| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 161/2022/0170/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/168 |
| Огноо | 2022-11-07 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Я.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/168
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бдаргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,
улсын яллагч Я.Д,
шүүгдэгч Б.А
шүүгдэгчийн өмгөөлөгч А.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, У ш ургийн овогт Б-тын Ат холбогдох 2213002380216 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, ам бүл-4, аав, ээж, ах нарын хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ...дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Уах шога ургийн овогт Бтын А, регистрийн дугаар ,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.А нь 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 21 цагийн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тус аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт 4224 УБГ улсын дугаартай “Тоёота камри” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а, 12.3 дахь заалтыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч А.Еын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
1. Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
2.1. Эрх бүхий албан тушаалтны зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 07-08 дахь тал),
2.2. Эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 9 дэх тал),
2.3. Жолоочийн Б.Аийн согтуурлын хэмжээг шалгасан талаарх “Согтуурал шалгах багажийн заалт нь 1,78 % гарч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдсон болно” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 14 дэх тал),
2.4. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 15-17 дахь тал),
2.5. 4224 УБГ улсын дугаартай “Тоёота камри” загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “... Уг тээврийн хэрэгслийг асааж үзэхэд асахгүй байв. Тээврийн хэрэгсэлд нарийвчлан үзлэг хийхэд урд хэсэг нь гаднын хүчин зүйлийн нөлөөгөөр эвдэрсэн нь илт харагдаж байв...” гэсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 18-22 дахь тал),
2.6. Жолоочийн мэдээлэл шалгасан лавлагаа (хавтаст хэргийн 118 дахь тал),
2.7. 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “...2022 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 09 цагийн үед 4224 УБГ улсын дугаартай “Тоёота камри” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан Уах шога овгийн Бахытын А нь 1. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ийн “а” хэсэгт заасан “...эсхүл согтууруулах ундаа, хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 2. Мөн дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн нь осол гаргах гол шалтгаан нөхцөл болсон байна.” гэсэн магадлагаа (хавтаст хэргийн 28 дахь тал),
2.8. Хохирогч А.Еын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Найз охин болох Айгүлийн хамт гэрт нь очиж сууж байгаад өглөө 05 цаг өнгөрч байхад найз охины гэрээс гарсан. Тэгээд Атэй уулзаж ярилцах юм байсан болохоор А руу залгаж уулзах уу гэхэд А ч гэсэн зөвшөөрч гарч ирсэн. Бид хоёр миний машинаар гадуур явж байгаад манай хашаанд ирсэн. Думан зочид буудалд очиж архи уухаар болж бид хоёр зочид будалд ирж 1 шил архийг аваад Думаны хойд талын хашаанд талыг нь ууж сууж байгаад дахин манай хашаанд очиж хоол хийж идэхээр болсон. Тэгээд Думан зочид буудлаас гарч ирэхэд би гартаа ус, ундаа барьсан болохоор А надаас түрүүлж миний машины жолооч талд нь очсон. Харин би жолооч талаас ирж суух гэж байгаад “чи зүгээр үү” гэж асуухад А “зүгээр, зүгээр” гэхээр нь би түлхүүрээ өгсөн. Тэгээд А миний машиныг жолоодож, харин би туслах талд нь суугаад явж байхад дөрвөн зам өнгөрөөд хурдаа нэмж эхэлсэн. Тэр үед би Ат хандаж “хурдаа хасаач ээ, зүүн эргэнэ шүү дээ” гэж хэлж байхад хилийн цэргийн гурван замын уулзвараас эргэх ёстой машин эргэж чадахгүй яваад замын хажуу талын чулуугаар барьсан хашааг мөргөж зогссон. Тэр үед миний зүүн талын хөл маш их өвдөж байсан. Нэг их удалгүй цагдаа нар ирээд бид нарыг цагдаагийн газарт авч ирсэн...
...Би хамгийн эхэнд Ат машинаа төлүүлж авмаар байна. Дараа нь эмчилгээний зардлаа нэхэмжлэх болно. Энэ талаар А бид хоёр ярилцаж байгаад шийдвэрлэх болно. ...Машиныг тэр хүний нэр дээр тодорхой хугацаанд барьцаанд өгч шилжүүлсэн болохоос жинхэнэ эзэмшигч нь би байгаа юм. Х.М гэх хүн осол болсон талаар сонссон. Тэгээд уг машиныг авахгүй, мөнгөө авна гэж нэхэмжилж байгаа. Бид нар удахгүй М-йг мөнгийг шилжүүлж өгч, тээврийн хэрэгслийг буцаагаад өөрийн нэр дээр шилжүүлж авах болно. Тийм учраас машины хохирлыг би өөрөө нэхэмжлэх болно.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дэх тал),
2.9. Хохирогч А.Еын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Х.М ах машиныг авахгүй гэхээр нь тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлж авах гэсэн боловч эвдэрч, асахгүй байгаа тээврийн хэрэгслийг өөр хүний нэр дээр шилжүүлж өгдөггүй юм байна. Тийм учраас Х.М ахын нэр дээр тээврийн хэрэгслийг шилжүүлж өгч чадахгүй. ...Би машинаа гаргаад засуулсны дараа Х.М ахад үзүүлж нэр дээрээ шилжүүлж аваад мөнгөө өгөхөөр болсон. Тийм учраас Аийн өгсөн мөнгийг зөвхөн тээврийн хэрэгслийн засварт зарцуулах учир би авах ёстой гэж бодож байна...
...Б.А надад 8778000 төгрөг бэлэн өгсөн. Үлдсэн мөнгийг би өөрөө гаргаад машинаа завсарлуулахаар болсон. Тийм учраас одоо миний зүгээс Б.Ат холбоотой ямар нэгэн гомдол, санал байхгүй. Б.Аээс ямар нэгэн мөнгө төгрөг нэхэмжлэхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 41, 43 дахь тал),
2.10. Иргэний нэхэмжлэгч Х.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Айымбекээс 30000000 төгрөг авах ёстой байсан. Бид хоёр найзууд болохоор би түүний дүүгийн машиныг 30000000 төгрөгөөр үнэлж барьцаанд авсан байсан. ...Надад уг тээврийн хэрэгслийг засаж, асааж авч ирж өгөх юм бол уг тээврийн хэрэгслийг Еын өөрийн нэр дээр шилжүүлж өгч мөнгөө буцаан авах бодолтой байгаа. Өөрөөр хэлбэл зам тээврийн осол гаргасан залуу тээврийн хэрэгслийг бүрэн засаж асааж өгөх юм бол би мөнгөө буцаан авах боломжтой байгаа Тийм учраас би осол гаргасан залуугаас 30000000 төгрөг авна гэж хэлэхгүй. Зөвхөн эвдэрсэн тээврийн хэрэгслийг засаж асааж өгөхийг л хүсэж байна. Миний хувьд шинжээчийн дүгнэлттэй холбоотой гомдол, санал байхгүй. Хамгийн гол нь тээврийн хэрэгслийг бүрэн бүтэн болгож засаж өгөх, харин Е ямар нэгэн маргаангүй тээврийн хэрэгслээ өөрийн нэр дээр шилжүүлж авах юм бол би Айымбекээс мөнгөө буцааж авах болно...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 46, 49 дэх тал),
2.11. Гэрч Р.Алийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би дараа нь Еын өөрөөс нь асуухад манайхаас гараад А гэх найздаа очсон байна. Тэгээд тэр хоёр нэг шил архийг хувааж уугаад гэр лүүгээ явж байгаад зам тээврийн осолд орсон гэж хэлсэн. ...Уг тээврийн хэрэгсэл манай найз залуу Еын өөрийн тээврийн хэрэгсэл байгаа. Гэхдээ нэг хүний нэр дээр бүртгэлтэй байгаа гэсэн. Тэр талаар би сайн хэлж мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 56-57 дахь тал),
2.12. Гэрч Т.Жийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би энэ тухай сайн мэдэж байгаа. 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Өлгий сумын 8 дугаар багт байдаг дэлгүүрийн гадна байхад 4224 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл өглөө 08:30- 09:00 цагийн үед байсан байх манай дэлгүүрийн урдаас гүүр тийшээ нэлээд хурдтай явж байгаад гурван замын уулзвараас эргэхгүйгээр чигээрээ очиж урд байсан чулуугаар барьсан цэцгийн хашлагыг мөргөж зогссон. Тэр үед араас нь очиж харахад уг тээврийн хэрэгслээс хоёр залуу бууж ирсэн. Хоёулаа архи уусан байдалтай байсан. Тэгж байхад тэр хавьд явж байсан хүмүүс бөөгнөрч эхэлсэн ба би өөрийн гар утсаар 102 болон 103-т залгаж дуудлага өгсөн. Дараа нь цагдаа болон эмч нар ирсний дараа би яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 56-57 дахь тал),
2.13. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч, цагдаагийн хошууч К.Хын 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 640 дугаартай “Дүгнэлт: 1. Иргэн А.Еын биед зүүн шаант ясны дээд булууны зөрөөгүй хугаралттай, зүүн өвдгөнд хавдартай, зүүн шагайны дотор талд хөх ягаан туяатай цус хуралттай гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал автомашинд савагдах, шидэгдэх, дайрагдах, хавчигдах механизмаар үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 4. Иргэн А.Еын дээрт гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Иргэн А.Еын дээрх гэмтлүүд нь 1-10 хоногт үүссэн, гэмтэл нь нэг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 72-73 дахь тал),
2.14. Үнэлгээ тогтоосон шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн БӨА-22-0279 дугаартай “...2022 оны 9 дүгээр сарын байдлаар 2013 онд үйлдвэрлэгдсэн , 2018 онд Монгол улсад орж ирсэн, 4224 УБГ улсын дугаартай “Тоёота камри” маркийн тээврийн хэрэгслийн зам тээврийн ослын улмаас солих болон засварлах боломжтой эд ангийн зах зээлийн үнэлгээг ажлын хөлсний хамт нийтдээ 8247000 төгрөг байх боломжтойг тодорхойлов...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 82-84 дахь тал),
2.15. Яллагдагч Б.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед хамт явж байсан А.Еын тээврийн хэрэгслийг өөрийн зөвшөөрснөөр жолоодож яваад зам тээврийн осол гаргаж гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа. ...Би тухайн үед архи уусан ч гэсэн өөрийн үйлдлийг хянах чадвартай байсан. Өмнө нь би унтаагүй гадуур найз нартай хамт явж байгаад гэрт ирсэн болохоор тухайн үед ганц шил архины талыг уугаад ядарсан юм шиг байна. Яг машин жолоодож явж байх үед унтсан юм шиг байна. Миний бие 2018 онд Хөх аргамаг авто сургуулийг төгсөж жолооч болж байсан. Жолооны В ангиллын үнэмлэхтэй. Миний жолоодож явж байсан тээврийн хэрэгсэл А.Еын эзэмшлийн тээврийн хэрэгсэл байсан. Гэхдээ уг тээврийн хэрэгсэл нь М гэх хүний нэр дээр бүртгэлтэй юм байна. Мтэй утсаар ярихад тэрээр машинаа засуулж авах юм бол өөр гомдол, санал байхгүй гэдгээ хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 104 дэх тал),
2.16. Яллагдагч Б.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Би хохирогчид учирсан хохирлыг төлж өгч барагдуулсан ба А.Е бид хоёр хохирлын талаар ямар нэгэн маргаангүй болсон. Миний бие өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй, анх удаа ийм гэмт хэрэгт холбогдож байгаад харамсаж байна. Иймд миний энэхүү байдлыг харгалзан үзэж надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 106 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.
2.17. Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
1. Гэрч С.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б.А нь Б гэх хүний гурав дахь хүүхэд юм. Дээрээ хоёр ахтай. ...А нь Улаанбаатар хотод их сургуульд суралцаж байгаад сургууль завсардсан. Одоо аав, ээж нарын хамт амьдарч байгаа. Ямар нэг муу зуршилгүй, сахилга баттай залуу...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 65 дахь тал),
2. Гэрч А.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б.А айлын бага хүү байгаа юм. Одоо аав, ээж, нэг ахын хамт амьдардаг. Б.А Улаанбаатар хотод их сургуульд суралцаж байгаад энэ жил очоогүй, сургуулиа төгсөөгүй байгаа. Урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Төлөв даруу зантай, хүнд тусархаг, хамт олны дунд нэр хүндтэй залуу байгаа юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 67 дахь тал)
3. Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 108 дахь тал),
4. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн тодорхойлолт (хавтаст хэргийн 111 дэх тал) болон бусад нотлох баримтууд болно.
2.18. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар
3.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
3.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий нотлох баримтуудыг үнэлж, дүгнэхэд шүүгдэгч Б.А нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт согтуугаар 4224 УБГ улсын дугаартай “Тоёота камри” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а, 12.3 дахь заалтыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч А.Еын эрүүл мэндэд зүүн шаант ясны дээд булууны зөрөөгүй хугаралт, зүүн өвдөгөнд хавдартай, зүүн шагайны дотор талд хөх ягаан туяатай цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан нь жолоочийн согтуурлын хэмжээг шалгасан талаарх тэмдэглэл хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт , тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг, мөрдөгчийн магадлагаа, хохирогч А.Е, иргэний нэхэмжлэгч Х.М, гэрч Р.Айтгүл, Т.Жанибек нарын мэдүүлэг болон шүүгдэгч Б.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. (хавтаст хэргийн 14, 15-17, 18-22, 22, 38-39, 41-43, 46, 49, 56-57, 72-73, 104 дэх тал),
3.3. Шүүгдэгч Б.А нь В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй, зам тээврийн осол гаргах үед түүний жолоодож явсан “Тоёота камри” загварын тээврийн хэрэгслийн хууль ёсны өмчлөгч нь хохирогч А.Е мөн боловч, иргэний нэхэмжлэгч Х.Мийн нэр дээр түр шилжүүлсэн байсан зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна. (хавтаст хэргийн 118, 41, 43, 46, 49 дэх тал),
4.1. Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримттай маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
4.2. Шүүгдэгч Б.Аийн согтуугаар “Тоёота камри” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч А.Еын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байх, өмчлөх эрхэд халдаж, хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчилсан “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
4.3. Жолооч замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам дээрх аюул саад нь янз бүрийн шинж чанартай байж болох учраас замын хөдөлгөөний дүрэмд заасан тохирсон арга хэмжээг авах нь хуулиар хүлээсэн үүрэг бөгөөд аюул саад тулгарч болзошгүй үед хөдөлгөөний хурдыг хасах, зогсоох арга хэмжээ авах нь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түүнээс гарах хохирлыг багасгахад ач холбогдолтой.
4.4 Шүүгдэгч Б.А нь 4224 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3 “...хөдөлгөөний аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан болох нь яллагдагч, хохирогч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөгчийн магадалгаа зэрэг хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
4.5. Зам тээврийн ослын улмаас хохирогч А.Еын эрүүл мэндэд учирсан гэмтлүүд нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаартай Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д заасан гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаардаг болох нь шинжээчийн дүгнэлтээр (хавтаст хэргийн 72-73 дахь тал) тогтоогдсон учир хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж дүгнэлээ.
4.6. Хэрэгт цугларсан согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэлээр шүүгдэгч Б.Аийн амьсгал дахь спиртийн агууламж 1.78 хувь гарсан учир түүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. (хавтаст хэргийн 14 дэх тал),
4.7. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд жолооч Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүй нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж осол гаргахад хүргэсэн байна.
4.8. Иймээс шүүгдэгч Б.Аийн дээрх үйлдэл нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ.
4.9. Шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэдгийг мэдсээр байж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргаж гэм буруугийн холимог хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна.
4.10. Прокурор шүүгдэгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн нэхэмжилсэн хохирол, хор уршигт 8778000 төгрөгийг төлсөн, прокурорын эрүүгийн хариуцлагын талаарх саналыг хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
4.11. Иймд шүүгдэгч Б.Аийг автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
5.1. Гэмт хэргийн улмаас хохирогч А.Еын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэж учруулсан хор уршгийг гаргуулан хохирогчид олгох нь зөрчигдсөн эрхийг сэргээх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.
5.2. Хохирогч А.Е нь эмчилгээний зардал буюу хор уршиг нэхэмжилсэн нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй боловч түүнд учирсан хохирол, хор уршигт шүүгдэгч нь 8778000 төгрөгийг төлж барагдуулсан нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Б.А надад 8778000 төгрөг бэлэн өгсөн. Үлдсэн мөнгийг би өөрөө гаргаад машинаа завсарлуулахаар болсон. Тийм учраас одоо миний зүгээс Б.Ат холбоотой ямар нэгэн гомдол, санал байхгүй. Б.Аээс ямар нэгэн мөнгө төгрөг нэхэмжлэхгүй.” гэсэн мэдүүлэг, хүсэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. (хавтаст хэргийн 41, 43, 133 дахь тал),
5.3. Үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн өмчлөлийн, иргэний нэхэмжлэгч Х.Мийн нэр дээр бүртгэлтэй “Тоёота камри” загварын тээврийн хэрэгсэлд учирсан хохирол, хор уршиг 8247000 төгрөгийг (хавтаст хэргийн 82-84 дахь тал) шүүгдэгч төлж барагдуулсан байна. (хавтаст хэргийн 41, 43 дахь тал),
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
2.1. Шүүгдэгч Б.Аийг шүүхээс “автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй.
2.2. Шүүгдэгч Б.А нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байгаа ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “учруулсан хохирлыг төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. (хавтаст хэргийн 122-123 дахь тал)
2.3. Улсын яллагч шүүх хуралдаанд “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэх, тэнссэн хугацаанд “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх саналтай” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол, хор уршгийг төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гаргахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
2.4. Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.
2.5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ.” гэж, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ял оногдуулах, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх болон энэ бүлэгт заасан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг танилцуулна.” гэж тус тус хуульчилснаас үзэхэд прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх талаар санал гаргах нь дээрх хуулийн зүйл, хэсгийн агуулга, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх ажиллагааны зорилгод нийцэх юм.
2.6. Иймээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хор уршгийг нөхөн төлсөн учир шүүгдэгч Б.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэв.
2.7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг болон, үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
2.8. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ат оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан буюу шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ.
3. Бусад асуудлын талаар:
3.1. Энэ хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.
3.2. Шүүгдэгч Б.А нь хохирогч А.Ед учруулсан хохирол, хор уршигт 8778000 төгрөг төлсөн, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, тэнсэж, үүрэг хүлээлгэсэн шүүгдэгчид хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У ш ургийн овогт Бын Аийг автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Бахытын Аийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Тэнссэн хугацаанд шүүгдэгч Б.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг болон, үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус шүүгдэгч Б.Ат сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ат оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан буюу шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч Б.А нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. 2213002380216 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогч А.Ед 8778000 төгрөгийн хохирол, хор уршгийг төлж барагдуулсан, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Ат оногдуулсан эрх хасах ял, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.Б