| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2018/03155/И |
| Дугаар | 3095 |
| Огноо | 2018-12-18 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 3095
| 2018 оны 12 сарын 18 өдөр | Дугаар 184/ШШ2018/03095 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: О ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.А -т холбогдох,
16,730,000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагч Б.А, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ариунзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Чогчмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О ХХКболон түүний итэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай Охязгаарлагдмал хариуцлагатай компани нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны 1-4 тоотод байрлах иргэн Батзаяагийн эзэмшлийн ажлын байрыг түрээслэн талх, талхан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани юм. Манай компани нь 2009 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 5 дүүргийн 200 гаруй иргэн, байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран ажилладаг. Бүтээгдэхүүнээ худалдаанд гаргахын тулд стандартын шаардлага хангасан 3 төрлийн талхны 14 ширхэг, 1 төрлийн боорцогны 4 ширхэг нийт 18 хэвийг 2014 оноос эхлэн өдий хүртэл ’’ ОБ пластик” ХХК-нд захиалан хийлгүүлж уутаа хэвлүүлж ирсэн. ”ОБ пластик” ХХК-нд захиалга өгөхдөө зэхиалгын менежер ажилтай Б.Атэй холбогдож уулзэж утсаар ярьж захиалгаа өгдөг байсан юм. Иргэн Б.А нь 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр манай компани руу залгаж танай компани захиалгаа өгөх болж байна уу гэж асуусан. Тэр үед манай дундын талхны уут дуусаж байсан учир 100.000 ширхэгийг захиалсан. Тэгээд 7 хоногийн дараа Б.А рүү залгаад уут бэлэн болж байна уу гэж асуутал өөдөөс “ Уучлаарай ахаа, би ОБ пластикаас гарчихсан, UВ пластик гэдэг хэвлэлийн компанид ажилд орсон. Уутыг чинь хийх гэсэн чинь “ОБ пластик” компаниас хэвнүүдийг чинь аваагүй байдаг. Та хэвнүүдээ аваад ирээч. Талхны уутыг 29 төгрөгөөр тооцож тус бүрээс нь 100,000 ширхэгийг хэвлэж өгье гэхээр нь би арай хямд юм байна гэж бодоод ОБ пластик компаниас 18 хэвээ авч өгсөн. Хэвнүүдийг маань авч явснаасаа хойш Б.А ямар ч сураггүй алга болчихсон. Манай компаний тухайд талх, боорцгоо савлах уутгүй бол ажил шууд зогсдог учраас би Б.А рүү өдөр шөнөгүй залгаж эхэлсэн. Гэвч Б.А огт утсаа авахгүй, мессэж бичихээр хариу өгөхгүй байсан тул биечлэн уулзхаар “UВ пластик” компани дээр очтол Б.А гэж хүн манайд ажилдаггүй харин нь манай ажилтан н.Хишгээ гэж хүүхэнтэй хамтран хааяа захиалга оруулдаг нэг тийм хүүхэн байдаг гэсэн хариу өгсөн. Ингээд бид өөрсдөө эрж сургалсаар байгаад Б.Аийн facebook хаягийг нь олж түүнтэй холбогдоод уулзая гэтэл өөдөөс уучлаарай уутнууд чинь бэлэн болсон 7 хоногийн дараа Эрээнээс ирнэ, танай компанид учруулсан бүх хохирлыг би төлж өгөх учраас та санаа зоволтгүй гэж хэлэхэд нь би итгэж хүлээсэн боловч дахиад сураггүй болчихсон. Тэгснээ 2017 оны 08 дугаар сарын 03-ны өглөө над руу залгаад уут ирсэн би өөрөө аваад очиж байна гэхээр нь манайх ажлаа эхлүүлээд 424 ширхэг дундын талх хийж бэлэн болгоод хүлээгээд байсан чинь ирээгүй. Утас руу нь залгасан чинь авахгүй байсан. Тэгэхээр нь ажлаа зогсоогоод араас нь дахин хөөцөлдсөөр байгаад 2017 оны 08 дугаар сарын 04-ний орой 21 цагийн үед нүүр нүүрээ харж уулзсан. Тэгсэн чинь ахаа буруу ачаа ирчихлээ ёстой уучлаарай яг 3-4 хоногийн дараа ирнэ маргааш өглөө тантай уулзъя гээд салсан. Маргааш өглөө нь би Аптанцэцэгийг цех дээрээ дагуулж авчраад барьсан талхнуудаа харуулаад одоо яахав чамайг уут бэлэн хүргэж өгөхөөр явж байна гэхээр чинь чамд итгээд талхаа бариад эхэлсэн одоо энэ олон талхыг яахав гэхэд Б.А би авч яваад зараад өгье гэхээр нь зөвшөөрөөгүй. Учир нь манай компаний нэр хүнд, бие эрүүл эхуйн шаардлага хангахгүй, тэгээд ч талхыг 72 цаг л хадгалдаг тул өөрсдөө устгал хийнэ гэж хэлээд авч үлдээд устгал хийсэн. Гэтэл Б.А дахиад л надаас болж ийм зүйл боллоо би гарсан бүх зардлыг чинь хариуцаж төлнө бас 7 сард танай компани надаас болж ажиллаагүй учраас би бүх хохирлыг төлнө гээд эхний удаа энэ мөнгийг авч бай гээд 1,000,000 төгрөг өгсөн. Мөн манай Баянхонгорын салбарын жижиг талхны уут 15,500 ширхэгийг нэг бүрийн үнийг 29 төгрөгөөр тооцож 449,500 төгрөгийн уутыг “UВ пластик” компани дээр хэвлүүлж өгсөн. Мөн миний данс руу 190,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд дахин таны захиалсан дундын уут одоо яг 2-3 хоногийн дараа ирнэ түр зуур хүлээгээч гэхээр нь итгээд дахин хүлээсэн боловч 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сураггүй болсон. Ийм учраас би аргагүйн эрхэнд “ОБ пластик” компани дээр буцаж очин дундын талхны 4 төрлийн хэвийг 900,000 төгрөгөөр захиалсан. Захиалсан хэв маань 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ирсэн. Ирсэн хойно нь уутаа захиалж 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн ажлаа эхлүүлээд байна. Энэ хугацаанд манай компаний ажил бүрэн зогссон байсан бөгөөд ажилчдын нийгмийн даатгалыг төлж сул зогсолтын цалин олгож байсан болно. Иргэн Б. Б.Аийн буруутай үйлдлээс болж манай компанид дор дурдсан хохирол учраад байна.
Иймд Б.Аээс 0.5 кг-тай жижиг талхны 5 ширхэг хэв, нэг бүрийн үнэ 180,000 төгрөг нийт 900,000 төгрөг, 0.9 кг-тай дундын талхны хэв 5 ширхэг, нэг бүрийн үнэ 220,000 төгрөг нийт 1,100,000 төгрөг, 1.3 кг-тай том талхны 4 ширхэг хэв, нэг бүрийн үнэ 270,000 төгрөг нийт 1,080,000 төгрөг, 0.6 кг-тай боорцогны 4 ширхэг хэв, нэг бүрийн үнэ 210,000 төгрөг нийт 840,000 төгрөг, 2017 оны 7 болон 8 дугаар сарын байрны түрээс 2,000,000 төгрөг, худлаа хэлж бариулсан дундын буюу 0.9 кг-тай 424 ширхэг талхны үнэ 551,200 төгрөг, компанийн үндсэн 13 ажилтнуудын 7, 8 дугаар сарын сул зогсолтын цалин 10,720,000 төгрөг, Ажил олгогчийн 7 ба 8 сард төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 1,179,200 төгрөг нийт 18,370,400 төгрөг болоод байна. Үүнээс 1,639,500 төгрөгийг нь авсан. Иймд Б.Аээс 16,730,900 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Б.А шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би нэхэмжилж байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би “ОБ Пластик” ХХК-д ажиллаж байсан нь үнэн. Бид байгууллагаас захиалга авч байж цалин, урамшуулал авдаг байсан. Би эдний байгууллагаас анх залгаж захиалга авсан нь үнэн. 3 сард үнэн өссөн. Би хэвийг нь аваад “UB Пластик” ХХК-иар хямдхан уут хийлгэхээр ярьсан байсан. Эдний байгууллага захиалгаа өгөөд нэг ч төгрөгийн урьдчилгаа өгөөгүй учраас “UB Пластик” ХХК уут хий боломжгүй болсон. Ямар ч урьдчилгаа өгөхгүй болохоор хятадууд захиалга хийж өгөхгүй байсан. Угаасаа урьдчилгаа өгөхгүй бол юу ч хийж өгдөггүй. Би энэ захиалгыг гаргаад өгчихье гэж бодоод 1,600,000 төгрөгийг өөрөөсөө гаргаж өгсөн. “UB Пластик” ХХК-д хийсэн жижиг уутны үнэ болох 449,500 төгрөгийг би өөрөөсөө гаргаж өгсөн. 190,000 төгрөгийг энэ хүний данс руу шилжүүлсэн. Надад байсан хүүдийн мөнгөө нэмж байж өгсөн. Би энэ хүнээс нэг ч урьдчилгаа мөнгө авч байгаагүй гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ариунзул шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагад 0,5 кг жижиг талхны хэв, 0,9 кг дундын талхны хэв, 1,3 кг том талхны хэв, 0,6 кг боорцогны хэв, түүний үнийг гаргуулах мөн сул зогсолт хийсэн, ямар ч үйл ажиллагаа явуулаагүй ажилчдын цалин гээд нэхээд байдаг. Бодит байдал дээр ажил гүйцэтгэх гэрээний асуудал яригдах ёстой. Гэтэл өнөөдөр Б.А бол “ОБ Пластик” ХХК-ийн захиалгын менежерийн ажил хийдэг байсан. Тухайн үед ажил хийж байх үедээ нэхэмжлэгчид тус болох үүднээс хямдхан газар байдаг түүнд захиалж болно гэж хэлсэн байдаг. “ОБ Пластик” ХХК захиалга авахдаа 50 хувийн урьдчилгаа мөнгө авч байж захиалдаг. Гэтэл О ХХКөөрсдийн зардлаа бууруулахын тулд хямдхан газарт захиалга өгөхөө хүлээн зөвшөөрсөн. Урьдчилгаа мөнгө өгөөгүй. Өөрсдөө үүргээ биелүүлээгүй. Б.А холбож өгсөн болохоос Б.А нь өөрийнхөө мөнгөнөөс энэ байгууллагын захиалгын урьдчилгаа мөнгийг төлөх үр дагавар үүсэхгүй. Хавтаст хэрэгт цугларсан баримт нь манай байгууллага хэвээ захиалсан, одоо үйл ажиллагаа хэвийн явж байгаа гэж ярьдаг. Гэтэл хавтаст хэрэгт цугларсан баримтаас харахад дундын талхны хэвийг 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр захиалж хэв өгсөн байдаг, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр жижиг талхны хэвийг захиалж өгсөн байдаг бол бусад талх, боорцогны уутыг захиалаагүй талхаа хийгээд, уутандаа савлаад хэвийн үйл ажиллагаагаараа ажиллаж байсан байна. Манай үйлчлүүлэгч өмнөх 7 хоногт талхны авахад хуучин уутаараа савлаад худалдаан гарч зарж байсан байна. Гэтэл өнөөдрийг хүртэл хуучин уутандаа хийгээд худалдаанд гаргаж байсан. Жижиг талхны уутыг 2017 оны 10 сард захиалсан байхад яагаад энэ компани 2017 оны 7,8 сард сул зогсолт хийсэн бэ гэдэг асуудал урган гарч ирж байна. Уутнууд нь хэвийн нөөцтэй байдаг. 7,8 сард төрийн байгууллага болон бусад байгууллагын ажилчид ээлжийн амралтаа аваад ажилладаггүй. Ийм нөхцөл байдал байдаг. Энэ нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт болон татварт төлсөн байдлаас харагдаж байна. Нотлох баримт шинжлэн судлах үед яригдах байх. Үнэхээр сул зогссон бол Нийгмийн даатгалын хуулиндаа 60 хувиас илүү цалин олгохгүй гэж заасан. Гэтэл энгийн цалин тавьсан байдаг. Үнэхээр сул зогссон бол олон жил үйл ажиллагаа явуулсан байгууллага арай бага цалин олгодог гэдгийг мэдэж байгаа. Сул зогсолтын цалин, санхүүгийн тайланг нь хараад байхад Д.Аюурзана, түүний хүүхэд, эхнэр нь Солонгос улсад амьдарч байгаад байдаг. Өмнөх хуралдаан дээр эхнэр Солонгос улсад байгаа гээд итгэмжлэл байхгүй хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Гэтэл нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтаас харахад цалин төлөгдөөд байдаг. Иймд нэхэмжлэгчийн сул зогссон гэх нөхцөл байдал харагдахгүй байгаа. Харин хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах ёстой байсан боловч гаргаж өгсөнгүй. Хариуцагч жижиг талхны уутыг өөрөөсөө мөнгө гаргаж хийж өгсөн. Том талх болон боорцогны уут өнөөдрийг хүртэл дуусаагүй байгаа. Сая гаргаж өгсөн 5 хуудас баримтаас “Ёохор” боорцогны уутыг 2015 оноос хойш захиалаагүй. Том талхны уутыг 2016 оны 8 сараас хойш захиалаагүй. Өнөөдөр ч гэсэн уут нь байгаа. Нотлох баримтаар харахад “Оби Пластик” ХХК-ийн санхүүгийн баримтаас шинэ гээд тэмдэглэгээ хийсэн нь дундын талх, жижиг нь шинээр хэвээр хийсэн талхнууд хэв нь хэзээ хийсэн гэдэг нь тодорхой байгаа. О ХХКнь 2017 оны 7 ,8 саруудад сул зогсоогүй, хэвийн үйл ажиллагаа явуулж байсан нь харагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
О ХХКнь Б.Ат холбогдуулан 16,730,900 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Манай компани талхныхаа уутыг Б.Аээр дамжуулан ОБ Пластик ХХК-д захиалга өгч хэвлүүлдэг байсан. Утсаар Б.Атэй ярьж 100,000 ширхэг талхны уут захиалсан. ...Б.А өөрөө хэвлэж өгнө гээд манай 18 ширхэг хэвийг авсан боловч өнөө маргааш гэсээр маш их цаг алдсан.... үүнээс болж манай компани 424 ширхэг талхаа уут байхгүйн улмаас устгалд оруулсан. ...ажилчид уутгүй учир сул зогссон..., ...ажилчдын цалин, 7, 8 дугаар сард төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцах ёстой..., ...уут хэвлэж өгөөгүйгээс болж дахин шинэ хэв ОБ ппастикаар хийлгэж хохирсон...” гэж тайлбарлаж байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Би “ОБ Пластик” ХХК-д ажиллаж байсан нь үнэн. Би эдний байгууллагаас анх залгаж захиалга авсан нь үнэн. ...Би уутыг арай хямд үнээр гаргаж өгөх санал тавиад өөрөө хэвээ авч өгсөн..., ...Эдний байгууллага захиалгаа өгөөд нэг ч төгрөгийн урьдчилгаа өгөөгүй учраас “UB Пластик” ХХК уут хийх боломжгүй болсон. Би энэ захиалгыг гаргаад өгчихье гэж бодоод 1,600,000 төгрөгийг өөрөөсөө гаргаж өгсөн. “UB Пластик” ХХК-д хийсэн жижиг уутны үнэ болох 449,500 төгрөгийг би өөрөөсөө гаргаж өгсөн. 190,000 төгрөгийг энэ хүний данс руу шилжүүлсэн. Би энэ хүнээс нэг ч урьдчилгаа мөнгө авч байгаагүй. ...урагшаа Эрээн рүү уут захиалсан боловч урьдчилгаа өгөөгүй учир хийж өгөөгүй..., хуучин уутаа ашиглаж байгаа учир сул зогсоогүй, энэ нь надаас шалтгаалаагүй..., ...хуучин хэвийн буцааж өгөхөд бэлэн байна..., Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэж тайлбарлан маргаж байна.
Хэрэгт авагдсан баримт талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч О ХХКнь талх, талхан бүтээгдэхүүн үйлдвэрлэл ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд “ОБ пластик” ХХК-иар талх, талхан бүтээгдэхүүний уутыг уг компанийн захиалгын менежер Б.Аээр дамжуулан захиалан хийлгэдэг байсан ба Б.Ат 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 100,000 ширхэг дундын талхны уутыг захиалсан, Б.А уг захиалгыг хүлээн авсан байна. Тухайн үед нэхэмжлэгч уг захиалгыг өгөхдөө “ОБ пластик” ХХК-д захиалгаа өгсөн гэж ойлгож байсан боловч хариуцагч Б.А уг компаниас гарсан байсан төдийгүй, Б.А уг захиалгыг авахдаа өөрийн хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байсан ажил олгогчийн өмнөөс биш өөрөө уг ажлыг хийж гүйцэтгэхээр хүлээн авсан байна. Нэхэмжлэгч захиалсан 100,000 ширхэг уутаа авахаар шаардахад Б.А энэ тухайгаа мэдэгдэж, өмнөх захиалгын үнээс хямдаар хийж гүйцэтгэхээр санал гаргасныг нэхэмжлэгч хүлээн авсан үйл баримтын талаар талууд маргахгүй байна.
Хариуцагч Б.А нь гялгар уутны захиалгыг авсны дагуу О ХХК нь гялгар уутны 18 хэвийг ОБ ХХК-иас авч түүнд хүлээлгэн өгч, 100,000 ширхэг гялгар уутыг нэг бүрийг нь 29 төгрөгөөр тооцон хэвлүүлэхээр харилцан тохиролцсон нь талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь талууд хэн аль нь өмнөх ОБ пластик ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцлан, уут хэвлэх ажлыг Б.А хариуцан авч хийж гүйцэтгэхээр тохиролцсон тохиролцоог хүлээн зөвшөөрч энэ талаар маргахгүй байна.
Ажил гүйцэтгэх гэрээгээр Б.А нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэх, О ХХК нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх ба ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг. Хариуцагч нэхэмжлэгчийн захиалгыг хүлээн авсан, захиалгын дагуу талх, нарийн боовны 100,000 ширхэг гялгах уутыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй гэдгээ шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрч, хүлээлгэн өгөөгүй шалтгаанаа ОХХК нь захиалгаа өгөхдөө урьдчилгаа мөнгө, төлс төлөөгүй гэж тайлбарлан мэтгэлцэж байгаа боловч талууд урьдчилгаа төлбөр төлөх талаар тохиролцсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаагаас гадна Б.А урьдчилгаа мөнгө өгөх талаар шаардаж байсан үйл баримт тогтоогдохгүй байна.
Ажил гүйцэтгэгч буюу Б.А нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-д зааснаар нь ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй. Хариуцагч Б.А УБ пластик ХХК-д захиалгыг өгсөн, Эрээн хот руу захиалан гялгар уутыг хийлгэсэн гэх боловч гялгар уутыг хийж гүйцэтгэн ажлын үр дүнгээ захиалагчид хүлээлгэн өгсөн баримт хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдохгүй байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний захиалагч нь ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх үүрэгтэй. Үүнээс үзвэл ажил гүйцэтгэгч ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөөгүй тохиолдолд захиалагч хөлс төлөх үүрэг үүсэхгүй юм.
Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэх үүргээ зөрчсөн тул үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй юм.
Нэхэмжлэгч нь хариуцагч Б.А 100,000 ширхэг гялгар уут хэвлүүлэн өгөх үүргээ биелүүлээгүйн улмаас компани сул зогссон, уут хэвлэхээр авсан талх, боовны гялгар уутны хэвийг авч яваад эргүүлэн өгөөгүйгээс болж компанийн хэвийн үйл ажиллагаагаа явуулахын тулд ОБ ХХК-тай гэрээ байгуулан өөрийн хөрөнгөөр дахин 0.5 кг-тай жижиг талхны 5 ширхэг хэв, нэг бүрийн үнэ 180,000 төгрөг, нийт 900,000 төгрөг, 0.9 кг-тай дундын талхны хэв 5 ширхэг, нэг бүрийн үнэ 220,000 төгрөг нийт 1,100,000 төгрөг, 1.3 кг-тай том талхны 4 ширхэг хэв, нэг бүрийн үнэ 270,000 төгрөг нийт 1,080,000 төгрөг, 0.6 кг-тай боорцогны 4 ширхэг хэв, нэг бүрийн үнэ 210,000 төгрөг нийт 840,000 төгрөгийн хэвийг дахин захиалж хийлгэн 3,920,000 төгрөгөөр хохирсон тул энэ мөнгийг,
7,8 сард талх боовны уут байхгүй болсны улмаас үйлдвэрлэл зогссон учир байрны түрээсийн 2,000,000 төгрөгөөр, 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр уутыг аваад очиж байна гэж худлаа хэлснээс болж бариулсан дундын 0,9кг-тай 424 ширхэг талхны үнэ 551,200 төгрөг, компанийн үндсэн 13 ажилтнуудын 7, 8 дугаар сарын сул зогсолтын цалин 10,720,000 төгрөг, ажил олгогчийн 7 ба 8 сард төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 1,179,200 төгрөгийг төлж нийт 18,370,400 төгрөгөөр хохирсон. Үүнээс Б.А 449,500 төгрөгийн уутыг УБ пластик ХХК-иар хэвлүүлэн өгсөн. Мөн таны ажлын зогсоосон буруутай гээд 1,000,000 төгрөгийг түрээсийн төлбөрт өгсөн, 424 ширхэг талх худлаа хэлж бариулан устгасан тул өөрт байгаа нь гээд 190,000 төгрөгийн өгч нийт 1,639,500 төгрөгийг өгсөн тул үүнийг хасч тооцон Б.Аээс нийт 16,730,900 төгрөгийг гаргуулна гэж шаарджээ.
Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар Б.А нь нэхэмжлэгчийн хүлээлгэн өгсөн 18 ш талх, нарийн боовны уутны хэвийг хүлээн авсан, өөрт нь уг хэв байгаа гэх боловч нэхэмжлэгчид буцаан өгөөгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч дахин ОБ Пластик ХХК-иар дээрх 16 ширхэг хэвийг дахин захиалан /900,000+680,000+2,090,000/ 3,670,000 төгрөгөөр хийлгэсэн болох нь хэргийн 19, 20-р талд авагдсан ОБ Пластик ХХК-ийн кассын орлогын №2195, 5625 дугаартай баримтууд, тус компанийн нэхэмжлэх хуудсаар тус тус тогтоогдож байх тул уг мөнгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.
Харин нэхэмжлэгчийн нэхэмжилсэн байрны түрээсийн төлбөр 2,000,000 төгрөг, компанийн үндсэн 13 ажилтнуудын 7, 8 дугаар сарын сул зогсолтын цалин 10,720,000 төгрөг, ажил олгогчоос 7 ба 8 сард төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 1,179,200 төгрөгийг тус тус хангах боломжгүй байна. Учир нь эдгээр зардал нь хариуцагч Б.Аийн гэрээний үүргээ зөрчсөнөөс үүссэн шууд хохиролд тооцох үндэслэлгүй юм.
Мөн нэхэмжлэгчийн нэхэмжилж буй Б.А нь 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр гялгар уут гарсан гэж худлаа хэлж бариулсан дундын 0,9кг-тай 424 ширхэг талхны үнэ 551,200 төгрөг гаргуулна гэх шаардлагын тухайд хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч уг 424 ширхэг буюу 551,200 төгрөгийн талхыг барьсан, уг талхыг уутгүй байсны улмаас устгалд оруулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хангах боломжгүй байна.
Иймд хариуцагч Б.А нь гялгар уутны хэвний үнэ 3,670,000 төгрөгийг төлөх үүрэгтэй бөгөөд үүнээс түүний нэхэмжлэгчид төлсөн 1,639,500 төгрөгийг хасч нийт 2,030,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэлийн шаардлаас үлдэх 16,339,900 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4, 227 дугаар зүйлийн 227.1, 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2-д заасныг баримтлан хариуцагч Б.Аээс 2,030,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ОХХК-д олгож, үлдэх 14,700,400 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 241,604 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Аээс 47,438 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ОХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэр бичгээр үйлдэгдэж гарын үсэг зурагдсаны дараа зохигч шийдвэрийг 14 хоногийн дотор ирж гардан авах, энэ хугацаанд зохигч ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН