Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/315

 

 

                                

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Баяржаргал, 

Улсын яллагч М.Берикбол,

Шүүгдэгч *********************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********************холбогдох эрүүгийн 2238000000603 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *********************нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 9 дүгээр сарын 09-ний орой *********************эзэмшлийн Тoyota Harrier маркийн 9519 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль бусаар гэмтээж 1,480,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч *********************нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 9 дүгээр сарын 09-ний орой *********************эзэмшлийн Тoyota Harrier маркийн 9519 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль бусаар гэмтээж 1,480,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2238000000603 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *********************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Хашааны үүдэнд гараад ирэхэд Гансүхийн машин зогсож байхаар нь уур хүрээд машиныг нь юугаар цохисныг нь санахгүй байна. Би машины толийг нь хагалж байснаа санаж байна. Өөр юу хагалсныг нь санахгүй байна...Би хохирлын мөнгийг нь нөхөн төлөхөө илэрхийлж байна...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 9-11-р хуудас),

 Хохирогч *********************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хашааны гадаа тавьсан байсан миний машиныг Энхмандах нь юмаар цохиж арын шил болон гэрэл хоёр тал доторх салон зэргийг эвдэж хэмхэлсэн байсан. Бид хоёрыг очиход мөн л машин руу дайраад дахиад эд зүйлийг нь эвдлэх гээд байсан... Миний өөрийн эзэмшлийн машин байгаа юм. Энэ оны 6 дугаар сард банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулж 40 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Би бэлэн 24.5 сая төгрөгийг бэлнээр өгч худалдаж авч байсан юм...гомдолтой байна. Зүгээр байсан тээврийн хэрэгслээ эвдүүлсэндээ маш их гомдолтой байна. *********************бүх сэлбэг хэрэгслийн үнийг гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 15-16-р хуудас),

Гэрч *********************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд Цэрэнлхамын гэр лүү орох гээд явж байхад урдаас Цэрэнлхам гарч ирээд яанаа Энхмандах Ганхуягийн машиныг эвдээд ийм болгосон байна ш дээ гэхээр нь бид нар машиныг харахад цонх болон гэрэл зэргийг нь хагалаад хаясан байхаар нь Цэрэнлхам бид хоёр Энхмандахад хандаж чи одоо яаж байгаа юм, арай ч дээ гэсэн чинь Энхмандах ахиад машиныг эвдлэх гээд өшиглөх гээд байсан. Хэн цагдаа дуудсаныг мэдээгүй байж байхад цагдаа нар ирээд Ганхуяг, Энхмандах нарыг цагдаа руу аваад явсан. Ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг (хх-ийн 21-22-р хуудас),

Ашид билгүүн ХХК-ний ТХҮ-922/4648 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 25-27-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14-р багийн Засаг даргын тодорхойлолт, гэрлэсний иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа хаягийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 38-40, 42-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2238000000603 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч *********************нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 9 дүгээр сарын 09-ний орой *********************эзэмшлийн Тoyota Harrier маркийн 9519 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль бусаар гэмтээж 1,480,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч *********************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 9-11-р хуудас),

 Хохирогч *********************(хх-ийн 15-16-р хуудас), гэрч *********************(хх-ийн 21-22-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Ашид билгүүн ХХК-ний ТХҮ-922/4648 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 25-27-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *********************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийг шүүгдэгч *********************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь бусдын эд хөрөнгөнд бага хэмжээнээс дээш хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч *********************нь хохирогч *********************эзэмшлийн Тoyota Harrier маркийн 9519 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль бусаар гэмтээж 1,480,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд уг хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч *********************1,480,000 төгрөгийг гаргуулж хохирогч З.Ганхуягт олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *********************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *********************нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 42-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч *********************нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч *********************нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2238000000603 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч **************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Шүүгдэгч ****************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *********************нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *********************1,480,000  (нэг сая дөрвөн зуун наян мянга) төгрөгийг гаргуулж хохирогч ******************* олгосугай.

      5. Эрүүгийн 2238000000603 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******************** урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                        

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР