Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/841

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Г.Онон /томилолтоор/  

шүүгдэгч ************* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан гэмт хэрэгт *************ид холбогдуулан яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2205012822180 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

*************.  

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ************* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 4 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 21 дүгээр хороо Горькийн 28 дугаар гудамжны ************* тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр *************гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч ************* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ************* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ Миний буруу. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа.” гэсэн мэдүүлэг.

           

 Гурав: Хавтаст хэргээс:

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *************гийн хохирогчоор өгсөн: “2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн шөнийн 02 цагийн үед манай нөхөр гэртээ их согтуу ирээд, гал тогооны саванд байсан хутга, заазуурыг хайгаад “чи ийм зэвүүн” гээд над руу дайрч, доромжлоод байсан. Би унтаж байсан орноосоо босоод галаа түлчхээд, шүдээ угаагаад зогсож байхад гал тогооны шургуулгад байсан будаа хутгагч, бууз чимхэгч зэрэг зүйлсийг над руу шидэхэд намайг оноод газарт унасан. Тэгтэл манай охин Нямсүрэн *************ид хандаж “та ээжийг зодохоо болиоч” гэсэн чинь “чи дуугүй бай” гээд Нямсүрэнг үснээс нь барьж байгаад гараараа толгой, гар мөр рүү нь цохиод байхаар нь би “чи болиоч” гээд араас нь татаад болиулахад орон дээр очиж суусан. Тэгтэл манай эгч ************* гэрт орж ирээд *************ид “чи яаж байгаа юм бэ, эмэгтэй хүнийг зодоод” гэхэд “та нарт хамаагүй” гээд сууж байснаа босож ирээд миний толгой руу гараараа цохисон. Эгч ************* “чи яаж байгаа юм бэ” гээд *************ийг болиулахад “би чамаас сална” гээд хувцсаа авч гараад буцаж орж ирээд галын төмөр зэрэг эд зүйлийг над руу шидэхэд намайг оносон. Тэгээд намайг үсдээд тавихгүй байхаар нь манай эгч ************* болон түүний хүү Бямбадорж нар салгах гээд оролдож байхад миний нүүр рүү 1 удаа өвдөглөсөн ба тэр нь их өвдсөн. Мөн хөргөгчийн урд байсан 2 халуун савыг аваад над руу шидэхэд эгч ************* хүү Бямбадорждоо “аавыгаа дууд” гээд дуудуулах хооронд надаас утсаа нэхээд байхаар нь өгөхөд над руу буцаагаад шидэж миний толгойг оносон. ************* эгчийн нөхөр Ганбаатар орж ирээд *************ийг аваад гарсан ба удалгүй цагдаа нар ирсэн. ...************* миний толгой руу 3 удаа, гар руу 4-5 удаа цохиж, хөл рүү гутлаараа 2-3 удаа өшиглөж, мөн үсдэж дарж байгаад нүүр рүү өвдөглөж, гэрийн эд зүйлсийг над руу авч шидсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32, 36-37 дахь тал)

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *************гийн гэрчээр өгсөн: “Тухайн өдөр 23 цагийн үед Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 28 дугаар гудамжны ************* тоотод амарч байхад манай дүү ************* над руу залгаад “та Бямбадоржийг манайх руу оруулчих, ************* найз нартайгаа гадуур гарсан, айгаад байна хамт хонуулчих” гэсэн. Тэгээд 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 03 цагийн үед манай хүүхэд Бямбадорж залгаад юм ярихгүй болохоор нь би утсаа салгаад харсан чинь “загнаад зодоод байна” гэсэн мессеж ирүүлсэн байхаар нь би босоод дүүгийн гэрт ороход манай дүү *************, Нямсүрэн нар уйлчихсан, Бямбадорж орон дээр сууж байсан. Нямсүрэнгээс юу болсон талаар асуухад “ээжийг цохиод байхаар нь би болиоч гэхэд намайг цохисон” гэсэн. Би “чи яахаараа манай дүүг зоддог юм бэ” гэсэн чинь ************* “давраад байгаа юм” гээд уурлаад *************г гараараа цохиод авахаар нь би “чи яаж байгаа юм бэ” гээд араас нь очоод татаад түлхэж холдуулахад дахиж дайраад үсдэж доош нь дарж байгаад өвдөгөөрөө нүүр рүү нь өвдөглөсөн. Тэгэхээр нь манай хүү Бямбадорж бид хоёр арай гэж салгахад халуун сав, зуухны хутгуур, зуухны үнс хутгадаг сийлтүүр зэргийг ************* руу шидсэн. ************* хувцсаа өмсөөд гараад явснаа “миний утас алга” гээд буцаж орж ирэхэд нь утсыг нь гаргаад өгөхөд утсаа ************* руу шидсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 58 дахь тал)

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 5344 дугаартай “*************гийн биед баруун зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, гуя, зүүн өвдөгт цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 63-64 дэх тал)

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *************ийн яллагдагчаар өгсөн: “2022 оны 4 дүгээр сарын 01-ний шөнө 23 цаг өнгөрч байхад манай найз Батсайхан хөдөөгөөс ирээд, бид хоёр түүний машинд нэг шил 0.75 литрийн хэмжээтэй архи хувааж уусан. Тэгээд 2022 оны 4 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 01 цаг өнгөрч байх үед манай найз яваад би гэртээ орох үед гэрт эхнэр *************, охин Нямсүрэн, хүү Бат-Оргил, Бат-Эрдэнэ, Даваажаргал, Тэмүүжин нар байсан ба эхнэр сэрүүн, хүүхдүүд бүгд унтаж байсан. Тэгэхэд эхнэр ************* надад хандаж “архи яагаад уугаад байгаа юм бэ” гэж асуухаар нь би “хоол хаана байна” гэж асуугаад бид хоёрын дунд хэрүүл маргаан болсон. Хэрүүл хийж байх үед миний уур хүрээд эхнэр *************гийн нүүр хэсэг рүү нь гараараа хэд хэдэн удаа цохиод, нүүр хэсэг рүү нь гараараа алгадаад, хөлөөрөө өшиглөөд, халуун сав аваад түүн рүү шийдсэн. ...Надаас өөр хүн *************гийн эрүүл мэндэд халдаагүй. Би түүний эрүүл мэндэд ганцаараа халдсан...Би хохирогчийн эмчилгээний зардлыг төлж барагдуулсан, бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 76 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Хэргийн шүүгдэгч ************* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч ************* нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд, шүүгдэгч *************ид холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 250 дугаартай Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар *************ид холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлсэн байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч ************* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 4 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 21 дүгээр хороо Горькийн 28 дугаар гудамжны ************* тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр *************гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь:

*************гийн хохирогчоор өгсөн: “Би...шүдээ угаагаад зогсож байхад гал тогооны шургуулгад байсан будаа хутгагч, бууз чимхэгч зэрэг зүйлсийг над руу шидэхэд намайг оноод газарт унасан...сууж байснаа босож ирээд миний толгой руу гараараа цохисон...буцаж орж ирээд галын төмөр зэрэг эд зүйлийг над руу шидэхэд намайг оносон. Тэгээд намайг үсдээд тавихгүй байхаар нь манай эгч ************* болон түүний хүү Бямбадорж нар салгах гээд оролдож байхад миний нүүр рүү 1 удаа өвдөглөсөн...2 халуун савыг аваад над руу шидсэн,... утсаа..над руу буцаагаад шидэж миний толгойг оносон...************* миний толгой руу 3 удаа, гар руу 4-5 удаа цохиж, хөл рүү гутлаараа 2-3 удаа өшиглөж, мөн үсдэж дарж байгаад нүүр рүү өвдөглөж, гэрийн эд зүйлсийг над руу авч шидсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32, 36-37 дахь тал), *************гийн гэрчээр өгсөн: “...*************г гараараа цохиод авахаар нь би “чи яаж байгаа юм бэ” гээд араас нь очоод татаад түлхэж холдуулахад дахиж дайраад үсдэж доош нь дарж байгаад өвдөгөөрөө нүүр рүү нь өвдөглөсөн. Тэгэхээр нь манай хүү Бямбадорж бид хоёр арай гэж салгахад халуун сав, зуухны хутгуур, зуухны үнс хутгадаг сийлтүүр зэргийг ************* руу шидсэн. ************* хувцсаа өмсөөд гараад явснаа “миний утас алга” гээд буцаж орж ирэхэд нь утсыг нь гаргаад өгөхөд утсаа ************* руу шидсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 58 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 5344 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 63-64 дэх тал)

*************ийн яллагдагчаар өгсөн: “...миний уур хүрээд эхнэр *************гийн нүүр хэсэг рүү нь гараараа хэд хэдэн удаа цохиод, нүүр хэсэг рүү нь гараараа алгадаад, хөлөөрөө өшиглөөд, халуун сав аваад түүн рүү шийдсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 76 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар бүрэн хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

Хэргийн хохирогч *************гийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч ************* нь хохирогчийн нүүр рүү өшиглөж, толгой гар руу гараараа цохиж, эд зүйл шидсэний улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Шүүгдэгч *************ийн дээрх гэмт үйлдлийг Баянгол дүүргийн прокуророос “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж,  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүх дүгнэв.   

Хэргийн шүүгдэгч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж,  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч *************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж,  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй. 

Шүүгдэгч *************ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах шүүх, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч *************гийн “...гомдол саналгүй...” гэсэн хүсэлт (хавтаст хэргийн 77 дахь тал), шүүгдэгчийн гаргасан “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирол төлбөр төлөх зүйл байхгүй...” гэсэн хүсэлт (хавтаст хэргийн 97 дэх тал) зэргийг тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлын дордуулахгүйгээр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Энэ хэрэгт ************* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчээс хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

                                                             ТОГТООХ нь:

1. *************ийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж,  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч *************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *************ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 5. Энэ хэрэгт ************* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, нэгтгэгдсэн болон тусгаарлагдсан хэрэггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ДАЙРИЙЖАВ