Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1079

 

 

 

 

 

 

2022          11          16                                        2022/ШЦТ/1079

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт,

          улсын яллагч Ц.Буянхишиг,

          шүүгдэгч Н.О нарыг оролцуулан эрүүгийн 2209000...... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, Н.О /регистрийн дугаар/, 19.. оны 8 дугаар сарын 20-ны өдөр, ... хотод төрсөн, .. настай, эмэгтэй, боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

  

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

            Н.О нь Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “Б” махны дэлгүүрийн худалдагчаар 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн хооронд ажиллаж байх хугацаанд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу байгууллагын кассаас 3.317.495 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Н.О үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Н.О нь Сүхбаатар дүүргэгт “Б” махны дэлгүүрийн худалдагчаар 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн хооронд ажиллаж байх хугацаанд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу байгууллагын кассаас 3.317.495 төгрөгийг хувьдаа завшсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх шүүгдэгч Н.О нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу байгууллагын кассаас 3.317.495 төгрөгийг хувьдаа завшсан үйл баримт нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.О мэдүүлсэн: “...Мөрдөн байцаалтын шатад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

шүүгдэгч Н.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..Миний ажиллаж байх хугацаанд тухайн лангуун дээр ажиллаж байхдаа 7 дугаар сарын 28, 29-ний өдөр ажиллаж байхдаа бол 1 хоног дээр нь дагалдан хийж ажилласан. Тэгээд бие өвдөөд 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл ажиллагаагүй юм. Тэгээд би 8 дугаар сарын 05-ны өдөр ажиллаж эхлэхдээ З гэх худалдагчаас тоолж авсан тэгэхэд надад 7 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд тооцоо дутсан гэж хэлээгүй. Би тухайн лангуун дээр ажиллаж байхдаа би 8 дугаар сарын 13-ны өдөр 300.000 төгрөгийг л авсан би өөрөөр бол мөнгө аваагүй ямар учраас илүү мөнгө дутсан гэж тооцоо гаргаад байгааг ойлгохгүй байна...” гэх мэдүүлэг /xx-ийн 48-49,

хохирогч Ш.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Сүхбаатар дүүргэгт махны дэлгүүр ажиллуулдаг. Тэгээд 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр дэлгүүртэй Н.О ыг ажиллуулж эхэлсэн. Тэгээд 2022 оны 08 дугаар сарын 06-аас 14-ний өдрийн хооронд сувилалд яваад ирэхэд дэлгүүрийн тооцоо дутсан. Тэгээд худалдагч Н.О руу ярихад маргааш аваад очъё гэж хэлсэн. Тэгээд 2022 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Н.О нь бүтэн ажиллаад маргааш нь ирэлгүй алга болсон. Тэгээд төлбөр тооцоо нийлмээр байна 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн орлогоос 500.000 төгрөг дутаад байна гэхэд миний буруугаас болсон би маргааш банкнаас мөнгө аваад өгье гэж хэлсэн. Тэгээд надтай уулзахгүй алга болсон ба 0000 дугаар руу нь залгахаар болохгүй байгаа. Дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдөр мөнгө ялгаж байгаад 20.000 төгрөгийн дэвсгэртүүдээс аваад гарч явж байгаа дүрс бичлэг байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 10-11/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16-17/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Н.О нь Сүхбаатар дүүрэгт “Б” махны дэлгүүрийн худалдагчаар 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн хооронд ажиллаж байх хугацаанд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу байгууллагын кассаас 3.317.495 төгрөгийг хувьдаа завшсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Н.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүх шүүгдэгч Н.Од энэ тогтоолоор 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700 төгрөгөөр торгох ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлын талаар:

Хохирогч Ш.О нь гомдол саналгүй, хохирол төлбөрийг нэхэмжлэхгүй гэдгээ шүүх хуралдаанд илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

1.Шүүгдэгч Н.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Од 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Н.Од энэ тогтоолоор оногдуулсан 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй. 

           

4.Шүүгдэгч Н.О нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг флаш дискийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

          8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             З.БОЛДБААТАР