Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/815

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор И.Мөнхцэцэг /томилолтоор/,

Шүүгдэгч: *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос *** овогт ***-ийн *** т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2202000000237 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 2003 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, *** ХХК-ийн харьяа ***-д тогооч ажилтай, ам бүл 7, өвөө, эгч, ах, 3 дүүгийн хамт Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** дугаар хороолол, сургалтын *** дугаар байр, *** тоотод оршин суух /РД:***/, урьд ял шийтгэлгүй, *** овогт ***-ийн *** .

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь 2022 оны 05 дугаар сарын 01-ний өглөөний 04 цагийн үед Баянгол дүүргийн *** дүгээр хорооны *** дугаар байрны *** тоотод оршин суух хохирогч ***-ийн орон гэрт хууль бусаар нэвтэрч, хохирогч ***-ийн өмчлөлийн Самсунг/Samsung galaxy S21 ultra/ загварын 1,700,000 төгрөгийн үнэтэй гар утас, Самсунг/Samsung watch-3/ загварын 500,000 төгрөгийн үнэ бүхий бугуйн цаг зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***ыг “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэхээр завдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтыг хавтаст хэргээс шинжлэн судлав. Үүнд: 

1. Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 01-ний өдөр манай гэр бүлийнхэн гэртээ унтаж байхад шөнө 4 цагийн үед манай гэрийн коридорт сэжигтэй чимээ сонсогдсон. Тэгэхээр нь би босоод коридорт гарахад коридорт жижиг өрөөний үүдэнд нэг хүн зогсож байсан. Би тухайн хүнийг барьж аваад коридорынхоо гэрлийг асаатал манай эхнэр сэрсэн. Би эхнэрийгээ цагдаа дууд гээд манай эхнэр 102 тусгай дугаарт дуудлага өгөөд хэсэг хугацааны дараа цагдаа ирээд тухайн хүний биед үзлэг хийгээд халааснаас нь миний Самсунг галакси 3 загварын цагийг утасны хамт гарган авч надад хүлээлгэн өгсөн. Тухайн хүнийг аваад цагдаагийн хэлтэс рүү явсан. Манай гэрээс хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригдсан. Би гэрийнхээ хаалгыг түгжээгүй байсан. Манайх ер нь байнга онгорхой байдаг, гэрээсээ гарахдаа л хаалгаа түгждэг. Манай орцны хаалгаар яаж орсныг нь би мэдэхгүй байна. Манай орцны хаалга түгжээтэй байдаг. Харин гэрийн хаалганы тухайд манай хаалга онгорхой байсан. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй энэ хэргийг түргэн шуурхай шийдвэрлүүлмээр байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 2 дахь тал),

2. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 01-ний шөнө би гэртээ унтлагынхаа өрөөнд унтаж байхад 03 цаг 30 минутын орчимд гэнэт сэрээд хартал миний унтаж байсан өрөөний үүдэнд нэг хүн зогсож байсан. Тэгээд хэн бэ гээд орилтол цаанаас нь манай нөхөр гарч ирээд тэр хүнийг бариад авсан. Тэгээд манай нөхөр гэрлээ асаагаад хартал нэг хар хувцастай хүн зогсож байсан. Тэгээд би 102 тусгай дугаарт 03 цаг 39 минутад залгаад цагдаа дуудсан. Цагдаа ирэх хооронд тэр залуу мөнгө өгье хоол идэх эрхийн бичиг өгье намайг явуулчих гээд нөхөр бид хоёрт хандан хэлсэн. Манай нөхөр дуугай наанаа зогс гээд байж байсан. Тэгээд 30 орчим минутын дараа 2 цагдаа ирээд манайд байсан хүүхдийг аваад орцонд манай хаалганы үүдэнд гарсан. Манай нөхөр надад хандан миний гар утсыг аваад өг гэхээр нь би утсыг нь хайгаад олоогүй. Тэгтэл тэр хүүхдээс манай нөхрийн утас цаг хоёрыг гаргаад ирсэн. Яг яаж хэн гаргаж ирснийг нь би хараагүй. Харин цагдаад манай нөхрийн утас цаг 2 байсан. Манай нөхрийн гар утас, цаг хоёрыг цагдаа манай нөхөрт май энэ таны гар утас, цаг 2 мөн үү, өөр алга болсон зүйл байна уу гээд өгсөн...” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 18-19 дэх тал),

3. Таньж олуулах ажиллагаа явуулсан: “...2022 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн *** дүгээр хороо ***-р байр *** тоотод танихгүй хүн орсон гэх хэрэгт таньж олуулах зорилгоор ижил төстэй 1-4 гэж дугаарлан байрлуулсан зургаас тань гэрт орсон гэх хүн энд байна уу? байвал та заана уу? гэж асуухад танигч *** нь эдгээр хүмүүсийн зургаас манай гэрт орсон гэх хүн нь дөрөв дугаартай хүн байна тухайн үед хар юүдэнтэй цамцтай хар женсэн өмдтэй хар гуталтай байсан одоо энэ зурагнуудаас харахад 4 дугаартай зураг дээр байгаа хүний царайны төрх хамар нүд зэргээр нь би таньж байна гэж зургийг зааж байна...” гэх тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт (хавтаст хэргийн 31-36 дахь тал),

4. “Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “...Гар утас Samsung S21-1,700,000 төгрөг, Samsung galaxy watch series 3 загварын цаг-500,000 төгрөг, нийт 2,200,000 төгрөг” шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 65-67 дахь тал),

5. Шүүгдэгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2022 оны 5 дугаар сарын 01-ний өдөр би ажлын газрын найз ***, Түшиг, найз охин *** нарын хамт вокзал орчимд байрлах нэрийг нь сайн санахгүй байна нэг караокед ороод 1 хүний 2 шил пиво уучхаад 00 цагийн үед караокеноос гараад манай 2 найз тэндээсээ гэр лүүгээ яваад би найз охиноо хүргэж өгөх гээд гэр лүү нь явсан. Тэгээд би Баянгол *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дугаар байранд найз охин ***г хүргэж өгчхөөд гэр лүүгээ харьж явах замд миний хөл өвдөөд такси барих гэхэд таксины мөнгө байхгүй байсан болохоор орцонд хонохоор шийдээд найз ***ын амьдардаг байсан Баянгол дүүргийн *** дүгээр хороо *** дугаар байр луу орсон. Тухайн байр луу ороод 4 давхарт сууж байхад гэнэт миний толгойд хулгай хийх бодол төрөөд 12 тоот айлын хаалгыг таттал тухайн айлын хаалга онгорхой байсан. Тэгэхээр нь тухайн айл руу ороод ширээн дээр нь байсан гар утас, цаг хоёрыг авчхаад өөр авчихмаар юм юу байна гээд хайгаад явж байхад тухайн гэрийн эзэн нь сэрээд би тухайн хүнд баригдсан. Тухайн хүн намайг барьчхаад цагдаад дуудлага өгнө гээд дуудлага өгөхөд нь би тухайн ахаас уучлаарай ахаа намайг явуулчих гэж уучлалт гуйсан. Тэгээд байж байхад цагдаа нар ирээд намайг гавлаад тухайн гэрийн эзэнд хандан гэрээс тань алга болсон зүйл байгаа эсэхийг шалга гэхэд тухайн хүн гэрт алга болсон зүйл байгаа эсэхийг шалгаж байгаад миний гар утас, цаг 2 алга байна гэх үед нь би тухайн хүний гар утас, цаг хоёрыг өөрийн халааснаасаа гаргаж өгсөн. Тэгээд би цагдаагийн газар ирээд дахин гэмт хэрэг үйлдэхгүй талаар баталгаа бичиж өгөөд цагдаагийн газраас явсан. Тухайн байрны 24 тоотод манай найз *** амьдардаг байсан, би найзынхаараа орж гардаг байсан болохоор орцны кодыг нь мэддэг байсан. Харин 12 тоот айлын тухайд хаалга нь онгорхой цоожгүй байсан болохоор би хаалгыг нь онгойлгож орсон. Самсунг эс 21 ултра загварын гар утас 1 ширхэг, Самсунг галакси 3 загварын цаг 1 ширхгийг тухайн айлын коридорт байсан ширээн дээрээс авсан. Би хийсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч ухамсарлан ойлгож гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 77-78 дахь тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хэргийн үйл баримт буюу шүүгдэгч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэхээр завдсан болох нь тогтоогджээ.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 52-59 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 81 дэх тал), оршин суух хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 82 дахь тал), Catering Astra ХХК-ийн тодорхойлолт (хавтаст хэргийн 84 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 86 дахь тал), төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 88 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 89 дэх тал), үл хөдлөх эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 90 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 91 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.                                                                           

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ***аас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хавтаст хэргийн 27-28 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.  

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж заасан байна.

Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлээр илэрнэ.

Мөн “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгохоор хуульчилжээ.

Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч *** нь 2022 оны 05 дугаар сарын 01-ний өглөөний 04 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны 63 дугаар байрны 12 тоотод хууль бусаар нэвтрэн орж, хохирогч ***ийн өмчлөлийн эд зүйл болох Samsung galaxy S21 ultra загварын гар утас, Samsung watch-3 загварын цаг зэргийг авч байгаад үйлдэл дээрээ баригдсан үйл баримт тогтоогдсон байна.

Тодруулбал, хохирогч ***ийн “...коридорт жижиг өрөөний үүдэнд нэг хүн зогсож байсан. Би тухайн хүнийг барьж аваад коридорынхоо гэрлийг асаатал манай эхнэр сэрсэн. Би эхнэрийгээ цагдаа дууд гээд манай эхнэр 102 тусгай дугаарт дуудлага өгөөд хэсэг хугацааны дараа цагдаа ирээд тухайн хүний биед үзлэг хийгээд халааснаас нь миний Самсунг галакси 3 загварын цагийг утасны хамт гарган авч надад хүлээлгэн өгсөн...” гэх, гэрч ***ын “...2022 оны 5 дугаар сарын 01-ний шөнө би гэртээ унтлагынхаа өрөөнд унтаж байхад 03 цаг 30 минутын орчимд гэнэт сэрээд хартал миний унтаж байсан өрөөний үүдэнд нэг хүн зогсож байсан. Тэгээд хэн бэ гээд орилтол цаанаас нь манай нөхөр гарч ирээд тэр хүнийг бариад авсан. ...Нөхрийн гар утас, цаг хоёрыг цагдаа манай нөхөрт май энэ таны гар утас, цаг 2 мөн үү, өөр алга болсон зүйл байна уу гээд өгсөн...” гэх, эдгээр мэдүүлэгтэй агуулгын зөрүүгүй шүүгдэгч ***ын “...Миний хөл өвдөөд такси барих гэхэд таксины мөнгө байхгүй байсан болохоор орцонд хонохоор шийдээд найз ***ын амьдардаг байсан Баянгол дүүргийн *** дүгээр хороо *** дугаар байр луу орсон. Тухайн байр луу ороод 4 давхарт сууж байхад гэнэт миний толгойд хулгай хийх бодол төрөөд 12 тоот айлын хаалгыг таттал тухайн айлын хаалга онгорхой байсан. Тэгэхээр нь тухайн айл руу ороод ширээн дээр нь байсан гар утас, цаг хоёрыг авчхаад өөр авчихмаар юм юу байна гээд хайгаад явж байхад тухайн гэрийн эзэн нь сэрээд би тухайн хүнд баригдсан...” гэх мэдүүлгүүд, таньж олуулах ажиллагааны тэмдэглэлээр шүүгдэгч *** нь бусдын орон байранд нэвтэрч хулгай хийж байгаад өөрийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас хулгайн үйлдлээ төгсгөж чадаагүй, гэрийн эзэн хохирогч *** сэрэн гэрт нь хүн орж ирснийг мэдсэнээр таслан зогсоогдож, хохирогчийн эд зүйлийг буцаан өгсөн байна.

Шүүгдэгч ***ын хохирогч ***ийн гэрт зөвшөөрөлгүй нэвтрэн орж, гэрээс нь 1,700,000 төгрөгийн үнэ бүхий гар утас Samsung S21 загварын гар утас, 500,000 төгрөгийн үнэ бүхий Samsung galaxy watch series 3 загварын цаг хулгайлах явцдаа баригдсан үйлдлийг өөрийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас үйлдлээ бүрэн төгсгөж чадаагүй буюу хулгайн эд зүйлийг өөрийн өмчийн адил захиран зарцуулах бодит боломж үгүйсгэгдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй.

Иймд, шүүгдэгчийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзнэ.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдсан хууль бус бөгөөд бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн шууд санаатай, шунахай сэдэлтэйгээр үйлдэгджээ.

Иймд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ***ыг “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан” гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** нь өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохдоо “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлж оролцсон болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *** нь “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч үйлдэхээр завдсан болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Гэм буруугийн болон Шударга ёсны зарчимд нийцнэ.   

Шүүгдэгч ***т ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу тэрээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын өмчлөх эрхэд халдахаар завдсан, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, маргаагүй зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэсэн.

Иймд, шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр буюу 7 (долоо) сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтлоо.

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, бусад асуудлын талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***ийн эд хөрөнгөд хохирол учирсан болох нь “Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон боловч хэрэг гарах үед ***ын биед үзлэг хийж Samsung galaxy S21 ultra загварын гар утас,  Samsung watch-3 загварын цаг зэргийг хохирогчид буцаан өгсөн, хохирогч нь “...цагдаа ирээд тухайн хүний биед үзлэг хийгээд халааснаас нь миний самсунг галакси 3 загварын цагийг утасны хамт гарган авч надад хүлээлгэн өгсөн, ...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч ***аас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***т хорих ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол авах үндэслэлтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

    ТОГТООХ нь:            

1. Шүүгдэгч *** овогт ***-ийн *** ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэхийг завдсан” гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ***т 7 (долоо) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан 7 (долоо) сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.  

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ***т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА