Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/818

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч: Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Хонгорзул,

Шүүгдэгч: *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *** овогт ***-ийн ***од холбогдох эрүүгийн 2205025032173 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.             

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1968 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн Онгон суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, *** ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 1, Баянгол дүүргийн *** дүгээр хороо, ***, *** тоот хаягт оршин суух /РД:***/, урьд

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйлийн 1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг зөрчсөнөөс бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүйгээр 30000 төгрөгөөр торгосон, *** овогт ***-ийн ***.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч *** нь 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** хорооллын орчимд хохирогч ***тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний баруун дээд зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхины цус хуралт, баруун бугуйнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр би ...***ын хамт Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шар арктай байрны хүүхдийн тоглоомын тайлбай дээр 19-20 цагийн үед байхаа гэж санаж байна 0,75 литрийн “Хараа” нэртэй согтууруулах ундааг хамт хувааж уусан, гэхдээ ихэнх хэсгийг нь *** уусан. Архиа ууж дуусчхаад над руу намайг архи уусны дараа гаргасан муухай ааш, авирын талаар миний төрсөн ээж, төрсөн ах нарт дандаа ховлож байдаг гэж надад уурласан. Мөн чи дандаа ингэж хов зөөдөг гэж хэлээд намайг цохисон. Миний баруун нүд рүү нэг удаа гараараа цохих үед нь би яаж байгаа юм бэ гэж хэлээд удалгүй ухаан алдаж унасан. Тэгээд сэрэх үед гэмтлийн эмнэлэг дээр ухаан орсон. Ухаан орохоос өмнө тархины зураг болон эхо-д харуулсан байсан. Би гэмтэл согог судлалын үндэсний төв дээр 2 хоног болоод эмнэлгээс гараад ээжийнхээ гэрт очсон. ...2022 оны 7 дугаар сарын эхээр надтай утсаар ярихдаа ийм ааш зан гаргаж, гар хүрсэнд уучлаарай гэж хэлсэн. ...Надад хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгөх эмчилгээний баримт байхгүй. *** нь эмчилгээний зардал гэж 350,000 төгрөгийг надад өгсөн. Надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Мөн надад ямар нэгэн гомдол, санал, хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22, 24 дэх тал),

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 10566 дугаартай: “...***-н биед баруун дээд зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхины цус хуралт, баруун бугуйд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонгид алдагдуулахгүй. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 30-31 дэх тал),

3. Шүүгдэгч ***ын Баянгол дүүргийн прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай бичгээр гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 82 дахь тал),

4. Хохирогч ***ын Баянгол дүүргийн прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай бичгээр гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 83 дахь тал),

5. Шүүгдэгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч байна. Мөн хохирогч ***д эмчилгээний зардал гэж 350,000 төгрөгийг өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дэх тал),  

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Хялбаршуулсан журмаар хэргийг хурдан шуурхай шийдэж өгнө үү. Дахиад ийм алдаа гаргахгүй...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 47 дахь тал), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 48 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 49 дэх тал), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (хавтаст хэргийн 50 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 51 дэх тал), *** ХХК-ийн ажлын газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 54 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 55, 58-60 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ***оос гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хавтаст хэргийн 26 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч *** нь согтуугаар 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** хорооллын орчимд хохирогч ***тай маргалдаж улмаар биед нь халдаж, түүнд баруун дээд зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхины цус хуралт, баруун бугуйд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдсон байна.

Энэ нь хэрэгт хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 10566 дугаартай дүгнэлт, шүүгдэгч ***ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...”, 2.4.2-т “ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан.

Иймд хохирогч ***ын эрүүл мэндэд учирсан баруун дээд зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхины цус хуралт, баруун бугуйд цус хуралт гэмтэл учирсан, энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 10566 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.

Өөрөөр хэлбэл, хохирогч ***ын эрүүл мэндэд учирсан хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл нь шүүгдэгч ***ын хохирогчийг цохисон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч *** нь хохирогчийг цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч ***ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.   

Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. (хавтаст хэргийн 82 дахь тал)  

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган (хавтаст хэргийн 84 дэх тал), яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг ***од танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч ***ын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирлыг төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон талуудын ял тохиролцсон нөхцөлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.      

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан. 

Иймд шүүгдэгч *** нь оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж байна.

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч ***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 10566 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба тэрээр хавтаст хэргийн 24 дэх талд “...*** нь эмчилгээний зардал гэж 350,000 төгрөгийг надад төлсөн. Надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн, хавтаст хэргийн 83 дахь талд “...350,000 төгрөгийг гаргуулан авсан. Цаашид надад ямар нэг санал гомдол хүсэл байхгүй. Мөн миний бие сайн дурын үндсэн дээр ***той эвлэрсэн...” гэх хүсэлтийг бичгээр гаргасан байна.

Иймд шүүгдэгч ***оос гаргуулах хохирол төлбөргүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нөхөн төлөгдсөн гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***од өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овогт ***-ийн ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***од 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***од оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***од сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ***д хохирол хор уршигт тооцож 350,000 /гурван зуун тавин мянга/-н төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА