөнгөө бүгдийг үнэн зөвөөр мэдүүлж, нуун дарагдуулах ямар ч үйлдэл хийгээгүй. Тухайн мөнгөө мэдүүлэхгүй байх болон нуун дарагдуулах ямар ч шалтгаан байгаагүй. Учир нь мөнгийг мэдүүлснээр би татвар төлөх шаардлагагүй, мэдүүлэх тоо хэмжээнд хязгаар байхгүй, хуурамч болон хууль бус мөнгө биш. Тухайн мөнгө нь миний 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гаалийн мэдүүлгийн хуудсаар албан ёсоор мэдүүлээд гарсан миний өөрийн зээл болон насаараа хүүхдүүдийнхээ ирээдүйн сургалтын төлбөрт цуглуулсан мөнгө байсан. Гэтэл өмнөх шатны шүүх дээр тухайн мэдүүлэг нь гаалийн байгууллагад бүртгэлгүй мэдүүлэг байна хуурамч байж магад гээд намайг авч гарахдаа мэдүүлээгүй эх үүсвэр нь тодорхойгүй гэж гүтгэсэн. Би тухайн мэдүүлгийн хуудсаа анхан шатны шүүхэд нотариатаар батлуулан өгч байсан. Мэдүүлгээ байцаагчид өгч тамгалуулаад мөнгөө тоолуулахаар хажуугийн өрөөнд авч ороод тоолуулсан.

 

3.3. Миний хувьд бүх зүйл хууль, журмын дагуу мэдүүлээд явж байхад ахлах байцаагч нь орж ирээд улаан гарцаар гарах ёстой байсан хүнийг ногоон гарцаар гаргах гэж байна. Мөнгийг хурааж торгоно ажлаа мэдэхгүй байна гэж байцаагчийг загнаж, намайг айлган дарамталж гэмт хэрэгтэнтэй харьцаж буй мэт ёс зүйгүй бүдүүлэг харьцаж эхэлсэн. Тэгээд мөнгийг тоолсны дараа асуудлын хүндрүүлж мөнгийг чинь хураана, торгон, хорьж шийтгэнэ, эрүүгийн хэрэг үүсгэж шалгана гэж айлган сүрдүүлж маш хүнд нөхцөл байдалд оруулсан. Би өмнөх өдрийн 19:30 минутад Тайландын Бангкок хотоос Бээжингийн чиглэлд нисэж шөнө 01 цагт Бээжинд бууж, хоол унд нойргүй хонож өглөө 08:45 Бээжингээс Улаанбаатарын чиглэлд нисэж ирсэн тул маш их ядарсан байхад ингэж их айлгаж дарамталсан нь надад хүндээр нөлөөлж тухайн нөхцөл байдлыг ойлгохгүй юу болж байгааг ч мэдэх чадваргүй болгосон. Хүнийг ингэж гүтгэж буруутай байдал руу түлхэж хамаг эд хөрөнгийг хүчээр хурааж авдаг байдал манай төрийн байгууллагад байна гэхэд итгэмээргүй маш их харамсалтай байна. Дээр нь намайг албан ажил, хурал уулзалтаар БНХАУ, Тайланд, Солонгос улс руу удаа дараа явж байсан, охиноо сургуульд сургахаар хүргэж өгсөн араас нь эргэж очсон аялалуудыг маань тоолж явах болгондоо мөнгөтэй явсан гэж гүтгэсэн. Дээрх ажлын шаардлагаар явж байснаа тушаал шийдвэрийн хуулбараар анхан шүүхэд нотолсон.

 

3.4. ...Би Тайланд улсад нислэгийн удирдагч мэргэжил эзэмшсэн бөгөөд Тайланд руу сургалт, хурал цуглаан гэх мэт ажлаар маш олон удаа зөрчиж байсан. 2023 оны 11 дүгээр сараас хойш манай охин бас Тайланд улсад сурч байсан тул олон удаа Тайланд руу ирж очсон. Ийм учраас би Тайланд улс руу бизнес эрхлэх боломжтой гэж бодоод мөнгө авч очсон ч ашигтай бараа олж чадаагүй байсан мөн улсын ажилтай байсан тул чөлөө зав гарахгүй байсаар эхлүүлж чадаагүй байсан.

 

3.5. Би холбогдох хууль тогтоомжийн дагуу мөнгөтэй явж байгаагаа хэлж, байцаагчийн зааврын дагуу мэдүүлгээ бөглөөд гарч байхад миний бэлэн мөнгөтэй явааг харж албаар намайг хясан боогдуулж дарамталсан үйлдэлд ээлжийн ахлагч болон байцаагчид хариуцлага тооцож хууль зөрчиж шийтгэсэн шийдвэрийг хүчингүй болгож миний мөнгийг буцаан олгож өгнө үү гэсэн гомдлыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр гаргасан. Энэ гомдлын дагуу 2024 оны 07 дугаарын сарын 01-ний өдрийн 128/ШШ2024/0554 тоот шийдвэрээр миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан.

 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар миний бие шийдвэрийг эс зөвшөөрч байгаа тул давж заалдах журмын дагуу гомдлыг гаргаж байна. Миний гомдлыг хүлээн авч хууль тогтоомжийн дагуу дахин шалгаж, хууль зөрчиж шийтгэсэн шийдвэрийг хүчингүй болгож миний мөнгийг буцаан олгож өгнө үү” гэжээ.

 

4. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.С дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

4.1. “...“Чингис хаан” олон улсын нисэх буудалд буугаад “хүүхдээ онгоцны буудлаас зүгээр гэртээ харьсан эсэхэд нь санаа зовж, холбогдох гэж утсаа оролдсоор паспортын шалгалтаар ороод цааш гараад рентген аппарат дээр цүнхээ тавьж байхдаа “мөнгөтэй явж байгаа тухайгаа өөрөө хэлсэн, цаана нь очоод асуухад ч мөн адил хэлж бас энд мөнгө байгаа гэж түрүүвчээ гаргаж үзүүлж, үнэн зөв мэдүүлсээр, ачаагаа шалгуулаад мэдүүлгийн хуудас бөглөсөн нэг хувь нь гаалийн байцаагчид байгаа нөгөө эх хувийг нь хэрэгт нотлох баримтаар өгсөн байгаа. Гаалийн байцаагч рентгенд шалгуулсны дараа “өрөөнд орж мэдүүлгээ бөглөөд, тамгалуулаад мөнгөө тоолуулаад аваад гарч болно” гэсэн байдаг. Г.Б өөрт байгаа мөнгөө бүгдийг үнэн зөвөөр мэдүүлээд байцаагч шалгаад тамга дарж нэг хувийг нь өөрт нь өгсөн гул Г.Б нь Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.4-д заасны дагуу өөрийн авч явсан бэлэн мөнгийг гаальд мэдүүлсэн гэж үзэж байна.

 

4.2. Энэхүү болсон процессыг үнэн гэдгийг хавтаст хэрэгт авагдсан хариуцагч Б.О-ийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “хариу тайлбар” нотолдог. Энэхүү хариу тайлбарт: Мөнгө байгаа юу гэж асуухад улаан түрүүвчтэй 500 доллар гаргаж үзүүлсэн, дахин мөнгө байгаа юу гэхэд дуугараагүй тул та гаальд мэдүүлэх “эрхтэй” гэж жижүүрийн өрөө рүү оруулсан гэдэг. Мөн хавтаст хэрэгт авагдсан камерын бичлэгээр нотлогдоно. Жишээ нь: Г.Б нь “рентген дээр цүнхээ тавихын өмнө “мөнгө байгаа шүү” гэж амаараа мэдэгдээд, цааш очоод энд бас 500 доллар байгаа гэж түрүүвчээ хүртэл үзүүлж байгаа тухай харагдана. Г.Б зөрчил гаргаагүй гэдгийг гаалийн байцаагчийн гаргасан үйлдэл нотолно. Гаалийн улсын байцаагч манай үйлчлүүлэгчийг “гаалийн хилээр бэлэн мөнгө мэдүүлээгүй” /яг ийм зөрчил байхгүй/ зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол Г.Б-ны үзүүлсэн 500 долларыг ч мөн адил мэдүүлээгүйд тооцож, хураан авах байсан ч “500 долларыг хураагаагүй үлдээсэн нь Г.Б-ыг зөрчил гаргаагүй болохыг нотлох юм.

4.3. Гэтэл гаалийн байцаагч нар нь шүүхэд тайлбар гаргахдаа “гаалийн мэдүүлгийг цаана нь бөглөх байсан наана орж ирж бөглөсөн, тэр мэдүүлгийг цааш нь “мэдээ өгөх”-ийн тулд бөглүүлсэн гэх мэт тайлбар гаргаж, үүнд нь шүүх итгэж шийдвэрлэсэн нь “шүүхийн шийдвэр үндэслэлгүй” гарах нөхцөлийг бүрдүүлсэн. Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлд барааг гаалийн байгууллагад мэдүүлэх тухай ойлголт байх ба Барааг гаалийн байгууллагад мэдүүлэхдээ бичгээр болон цахим хэлбэрээр ч мэдүүлэхийг зөвшөөрсөн төдийгүй Гаалийн мэдүүлгийг мэдээллийн сүлжээгээр нөхөн бичиж хүргүүлэх боломж байгаа нь хариуцагч нарын тайлбарыг үндэслэлгүй болохыг баталж байна.

 

4.4. Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/223 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 5.8-д “Гаалийн улсын байцаагч нь зорчигчийн барааг гаалийн мэдүүлэг, холбогдох бичиг баримттай нь тулган шалгаж, гаалийн болон бусад татвар ногдох барааг гаалийн хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.”, 5.9-д “Шалгалтаар гаалийн хууль тогтоомж зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй илрээгүй бол гаалийн улсын байцаагч зорчигчийн гаалийн мэдүүлэгт гарын үсэг зурж, хувийн дугаар бүхий тэмдгийг тод дарж баталгаажуулна” гэж заасан бөгөөд гаалийн улсын байцаагчийн тэмдэгтэй гаалийн мэдүүлэг хэрэгт байгаа гэдгийг шүүгч анхаарч үзнэ үү. Мөн тус журмын 5.10-д “Гаалийн шалгалтаар зөрчил илэрсэн тохиолдолд зорчигчийн гаалийн мэдүүлгийг “Зөрчил шалган шийдвэрлэсэн баримт”-д хавсаргана” гэж заасан бөгөөд “Зөрчил шалган шийдвэрлэсэн баримт”-д гаалийн мэдүүлгийг хавсаргаагүй, зорчигчид өөрт нь өгсөн байсан нь “Г.Б-ыг зөрчил гаргаагүй” гэж үзсэн болохыг нотолно.

 

4.5. Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/223 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 5.5-д дараах бараатай зорчигч зорчигчийн гаалийн мэдүүлгээр гаалийн байгууллагад бичгээр мэдүүлнэ гэж заасан. Мөн журмын 5.6. Гаалийн улсын байцаагч зорчигчийн гаалийн мэдүүлгийг хүлээн авсан, эсхүл зорчигч ногоон гарцыг сонгож, нэвтэрсэн үеэс гаалийн байгууллагад мэдүүлсэн гэж үзнэ гэж заасан байх ба “хавтаст хэрэгт нэхэмжлэгч талаас өгсөн гаалийн мэдүүлгийн нэг хувийг гаалийн байцаагч хүлээн авсан болно. Мөн журмын 6.6. “Зорчигч арван таван сая ба түүнээс дээш төгрөг, түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, санхүүгийн хэрэгсэл, цахим мөнгөтэй бол гаалийн мэдүүлгийг 2 хувь бичнэ. Гаалийн хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч зорчигчийн мэдүүлсэн бэлэн мөнгийг шалгаж, хувийн тэмдэг дарж баталгаажуулан нэг хувийг зорчигчид өгч, нөгөө хувийг гаалийн байгууллагад үлдээнэ. Гаалийн мэдүүлгийг үндэслэн CAIS системийн Эрсдэлийн удирдлага хэсгийн Бэлэн мөнгөний хяналт программд бүртгэнэ гэж тус тус заасан нь Б.О-ийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хариу тайлбарт “эрсдэлийн санд бүртгэх зорилгоор зорчигчийн мэдүүлэг бичүүлсэн” гэх тайлбарыг няцааж байгаа юм. Хэрэв эрсдэлийн санд бүртгэхээр бөглүүлсэн бол Г.Б-ыг зөрчил гаргаагүй гэж үзсэн болно.

 

4.6. Шийтгэлийн хуудсанд Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22 дахь хэсгийн 22.3-д заасныг үндэслэхдээ хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий нотлох баримт байхгүй байхад шийтгэл оногдуулсан нь хууль бус. Учир нь Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйл нь “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зөрчих” бүлэгт багтсан бөгөөд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “мөнгө угаах” гэж гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласныг, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлснийг, эсхүл түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсныг, 3.1.2-т “терроризмыг санхүүжүүлэх” гэж террорист этгээд, террорист үйлдэл, үйл ажиллагаанд зарцуулагдахыг мэдсээр байж шууд болон шууд бусаар эд хөрөнгө хуримтлуулсан, өөрчилсөн, шилжүүлсэн, зарцуулсныг” гэж ойлгохоор хуульчилсан. Эрх бүхий албан тушаалтан Б.О нь тухайн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй нь тохируулж шийтгэл хүлээлгэх ёстой. Тухайн хураан авсан гадаад валют нь мөнгө угаасан мөнгө болон терроризмыг санхүүжүүлэх мөнгө байсан нь “хууль ёсны нотлох баримтаар нотлогдсон” тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22 дахь хэсгийн 22.3 дахь хэсгийг хэрэглэнэ.

 

4.7. Гэтэл уг зөрчлийг шалган шийдвэрлэхдээ “тухайн валют нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх мөнгө байсан уу” гэдгийг шалган тогтоогоогүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий нотлох баримтаар нотлогдоогүй байхад хуулийн нарийвчилсан зохицуулалтыг баримтлан шийтгэл оногдуулсан нь хуульд үндэслэх, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн. Б.О үзлэгээр тогтоосон зүйлдээ: Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг 15 дугаар зүйлийн 15.4-д “Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн 20 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй тэнцэх хэмжээний биет үнэт металл, бэлэн гадаад валютыг Монгол Улсын хилээр гаргахыг хориглоно” /Монгол Улсын хилээр оруулж ирж байсан, гаргаагүй/ гэх заалтыг дурдсан байх боловч хуулийн энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө” гэж заасан байна. Гэтэл үйлчлэл нь дууссан хуулийн заалтыг дурдаж Зөрчлийн тухай хуулиар шууд арга хэмжээ авах хэм хэмжээ авсан.

 

4.8. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.12 дугаар зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтны энэ хуулийн 6.10 дугаар зүйлд заасны дагуу гаргасан шийдвэр, зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл, эсхүл зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрт гомдол гаргах, давж заалдах хугацаа дуустал хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйлийг зохих журмын дагуу хадгалж, энэ тухай баримтыг зөрчлийн хэрэгт хавсаргана.” гэж заасныг зөрчиж, хураан авсан гадаад валютыг нярав Н.С-д хүлээлгэн өгсөн гэж тэмдэглэл үйлдсэн боловч Н.С хүлээн авч гарын үсэг зураагүй байгаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.12 дугаар зүйлийн 3-д “Хураан авсан үндэсний болон гадаад валютыг тусгай дансанд байршуулна.” гэж заасан байхад уг мөнгийг дансанд байршуулаагүй, хэн нэгэнд хүлээлгэн өгөөгүй байгааг шүүх анхаарч үзнэ үү. 

 

4.9. Шийтгэлийн хуудсанд “хилээр бэлэн мөнгө мэдүүлээгүй” гэж дурдсан байдаг ч Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1-д “үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийсэн”, 22.3-д “худал мэдүүлсэн” гэх зүйлийг заасан байх тул Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг зөрчиж, гаалийн хилээр бэлэн мөнгө мэдүүлээгүй /шийтгэлийн хуудсанд дурдсан/ гэх зөрчил гаргасан гэж үзэж шийтгэл оногдуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх, 4.2.4-д заасан үр нөлөөтэй байх, 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг тус тус зөрчсөн.

 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.6.2 дахь хэсэгт заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2024/0554 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 2. Шүүх дараах үндэслэлээр гомдол гаргагч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 2.1. Гомдол гаргагч Г.Б нь Чингис хаан Олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагчийн 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар маргажээ.

2.2. Маргаан бүхий Чингис хаан Олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагчийн 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч Г.Б-ыг “гаалийн хилээр бэлэн мөнгө мэдүүлээгүй” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22 дахь хэсгийн 22.3-д заасны дагуу 49,768,700 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, 3.591.000 THB /Тайланд бат/-ыг хураахаар шийдвэрлэсэн байна.

2.3. Дээрх шийтгэлийн хуудасны үндэслэл болсон Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйл буюу “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зөрчих”-т хамаарах бөгөөд 11.29 дүгээр зүйлийн 22 дахь хэсгийн 22.3-д гаалийн байгууллагад “худал мэдүүлсэн бол зөрчилтэй төлбөрийн хэрэгслийн, эсхүл валютын үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж хүн, хуулийн этгээдийг зөрчилтэй төлбөрийн хэрэгслийн, эсхүл валютын үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ. Уг зүйлд заасан үндсэн нөхцөл шаардлага, журмыг зөрчих нь хариуцлага ногдуулах үндэслэл болно.

 2.4. Гэтэл анхан шатны шүүх гомдол гаргагч Г.Б нь Зөрчлийн тухай хуулийн дээрх заалтыг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байхад түүний эд зүйл болох 3.591.000 THB /Тайланд бат/-ыг хариуцагч улсын байцаагчаас хураан улсын орлого болгосон шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

2.5. Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-д “гаалийн бүрдүүлэлт” гэж, гаалийн хилээр нэвтрүүлэх барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс гаалийн бичиг баримтыг, шаардлагатай тохиолдолд барааг шалгах, ногдуулсан татварыг төлсний дараа барааг олгох, эсхүл гаалийн хилээр гаргахыг зөвшөөрөх хүртэлх цогц үйл ажиллагаа” байх бөгөөд уг бүрдүүлэлт нь Гаалийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, Гаалийн удирдах төв байгууллагын эрхийн актаар тогтоосон гаалийн байгууллагаас явуулах үйл ажиллагаа гэж ойлгохоор байна.

2.6. Мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Гаалийн хилээр нэвтрүүлэх барааг дараахь хэлбэрээр мэдүүлж болно”, 55.2.1-д “бичгээр”, 55.3-д “Мэдүүлэгч энэ хуулийн 55.1-д заасан барааг гаалийн мэдүүлгийн маягтын дагуу мэдүүлнэ” гэж, Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/223 дугаар тушаалаар батлагдсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд хөрөнгийг улсын хилээр нэвтрүүлэх журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2-т “Зорчигч гаалийн мэдүүлгийг нөхөн бичиж гарын үсэг зурж гаалийн улсын байцаагчид өгнө...”, 5.5-д “Дараах бараатай зорчигч зорчигчийн гаалийн мэдүүлгээр гаалийн байгууллагад бичгээр мэдүүлнэ” гээд 5.5.2-т “15 саяас дээш төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, санхүүгийн хэрэгсэл, цахим мөнгө”, 5.6-д “Гаалийн улсын байцаагч зорчигчийн гаалийн мэдүүлгийг хүлээн авсан, эсхүл зорчигч ногоон гарцыг сонгож, нэвтэрсэн үеэс гаалийн байгууллагад мэдүүлсэн гэж үзнэ” гэж тус тус заажээ.

2.7. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд гомдол гаргагч Г.Б нь 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 3.591.000 Тайланд бат, 500 ам.долларыг гаалийн мэдүүлгээр мэдүүлж, улмаар гаалийн улсын байцаагч баталгаажуулан гарын үсэг зурж, улсын байцаагчийн тэмдгээ дарсан болох нь Зорчигчийн гаалийн мэдүүлэг болон хяналтын камерын бичлэгээр тогтоогдож байхад анхан шатны шүүхээс “...Нэхэмжлэгчээс нисэх буудлын гаалийн хяналтын бүсээр нэвтрэхдээ авч явсан бэлэн мөнгийг гаалийн ногоон гарц дээр очиж мэдүүлсэн, гаалийн байцаагчийн зүгээс зөрчил илрүүлэх ямар нэг процесс болоогүй, улаан гарц хүнгүй байсан шалтгаанаар ногоон гарцаар орж, байцаагчид учир байдлаа хэлж мэдүүлгээ бөглөж, мөнгөө тоолуулахаар өрөөнд дагаж орсон гэх тайлбар хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна” гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

2.8. Тодруулбал, гомдол гаргагч Г.Б нь 1000 дэвсгэрт бүхий нийт 3591 ширхэг Тайланд бат /3.591.000 THB/ буюу тухайн өдрийн Монголбанкны ханш /2024.03.23-ны өдөр Тайландын бат 92.80 төгрөг/-аар 333,244,800 төгрөгтэй тэнцэх валютыг гар тээшиндээ авч явсан, үүнийг рентген аппаратад шалгуулах хэсэгт уншуулсан, улмаар хяналт шалгалтын өрөөнд орж, гаалийн байцаагч Б.О-т мэдүүлсэн болох нь гаалийн мэдүүлгийн баримт болон камерын бичлэгээр тогтоогдох байх тул түүнийг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийсэн гэж буруутгах боломжгүй.

2.9. Дээр дурдсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд хөрөнгийг улсын хилээр нэвтрүүлэх журам”-ын 6 дугаар зүйлийн 6.6-д “Зорчигч арван таван сая ба түүнээс дээш төгрөг, түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, санхүүгийн хэрэгсэл, цахим мөнгөтэй бол гаалийн мэдүүлгийг 2 хувь бичнэ. Гаалийн хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч зорчигчийн мэдүүлсэн бэлэн мөнгийг шалгаж, гаалийн мэдүүлгийн 4 дэх хүснэгтэд хувийн тэмдэг дарж баталгаажуулан нэг хувийг зорчигчид өгч, нөгөө хувийг гаалийн байгууллагад үлдээнэ. Гаалийн мэдүүлгийг үндэслэн СAIS системийн Эрсдэлийн удирдлага хэсгийн Бэлэн мөнгөний хяналт программд бүртгэнэ” гэж заасан байхад улсын байцаагчаас дээрх гаалийн мэдүүлгийг баталгаажуулсан нь “эрсдэлийн санд бүртгэх зорилгоор зорчигчийн мэдүүлгийг бөглүүлсэн” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Харин гомдол гаргагчийн энэ журамд заасны дагуу бэлэн мөнгөө мэдүүлсэн гэж үзэхээр байна.

2.10. Хэдийгээр гомдол гаргагч нь ногоон өнгийн гарцаар гарсан, гаалийн рентген аппарат хүртэл эд зүйлээ мэдүүлээгүй зөрчил гаргасныг зөвтгөөгүй боловч бэлэн мөнгөтэй болохоо хэлээгүй гэдэг нь хяналтын камерын дуугүй, дүрс бичлэгээр хангалттай нотлогдохооргүй байна. Харин уг дүрс бичлэгээр бэлэн мөнгөтэй талаар улсын байцаагчид мэдэгдэн, хяналтын өрөөнд орж бэлэн мөнгөө тоолуулан, мэдүүлэг бөглөсөн гэж үзэх боломжтой байх төдийгүй ийнхүү мэдүүлсэн болохыг улсын байцаагч Зорчигчийн хувийн хэрэглээний эд хөрөнгийг улсын хилээр нэвтрүүлэх журмын 5.9-д “Шалгалтаар гаалийн хууль тогтоомж зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй илрээгүй бол гаалийн улсын байцаагч зорчигчийн гаалийн мэдүүлэгт гарын үсэг зурж, хувийн дугаар бүхий тэмдгийг тод дарж баталгаажуулна” гэж заасны дагуу тамга дарж нэгэнт баталгаажуулсан байх тул анхан шатны шүүхээс Г.Б-ыг мэдүүлээгүй гэж дүгнэсэн нь буруу.

2.11. Нөгөөтээгүүр, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар энэ хуулийн зорилт нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх...эрх зүйн үндсийг тогтооход орших бөгөөд тухайн тохиолдолд гомдол гаргагчаас Голомт банк, Төрийн банк, ХААН банк, “Нөмөр кредит” ББСБ, “Констракшн коммершл инвестмент” ББСБ зэрэг байгууллагуудын зээлийн гэрээнүүдийг хэрэгт хавсаргаж, уг мөнгөний эх сурвалжаа заасан, түүнчлэн өмнө нь хил гаалиар авч гарахдаа тоо ёсоор мэдүүлж байсан гэх тайлбар, гаалийн мэдүүлгийн хуудас бөглөсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж гомдол гаргагч Г.Б-ыг дээрх бэлэн мөнгийг энэ хуульд заасныг зөрчсөн буюу мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх зорилгоор авч явсан гэж шууд үзэх боломжгүй. Энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 554 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2, 55.2.1, Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22 дахь хэсгийн 22.3-д заасныг тус тус баримтлан Г.Б-аас гаргасан гомдлын шаардлагыг хангаж, Чингис хаан Олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагчийн 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, гомдол гаргагч Г.Б, өмгөөлөгч Б.С нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан гомдол гаргагчаас шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж гомдол гаргагчид олгож, гомдол гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           З.ГАНЗОРИГ

 

 

ШҮҮГЧ                                                           А.САРАНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА