Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 179

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: Н.Жавхлан,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Батгэрэл,

шүүгдэгч: Н.Хүрэлбаатар, түүний өмгөөлөгч Н.Жавзандолгор /0205/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Намсрайн Хүрэлбаатарт холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1984 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Вита Трейд” ХХК-д борлуулалтын жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 0-6 насны 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 12 дугаар байрны 92 тоотод түр оршин суух,

Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 300 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүйгээр, 2 сар баривчлах, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1-д зааснаар 1 жил хорих, 223 дугаар зүйлийн 223.2-т зааснаар 2 жил хорих, 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас 6 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр нэмж, бүгд 3 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 2 жил 3 сар 1 хоногийн ялыг биеэр эдэлж, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д заасны дагуу эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 14 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, суллагдсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 285 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 5 сар баривчлах ялаар шийтгүүлж, хугацаа дуусч суллагдсан, регистрийн дугаар ЦЕ 84092113, Боржигон овогт Намсрайн Хүрэлбаатар.

Шүүгдэгч Н.Хүрэлбаатар нь 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Элит” билъярдын газрын гадаа бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, хохирогч Б.Буянг шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь цохиж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Н.Хүрэлбаатар мэдүүлэхдээ:

Тэр хэрэг гарсан өдөр би хамт олонтойгоо явж байгаад архи уугаад, энэ хэрэгт холбогдсон. Би хохирогчийн машиныг өөрийнхөө машинтай андуурснаас болж энэ хэргийг үйлдсэн. Энэ хэрэг болоход хохирогчийн буруутай үйлдэл байгаагүй. Би хохиролд 700 000 төгрөг төлсөн. Хохирогч өөрт учирсан гэмтэлтэй холбоотойгоор дахин хохирол нэхэмжилбэл би төлнө. Архи гэдэг зүйлийг дахиж огт хэрэглэхгүй. Би 32 нас хүрсэн, өөрийн амьдралын хариуцлагаа ухаарсан. Хийсэн хэргээ ойлгож, гэмшиж байна. Би эхнэр, 6 настай, 3 сартай хоёр хүүхдийн хамт амьдардаг. Манай эхнэр хүүхдийг надаас өөр тэжээж тэтгэх хүн, тэдэнд очих өөр газар байхгүй.. Надад итгэл хүлээлгэн хөнгөн ял оногдуулна уу гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Буян мэдүүлэхдээ:

2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр “Элит” билъярдын газар дүүтэйгээ тоглож байгаад түр ажилтай болоод гараад явсан. Удалгүй дүү Л.Өлзийбаяр руу
утсаар залгатал “миний машины хаалгыг хүн оролдоод байна” гэхээр нь очтол
хашаанд байрлуулсан байсан дүүгийн “Кровн” маркийн машины дэргэд согтуу залуутай А.Мөнхгэрэл, Л.Өлзийбаяр нар маргалдаж байсан. Би “юу болж байгаа юм, яагаад хүний машин оролдоод зогсч байгаа юм” гэхэд “чи юун залуу вэ, том биетэйгээрээ намайг зодох гэж ирсэн” юмуу гэсэн. Би “хаанаас тийм зүйл байх вэ, чи яахаараа энэ машины хаалгыг оролдоод зогсож байдаг юм, чи өөрөө ямар машинтай юм бэ” гэхэд “би ийм машинтай, миний машин гэрийн гадаа байгаа” гэсэн. Тэгэхээр нь би “чи юу яриад байгаа юм бэ, чиний машин чинь гэрийн чинь гадаа байгаа юм бол яахаараа энэ машиныг оролддог юм” гэхэд “чи ер нь яах
гээд байгаа юм бэ, хоёулаа зодолдъё, зайнд гаръя” гэхээр нь би “зодоон хийх гэж ирсэн биш, хэл амаараа учраа олъё” гэхэд “би шорон оронгоор зөндөө орсон, та
нарыг харъя” гэж өдөөд, над руу дайрсан. Би түүнийг түлхтэл тэр баруун гараараа миний зүүн нүд рүү цохьсон. Миний биед учирсан гэмтлийг намайг цохьдог залуу
учруулсан. Энэ залуу тухайн үед их согтолттой байсан гэжээ. (хэргийн 14 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-А.Мөнхгэрэл мэдүүлэхдээ:

...Б.Буян хүрч ирээд “дүүгийн машиныг яагаад байгаа юм бэ” гэхэд “хоёулаа зодолдох уу, чи барилддаг юм шиг байна, том биетэй юм байна, би бас барилддаг” гэснээ Б.Буянгийн нүүр руу цохьсон. Миний утас өмдний доод талын гуяных нь халаасанд байсан. Намайг өшиглөхөд халаасанд байсан “Ай фоне 5” утасны дэлгэц хагарч, корпус нь нумарсан байсан. Маргаан болохын өмнө гар утсаа гартаа бариагүй. Гуя руу өшиглөхөөр нь утсаа гаргаж ирээд хартал дэлгэц нь хагарсан байсан, дээрээс нь дахиж маргалдаж байхдаа унагаасан. Миний өмдний халаасанд утас байсан эсэхийг энэ залуу мэдээгүй байх. Дэлгэцийг нь бүтнээр нь солиход 250 000 төгрөгийн зардал гарсан гэжээ. (хэргийн 15-17 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Л.Өлзийбаяр мэдүүлэхдээ:

...Б.Буян “юу болоод байгаа юм бэ, яасан бэ” гэхэд чамд ямар хамаатай юм гээд хэл амаар доромжилж маргалдаж байхдаа тэр залуу А.Мөнхгэрэл рүү салаавч гаргаад нүүрэнд нь тулгаад байхаар нь Б.Буян “яагаад байгаа юм бэ” гээд цааш нь түлхтэл нүүр рүү 1 удаа цохьсон. А.Мөнхгэрэлийн утас билъярданд байхад зүгээр байсан. Зодоон болсны дараа өмднийхөө халааснаас гаргаж ирэхэд дэлгэцийн плат нь ангайсан, утас нь их хэсгээрээ нумарсан харагдсан гэжээ. (хэргийн 20 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 11669 тоот дүгнэлтэд:

 1, 2. Б.Буянгийн биед зүүн нүдний алимны доргилт, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт, баруун эгэмний хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

           3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

           4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

  1.  Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

 6. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д
зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт
хамаарна гэжээ. (хэргийн 26 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Н.Хүрэлбаатар Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 300 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүйгээр 2 сар баривчлах, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1-д зааснаар 1 жил хорих, 223 дугаар зүйлийн 223.2-т зааснаар 2 жил хорих, 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас 6 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр нэмж, бүгд 3 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 2 жил 3 сар 1 хоногийн ялыг биеэр эдэлж, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д заасны дагуу эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 14 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, суллагдсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 285 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 5 сар баривчлах ялаар шийтгүүлж, хугацаа дуусч суллагдсан гэжээ. (хэргийн 33 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Н.Хүрэлбаатар нь 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Элит” билъярдын газрын гадаа бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, хохирогч Б.Буян “хүний машины хаалгыг онгойлгох гэж оролдож байгаа үйлдлээ зогсоо” гэж түүнд зүй ёсны шаардлага тавихад ямар ч шалтгаангүйгээр нүүрэнд нь гараараа цохиж, бие махбодид нь зүүн нүдний алимны доргилт, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт, баруун эгэмний хэсэгт цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулан, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Буян, гэрч А.Мөнхгэрэл, Л.Өлзийбаяр нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 11669 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Н.Хүрэлбаатарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан,

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгчийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн талаар шалгаж тогтоовол зохих зүйлүүдийг тогтоосон байна.

 

Иймд шүүгдэгч Н.Хүрэлбаатарыг бусдыг илтэд үл хүндэтгэн, ямар ч шалтгаангүйгээр хохирогч Б.Буянг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулан, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

        Хохирогч Б.Буян нь “Талимаа” эмнэлэгт үзлэг хийлгэж, 20 000 төгрөг төлжээ.  Шүүгдэгч нь хохирогч Б.Буянд 700 000 төгрөгийг төлсөн нь мөнгө хүлээлгэн өгсөн баримтаар тогтоогдсон тул түүнийг бусдад учруулсан гэм хорын хохирлыг төлсөн гэж үзэв.

 

Н.Хүрэлбаатар нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 285 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 5 сар баривчлах ялаар шийтгүүлж, ялын хугацаа дуусч суллагджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар 78.2.3-т зааснаар Н.Хүрэлбаатарын ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацаа нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар хамаарч байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх,

согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөлд тус тус тооцов.

 

Шүүгдэгч нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Н.Тэнгисийг гэртээ асардаг эхнэр, 0-6 насны 2 хүүхдээ ганцаар тэжээн, тэтгэдэг, “Вита Трейд” ХХК-д жолоочоор ажилладаг байдал, мөн хохирогчийн гомдолгүй гэж байгаа зэргийг харгалзан Н.Хүрэлбаатарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, уг ялыг тэнсэж, хянан харгалзлаа.