Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/840

 

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ /томилолтоор/

шүүгдэгч ********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт **********од холбогдуулан яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2205018502156 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1000 оны 0 дугаар сарын 24-нд Улаанбаатар хотод төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 0, эхнэр, 0 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 0 дугаар хороо, Зүүн ард Аюушийн 00 дугаар гудамжны 00 тоотод оршин суух,

урьд 1988 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотын Сүхбаатарын районы ардын шүүхийн 48 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,

1994 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Москва хотын Останкино дүүргийн шүүхийн тогтоолоор тус улсын Эрүүгийн хуулийн 117 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,

1996 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 204 дугаартай магадлалаар Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалттай дүйцүүлж, 9 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 10 сар 05 хоногийн ялыг Монгол Улсын нутаг дэвсгэрт эдлүүлэхээр шийдвэрлэсэн,

1999 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр эдлээгүй үлдсэн 2 жил 07 сар 27 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэж хянан харгалзсан,

2000 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 558 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил хорих ял оногдуулж, хорих ялыг 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

2002 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 296 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,

2004 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Төв аймаг дахь Сум дундын 1-р шүүхийн 110 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар эдлээгүй үлдсэн 11 сар 10 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллаж, хянан харгалзсан,

2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 519 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэг болгож өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн,

2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Оросын холбооны улсын Москва хотын Хамовническ дүүргийн шүүхээр тус улсын Эрүүгийн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, Москюа хотын Давж заалдах шатны шүүхээс 08 сарын хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлж шийдвэрлэсэн,  **********.

 

                       Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ********** нь 2022 оны 5 дугаар сарын 31-нд 18 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рич” нэртэй зочид буудлын зогсоолд байрлуулсан **********ын эзэмшлийн 00-00 УНИ улсын дугаартай “Toyota Harrier” загварын автомашины урд талын салхины шилийг хаглаж, 4 ширхэг дугуйг цоолж 530.000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч ********** нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч ********** нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Эхнэрээ хардсанаас болж ийм үйлдэл гаргасан. Хохирогчийн хохирлыг төлж барагдуулсан. Гэм буруугаа хүлээж байна.” гэсэн мэдүүлэг.            

Гурав: Хавтаст хэргээс:

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад **********ын хохирогчоор өгсөн: “Би 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр манай найзууд болох ************, ************ хоёр автомашинаа журмын хашаанаас засварын газар руу хүргүүлэх гэсэн юм хүрээд ирээч гэхээр нь би тэр хоёртой уулзаад машиныг нь ачих ачигч автомашин ирэх хүртэл нь бид гурав хоол идье гээд Энхбаярын зам дагуу байрлах “Рич” нэртэй зочид буудлын гадаа очоод, би өөрийнхөө 00-00 УНИ улсын дугаартай “Toyota Harrier” маркийн автомашинаа буудлын гадна талын зогсоол дээр байрлуулаад, бид гурав тухайн буудлын нэг давхарт, нэг ортой өрөө аваад гаднаас авч орсон хоолоо өрөөндөө идэж байтал өрөөний цонх тогших чимээ гарснаа танихгүй эрэгтэй хүн өрөөнийхөө хаалгыг тайл гэтэл манай найз ************ тухайн цонх тогшсон эрэгтэйг “манай салсан нөхөр байна, цагдаа дуудахгүй бол наадах чинь одоо солиорч” өгнө гэснээ ************ миний утсаар 102-т дуудлага өгчхөөд хүлээж байтал буудлын ресейпшн эмэгтэй өрөөний хаалганы гаднаас “танай машиныг чинь эрэгтэй хүн дугуй, шилийг нь хагалаад байна” гэж хэлсэн бөгөөд дуудлага өгснөөс 15 орчим минутын дараа цагдаа ирэхээр нь бид гурав өрөөнөөс гараад буудлын гадаа байсан машин дээрээ иртэл миний машины дөрвөн дугуй, урд талын салхины шил хагарсан байдалтай байсан. Би ************ын салсан гэх нөхрийг би огт танихгүй, уулзаж  байгаагүй. ************ бид хоёр одоогоос гурван жилийн өмнөөс танилцаж, дотно харилцаа холбоотой байх болсон. Надтай танилцахдаа ************ ганц бие, хоёр хүүхэдтэйгээ амьдардаг байсан бөгөөд сүүлийн нэг жилийн хугацаанд ************ын салсан нөхөр нь гэх эрэгтэй хүн гэнэт гарч ирэн биднийг ална тална гэх мэтээр айлган сүрдүүлэх болсон. ************аас сонсоход тухайн эрэгтэйг ********** гэдэг юм билээ.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал)

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ************ын гэрчээр өгсөн: “2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр миний бие урд нь осолд ороод журамлуулж 2-3 сар орчим журмын хашаанд байсан өөрөө хөдлөөд явах боломжгүй заавал ачиж авч явах ёстой байсан машинаа журмын хашаанаас авахаар **********ыг туслаад өгөөч ээ гэж гуйсан. Тэр үед миний бие найз ************ын хамт явж байсан юм. Тэгээд ********** нь ачих машин дуудсан ба тэр нь хол байсан. Мөн түгжрэл ихтэй байсан учраас удаан хүлээх хэрэг гарсан. Ингээд бид гурав хоол идчихээд гадаа хүлээж байхаар буудалд хүлээж байя гэж ярилцаад “Рич” гэсэн нэртэй зочид буудлын 1 давхарт нэг өрөөнд 3 цагаар нь аваад орсон. ************ 00 орлоо гээд орсон. Тэр үед ************ыг утас нь дуугарч түүний нөхөр ********** “та гурав секс хийхээсээ өмнө гараад ир” гэж ярьсан ба удаагүй буудлын өрөөний хаалгыг гаднаас хүн нүдсэн ба ************ын нөхөр ********** орилж хашхираад хаалга нүдэхээр нь тайлаагүй. ************ “хаалга тайлаад хэрэггүй бөөн хэрүүл зодоон болно, манай нөхөр ойлгохгүй” гэж хэлсэн. Гэтэл гаднаас буудлын цонх нүдээд байсан. Ингээд байж байтал удаагүй буудлын ресейпшн өрөөний хаалга цохиод “машины чинь цонхыг сая хаалга нүдээд байсан хүн хагалчихлаа.”  гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал)

3. Дамно ХХК-ийн “Toyota Harrier маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шил 350.000 төгрөг, Toyota Harrier маркийн тээврийн хэрэгслийн 225/35/17 харьцаатай өвлийн дугуй 4 ширхэг 180.000 төгрөг нийт 530.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 39-40 дэх тал)

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад **********ын яллагдагчаар өгсөн: “Миний бие прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Өөрийн үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Урд өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ бүгдийг үнэн зөвөөр нь мэдүүлсэн. Одоо надад нэмж ярих зүйл байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Хэргийн шүүгдэгч ********** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч ********** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд, шүүгдэгч **********од холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 243 дугаартай Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар **********од холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлсэн байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч ********** нь 2022 оны 5 дугаар сарын 31-нд 18 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рич” нэртэй зочид буудлын зогсоолд байрлуулсан **********ын эзэмшлийн 00-00 УНИ улсын дугаартай “Toyota Harrier” загварын автомашины урд талын салхины шилийг хаглаж, 4 ширхэг дугуйг цоолж 530.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

**********ын хохирогчоор өгсөн: “...дуудлага өгснөөс 15 орчим минутын дараа цагдаа ирэхээр нь бид гурав өрөөнөөс гараад буудлын гадаа байсан машин дээрээ иртэл миний машины дөрвөн дугуй, урд талын салхины шил хагарсан байдалтай байсан. Би ************ын салсан гэх нөхрийг би огт танихгүй, уулзаж  байгаагүй. ************ бид хоёр одоогоос гурван жилийн өмнөөс танилцаж, дотно харилцаа холбоотой байх болсон. Надтай танилцахдаа ************ ганц бие, хоёр хүүхэдтэйгээ амьдардаг байсан бөгөөд сүүлийн нэг жилийн хугацаанд ************ын салсан нөхөр нь гэх эрэгтэй хүн гэнэт гарч ирэн биднийг ална тална гэх мэтээр айлган сүрдүүлэх болсон. ************аас сонсоход тухайн эрэгтэйг ********** гэдэг юм билээ.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал), ************ын гэрчээр өгсөн: “...Ингээд байж байтал удаагүй буудлын ресейпшн өрөөний хаалга цохиод “машины чинь цонхыг сая хаалга нүдээд байсан хүн хагалчихлаа.”  гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал), Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 39-40 дэх тал), **********ын яллагдагчаар өгсөн: “Миний бие прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Өөрийн үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дэх тал)  зэрэг нотлох баримтуудаар бүрэн хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

Хэргийн хохирогч **********ын эд хөрөнгөд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан Toyota Harrier маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шил 350.000 төгрөг, Toyota Harrier маркийн тээврийн хэрэгслийн 225/35/17 харьцаатай өвлийн дугуй 4 ширхэг 180.000 төгрөг нийт 530.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд  хөрөнгийн хохирол нь шүүгдэгч ********** нь архидан согтуурч, энэ хэрэгт гэрчээр тогтоогдсон, өөрийн хамтран амьдрагч ************ыг хардсаны улмаас үүссэн шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл байх ба уг үйлдлийн улмаас хохирогч **********ын эд хөрөнгөд хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

шүүгдэгч **********ын дээрх гэмт үйлдэл нь Баянгол дүүргийн прокуророос “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, тэдгээрийн гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүх дүгнэв.   

Хэргийн шүүгдэгч ********** нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, гэм буруугаа тус тус хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч **********ыг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй. 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хэргийн хохирогч **********аас “надад гомдол санал байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү..” гэсэн хүсэлт (хавтаст хэргийн 119 дэх тал), шүүгдэгч **********оос “гэм буруугаа хүлээ зөвшөөрч байна. Хохирогчид хохирлыг бүрэн төлж барагдуулсан...” (хавтаст хэргийн 126 дахь тал)-д авагдсан байх тул шүүгдэгч **********ыг энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч ********** нь урьд 6 удаагийн ял шийтгэгдэж байсан болох нь хэргийн 67, дахь талд авагдсан ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдсэн тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтуудаар тогтоогдсон.

Шүүгдэгч **********ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах шүүх, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгчийн хувийн байдал болон хохирогч талаас “гомдол саналгүй” гэснийг тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлын дордуулахгүйгээр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Энэ хэрэгт ********** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Хяналтын прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан прокурорын хяналтыг хэрэгжүүлэхдээ гэмт этгээдийн хувийн байдал, өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан эсэх, ажил хөдөлмөр эрхэлдэг эсэх, мөн Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эсэхийг харгалзан үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх эсхүл, ердийн журмаар шийдвэрлэхэд анхаарах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 1. **********ыг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч **********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр **********од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт ********** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, нэгтгэгдсэн болон тусгаарлагдсан хэрэггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.ДАЙРИЙЖАВ