Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/170

 

 

 

 

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Б даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д,

улсын яллагч Х.Ө,

шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Ө ургийн овогт Сйн Бд холбогдох 2213002800224 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1972 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буянт суманд төрсөн, 50 настай, эрэгтэй,  ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, Баян-Өлгий аймгийн Буянт сумын .... багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Өургийн овогт Сийн Б, регистрийн дугаар ,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б нь 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 15 цагийн үед Баян-Өлгий аймгийн Буянт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт бэлчээрийн маргааны улмаас хохирогч Б.Эыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна”  гэв.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт 2213002800224 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1-7 дахь тал),  

 2.2. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн талаарх  “...Хэрэг учрал болсон гэх газар нь Буянт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Өмнөгол гэх намаржааны  бэлчээрийн газар байв. Сумын төвөөс 35 км зайд алслагдсан байв. Хэрэг учрал болсон гэх газар нь тэгшхэн гадаргуудтай хайраг чулуу ихтэй газар байгаа ба хохирогч Б.Эын унасан гэх газарт үзлэг хийхэд хэрэг ач холбогдол бүхий зүйл илрээгүй. ...Б.Эын унасан гэх газраас 20 орчим метрийн радиустай газарт үзлэг хийхэд хэрэгт ач холбогдол бүхий цусны толбо, мотоциклийн мөр зэрэг бусад ямар нэгэн ул мөрийн баримт илрээгүй  тул үзлэгийг дуусгав.” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 12-15 дахь тал), 

2.3. Хохирогч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 15 цагийн үед Буянт сумын 3 дугаар баг Өмнөгол гэх газарт мал хариулж явж байсан ба манай хөрш айлын С.Б гэх ах ногоон өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклтой ирж миний хажууд мотоциклоосоо буун зогсож над руу алхаж ирсэн. Би С.Б гэх хүнтэй мэнд мэдсэн боловч хариу мэндийн зөрүүгүй миний баруун чих рүү баруун гараараа цохиход би газарт унасан. Тэгээд миний дээр дарж сууж баруун болон зүүн шанаа руу ээлжлээд 3-4 удаа цохисон. Тэгээд би босох үеэр миний баруун чих рүү өшиглөсөн. Би чимээгүй байсан ба би босоход С.Б гэх хүн дахиад дайрах гэж байхад С.Б хүү Б.М ирж салгасан. ..Харин Б надад дахин хонь тавих юм бол  цусыг чинь холино” гэж хэлсэн. Тэгээд С.Б мотоциклоо унаад яваад өгсөн ба Б.М мал руугаа алхаад явсан... Би болсон үйл явдлын шалтгааныг бэлчээрийн  маргаанаас болж үүссэн гэж үзэж байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-28 дахь тал), 

2.4. Хохирогч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Би өмнөх мэдүүлэгтээ учирсан хохирол болон нэхэмжлэх төлбөрөө дэлгэрэнгүй дурдсан. Надад С.Б гэх хүнээс хохирол нэхэмжлэхтэй холбоотой маргаан үгүй. Учир нь С.Б гэх хүн манай ээж Б.Мад миний хохирол болох 80,000 төгрөгийг өгч барагдуулсан ба би ээж болох С.Мартаар хохирлын маргаангүй гэх утгатай бичиг бичүүлж С.Б гэх хүнд өгсөн. ...Надад ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. С.Б ахыг уучилж эвлэрсэн." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34, 37 дахь тал), 

 

2.5. Гэрч Б.Мтын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн болсон үйл явдлыг өөрийн нүдээр үзэж хараагүй ба 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 17 цагийн үед миний хүү Б.Э хонио хариулж гэртээ ирж надад С.Б гэх хүн зодсон талаар хэлсэн. Миний хүү Б.Э надад С.Б ах намайг унагааж аваад толгой руу өшиглөж, хэд хэдэн удаа цохисон. Тэгээд С.Баын хүү болох Б.М ирж салгасан талаар хэлсэн. Тэгээд би хүү болох Б.Эыг толгойг үзэхэд баруун чихний ар хэсэгт хөхрөлтэй хавдартай байсан ба тухайн өдөр шөнөжингөө бөөлжиж хэвтэж өвдөж байна гэж хэлж хоносон. Би тухайн зодооныг нүдээрээ үзэж хараагүй болохоор би яг юу болсон эсэхийг хэлж мэдэхгүй байна. Би хүү болох Б.Эыг аймгийн шүүх эмнэлэгт үзүүлсэн. Шүүх эмнэлгийн зардал 10000 төгрөг болсон. Шүүх эмнэлгээс тархи нь хөдөлсөн байна гэсэн тул Өлгий сумд амьдардаг бариач Буушаа хочтой Нямсүрэн гэх хүнд бариулсан. Буушаа гэх хүн бариулсны хөлс гэж мөнгө төгрөг аваагүй. Манай хүү эм тарианы хэрэгсэл аваагүй ба бид эмчилгээ үзүүлж эмнэлэгт үзүүлээгүй. Миний хүү Б.Э нь Буушаад толгойгоо бариулаад маргааш нь зүгээр болсон. Одоогоор очсон тээврийн хэрэгслийн нэг хүний явж ирэх зардал 20000, нийт 40000 төгрөг болсон. Бидэнд тухайн хохирлоос өөр С.Б гэх хүнээс нэхэмжлэх зүйл байхгүй бөгөөд өнөөдөр С.Б гэх хүн манай хүүгийн эмчилгээний төлбөр гэж 80000 төгрөг өгсөн. Би С.Б гэх хүнд хохиролтой холбоотой маргаан үгүй гэж бичиг бичиж өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дэх тал),

2.6. Гэрч Б.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би сумын 3 дугаар багт амьдардаг малчин хүн билээ. Намайг 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Буянт сумын 3 дугаар баг Өмнөгол гэх газарт мал хариулж байхад 14 цагийн үед манай хөрш айл Б.Эын хонин сүрэг манай айлын өвөлжөө рүү явж байсан ба Б.Эыг хонин сүргээ эргүүлээд аргал түүгээд яваад өгсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа буюу 15 цагийн үед манай аав С.Б миний эзэмшлийн ногоон өнгийн “Мустанг-5” мотоциклтой Б.Э руу очсон. Би 2 орчим километрийн зайтай байсан. Намайг харахад Б.Э болон манай аав С.Б зууралдаж эхэлсэн. Тэгээд би яаран гүйж очсон. Манай аав С.Б Б.Эын дээрээс дараад авчихсан зууралдаж байгаа харагдсан. Намайг очих үеэр Б.Э газар уначихсан, хамраас нь цус гарчихсан байсан. Харин аав зүв зүгээр зогсож байсан. Аав С.Б нь Б.Э руу "хонио аваад эндээс зайл” гээд дайрсан ба би аавыг барьж хоёр гараараа түлхэж “та яваад өг” гэж хэлэхэд аав мотоциклоо унаад яваад өгсөн. Харин Б.Э босоод уг дуугүй сууж байсан: Би Б.Эыг босгоод "хонио аваад гэртээ харь” гэж хэлсэн ба Б.Э яваад өгсөн. ...Харин намайг ойртож ирэхэд манай аав С.Б нь Б.Эын дээрээс нь дарж авсан зууралдсан байдалтай байсан ба зүүн гараараа баруун чих хэсэг рүү нь хэд хэдэн удаа ташиж байх шиг харагдсан. Би өөр цохисон, зодсон зүйл хараагүй..." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дэх тал),

2.7. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч, цагдаагийн хошууч К.Хтын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 703 дугаартай “Дүгнэлт: ...1.Иргэн Б.Эын биед тархины доргилттой, зулайн баруун дунд хэсэг, цус хуралттай, хавдартай, баруун чихний дэлбэнд хавдартай, чихний арын хэсэг хөх ягаан туяатай цус хуралттай, баруун чамархай орчим хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай гэмтлүүд тогтоогдлоо. 2.Иргэн Б.Эын биед үүссэн гэмтлүүд нь хатуу мохоо зүйлээр үүссэн болно. Тухайн гэмтлүүд нь 1-7 хоногт үүссэн шинэ гэмтлүүд. З.Ерөнхий хөдөлмөрлөх чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 4.Иргэн Б.Эын биед үүссэн гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 51-52 дахь тал),

2.8. Яллагдагч С.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие тус аймгийн Буянт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Өмнөгол гэх газарт намаржиж байгаа юм. 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Б.Э нь манай өвөлжөөний малын бэлчээрт мал хариулаад байхаар нь түүнийг боль гэж хэлэхээр очсон. Тэгээд тэр үед миний үгэнд орохгүй болохоор нь түүнийг баруун гараараа түүний баруун чих рүү нэг удаа хүчтэй алгадсан тэгээд ахиж чи манай өвөлжөөний газарт мал хариулаад үзээрэй гэж хэлсэн. Тэгээд түүнийг цохисны дараа миний том хүү Б.М ирээд намайг гэртээ харь гээд явуулсан болсон явдал энэ юм. Би түүний эмчилгээний зардалд 80000 төгрөгийг бэлнээр төлж барагдуулсан. Тэрнээс өөр мөнгө төгрөг надаас нэхэмжлээгүй. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Б.Этай хохирлын ямар нэгэн маргаан байхгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул миний хэргийг хурдан шийдэж өгнө үү. ...Бид хоёр сайн дураараа эвлэрсэн. Одоо хохирлын талаар ямар нэгэн маргаан байхгүй болсон байгаа....” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 70 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.

2.9. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

1. Шүүгдэгч С.Бын иргэний үнэмлэхийн болон иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,  

2. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай лавлагаа,  үл хөдлөх хөрөнгөтэй эсэх тухай лавлагаа,

3. Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллого (хавтаст хэргийн 74-86 дахь тал),

4. Баян-Өлгий аймгийн Буянт сумын 3 дугаар багийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаартай тодорхойлолт (хавтаст хэргийн 73 дахь тал) зэрэг баримтууд болно.

2.10. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар

4.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

5.2 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хохирогч Б.Э, гэрч Б.М, Б.М, яллагдагч С.Б нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 26-28, 34, 37, 40-41, 44-46, 51-52  дахь тал) болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч С.Б нь  2022 оны 9 дүгээр сарын 23-ний шөнө 15 цагийн үед тус аймгийн Буянт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр бүхий Өмнөгол гэх намаржааны бэлчээрт, бэлчээрийн маргааны улмаас хохирогч Б.Эыг зодож, хохирогчийн эрүүл мэндэд нь тархины доргилттой, зулайн баруун дунд хэсэг, цус хуралттай, хавдартай, баруун чихний дэлбэнд хавдартай, чихний арын хэсэг хөх ягаан туяатай цус хуралттай, баруун чамархай орчим хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай гэмтлүүд учруулсан нь нотлогдон тогтоогдож байна.

4. Эрх зүйн дүгнэлт:

4.1. Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримттай маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

4.2. Шүүгдэгч С.Б хохирогч Б.Эын биеийн толгой, чих хэсэг руу гараараа  цохиж, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, биед нь гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан  хохирогчийн халдашгүй байх эрхэд халдсан, эрүүл мэндэд нь хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчилсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн  шинжийг агуулсан байна.

4.3. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаартай Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд хохирогч Б.Эын биед нь үүссэн тархины доргилт, зулайн баруун дунд хэсэг, цус хуралт, хавдар, баруун чихний дэлбэнд хавдар, чихний арын хэсэг хөх ягаан туяатай цус хуралт, баруун чамархай орчим хөх ягаан туяатай цус хуралт, хавдар бүхий гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ. (хавтаст хэргийн 51-52 дахь тал),

4.4. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон, шүүгдэгч С.Б хохирогч Б.Эыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна.

4.5. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал хохирогчийн эрх чөлөөнд халдаж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл үүсгэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

4.6. Прокурор шүүгдэгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, эмчилгээний зардал буюу хохирогчид учирсан хор уршгийг төлсөн, прокурорын сонсгосон торгох ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон учир хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

4.7. Иймд шүүгдэгч С.Бгыг хохирогч Б.Эыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

4.8. Бэлчээрийн маргаанаас улбаатай хувийн таарамжгүй харилцаа, шүүгдэгчийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг зэрэг нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.

5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

5.1. Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэж учруулсан хор уршгийг гаргуулан хохирогчид олгох нь зөрчигдсөн эрхийг сэргээх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.

5.2. Хохирогч Б.Эад учирсан хор уршиг буюу эмчилгээний зардал 80000 төгрөгийг шүүгдэгч С.Б төлж барагдуулсан нь хохирогчийн “...надаас уучлалт гуйж надад учруулсан хохирлыг төлж барагдуулсан, гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгээр (хавтаст хэргийн 34, 37 дахь тал) тогтоогдож байна.

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

2.1. Шүүгдэгч С.Быг шүүхээс “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй.

2.2. Шүүгдэгч С.Б урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар  тогтоогдож байгаа ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “учруулсан хохирлыг төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. (хавтаст хэргийн 88 дахь тал)

2.3. Улсын яллагч шүүх хуралдаанд “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ял оногдуулах саналтай” гэсэн, шүүгдэгч өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцож  “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна”  гэв.

2.4. Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

2.5. Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгийн торгох ялаар шийтгэв.

2.6. Шүүгдэгчийн хөрөнгө, орлогыг буюу мал маллаж амьдардаг гэх хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгчид тайлбарлах нь зүйтэй.

3. Бусад асуудлын талаар:

3.1. Энэ хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.

3.2.Шүүгдэгч нь хохирогчид 80000 төгрөгийн хор уршгийг төлсөн, хохирогч өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.

3.3. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө ургийн овогт Сийн Бгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сийн Бд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 (таван зуун мянга) төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгийн торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч С.Бд тайлбарласугай.

5. Шүүгдэгч С.Б нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. 2213002800224 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хурааж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогч Б.Эад 80000 төгрөгийн хор уршгийг төлж барагдуулсан, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ө.Б