| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2022/0169/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/167 |
| Огноо | 2022-11-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/167
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тдаргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,
улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө,
насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ц,
насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч К.Е,
өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч З.Е,
өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч С.Нургайып,
өсвөр насны шүүгдэгч Е.К нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Өэс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т к овогт Еын Кт холбогдох эрүүгийн 2213002700210 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Т ковогт Еын К, 2004 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг эх, ах дүү нарын хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын.... дугаар багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, РД:.
Өсвөр насны шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Өсвөр насны шүүгдэгч Е.К нь 2022 оны 09 дүгээр сарын 06-ны орой 17 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч М.Тийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар.
1. Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч нараас гаргасан мэдүүлэг.
1.1. Өсвөр насны шүүгдэгч Е.К мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
1.2. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ц мэдүүлэхдээ: Болсон явдлын талаар хохирогч хүүхэд маань мэдүүлгээ өгсөн. Хууль ёсны төлөөлөгчийн хувьд тайлбар хэлэхэд рентген зургийн үнэ 20.000 төгрөг, хиймэл шүдний үнэ 40.000 төгрөг, нийт 60.000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийн хэсгээс татгалзаж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт зардалд 11.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч одоо циркон имплант шүдний үнэ 5.000.000 төгрөг, оношлогооны зардал 160.000 төгрөг, шүдний бүрээсийн үнэ 900.000 төгрөг, шүдний нүүрэвчний үнэ 1.090.000 төгрөг, ор хоногийн үнэ 1.120.000 төгрөг, нийт 8.270.000 төгрөгийг нэхэмжилж байна.
Одоо хүртэл хүүхдэд яагаад имплант шүд хийлгээгүй вэ гэвэл 18 насанд хүрээгүй байгаа, мэргэжлийн эмнэлгээс хүүхэд 18 насанд хүрсний дараа имплант шүд хийнэ гэж хариу өгсөн” гэв.
Иргэний хариуцагч З.Еоос мэдүүлэхдээ: “Шүүхээс шийдвэрлэсэн бодит хохирлыг төлнө” гэв.
2. Эрүүгийн 2213002700210 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Насанд хүрээгүй хохирогч М.Тээс гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,
2.2. Насанд хүрээгүй хохирогч М.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-13 дахь тал/,
2.3. Насанд хүрээгүй гэрч Б.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,
2.4. Насанд хүрээгүй гэрч М.Нуртуганы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,
2.5. Насанд хүрээгүй гэрч Н.Султаны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,
2.6. Гэрч М.Гантогтохын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,
2.7. Гэрч Н.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,
2.8. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны хүний их эмч ажилтай К.Хын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 650 дугаартай “иргэн М.Тгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох”-ыг тогтоосон дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,
2.9. Гэрч Е.Пийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,
2.10. Өсвөр насны яллагдагч Е.Кийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 69-70 дахь тал/,
2.11. Өсвөр насны яллагдагч Е.Кийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хавтаст хэргийн 76-78, 83-94, 97, 100-101/,
2.12. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Цгээс шүүх хуралдаанд гаргасан өгсөн гэмт хэргийн хор уршгийн тооцоо, “Хатагтай дентал клиник” шүдний эмнэлгийн эмчилгээний танилцуулгын зурвас болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, өсвөр насны шүүгдэгч Е.Кийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
3.1. Хэргийн үйл баримтын талаар.
Өсвөр насны шүүгдэгч Е.К нь 2022 оны 09 дүгээр сарын 06-ны орой 17 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч М.Тийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
3.1.1. Насанд хүрээгүй хохирогч М.Тээс гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,
3.1.2. Насанд хүрээгүй хохирогч М.Тий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Миний бие өнөөдөр 17 цаг 10 минутын үед хуучин сургуулийн найзууд болох А, Бл нарын хамт төв талбай дээр уулзаад “МJS тауэр”-ын 1 давхарт байрлах хүнсний дэлгүүр ороод дэлгүүрээс ундаа аваад захиргааны зүүн талын модон сандал дээр суугаад ярилцаж байхад цаад хашаанаас 7-8 эрэгтэй хүүхдүүд явж байхад тэдний дундаас нь саарал өнгийн футболктой, хар улаан өнгийн шортой 1 метр 78 см орчим өндөртэй казах хүүхэд модны мөчир рүү үсрээд хүрэхгүй байхаар нь би “еээ” гээд хэлчихсэн. Тэгтэл тэнд хамт явж байсан буржгар үстэй 1 метр 80 см орчим өндөртэй залуу ирээд “чи миний найзыг доромжиллоо” гээд над руу дайрах гэхээр нь тэд нар олуулаа явж байсан болохоор бид гурав “тийм зүйл байхгүй ээ” гээд аргалаад тэднийг явуулсан.
Тэд нар явсны дараагаар бид гурав хэсэг сууж байгаад ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн тэнд хуучин ангийн хүүхэдтэй уулзах гээд захиргааны баруун талын шороон гудамж руу эргэхэд нөгөө залуучууд бүгд урдаас гарч ирж тааралдсан. Тэгээд түрүүний над руу дайраад байсан залуу над руу дайраад ирэхээр нь би баруун гараа атгаж байгаад түүний зүүн хацар руу нэг удаа цохисон. Тэгсэн чинь ногоон футболктой, урт үстэй залуу миний үүдэн шүд рүү баруун гараараа атгаж байгаад нэг удаа цохисон. Тэгээд миний үүдэн нэг шүд унасан. Тэгээд намайг зодсон залууг дагуулаад аав Н.Мөнгөн-Очрын ажил дээр очсон. Тэгээд аав маань цагдаад шалгуулах хэрэгтэй гэхээр нь цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. Тухайн үед би эхлээд над руу дайрч байсан залууг нэг удаа цохисон. Тэгээд хажуу талаас нь нэг залуу орж ирээд миний шүд рүү бөгжтэй гараараа нэг удаа цохисон. Тэрнээс өөр бусад нь зодоонд оролцоогүй. А, Б нарыг зодоогүй. Миний үүдэн 1 ширхэг шүд бүхэлдээ унасан, уруулын дотор тал шалбарсан, өөр шарх байхгүй. Би гомдолтой байна, эмчилгээний төлбөрийг нэхэмжлэх болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-13 дахь тал/,
3.1.3. Насанд хүрээгүй гэрч Б.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Миний бие өчигдөр орой 16 цагийн үед найз С, К, Н нартай уулзаад явж байхад талбай дээр Ктэй тааралдсан. Тэгээд захиргааны зүүн талын хөшөө байдаг хашаан дотор сандал дээр суугаад ярилцаж байгаад тэндээс гараад явж байхад гадна талын хашааны хажуугийн сандал дээр 3 эрэгтэй хүүхэд сууж байсан ба би хашаанаас гарахдаа хажууд байсан модны мөчир рүү гараа хүргэж үзэх гээд үсрэхэд миний гар тухайн модны мөчирт хүрээгүй. Тэр үед нөгөө сандал дээр сууж байсан нэг залуу “еээ пизда” гэж хэлэхээр нь би тэндээ зогсоод “чи надад хандаж хэлсэн үү” гэхэд тэрээр “үгүй, үгүй” гэсэн. Тэгэхээр нь бид тавуулаа хамт захиргааны баруун талын буланд очиж зогсоод юм ярилцаад зогсож байхад нөгөө 3 залуу бидний зогсож байсан газарт ирсэн. Тэгээд нөгөө “еээ пизда” гэж хэлсэн залуу над руу ирээд миний гараас татаад хоёулаа ийшлээд ярилцах уу гэхээр нь би зодолдоод дийлэхгүй юм байна гэж бодоод “хэлэх зүйл байвал энд хэлчих” гэхэд тэрээр баруун гараа атгаж байгаад миний зүүн талын нүд рүү нэг удаа цохисон, тэр үед миний нүд харанхуйлаад унасан. Тэгээд дахиад намайг зодох гээд ирэх үед найз Е.К түүний ам руу баруун гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Тэгээд нөгөө залуугийн амнаас цус гарсан, тэр үед Е.К “та нар одоо яах гэж байна, зодолдмоор байна уу, эндээсээ явцгаах юм уу” гэхэд нөгөө гурван залуу яваад өгсөн. Тэгээд бид тавуулаа бөөндөө Думан баарны тийш алхаж байгаад буцаад талбай руу ирээд зайрмаг идэх гээд талбай руу орж байхад нөгөө зодуулсан залуу ахыгаа дагуулаад ирсэн ба тэндээс Е.Кийг дагуулаад цагдаа руу явсан, болсон явдал энэ юм.
Тухайн үед нөгөө залуу намайг нэг удаа цохисон. Тэр залууг Е.К гараа атгаж байгаад нэг удаа цохисон, өөр бусад нь зодоонд оролцоогүй болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,
3.1.4. Насанд хүрээгүй гэрч М.Ны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд захиргааны баруун талд байдаг шороон гудамжинд бүгдээрээ ярилцаад мөнгөө нийлүүлээд зайрмаг авч идэх гээд зогсож байхад нөгөө гурван залуу хүрээд ирсэн. Тэгээд түрүүний “еээ пизда” гэсэн залуу Б.Ан хажууд ирээд “нааш ир, хоёулаа ярилцах уу” гэхэд Б.А “явахгүй” гэж хэлсэн. Тэгсний дараагаар нөгөө залуу Б.Аын зүүн талын хацар руу гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Түүний дараагаар Б.А газарт суусан. Тэгээд хажуунаас нь Е.К түүнийг өмөөрөөд уг залуугийн шүд рүү баруун гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Тэгээд нөгөө залуугийн нэг ширхэг шүд унаад амнаас нь цус гарсан. Тэндээсээ Думан баарны тийш явж байгаад буцаад бөөндөө талбай ороод зайрмаг идэх гэж байхад нөгөө залуу ахыгаа дагуулаад ирчихсэн Кийг дагуулаад цагдаа руу явсан ба бид нар гэртээ харьсан юм. Би зодоонд оролцоогүй, намайг хэн нэгэн цохиогүй. Бахберген, Султан бид гурав зодоонд оролцоогүй. Нөгөө талаас хамт явсан хоёр залуу ч мөн адил зодоонд оролцоогүй юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,
3.1.5. Насанд хүрээгүй гэрч Н.Сны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд нөгөө “еээ пизда” гэж хэлсэн залуу Б.Аыг “чи наашаа хүрээд ир, хоёулаа ярилцья” гэхэд тэрээр “явахгүй, эндээ ярьчих” гэж хэлэхэд нөгөө залуу Б.Аын зүүн талын хацар руу гараа атгаж байгаад 1 удаа цохисон. Тэр үед Б.А доош нь суусан ба дахиад цохих гэж дайрах үед нь Е.К түүнийг хамгаалаад нөгөө залуугийн ам руу баруун гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Тэгээд нөгөө залуугийн нэг шүд нь унасан. Тэгээд “зүгээр үү” гэхэд “зүгээр, зүгээр” гэхээр нь бид тавуулаа Думан баарны тийш явж байгаад буцаад талбай руу очиж зайрмаг идэх гээд ирэхэд нөгөө шүд нь унасан залуу ахыгаа дагуулж ирсэн байсан ба Е.Кийг цагдаа руу дагуулаад явсан юм. Намайг хэн нэгэн цохиогүй. Бн, Н бид гурав зодоонд оролцоогүй. Нөгөө талаас хамт явсан 2 залуу ч мөн адил зодоонд оролцоогүй юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,
3.1.6. Гэрч М.Гхын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Би өөрөө М.Т бусдад зодуулсан талаар түүний өөрөөс нь мэдсэн. Тэрээр надад 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр фейсбүүк чатаар “ах та хаана байна, би хүүхдэд зодуулчихлаа, та хүрээд ирээч” гэхээр нь түүнийг хаана байгааг нь асуухад тэрээр Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль дээр байна гэсэн. Тэгээд би тухайн сургууль дээр явж очоод М.Ттэй уулзахад түүний үүдэн нэг шүд уначихсан, зодсон хүүхэд нь хаана байгаа талаар асуухад тэрээр талбай руу явсан гэхээр нь түүнийг дагуулаад талбай руу явсан. Тэгээд талбай дээр очоод нөгөө хүүхдийг нь хайхад талбайн баруун урд талаас буюу холбооны урдаас хэсэг хүүхдүүд гарч ирсэн бөгөөд тэдний дунд М.Тг зодсон гэх хүүхэд байхаар нь түүнийг дагуулаад энэ асуудлаа цагдаад очиж шийдүүл гэхэд тэрээр эндээ зохицоод явчихья гэхээр нь “тийм зүйл байхгүй” гээд түүнийг М.Тгийн хамт цагдаад дагуулж ирээд яваад өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,
3.1.7. Гэрч Н.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Миний хүү М.Т нь 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр бусдад зодуулсны улмаас шүд, эрүүний рентген зураг авхуулсны төлбөрт 20.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Мөн хиймэл шүд 40.000 төгрөгөөр хийлгэсэн тухайн мөнгийг бэлнээр төлсөн. М.Тгийн шүд эрүүний рентген зураг авхуулсан 20.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн баримт байгаа. Харин хиймэл шүд хийлгэсэн 40.000 төгрөгийг бэлнээр төлсөн учраас баримт байхгүй. Имплант шүдийг 18 насанд хүрсний дараагаар хийж өгдөг гэсэн. Миний хүү М.Т одоо 16 настай өсөлтийн насан дээрээ явж байгаа болохоор имплант шүдийг шууд хийлгэх боломжгүй, наана нь эмчилгээ хийлгэх учраас эмчилгээний зардал их гарах болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,
3.1.8. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны хүний их эмч ажилтай К.Хын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 650 дугаартай “1. М.Тгийн биед үүдэн 1-р шүд унасан, дээд доод уруулын хаван хавдар, уруулын доторх шалбарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой байна. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Тухайн үед үүсэх боломжтой шинэ гэмтэл байна” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 дахь тал/
3.1.9. Өсвөр насны яллагдагч Е.Кийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд бид тэндээс холдоод захиргааны баруун талын буланд зогсож байхад нөгөө гурван хүүхэд бидний араас ирсэн ба нөгөө “еээ пизда” гэж хэлсэн хүүхэд Б.Аын нүд рүү нэг удаа цохисон. Тэгээд дахиад цохих гэж байхад нь би түүнийг хамгаалаад түүний ам руу баруун гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Тэгээд түүний амнаас нь цус гарсан, тэгээд тэнд нэг нэгнээсээ уучлалт гуйгаад салаад явцгаасан. Тэгээд бид Думан баарны тэр хавьд явж байгаад буцаад талбай руу ирэхэд миний зодсон хүүхэд ахыгаа дагуулаад ирсэн байсан ба ах нь намайг цагдаад дагуулж ирсэн, болсон явдал энэ юм. Би М.Тгийн хохиролд ямар нэгэн төлбөр төлөөгүй. Гэхдээ би аавынхаа хамт уучлалт гуйж хохирлыг барагдуулж өгөхөөр очсон, эхэндээ тохиролцсон боловч сүүлдээ хохирлын төлбөр дээр маргаан гарч тэгээд барагдуулаагүй байгаа. Хуулийн байгууллагаар шийдвэрлүүлнэ гэсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 69-70 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.
4. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “өсвөр насны шүүгдэгч Е.Кийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлтийг
Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгчөөс “Өсвөр насны шүүгдэгчийн гэм буруугийн талаар гаргасан улсын яллагчийн дүгнэлттэй санал нэг байгаа, гэмт хэргийн хор уршгийг бүрэн хэмжээгээр гаргуулах” дүгнэлтийг
Өсвөр насны шүүгдэгч Е.К “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг, өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй” гэх тайлбар, дүгнэлтээ гаргаж, гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.
5. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэргийн үйл баримтын хүрээнд хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
6.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
6.2. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
6.3. Өсвөр насны шүүгдэгч Е.К нь насанд хүрээгүй хохирогч М.Тгийн дээрх хуулиар баталгаажуулсан халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж эрүүл мэндэд “үүдэн 1-р шүд унасан, дээд доод уруулын хаван хавдар, уруулын доторх шалбарсан шарх бүхий” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
6.4. Тухайн цаг хугацаанд насанд хүрээгүй хохирогч М.Т насанд хүрээгүй гэрч Б.Аын эрх чөлөөнд халдсан талаар өсвөр насны шүүгдэгч Е.Кийн зүгээс цагдаагийн байгууллагад хандаж, хуулийн хүрээнд шалгуулах бүрэн боломжтой байжээ.
6.5. Өсвөр насны шүүгдэгч Е.Кийн гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, өсвөр насны шүүгдэгч Е.Кийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
6.6. Гэмт хэрэг гарахад өсвөр насны шүүгдэгч Е.Кийн хуулийн мэдлэггүй байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.
7. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
7.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
7.2. Өсвөр насны шүүгдэгч Е.Кийн гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч М.Тий эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх заалтад заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
7.3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 503 дугаар зүйлийн 503.5. “Насанд хүрээгүй хүмүүс бусдад учруулсан гэм хорыг өөрөө хариуцан арилгах бөгөөд түүний цалин хөлс, орлого, захиран зарцуулах эрхэд нь байгаа хөрөнгө гэм хорыг арилгахад хүрэлцэхгүй бол хүрэлцэхгүй байгаа тэр хэмжээгээр эцэг эх, харгалзан дэмжигч нь нөхөх хариуцлага хүлээнэ.”, 505 дугаар зүйлийн 505.1. “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан.
7.4. Эрүүгийн хавтаст хэргийн 76-78, 83-94, 97, 100-101 дахь талд авагдсан өсвөр насны шүүгдэгч Е.Кийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаас үзэхэд бүрэн дунд сургуулийг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн, одоогоор эцэг эхийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, өөрийн гэсэн хөрөнгөгүй байдал тогтоогдож байх тул иргэний хариуцагч З.Еоос гэмт хэргийн хор уршгийг нотлогдсон хэмжээгээр тооцож гаргуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
7.5. Шүүх хуралдаанд оролцсон насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ц нь рентген зургийн үнэ 20.000 төгрөг, хиймэл шүдний үнэ 40.000 төгрөг, нийт 60.000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийн хэсгээс татгалзсан, мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт эмчилгээний зардалд 11.000.000 төгрөг нэхэмжилсэнээс гэмт хэргийн хор уршгийн хэмжээг багасгаж, циркон имплант шүдний үнэ 5.000.000 төгрөг, оношлогооны зардал 160.000 төгрөг, шүдний бүрээсийн үнэ 900.000 төгрөг, шүдний нүүрэвчний үнэ 1.090.000 төгрөг, ор хоногийн үнэ 1.120.000 төгрөг, нийт 8.270.000 төгрөгийг нэхэмжилж байгаа тухай мэдүүлсэн байна.
7.6. Эрүүгийн хавтаст хэргийн 28 дахь талд авагдсан гэрч Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн шүдний их эмч Е.Плийн “...имплант шүд хийхийн тулд тухайн хүүхдэд үнэлгээ өгөөд рентген зураг авч шүд бүрэн ургасан эсэх, тухайн унасан шүдний ором эдгэсний дараагаар шүд хийнэ. Имплант шүдийг Баян-Өлгий аймагт хийдэггүй бөгөөд Улаанбаатар хотод хамгийн доод талын ханш нь 2.500.000 төгрөгөөс эхлээд 5.000.000 төгрөг хүртэл байдаг. Мөн имплант шүд хийлгэсний дараа 1-3 сарын хооронд ажиглалт хийж, эм ууж болно. Тухайн эм тариа нь хувьсах зардал орно” гэж мэдүүлснийг үндэслэн шүүхээс насанд хүрээгүй хохирогч М.Тний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс хиймэл эрхтэн буюу имплант шүд хийлгэхэд зайлашгүй гарах зардлыг 5.000.000 төгрөгөөр тооцож, иргэний хариуцагч З.Еоос гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Цд олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ. Өсвөр насны шүүгдэгч Е.К нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй.
7.7. Харин насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Цгийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн гэмт хэргийн хор уршгийн талаарх нотлох баримтууд нь хуулбар хэлбэртэй, эрх бүхий байгууллагын тамга тэмдэггүй, хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа тул оношлогооны зардал 160.000 төгрөг, шүдний бүрээсийн үнэ 900.000 төгрөг, шүдний нүүрэвчний үнэ 1.090.000 төгрөг, ор хоногийн үнэ 1.120.000 төгрөг, нийт 3.270.000 төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийн хэсгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
2.1. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “өсвөр насны шүүгдэгч Е.Кт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх” дүгнэлтийг,
насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчөөс “эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан хэлэх зүйлгүй” гэх тайлбар, дүгнэлтийг,
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нургайыпаас “Өсвөр насны шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, хохирогчийн зүй бус харилцааны улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, хувийн байдал зэргийг харгалзаж үзэж улсын яллагчийн санал болгож буй 500.000 төгрөгийн торгох ялыг хөнгөрүүлж 450.000 төгрөгөөр тогтоож өгнө үү” гэх дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн болно.
2.2. Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Е.Кт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2.3. Өсвөр насны шүүгдэгч Е.К нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд өсвөр насны шүүгдэгч Е.К урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
Өсвөр насны шүүгдэгч Е.К нь хувийн байдлын хувьд 2004 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, 17 настай, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр тус аймгийн Өлгий сумын 1 дүгээр бүрэн дунд сургуулийг төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн, эрхэлсэн тодорхой ажилгүй байна.
2.4. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч, өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч нарын “өсвөр насны шүүгдэгч Е.Кт торгох шийтгэл оногдуулах тухай” дүгнэлтийг хүлээн авах боломжгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1. “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.”, 8.2 дугаар зүйлийн 1. “Гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд дараах ял оногдуулна: 1.1. “нийтэд тустай ажил хийлгэх;” 1.2. “зорчих эрхийг хязгаарлах;” 1.3. “сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих.”, 8.7 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж хуульчилсан байна.
2.5. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн өсвөр насны шүүгдэгч Е.Кт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Е.Кт оногдуулсан 2 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг хоёр дахин багасгаж, түүний биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Е.Кт зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүний оршин суугаа нутаг дэвсгэр болох Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Е.К нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
2.6. Өсвөр насны шүүгдэгч Е.Кт оногдуулсан 1 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
2.7. Энэ хэрэгт өсвөр насны шүүгдэгч Е.К нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй болно.
2.8. Өсвөр насны шүүгдэгч Е.Кт урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1, 18.2 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Т к овогт Еын Кийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Е.Кийг 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Е.Кт оногдуулсан 2 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг хоёр дахин багасгаж, түүний биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 (нэг) сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Е.Кт зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүний оршин суугаа нутаг дэвсгэр болох Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Е.К нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Өсвөр насны шүүгдэгч Е.Кт оногдуулсан 1 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 503 дугаар зүйлийн 503.5 дахь хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэний хариуцагч З.Еаас насанд хүрээгүй хохирогч М.Тий хиймэл эрхтэн хийлгэх зардалд 5.000.000 төгрөг гаргуулан насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Цд олгож, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ц нь рентген зургийн үнэ 20.000 төгрөг, хиймэл шүдний үнэ 40.000 төгрөг, нийт 60.000 төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийн хэсгээс татгалзсан болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч М.Т, түүний хууль ёсны төлөөлөгч С.Ц нарын нэхэмжилсэн эмчилгээний болон бусад зардалд нийт 3.270.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний нэхэмжлэлийг нотлох баримтгүй тул хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй.
9. Энэ хэрэгт өсвөр насны шүүгдэгч Е.К нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, өсвөр насны шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 39 дугаартай, иргэний хариуцагч З.Еын эзэмшлийн “Toyota sienta” загварын 71-38 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр нь үлдээсүгэй.
11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, өсвөр насны шүүгдэгч Е.Кт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өсвөр насны шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний хариуцагч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
13. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд өсвөр насны шүүгдэгч Е.Кт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.Т