Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2024/0583

 

 

 

 

 

 “ХБ” ХК-ийн нэхэмжлэлтэй

    захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т

Нэхэмжлэгч: “ХБ” ХК

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар

Гуравдагч этгээд: Б.У, Э.Б, С.О

Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 6255 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах, 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 742939 дугаартай барьцаалбарыг сэргээхийг даалгах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 467 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, Ш.У

Гуравдагч этгээд Б.У, түүний өмгөөлөгч Б.О

Гуравдагч этгээд Э.Б-ийн өмгөөлөгч Б.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал

Хэргийн индекс: 128/2024/0097/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “ХБ” ХК нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 6255 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах, 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 742939 дугаартай барьцаалбарыг сэргээхийг даалгуулах”-аар маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 467 дугаар шийдвэрээр: “...Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 оны/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.10, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 19 дүгээр зүйлийн 19.2, 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.5, Улсын бүртгэлийн ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 18.7.1 дахь заалтыг баримтлан Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 6255 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах, 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 742939 дугаартай барьцаалбарыг сэргээхийг даалгах “ХБ” ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн байна. 

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Улсын бүртгэлийн ерөнхий газрын буруутай үйл ажиллагаанаас үүдэн Банкны эрх ашиг хөндөгдсөн бөгөөд “ХБ” ХК-ийн өмчлөлд шилжүүлсэн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосноор “ХБ” ХК болон иргэн Ц.М нарын хооронд 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан №****** дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээний 742939 тоот Барьцаалбар хүчин төгөлдөр үйлчлэх юм. Дээрхийг үндэслэж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагч Т.З-ын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Бүртгэл хүчингүй болгох тухай” 6255 дугаартай дүгнэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтад заасны дагуу хүчингүй болгож, 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 742939 дугаартай барьцаалбар болон холбогдох барьцааны гэрээний бүртгэлийг сэргээлгэхийг даалгаж өгөхөөр шүүхэд нэхэмжлэл гаргасан хэдий ч шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2024/0467 дугаар шийдвэрийн үндэслэх хэсгийн 3 дахь хэсэгт “Өмчлөгч болон банк хоорондын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад өмчлөх эрх шилжүүлэн авсан банкны хүсэлтээр буюу төлбөр авагчийн "барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх" хүсэлтээр барьцааны гэрээ, барьцаалбар эрх зүйн үйлчлэлгүй болсон байна” гэжээ.

3.2. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт "Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална" гээд, 4.1.4 дэх заалтад "үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх" гэж, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална” гээд, 4.2.8 дахь заалтад “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэж тус тус хуульчилсан байдаг. Тус зохицуулалтуудаас дүгнэвэл, төрийн байгууллагын үйл ажиллагаа нь хуульд заасны дагуу үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх ба хэрэв нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн бол хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмын дагуу түүний хөрөнгийг төрийн байгууллага нь хамгаалах үүрэгтэй юм.

3.3. Төрийн байгууллагын дээрх зарчмуудад итгэн “ХБ” ХК нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн №****** дугаартай, Баянгол дүүргийн *******,*******, 59 дүгээр байрны 6 тоот хаягт байрлах орон сууцыг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 102/11 2017/01398 дугаартай шийдвэр, 2017 оны оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 102/ΧΓ2017/00770 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 17/834 дугаарт “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай” тогтоол, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн газраас 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд ирүүлсэн “эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн №******” дугаартай Баянгол дүүргийн *******,*******,******* тоот хаягт байрлах орон сууцыг “ХБ” ХК-д шилжүүлсэн тухай” албан бичгийн дагуу маргаан бүхий орон сууцыг хууль ёсны дагуу өөрийн өмчлөлд олж авсан байдаг.

3.4. Хэрэв, “ХБ” ХК нь маргаан бүхий орон сууцыг 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол байгааг анхнаасаа мэдсэн бол зээлийг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүхийн гүйцэтгэх хуудас бичүүлэх, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүсэлт гаргахгүй байсан. Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 128/2024/0467 дугаар шийдвэрийн үндэслэх хэсгийн 3-т банкны хүсэлтээр буюу төлбөр авагчийн “барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх" хүсэлтээр барьцааны гэрээ, барьцаалбар эрх зүйн үйлчлэлгүй болсон байна гэж дүгнэсэн нь логикийн хувьд зөрчилтэй гэж үзэж байна.

3.5. Үүнээс гадна, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 128/ШШ2023/0387 дугаартай шийдвэр, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 128/ШШ2023/0387 дугаартай шийдвэрийн дагуу Ц.М-ийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Банкны өмчлөл рүү шилжүүлсэн, Банк нь С.О-той зээлийн гэрээ байгуулж, С.О-ын өмчлөл рүү шилжүүлсэн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Харин, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 782 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 914 магадлалаар Ц.М-ийн хөрөнгө болох маргаан бүхий орон сууцаар хохирлыг барагдуулж Б.У-т шилжүүлэхээр заасан байна. Үүнээс үүдэн, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь маргаан бүхий орон сууцыг Ц.М-ийн өмч гэж үзэн 2024 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр дуудлага худалдаанд оруулж Э.Б ялагчаар тодорчээ. Эдгээр шийдвэрүүдээс үзвэл, маргаан бүхий орон сууцыг Ц.М-ийн өмч гэж үзсэнийг харж болно.

3.6. Ц.М нь энэхүү маргаан бүхий орон сууцыг Ц.М болон “ХБ” ХК нарын хооронд байгуулсан 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн №****** тоот "Орон сууцны зээлийн гэрээ"-ний дагуу зээлээр олж авсан бөгөөд ингэхдээ 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдөр №****** дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-г байгуулсан. Гэтэл, шүүхийн зүгээс Ц.М-ийн өмчлөх эрхийг буцааж сэргээсэн атлаа, “ХБ” ХК-ны барьцааны эрхийг буцааж сэргээгүй нь хууль зүйн хувьд учир дутагдалтай ба хэрэв талуудын хооронд үүссэн эрх зүйн үйл баримт, үр дагавар үгүйсгэгдвэл өмнөх байдал руу шилжихээр байна.

Иймд, дээр дурдсан үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2024/0467 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч, гуравдагч этгээд нараас нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

2. Шүүх дараах үндэслэлээр гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

2.1. Нэхэмжлэгч “ХБ” ХК-иас хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 6255 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах, 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 742939 дугаартай барьцаалбарыг сэргээхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан.

 

2.2. Анхан шатны шүүхээс “...хяналтын улсын байцаагч Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсгийг зөрчсөн бүртгэлд өөрчлөлт оруулсныг хууль бус гэж тогтоосон, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 387 дугаартай хүчин төгөлдөр шийдвэрээр улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 6538 дугаар дүгнэлтээр эрхийн улсын бүртгэлийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр “ХБ” ХК-ийн өмчлөлд, 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр С.О-ын өмчлөлд шилжүүлсэн бүртгэлийг хүчингүй болгосныг хуульд нийцсэнийг нэгэнт дүгнэж шийдвэрлэсэн байх тул дээрх бүртгэлийн дүнд бүртгэсэн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №****** дугаартай барьцааны гэрээний бүртгэлийг хүчингүй болгосон хяналтын улсын ахлах байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 6255 дугаартай дүгнэлт үндэслэл бүхий байна...” гэж дүгнээд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн заалтад нийцжээ.

 

2.3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд анх иргэн Ц.М 2014 оны 8 дугаар сарын 07-ны өдөр “ХБ” ХК-тай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны №****** дугаар гэрээ байгуулж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №****** дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн *******, 4 хороолол Жалханц хутагт Дамдинбазар гудамж 59 дүгээр байр, 6 тоот 53.5 м.кв орон сууцыг зээлийн барьцаанд тавьсан,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ20217/01398 дугаар захирамжаар “ХБ” ХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.М, Ц.Мө нарт холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 74,239,429.18 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч “ХБ” ХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, тухайн үйл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээд С.О-д 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр №****** тоот орон сууцны зээлийн гэрээ, №****** тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг байгуулсан,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 6538 дугаар дүгнэлтээр “тухайн орон сууцыг 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Худалдаа, хөгжлийн банкны өмчлөлд, 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр С.О-ын өмчлөлд шилжүүлсэн бүртгэл”-ийг тус тус хүчингүй болгосон,

“ХБ” ХК болон иргэн С.О нараас дээрх улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 387 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 462 дугаар магадлалаар хянаад тус 6538 дугаартай дүгнэлтийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн,

Харин маргаан бүхий Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 6255 дугаартай дүгнэлтээр “Баянгол дүүргийн *******, Жалханц хутагт Дамдинбазар гудамж 59 дүгээр байрны 6 тоот хаягт байрлах, орон сууцны эрхийн улсын бүртгэлийн №****** дугаартай бүртгэлд 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр бүртгэгдсэн мэдүүлгийн №****** дугаартай, барьцаалбартай барьцааны гэрээний бүртгэлийг хүчингүй болгож” шийдвэрлэсэн байна.

 

2.4. Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 оны/-ийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно” гээд 18.1.10-д “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай ... хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна”, 20 дугаар зүйлийн 20.1-д “Дараахь тохиолдолд эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийнэ” гээд 20.1.4-д “шүүх, арбитр, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гарсан”, 20.5-д “Энэ хуулийн 20.1.4-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол өмчлөгчийн эрхийг хязгаарласан этгээдийн шийдвэрийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна” гэж тус тус заасан.

 

2.5. Тухайн тохиолдолд “ХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.М, Ц.Мө нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 74,239,429.18 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 1398 дугаартай шийдвэр гарахаас өмнө Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-оор Ц.М-ийн өмчлөлийн маргаан бүхий орон сууцыг битүүмжилж, улмаар Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 8ш3/3884 дүгээр албан бичгээр тус орон сууцны өмчлөх эрхийн шилжилт хөдөлгөөнд хориг тавих талаар Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст мэдэгдсэн байхад орон сууцны өмчлөх эрхийн “ХБ” ХК болон иргэн С.О нарт шилжүүлсэн нь дээрх хуулийг зөрчсөн талаар эрх бүхий этгээдээс дүгнэж, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр баталгаажсан байна.

 

2.6. Нэгэнт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ20217/01398 дугаар захирамжаар нэхэмжлэлийн шаардлагад дурдсан барьцаалбар хүчингүй болсон нь хуулийн хүчин төгөлдөр үйлчлэлтэй төдийгүй Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 782 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 914 дүгээр магадлалаар дээр дурдсан Прокурорын тогтоолоор битүүмжилсэн орон сууцыг төлбөрт тооцуулахаар тус тус шийдвэрлэсэн байх тул хариуцагчаас маргаан бүхий дүгнэлтээр тухайн орон сууцны 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр бүртгэгдсэн мэдүүлгийн №****** дугаартай, барьцаалбартай барьцааны гэрээний бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэснийг хууль бус гэж үзэж, хүчингүй болгох үндэслэлгүй.

 

2.7. Өөрөөр хэлбэл, дээрх орон сууцны өмчлөх эрхийг иргэн Ц.М-ээс “ХБ” ХК-д шилжүүлсэн болон “ХБ” ХК-иас С.О-д шилжүүлсэн бүртгэлийг хүчингүй болгосон учир үүнтэй холбоотойгоор хариуцагчаас Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д “хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй ... бүртгэлд ...хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах...” гэж заасан эрхийн хүрээнд маргаан бүхий дүгнэлтийг гаргаж, уг үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний барьцаалбарт 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр бүртгэсэн мэдүүлгийн №****** дугаартай, барьцаалбартай барьцааны гэрээний бүртгэлийг хүчингүй болгосон нь мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална” гээд 4.1.4-д “үнэн зөв, бодитой, ...байх”, 16 дугаар зүйлийн 16.1-д “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ” гээд 16.1.7-д “улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах”, 18 дугаар зүйлийн 18.1-д “Улсын бүртгэлийн байгууллагын хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгж нь улсын бүртгэлийн үйл ажиллагаа болон улсын бүртгэлийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавина”, 18.2-т “Улсын бүртгэлийн хяналтын чиг үүргийг улсын ерөнхий байцаагч, хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч, орон нутаг дахь хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч хэрэгжүүлнэ” гэж тус тус заасанд нийцсэн байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

2.8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолдоо ”ХБ” ХК-ийн өмчлөлд шилжүүлсэн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосноор “ХБ” ХК болон иргэн Ц.М нарын хооронд 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан №****** дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээний 742939 тоот Барьцаалбар хүчин төгөлдөр үйлчилнэ...” гэж тайлбарлаж байх боловч Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн тогтоолоор Ц.М-ийн өмчлөлийн дээрх орон сууцыг битүүмжилж, ийнхүү битүүмжлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцуулахаар шийдвэрлэсэн дээр дурдсан эрүүгийн хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд байх тул гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байна.

 

2.9. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэхээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулсан байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 467 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “ХБ” ХК-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

 

 

  

ШҮҮГЧ                                                           З.ГАНЗОРИГ

 

 

ШҮҮГЧ                                                     Э.ЛХАГВАСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                     Д.ОЮУМАА