Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 888

 

Б.Э, Ж.Д нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Энхтуул,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан:

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Ё.Цогтзандан, Л.Галбадар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 359 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Эын гаргасан давж заалдах гомдлоор Б.Э, Ж.Д нарт холбогдох эрүүгийн 1711011510225 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ......................, 1993 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, операторч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Хатгал тосгон 1 дүгээр хороо, Хаан банкны задгайд оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /......................../;

2. ........................., 1990 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 23-38 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /........................../;

Б.Э нь 2017 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 57-982 тоотод М.Ням-Очиртай маргалдан улмаар түүний хэвлийн тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

Ж.Д нь 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цэргийн төв эмнэлгийн Гэмтлийн тасагт яаралтай түргэн тусламжаар хүргэгдэн ирсэн М.Ням-Очирт эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас М.Ням-Очир нь хэвлийн хөндийд нэвтэрсэн хатгагдсан шарх гэмтлээс шалтгаалсан хэвлийн гялтангийн тархмал идээд үрэвсэлийн улмаас бие махбодийн ерөнхий гүнзгий хордлого, олон эрхтний дутагдалд орж 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар, Ж.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ...............................ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол” учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, .......................... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нар барсан” гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар Б.Эыг 7 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ж.Дийг 2 жилийн хугацаагаар эмчлэх эрхийг хасаж, 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Б.Эд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Дд оногдуулсан 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 жилийн хугацаанд төлөхийг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Эын шүүх хуралдаан болохоос өмнө цагдан хоригдсон 1 жил 5 cap 27 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг нь 19 см урттай, 10 см урттай хар өнгийн иштэй 1 ширхэг хутга, ягаан өнгийн богино ханцуйтай цамц тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Б.Э, Ж.Д нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, Ж.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Э гаргасан давж заалдах гомдолдоо: “Миний бие өөрийн ухамсаргүй алдаанаасаа болж багынхаа найзын биед хүнд гэмтэл учруулсандаа маш их харамсаж, гэмшиж байна. Би мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлгээ үнэн зөвөөр өгч хэргээ хүлээсэн. Миний бие хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс нэхэмжилсэн 4.700.000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны үед бүрэн төлж барагдуулсан. Хохирогчийн талаас хохирол гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлэг өгсөн байдаг. Хохирогч Ням-Очир түргэн тусламжаар 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өглөө 06:30 цагт Цэргийн төв эмнэлэгт хүргэгдэн очиход тухайн өдөр жижүүр эмчээр ээлжинд гараатай байсан эмч Сүхбаатар хүлээн авч үзлэг хийлгүй өөр эмч гэх Дэмбэрэл гэгч нь үзэж, эмч нартай зөвлөлдөхгүй өөрөө дураараа онош тогтоож оёдол хийж явуулсны улмаас хохирогчийн амь нас хохирсонд харамсаж байна. Тухайн үед эмч Дэмбэрэлийг Цэргийн төв эмнэлэгт орон тооны ажилтан бус гэдгийг мэдсээр байж ээлжинд гарган хүн эмчлүүлж, хүний амь насыг хохироосонд Цэргийн төв эмнэлгийн ээлжинд гарч байсан эмч Сүхбаатарыг шалгаж, ямар учир шалтгааны улмаас хүлээн авахын жижүүр эмч ажлын байрандаа байхгүй, ажлын байраа орхиж тус эмнэлэгт ямар ч албан тушаалгүй хүнийг үлдээж, ажлын хариуцлага алдсан явдалд хүний амь нас хохирсонд Сүхбаатар эмч болон бусад ажлын хариуцлага алдсан хүмүүсийг хуулийн дагуу шалгуулах, шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 824 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “хохирогчийн гэдсийг гэмтээсэн шархыг эрт оношлогдож, эрт мэс засал хийлгэсэн бол амь насыг аврах боломжтой, гэмтэлийн дараа өвчний шинж тэмдэг бүдэг үед буцаасны улмаас өвчтний биеийн байдал хүндэрч улмаар нас барахад хүргэсэн болно” гэсэн эмчийн дүгнэлт гарсан байдаг. Иймд дээрх байдал болон анх удаа хэрэг хийсэн, хохирол гомдолгүй, хэргээ үнэн зөвөөр хүлээсэн байдлыг харгалзаж ялыг минь хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

Прокурор С.Энхтуул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ж.Д нь тухайн үед жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байсан Сүхбаатарт хэлж мэдэгдэлгүйгээр өөрөө дур мэдэж Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 2.3-т заасныг зөрчиж, Ням-Очирт эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг бие даан үзүүлсэн болох нь тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдалд үндэслээд Ням-Очирт эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлсэн 6174 дугаар бүхий эмчлэх эрхийн гэрчилгээтэй Ж.Д гэгчийг тус эмнэлэг ямар нэгэн бичгээр олгосон зөвшөөрөл, тушаал, хөдөлмөрийн гэрээгүйгээр уг эмнэлгийн жижүүр эмчийн бүрэлдэхүүнд ажиллуулж Эрүүл мэндийн тухай хууль болон Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэн уг эмнэлэгт арга хэмжээ тооцуулахаар Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэст холбогдох материалыг хүргүүлсэн. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан. Анхан шатны шүүхээс ял шийтгэлийг оногдуулахдаа шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан тохирсон ял шийтгэлийг оногдуулсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Б.Э нь 2017 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 57-982 тоотод М.Ням-Очиртай маргалдан улмаар түүний хэвлийн тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Магванжавын “...шөнө үүрээр 04:00 цагийн үед Ням-Очир над руу залгаад “ээжээ Энх-Оргил намайг хутгалчихаад гараад явчихлаа, би байрандаа ганцаараа яаж ч чадахгүй байна, та хүн амьтанд хэлж өгөөч” гэж ярьсан. Тэгэхээр нь би хамт байсан Мягмаахай гэдэг найзынх нь 98386474 дугаар руу нь олон удаа залгасан боловч утсаа аваагүй. Тэгж байж байгаад Ням-Очирын өөрийнх нь дугаар ч хүртэл холбогдох боломжгүй болчихсон юм. Тэгээд тэр шөнөө хоноод өглөө 09:00 цагийн орчимд Энх-Оргил над руу нэг танихгүй юнителийн дугаараас залгаад “Ням-Очир байрандаа байхгүй байна, би хайгаад эмнэлгээр явж байна” гэж ярьсан. Мөн дараа нь 10:00 цаг өнгөрч байхад Энх-Оргил над руу бас залгаад “би гэмтлийн эмнэлэг болон цагдаагаар явж асуусан ч гэсэн олдохгүй байна” гэж хэлсэн. Тэгэж байснаа удаагүй “Ням-Очир байрандаа ирчихсэн байна, эмнэлэгт очоод оёулаад ирсэн байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр утсаар нь хүүтэйгээ ярихад манай хүү “ээжээ би гайгүй байна, эмнэлэгт очоод оёдол тавиулсан, одоо санаа зоволтгүй, жаахан өвдөж байна” гэж хэлсэн. ...” /1хх 27-30/,

 

гэрч У.Мягмарсүрэнгийн “...Тэгээд гэр рүү нь ортол талийгаач газар хэвтэж байсан. Тэгээд миний гэдсээр өвдөөд байна гэсэн. Бид нар Мягмаржаргал эгчтэй уулзаад 1 дүгээр эмнэлэг дээр очсон. Гэтэл нэгдүгээр эмнэлэг хүлээж авахгүй гэсэн учраас бид Цэргийн төв эмнэлэг дээр очсон. ...” /1хх 34-35/,

гэрч У.Мягмаржаргалын “...2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр манай эгч Магванжав Хөвсгөл аймгаас залгаад “Ням-Очир хүнд хутгалуулчихсан бие нь муу байна гэнэ, очоод эмнэлэгт үзүүл” гэж хэлсэн. Тухайн үед би ажилтай байсан учраас өөрийн нөхөр Батбилэг, дүү Мягмарсүрэн рүү залгаад болсон хэргийн талаар хэлсэн. Тэгээд манай нөхөр, дүү, талийгаач Ням-Очир бид нар нэгдүгээр эмнэлэг дээр очсон. Гэтэл нэгдүгээр эмнэлэг хүлээж авахгүй гэсэн учраас бид Цэргийн төв эмнэлэг дээр очсон. ...” /1хх 36-37/,

гэрч П.Мягмардалайгийн “...би буцаад гэрт иртэл хашааны хаалганы урд талийгаач Ням-Очир газар сууж байсан. Тэгэхээр нь би гэр рүү дагуулж ороод унтуулсан. Тухайн үед би талийгаачийг хутгалуулсан гэдгийг мэдээгүй. Тэгээд маргааш өглөө нь сэрсэн чинь талийгаач Ням-Очир гэрт байхгүй байсан. Тэгээд өглөө сэрээд утсаа хартал талийгаачийн ээж нь над руу “Энх-Оргил Ням-Очирыг хутгалчихсан байна, чи хаана байна” гэсэн. Тэгээд Энх-Оргил ирчихээд гадуур Ням-Очирыг хайж яваад олоогүй буцаад ирсэн. Тэгээд байж байтал талийгаач Ням-Очир гэрт ороод ирсэн юм. Юу болсон талаар асуухад “эмнэлэг орж нэг оёдол тавиулаад боолгочихоод ирлээ” гэж хэлээд унтаад өгсөн. ...” /1хх 38-40/,

гэрч Б.Энхтуяагийн “...2017 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө үүрээр 05 цагийн үед байхаа манай төрсөн дүү болох Энх-Оргил архи уучихсан халамцуухан орж ирээд унтсан. Ингээд өглөө 07 цагийн үед байхаа миний 88014463 дугаарын утас руу Мягмаахай гэж дууддаг Мягмардалай ярьснаа “Энх-Оргилтой яръя” гэхээр дүүдээ утсаа өгсөн чинь тэрээр нойрмоглоод утсаар сайн ярихгүй байсан. Гэтэл цаанаас нь хутганы тухай яриад Ням-Очир байхгүй байна гэж хэлж байгаа сонсогдсон. Тэгэхээр нь утсыг нь аваад “яасан гэнээ, юу болсон гэнээ” гэж асуусан чинь Мягмардалай надад хэлэхдээ “намайг гараад ирэх хооронд нэг нэгнийгээ хутгалчихсан” гэж хэлсэн. Ингээд би Энх- Оргилыг сэрээгээд юу болоод байгаа талаар асуухад надад олигтой юм яриагүй манай нөхрийн 88304463 дугаарын утсыг аваад гарсан. Би өдөр 11 цагийн үед дүү рүүгээ залгаад “Ням-Очирыг олсон юм уу” гэж асуухад “би Хайлаастад нийтийн байрандаа ирсэн чинь сая араас Ням-Очир орж ирлээ, нэг оёдол тавиулсан гэнээ” гэхээр нь гайгүй юм байна гээд тайвширчихсан юм. ...” /1хх 57-58/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1309 дугаартай “..1. Талийгаач М.Ням-Очирт тогтоогдсон зүүн талын ташаан толгойн хэсгээс хэвлийн хөндийд нэвтэрч, бүдүүн гэдэсний уруудах хэсгийг /S гэдэс/ гэмтээсэн хатгагдсан шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” /1хх 66-69/ гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар,

 

Ж.Д нь 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цэргийн төв эмнэлгийн Гэмтлийн тасагт яаралтай түргэн тусламжаар хүргэгдэн ирсэн М.Ням-Очирт эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас М.Ням-Очир нь хэвлийн хөндийд нэвтэрсэн хатгагдсан шарх гэмтлээс шалтгаалсан хэвлийн гялтангийн тархмал идээд үрэвсэлийн улмаас бие махбодийн ерөнхий гүнзгий хордлого, олон эрхтний дутагдалд орж 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нас барсан болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Магванжавын “...ярих болгонд л миний хүү Ням-Очир надад “бие өвдөөд байна, явж чадахгүй байна, явах гэхээр доошоо хүндрээд өвдөөд байна” гэж хэлээд байсан ба “хажууд чинь ямар хүн байна надтай яриулаадах” гэхээр “хажууд Энх-Оргил тасраад уначихсан байна” гэдэг байсан. ...манай дүүгийн хүүхдүүд болох Мягмарсүрэн, Мягмаржаргал хоёр манай хүү дээр очоод эмнэлэгт хүргэсэн, очиход нь бие нь маш муу болсон байсан гэсэн. Тэгээд эмнэлэг дээр очоод хагалгаанд ороод нас барсан. Нас барсан талаар нь би тэр дороо л мэдсэн. Хагалгаанд орох үед нь байнга л утсаар холбоотой байсан. ...” /1хх 27-30/,

гэрч У.Мягмарсүрэнгийн “...Тэгээд цэргийн төв эмнэлэгт хагалгаанд орсон. Тэгээд хагалгаанаас гараад сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 04:00 цагийн үед нас барсан. ...” /1хх 34-35/,

гэрч Б.Жаргалцэцэгийн “...2017 оны 11 дүгээр сарын 03-ны өглөө 06:30 цагийн үед би 6 дугаар давхарт хэвтэж эмчлүүлж байгаа хүмүүст боолт хийх гээд байж байхад доор хүлээн авахаас намайг дуудуулсан. Тэгээд би Дэмбэрэл эмчийн хамт доор хүлээн авах тасагт очиход 103-аар Ням-Очир гэдэг хүн ирсэн байсан. Тэр хүн хэвлийдээ хатгагдсан жижиг шархтай байсан ба 103-ын эмчээс нь юу болсоныг асуухад “гудамжнаас авчирсан” гэж хэлсэн. Би тэр хүний ар гэрийнхэнийг дууд гэхэд Ням-Очир нь надад “манай ар гэрийнхэн энд байхгүй хөдөө байдаг, би хөдөөнөөс ажил хийх гэж хотод орж ирсэн” гэж хэлсэн. Мөн “би гудамжинд хутгалуулчихсан, хутгалсан хүнээ танихгүй” гэж хэлээд байсан. Тухайн өвчтөн бол архи уучихсан нилээд их архи үнэртүүлсэн согтуу байсан. Нэрийг нь асуухад Мянган-Очир, Ням-Очир гэх зэргээр хоёр өөр нэр хэлээд байсан. Ингээд тэр хүнийг Содгэрэл гэдэг ЭХО оношлогооны эмчид харуулахад хэвлийд шингэнгүй гэсэн тул Дэмбэрэл эмч тэр хүнийг үзээд хэвлийд байсан шарханд нь 1-2 оёдол тавиад би шархыг нь цэвэрлэсэн. Оёж дууссаных нь дараа би дээшээ боолтоо хийх гээд гараад явсан. Тэгээд тэр өвчтөнийг яасныг мэдэхгүй байна. Дараа нь доошоо нэг бууж ирэхэд доор цагдаа явж байсан болохоор тэр цагдаатай явж байгаа юм байх гэж бодоод өнгөрсөн. Тухайн өвчтөнийг үзээд яаралтай тусламжийн хуудсыг нь би бөглөсөн юм. Тухайн үед тэр хүний даралт болон зүрхний цохилтыг нь хэмжиж үзэхэд хэвийн байсан. Тухайн үед эмч Ж.Д эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлчихээд, оёдол тавьсан бөгөөд дараа нь ЭХО-д харуулчихаад зүгээр байна, нэвтрээгүй шарх гэж хэлсэн бөгөөд Сүхбаатар эмчид үзүүлье гэж хэлээд явж байсан. Харин тухайн үед талийгаач залуу манай өрөөний гадна байх сандал дээр хүлээгээд сууж байхаар нь би очоод ар гэрийнхээ дугаарыг өг гэж хэлэхэд би хөдөөнийх дуудах хүн байхгүй гэж хэлсэн. Харин би дээшээ 6 давхар руу хэвтэх тасаг руу очиж багаж хэрэгсэлээ үлдээсэн юм. Энэ үед цагдаагийн ажилтан ирсэн байсан. ...багажаа дээшээ гарч үлдээчихээд эргээд 5-10 минутын дараа буугаад ирэхэд цагдаа ч байхгүй нөгөө хүн ч байхгүй байсан. Харин надад тухайн хүнийг байлгаж байх талаар харж байх талаар янз бүрийн зүйл яриагүй. Харин эмч өвчтөнг ажиглаж байгаарай гэж хэлсэн тохиолдолд бид нар өөрсдөө дэргэдээсээ холдуулахгүй байж байгаад дахин хардаг юм. ...” /1хх 41-42, 2хх 213-214/,

 гэрч Т.Сүхбаатарын “..2017 оны 11 дүгээр сарын 03-ны өглөө 09:00 цагийн үед жижүүр эмч нарын ярианаас гарч ирэхэд энэ талаар хэлсэн. Тэгэхээр нь би “наад хүн чинь хаана байна, би үзье” гэхэд хүн нь явчихсан байна гэж хэлсэн. Тэгээд би Дэмбэрэлээс яагаад надад энэ талаар тухайн үед нь хэлээгүйг нь асуухад хариулахгүй байсан. Би Дэмбэрэлийг өвчтөн үз гэж хэлээгүй. Надад хэлэхгүйгээр тухайн өвчтөнг үзсэн байсан. Надад М.Ням-Очир гэдэг өвчтөн ирсэн талаар хэлж мэдэгдээгүй...” /1хх 52-54/,

гэрч Ө.Ганпүрэвийн “..2017 оны 11 сарын 03-ны өдрийн 06 цагийн орчимд Цэргийн төв госпитал эмнэлэгт хутгалуулсан хүн ирлээ гэх дуудлагын дагуу жижүүрийн бүрэлдэхүүн буюу эрүүгийн мөрдөгч дэслэгч Ц.Анхбаярын хамт тус эмнэлэгт очиход талийгаач М.Ням-Очирыг эмч үзлэг хийгээд, оёдол тавиулсан, үүдний хүлээлгийн танхимд сандал дээр унтаж байсан юм. Тухайн үед эмнэлэг дээр очоод гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг 2017 оны 11 дүгээр сарын 03-ны 07 цаг 10 минутанд бичгээр гомдлыг хүлээн аваад, улмаар талийгаач М.Ням-Очирт эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн эмч Ж.Д эмчтэй уулзаж, талийгаачийн биеийн байдлын талаар асуухад “хэвлий хөндийд нэвтрээгүй хатгагдсан шархтай, оёдол тавьсан одоо хэвийн авч явж болно” гэсний дагуу эмчээр тодорхойлолт бичүүлэн авч яаралтай тусламжийн хуудсын хуулбар хувийг аваад талийгаач М.Ням-Очирыг тус цагдаагийн хэлтэс дээр авч ирээд эрүүгийн мөрдөгч, М.Анхбаяр талийгаач М.Ням-Очироос болсон асуудпын талаар гэрчийн мэдүүлэг аваад, гомдлыг материалжуулаад тухайн иргэнийг явуулсан юм. Тухайн үед Ж.Д эмчтэй уулзахад биеийн байдал хэвийн авч явж болно гэсний дагуу тухайн этгээдээс болсон үйл явдлын талаар мэдүүлэг авахаар тус цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн юм. ...” /2хх 193/,

шинжээч эмч Ц.Бадралын “...Дээрх дүгнэлтийг санал нэгтэй гаргасан. Талийгаачид учирсан гэмтэл нь хугацаа алдалгүй мэс засал эмчилгээ хийсэн бол амь насыг аврах боломжтой гэмтэл юм. ...” /2хх 70-71/,

шинжээч эмч М.Энхбаярын “...Талийгаачид учирсан гэмтэл нь хугацаа алдалгүй мэс засал, эмчилгээ хийсэн бол амь насыг аврах боломжтой гэмтэл байсан. Өвчтөн анх эмнэлэгт хандах үед ЭХО болон бусад шинжилгээгээр хэвлийн хөндийд хутга нэвтэрч дотор эрхтэн гэмтсэн гэдгийг шууд оношлох боломжгүй байж болдог. Ийм учраас өвчтнийг хэсэг хугацаанд ажигладаг. Үүний дараа давтан үздэг. Энэ хугацаа нь хамгийн багадаа 2 цаг байдаг. ...” /2хх 72-73/,

шинжээч эмч Т.Амартүвшингийн  “...Хэрэв тухайн үед амь хохирогч Ням-Очирт дахин ажиглалт шинжилгээ хийж, давтан ЭХО-д хараад, бүрэн ажигласан тохиолдолд амь нас аврагдах боломжтой. ...” /2хх 195-196/,

шинжээч эмч О.Болороогийн “...өвчтнийг анх ирэх үед нь өвчтний шинж тэмдэг бүдэг, ЭХО шинжилгээгээр цус хуралт, хэвлийн хөндийд хий тогтоогдоогүй байж болно. Уг тохиолдолд өвчтнийг хэвтүүлэн тодорхой хугацааны дараа дахин ЭХО шинжилгээ хийж өвчтнийг ажиглаж оношийг тогтоох боломжтой байсан. Тэр даруй оношийг зөв тогтоож, мэс заслын эмчилгээг эрт хийсэн тохиолдолд амь насыг аврах боломжтой байсан. ...” /2хх 204-205/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2205 дугаартай “...Талийгаач М.Ням-Очирын цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр зүүн талын ташаан толгойн хэсгээс хэвлийн хөндийд нэвтэрч бүдүүн удуудах хэсгийг гэмтээсэн хатгагдсан шарх, цээж, баруун сарвууны 2, 3 дугаар хуруун дахь зулгаралт, зэрэг гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр цээж, баруун сарвууны 2, 3 дугаар хуруун дахь зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлийг дараалалын нарийвчлан тогтоох боломжгүй ба талийгаачийн амьд байх үед үүсгэгдсэн гэмтлүүд байна. Талийгаач нь хэвлийн хөндийн нэвтэрсэн хатгагдсан шарх, гэмтлээс шалтгаалсан хэвлийн гялтангийн тархмал идээт үрэвслийн улмаас бие махбодийн ерөнхий гүнзгий хордлого, олон эрхтний дутагдалд орж нас барсан. Биеэ хамгаалан тэмцэлдсэнийг гэрчлэх шинж тэмдэг ул мөр тогтоогдоогүй. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байсан. Талгийгаач нь Ва/3/ бүлгийн цустай байсан. Талийгаачийг гэмтсэн даруйд мэс засал хийсэн тохиолдолд амь насыг аврах боломжтой. ...”/1хх 71-75/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 824 дугаартай “Урьд гарсан 2205, 1309 дүгнэлтүүд үндэслэлтэй байна. Талийгаачийг анх хүлээн авч үзэхдээ бодит үзлэгээр хэвлийн шархыг хэвлийн хөндий нэвтэрсэн эсэхийг шалгах, хэвлийн ЭХО шинжилгээгээр дотор эрхтэн гэмтсэн эсэхийг шалган оношилж тогтоодог болно. Гэмтэл авсаны дараа эхний хэдэн цагт өвчтөнд шинж тэмдэг бүдэг ЭХО шинжилгээгээр хий, шингэн хуралт оношлогдохгүй байж болно. Энэ тохиолдолд өвчтөнг хэвтүүлэн өвчтөний биеийн байдлыг ажиглах шаардлагатай байжээ. Хэвлийн хөндий нэвтэрсэн шарх дотор эрхтэнг гэмтээсэн шинж тэмдэг илэрсэн даруйд яаралтай журмаар мэс засал хийх шаардлагатай. Гэдсийг гэмтээсэн шархыг эрт оношлогдож эрт мэс засал хийлгэх тусам амь насыг аврах боломжтой, оройтох тусам амь насыг аврах боломж муутай. Уг тохиолдолд гэмтлийн дараа өвчний шинж тэмдэг бүдэг үед буцаасны улмаас өвчтний биеийн байдал хүндэрч улмаар нас барахад хүргэсэн болно. ...” /2хх 90-94/ гэх дүгнэлтүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 9-11/, яаралтай тусламжийн хуудас /1хх 16/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 18/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 19-23/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

            Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцсэн байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч Б.Эыг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, шүүгдэгч Ж.Дийг эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нар барсан гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Эыг М.Ням-Очиртай маргалдан улмаар түүний хэвлийн тус газарт нь хутгалж хүнд гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар, шүүгдэгч Ж.Дийг Цэргийн төв эмнэлгийн Гэмтлийн тасагт яаралтай түргэн тусламжаар хүргэгдэн ирсэн М.Ням-Очирт эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас М.Ням-Очир нь нас барсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял, Ж.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар эмчлэх эрхийг хасаж, 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул “...ялыг минь хөнгөрүүлж өгнө үү.” гэсэн шүүгдэгч Б.Эын давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Б.Эын санаатай үйлдлийн улмаас хүний биед хүнд гэмтэл учирч амь нас нь хохирох эх үүсвэрийг бүрдүүлсэн байх ба улмаар эмчилгээний алдаанаас шалтгаалж амь нас нь хохирч ноцтой хор уршиг учирсныг шүүх харгалзан үзэв.

Шүүх хэргийг яллах дүгнэлтийн хүрээнд хянан шийдвэрлэсэн байх боловч иргэн амь тэмцсэн, эмнэлгийн яаралтай тусламж авах хойшлуулашгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд эмнэлэгт шууд хандаж эмчлүүлэх эрхтэй. Харин харъяалах эмнэлэг нь барилга байгууламж, техник хэрэгсэл, багаж тоног төхөөрөмж дагалдах хэрэгсэл, хүний нөөцийн хувьд мэргэшсэн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай эрхтэй эмчтэй байх бөгөөд эмнэлгийн мэргэшсэн тусламж үйлчилгээг Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуульд заасны дагуу эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байгууллагад албан ёсоор ажилладаг эмчээр үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй атал тухайн үед албан ёсоор жижүүр эмчээр ажиллаж байсан Т.Сүхбаатар энэ хэрэгт гэм буруутай эсэх талаар шалгах нь зүйтэй боловч шалгалгүйгээр ирүүлсэн нь энэ хэргийг эцэслэн шийдвэрлэхэд саад болохгүй юм.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 359 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Эын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 359 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Эын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                                        Н.БАТСАЙХАН

 

 ШҮҮГЧ                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 ШҮҮГЧ                                                        Д.МЯГМАРЖАВ