| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 106/2022/0794/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/839 |
| Огноо | 2022-11-09 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Онон |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/839
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн
улсын яллагч Г.Онон
шүүгдэгч *********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***********д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2205005372123 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***********.
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч *********** нь 2022 оны 01 дүгээр сарын 24-нд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын буудлын замын урд талд хохирогч ****************аас “...утсаар чинь яриад өгье” гэж худал хэлж, Samsung A10 S маркийн гар утас 1 ширхгийг залилан авч 225.000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгч *********** нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *********** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ Би буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид учирсан хохирлыг манай ээж төлж барагдуулсан.” гэв.
Гурав: Хавтаст хэргээс:
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ****************ын хохирогчоор өгсөн: “2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Эрдэнэт явдаг вокзал дээр замын унаанд дайвар дайгаад жолоочийн дугаар автомашины дугаарыг нь явуулах гээд зогсож байтал үл таних залуу над дээр ирээд “ахаа утсаараа яриулаач” гээд гуйхаар нь би зөвшөөрөөд өөрийнхөө Samsung A10 S маркийн гар утсаа өгсөн. Тэр залуу нэг хүнтэй ярьж байгаад гэнэт зугтаад гүйгээд явчихсан. Би хөгшин нас өндөр гарсан болохоор нь араас нь гүйж чадалгүй үлдсэн. Ингээд цагдаад хандсан. 30 орчим насны 160 см өндөр хүрэн куртиктэй, ноосон малгайтай бор өнгийн өмдтэй амны хаалт зүүсэн байсан болохоор царайг нь сайн харж чадаагүй, бордуу царайтай залуу байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал)
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад **************** гэрчээр өгсөн: “2022 оны 01 дүгээр сарын сүүлээр би ***********ы хамт вокзал дээр архи уугаад явж байгаад Эрдэнэт явдаг унааны тэнд зогсож байгаад 00 орох гээд яваад буцаад ирэхэд *********** байхгүй байсан. Тэгээд би тэр хавиар хайгаад явж байтал замын нөгөө талаас гарч ирээд намайг дуудаад уулзаад тэгсэн *********** огт танихгүй нэг залуутай хамт хүрч ирсэн тэгсэн *********** энэ залуу утсаа зараад ганц юм авч ууя гэнээ гээд *********** нэг хар өнгийн утас гаргаж ирээд уг утсыг гудамжинд үл таних хүнд 20,000 төгрөгөөр зараад бид гурав 2 шил архи авч уусан тэгсэн уг утсыг *********** хүнээс утсаар ярьчихаад буцаагаад өгье гэж авчхаад аваад явчихсан гэдгийг нь саяхан мэдсэн. *********** нь Сэлэнгэ аймаг Мандал суманд амьдардаг. Төлөв даруу зантай бусадтай нийтэч хүн байгаа. ***********д гар утас байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал)
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад **************** гэрчээр өгсөн: “Миний төрсөн хүү *********** гэсэн дугаарыг ашиглаж байсан. Манай хүү Улаанбаатар хотод ирэхээрээ дандаа танихгүй дугаараас, эсвэл гудамжнаас хүний утсаар ярьдаг байсан. Ярих болгондоо мөнгө асууж ярьдаг. Би уг дугаарыг олон жил ашиглаж байна. Хүний утас аваад зугтсан гэсэн. 1 удаа шалгагдаад шүүхээр орж тэнсэн харгалзах ял авч байсан. Манай хүү Төв аймгийн Батсүмбэр суманд төрж өссөн. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд сургуульд сурсан. Төлөв даруу аймхай зантай. Ажилч хичээнгүй. Сүрьеэ өвчтэй эмчлэгдэж байгаа.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал)
4. Дамно ХХК-ийн “Samsung A10 S маркийн гар утас 1 ширхэг 225,000 төгрөгөөр үнэлэгдсэн хөрөнгийн үнэлгээний” тайлан (хавтаст хэргийн 37-38 дахь тал)
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ***********ы яллагдагчаар өгсөн: “Би 2022 оны 01 дүгээр сарын сүүлээр вокзалын хойд талд Эрдэнэтийн такси явдаг газрын хажууд архи уучхаад Солонгын хамт зогсож байтал Солонго 00 орно гээд явахаар нь би ахиад архи уух гэсэн чинь мөнгөгүй байсан болохоор тэнд зогсож байсан нэг настайвтар ахын утсыг гуйж аваад ээж рүүгээ утсаар яриад мөнгө асуусан чинь мөнгө байхгүй байна гэсэн тэгэхээр нь би нөгөө утас авсан ахаас холдоод утсаар ярьж байгаад утсыг аваад зугтаачихсан. Тэгээд уг утсыг нь гудамжинд үл таних хүнд 20,000 төгрөгөөр зараад 2 шил архи авч үл таних нэг залуу болон Солонго хоёртой хувааж уусан. Гар утсаараа нэг яриулаач гэж гуйж аваад хол зогсож байгаад аваад зугтаачихсан. Samsung A10 S маркийн резинэн гэртэй утас байсан. Хааяа хааяа хэрэглэдэг нэг уухаараа уугаад явчихдаг...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51 дах тал)
6. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор (хавтаст хэргийн 59 дэх тал) шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 63-65 дах тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Дөрөв.Гэм буруу, эрүүгийн хариуцлага хохирлын талаархи шүүхийн дүгнэлт.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч нь өөрийн гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол төлбөрийн талаар маргаж мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрсөн болохыг дурьдав.
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш оролцох эрхтэй талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хохирогч, гэрч, нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл;
Шүүгдэгч *********** нь 2022 оны 01 дүгээр сарын 24-нд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын буудлын замын урд талд хохирогч ****************аас “...утсаар чинь яриад өгье” гэж худал хэлж, Samsung A10 S маркийн гар утас 1 ширхгийг залилан авч 225.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
****************ын хохирогчоор өгсөн: “...үл таних залуу над дээр ирээд ахаа утсаараа яриулаач гээд гуйхаар нь би зөвшөөрөөд өөрийнхөө Samsung A10 S маркийн гар утсаа өгсөн. Тэр залуу нэг хүнтэй ярьж байгаад гэнэт зугтаад гүйгээд явчихсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал), **************** гэрчээр өгсөн: “...*********** нэг хар өнгийн утас гаргаж ирээд уг утсыг гудамжинд үл таних хүнд 20,000 төгрөгөөр зараад бид гурав 2 шил архи авч уусан тэгсэн уг утсыг *********** хүнээс утсаар ярьчхаад буцаагаад өгье гэж авчхаад аваад явчихсан гэдгийг нь саяхан мэдсэн...***********д гар утас байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал), Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний” тайлан (хавтаст хэргийн 37-38 дахь тал), ***********ы яллагдагчаар өгсөн: “...нэг настайвтар ахын утсыг гуйж аваад ээж рүүгээ утсаар яриад мөнгө асуусан чинь мөнгө байхгүй байна гэсэн тэгэхээр нь би нөгөө утас авсан ахаас холдоод утсаар ярьж байгаад утсыг аваад зугтаачихсан. Тэгээд уг утсыг нь гудамжинд үл таних хүнд 20,000 төгрөгөөр зараад 2 шил архи авч үл таних нэг залуу болон Солонго хоёртой хувааж уусан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51 дах тал) зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Залилах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг болно.
Өөрөөр хэлбэл энэ төрлийн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурах, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэгддэг.
Тухайн хэргийн хувьд шүүгдэгч *********** нь тус гэмт хэргийг амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахай сэдэлтээр 2022 оны 01 дүгээр сарын 24-нд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын буудлын замын урд талд хохирогч ****************аас “утсаар чинь яриад өгье” гэж худал хэлж, хохирогчийн эзэмшлийн Samsung A10 S маркийн гар утас 1 ширхэг 225.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсаар яриад буцааж өгөх гэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхүйц үг хэллэг болон үйлдлээр хуурч мэхэлж, итгэлийг нь эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилгын үүднээс өөртөө шилжүүлэн авсан байна.
Шүүгдэгч ***********ыг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” буюу “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч ***********ыг “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Улсын яллагчаас шүүгдэгч ***********д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргалаа.
*********** нь залилах гэмт хэргийн үйлдэж хохирогч ****************т 225.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж хохирогч ****************аас “хохирлоо барагдуулж авсан, гомдол саналгүй” гэсэн хүсэлтийг хэрэгт хавсаргажээ. (хавтаст хэргийн 70 дахь тал) Иймд шүүгдэгч ***********ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
***********д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч ***********д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 264 /хоёр зуун жаран дөрөв/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.
Шүүгдэгч *********** 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл 33 хоног цагдан хоригдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “ ...цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас хасна.” гэж заасан.
Өөрөөр хэлбэл түүний цагдан хоригдсон 33 хоног нь 264 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялтай дүйцэж байна.
Иймд шүүгдэгч ***********ыг шүүхээс оногдуулсан ялыг эдэлсэнд тооцож, хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн ***********д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шүүх хуралдааны танхимаас суллаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.
Хэрэгт *********** бусдад төлөх төлбөргүй, нэгтгэгдсэн болон тусгаарлагдсан хэрэггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ***********ыг “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 264 /хоёр зуун жаран дөрөв/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 33 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон 264 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн шүүх хуралдааны танхимаас суллаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Хэрэгт *********** бусдад төлөх төлбөргүй, нэгтгэгдсэн болон тусгаарлагдсан хэрэггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ