Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганболдын Янжиндулам |
Хэргийн индекс | 125/2021/0004/З |
Дугаар | 125/ШШ2021/0009 |
Огноо | 2021-06-15 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 125/ШШ2021/0009
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Янжиндулам би даргалж
Нэхэмжлэгч М.О-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Ховд аймгийн Зэрэг сумын Засаг даргад холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “Зэрэг сумын Засаг дарга Б.Б-ийн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/03 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.О, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2010 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Зэрэг сумын эрүүл мэндийн төвийн Эрхлэгч эмчийн тушаалаар эмчлэгч их эмчээр томилогдон өнөөг хүртэл 11 дэх жилдээ тогтвор суурьшилтай ажиллаж байгаа бөгөөд 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 03 дугаар тушаал, Зэрэг сумын Засаг даргын 2011 оны 71 дүгээр, 2016 оны Б/02 дугаар захирамжийн дагуу Зэрэг сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчээр томилогдон өнөөг хүртэл алдаа дутагдал гаргалгүй, төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг баримтлан, өргөсөн тангарагтай үнэнчээр, сумын эрүүл мэндийн төвийн төвийн удирдлагын менежментийг хэрэгжүүлэн ажиллаж ирсэн.
Зэрэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Б, Засаг дарга Б.Б нар нь 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр манай байгууллага дээр ирж надтай уулзахдаа “2020 оны орон нутгийн сонгуулиар Монгол ардын нам олонх болсон. Иймд манай намаас сумын ИТХ-ын сонгуульд нэр дэвшиж ялалт байгуулан сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Ц.Г эмчийг тус Эрүүл мэндийн төвийн эрхлэгч их эмчээр томилон, удирдлагын багаа өөрийн намын хүмүүсээр бүрдүүлж ажиллах болно” гэж хэлээд албан тушаалаасаа татгалзсан өргөдөл гаргаж өгөхийг надаас шаардсан. Миний бие Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчээр ажиллах хугацаандаа ямар нэгэн намын ажил хийгээгүй гэдгээ сумын удирдлагуудад тайлбарлаж, улс орон даяар онцгой дэглэм тогтсон энэ хүнд үед улс төрийн өнцгөөр албан ажилдаа хандаж эрүүл мэндийн салбараар тоглохгүй байхыг сануулж, холбогдох хууль дүрмийн дагуу хамтран ажиллахыг хүссэн.
Ингээд 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр сумын Засаг даргын орлогч дарга О.Х сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 16 өдрийн Б/03 дугаар захирамжийг уншиж танилцуулан М.О намайг тус эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн албан тушаалаас чөлөөлсөн.
Сумын Засаг дарга Б.Б нь 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/03 дугаар захирамжаа гаргахдаа Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулалгүй, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.3, 7.1.7, 45, 46 дугаар зүйл, Эруүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь заалтуудаас гадна Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолыг илтээр зөрчиж, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаар зөвлөмжийг хэрэгжүүлээгүйгээс гадна Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг үйл ажиллагаандаа мөрдөөгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн албан тушаалд эгүүлэн томилуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн.
Ард иргэдээс гомдол гаргасан, санхүүгийн зөрчил гарсан гэж хариуцагчийн зүгээс ярьж байна. Манай Эрүүл мэндийн төв жил бүр мах нөөцөлдөг. Тухайн үед жил бүр мах авдаг аж ахуйн гэрээ дууссан учраас өөр иргэн, хуулийн этгээдээс мах олж нөөцлөхийг би нярав нягтлан нартаа даалгасан. Тухайн үед сумын төвд манай нөхөр Азбилэг мал махалж зарж байсан учир мах авахаар тохиролцсон байдаг. Тэгэхдээ тэр үеийн ханшнаас бага үнээр махыг зарсан. Миний хувьд манай нөхрөөс мах аваарай гэдэг зүйлийг би үнэхээр хэлээгүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Ховд аймгийн Зэрэг сумын Засаг даргаБ.Б шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Захиргааны ерөнхий хуулийн 27.3-д зааснаар миний бие 2021 оны 01 сарын 04-ний өдөр биечлэн уулзаж албан тушаал бууруулахаа мэдэгдсэн. Учир нь М.О нь эрхлэгч эмчээр ажиллах явцдаа ажилтнуудаа доромжилж, ёс зүйгүй харьцдаг, дарамталдаг талаар ажиллаж байгаад ажлаас гарсан иргэдээс гомдол ирсэн. Үүний дагуу шалгахад санхүүгийн зөрчил илэрсэн. Зэрэг сумын эрүүл мэндийн төвийн хоёр ажилтныг хууль бусаар халсны улмаас төрд 17606450 төгрөгийн хохирол учирсан. М.О-ийн энэ хууль бус үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.3 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалтыг зөрчсөн. Ингээд М.О-г чөлөөлөх захирамжийг 2021 оны 2 сарын 16-ны өдөр гаргасан. Ингэхдээ түүний эрх зүйн байдлыг дордуулаагүй, цалин хөлсний хэмжээ нь өмнө авч байснаас нэмэгдсэн. Тухайн үед Эрүүл мэндийн газрын саналыг үндэслэсэн.
Мөн М.О нь эрхлэгч эмчээр ажиллаж байхдаа удаа дараа хоолны зардлаас өөрийн нөхөр Я.А-аас мах худалдан авч 1470000 төгрөгийг шилжүүлсэн нь санхүүгийн баримтуудаар тогтоогддог. Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7.2.4, 8.2, 11.1 дэх заалт, Авилгын эсрэг хуулийн 7.1.7-д заасныг тус тус зөрчсөн үйлдэл гаргасан.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.О нь Ховд аймгийн Зэрэг сумын даргад холбогдуулан “Ховд аймгийн Зэрэг сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/03 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Зэрэг сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг гаргажээ[1].
Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар, бусад бичгийн нотлох баримтуудыг үнэлээд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч М.О нь Ховд аймгийн Зэрэг сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 тоот тушаалаар эрхлэгч эмчээр томилогдсон байна [2].
Улмаар мөн сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/03 дугаар “М.О-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай” захирамжид Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.8 дахь заалт, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь заалт, Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 85 тоот албан бичгийг тус тус үндэслэн тус сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч М.О-ийг 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ[3].
Хариуцагчаас “... иргэдээс М.О-той холбоотой үндэслэлгүйгээр 2 ажилтнаа халж төрд хохирол учруулсан, нөхөр н.Азбилэгээс Эрүүл мэндийн төвд мах худалдан авсан, мөн орны хүрэлцээгүй гээд эмнэлэгт хэвтүүлэхгүй байна гэх зэрэг гомдол ирсэн тул ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж албан тушаал бууруулсан...” гэж, нэхэмжлэгч “... ажлаас чөлөөлсөн үндэслэлийн талаар надад мэдэгдээгүй, сонсох ажиллагаа явуулаагүй, улс төрийн шалтгааны улмаас ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна” гэж тус тус тайлбарлан маргаж байна.
1.Ховд аймгийн Зэрэг сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 16-ны 04-ний өдрийн Б/03 дугаар “М.О-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай” захирамжийг гаргахдаа сонсох ажиллагаа хийгдээгүй талаар:
Хариуцагч шүүхэд өгсөн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа “О-той 2021 оны 1 сард уулзсан эрхлэгч эмчийг солих талаар хэлсэн гэхдээ санхүүгийн зөрчил гаргасан, үндэслэлгүйгээр 2 хүний ажлаас халж, эрүүл мэндийн төвд хохирол учруулсан зэрэг ёс зүйн зөрчил гаргасан талаар хэлээгүй гэж тайлбарладаг.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д “Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно” гэж заасан.
Ховд аймгийн Зэрэг сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 16-ны 04-ний өдрийн Б/03 дугаар “М.О-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай” захирамж[4] нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан бөгөөд М.О-ийн хувьд сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт байна.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэнэ”, 26 дугаар зүйлийн 26.1-д ”Захиргааны акт гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.”, 26.2-т Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ., 27.1.Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно, 27.5-д Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна, 27.6.Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна.” гэжээ.
Дээрхээс үзвэл хариуцагч Зэрэг сумын засаг дарга нь М.О-ийн тухайд сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргахдаа М.О урьдчилан мэдэгдэх, түүнийг тайлбар, санал гаргах боломжит хугацаагаар хангах, сонсох ажиллагааг явуулж энэ талаар баримтжуулсан байх хуулийн шаардлагыг хангасан байх хуулийн зохицуулалттай байна.
Гэвч хариуцагчаас хуульд заасан сонсох ажиллагаа явуулаагүй, М.О-ийн тайлбар, санал гаргах эрхийг хангаагүй талаараа тайлбарладаг ба энэ байдлаа хүлээн зөвшөөрч шүүх хуралдаанд тайлбарласан.
Дээрх байдал нь хариуцагч Зэрэг сумын Засаг даргыг маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
2.Маргаан бүхий актын үндэслэлийн талаар
Төрийн албаны тухай 14 дүгээр зүйлийн 14.1-д Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараах албан тушаал хамаарна, 14.1.2-т боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал гэж тус тус заасан.
Хэрэгт авагдсан Ховд аймгийн Зэрэг сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 тоот захирамжаар[5] М.О-ийг Ховд аймгийн Зэрэг сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч их эмчээр томилсон, түүний цалинг ТҮЭМ-6-ийн 1 дэх дахь шатлалаар цалинжуулахаар шийдвэрлэснээс үзвэл М.О нь төрийн үйлчилгээний албан хаагч юм.
Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна, Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Энэ хуулийн 10.1.2 / төрийн захиргааны албан тушаал/, 10.1.4 /төрийн үйлчилгээний албан тушаал/-т заасан албан тушаал эрхэлж байгаа төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэжээ.
Дээрхээс үзвэл Зэрэг сумын эрхлэгч их эмчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргаан буюу ажлаас чөлөөлөхтэй холбоотой маргааныг Хөдөлмөрийн тухай хуулиар харин ёс зүйн хэм хэмжээтэй холбоотой маргааныг Төрийн албаны тухай хуулиар шийдвэрлэхээр байна.
Хариуцагчаас шүүх хуралдаанд тайлбарлахдаа “... М.О-ийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж байгаа. Энэ талаар иргэдээс гомдол мэдээлэл ирсэн тул ажлаас нь чөлөөлсөн...” гэж тайлбарладаг.
Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Энэ хуулийн 10.1.2 / төрийн захиргааны албан тушаал/, 10.1.4 /төрийн үйлчилгээний албан тушаал/-т заасан албан тушаал эрхэлж байгаа төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолын хавсралт “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 5 дугаар зүйлийн 5.1-д Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн тухай иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн гомдол, мэдээлэл, эсхүл хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн болон тухайн байгууллагын дотоод хяналтаар илэрсэн мэдээ, баримт нь шалгалт явуулах үндэслэл болно. 5.2-т Тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан, эсхүл уг байгууллагад дотоод хяналт, шалгалт хариуцсан нэгж, албан тушаалтан ажилладаг бол тэрхүү нэгж, албан тушаалтан мэдээллийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор дараах журмын дагуу шалгалт явуулна, 5.2.1-т гомдол, мэдээлэлд холбогдсон албан хаагч болон гомдол, мэдээлэл гаргагчтай уулзаж, тэдгээрийн тайлбар, саналыг сонсож тэмдэглэл хөтлөх гэжээ.
Дээрхээс үзвэл хариуцагч Зэрэг сумын Засаг дарга нь иргэдээс М.О-той холбоотой гомдол мэдээлэл ирсэн тохиолдолд энэ талаар шалгалт явуулж, тухайн албан хаагч ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг тогтоох, мөн гомдол гаргагч болон М.О нартай уулзаж, тэдгээрийн тайлбар, саналыг сонсож шийдвэрлэнэ.
Гэвч М.О-той холбоотой сумын Засаг дарга болон Засаг даргын тамгын газарт ирсэн өргөдөл, гомдол байхгүй болох нь Зэрэг сумын Засаг даргын тамгын газрын 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 2/137 тоот албан бичгээр[6] нотлогдсон.
Хариуцагч Зэрэг сумын Засаг дарга нь тайлбарт дурьдсан зөрчлүүдийг шалгаж тогтоогоогүй, энэ талаар иргэдээс гаргасан өргөдөл гомдол байхгүй байхад М.О-ийг иргэдээс М.О-той холбоотой үндэслэлгүйгээр 2 ажилтнаа халж төрд хохирол учруулсан, нөхөр н.Азбилэгээс Эрүүл мэндийн төвд мах худалдан авсан зэрэг зөрчил гаргасан энэ нь төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
Нэгэнт хариуцагчаас нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчилд дээрх Засгийн газрын тогтоолд заасныг дагуу хяналт шалгалт явуулж, дүгнэлт хийгээгүй тул шүүхээс зөрчилтэй холбоотой дүгнэлтийг хийх үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч “....маргаан бүхий актад Төрийн албаны болон Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй, акт гарах болсон шалтгаан нөхцөлийг заагаагүй нь Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн талаар тайлбарладаг.
Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна, 40.2.3-т захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах, 40.4-т захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бодит нөхцөл байдлыг тодорхой заана гэжээ.
Гэтэл хариуцагч нь маргааны бүхий захиргааны актыг гаргахдаа М.О-ийг ажлаас чөлөөлөх болсон шалтгаан нөхцөл, хууль зүйн үндэслэлийг заагаагүй байгаа нь хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн буюу маргаан бүхий акт нь бичгээр гарах захиргааны актын шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй ба энэ тухайгаа хариуцагч шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч тайлбарласан.
Дүгнэвэл маргаан бүхий захиргааны акт болох Зэрэг сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/03 тоот захирамж нь нэхэмжлэгч М.О-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул Ховд аймгийн Зэрэг сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/03 тоот захирамжийг хүчингүй болгож, М.О-ийг Ховд аймгийн Зэрэг сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн ажилд эгүүлэн тогтоох нь үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.О-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Зэрэг сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/03 тоот захирамжийг хүчингүй болгож, М.О-ийг Ховд аймгийн Зэрэг сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас /Зэрэг сумын Засаг даргын тамгын газраас/ 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЯНЖИНДУЛАМ