| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2022/1041/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1082 |
| Огноо | 2022-11-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | С.Эрдэнэтуяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1082
2022 11 16 2022/ШЦТ/1082
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт,
улсын яллагч С.Эрдэнэтуяа /онлайн/,
шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Ц.Амар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Аг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 22090...... дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн 19.. оны 5 дугаар сарын 29-ны өдөр, ... аймагт төрсөн, .. настай, эмэгтэй, боловсролтой, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.А /регистрийн дугаар /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.А нь 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн... хороо 000 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн дүү Б.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаан үүсгэж түүний өвөр дээр байсан бага насны буюу 5 хоногтой Б.Нын хөлнөөс татаж газарт толгойгоор нь унагааж, тархины аалзан бүрхүүл доорх голомтлог цус харвалт, дагзны хуйханд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Б.Аг 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... хороо 000 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн дүү Б.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаан үүсгэж түүний өвөр дээр байсан бага насны буюу 5 хоногтой Б.Нын хөлнөөс татаж газарт толгойгоор нь унагааж, тархины аалзан бүрхүүл доорх голомтлог цус харвалт, дагзны хуйханд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Б.Ад хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх шүүгдэгч Б.Ад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.А нь 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... хороо 000 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн дүү Б.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаан үүсгэж түүний өвөр дээр байсан бага насны буюу 5 хоногтой Б.Нын хөлнөөс татаж газарт толгойгоор нь унагааж, тархины аалзан бүрхүүл доорх голомтлог цус харвалт, дагзны хуйханд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
хохирогч Т.Сын "...Том хүү Аийн хамт талхаа гаргахаар гэрт ороод талхаа гаргаж тавих үед талийгаач охин уйлах чимээ гартал манай нөхөр Б хүүхдээ тэвэрчихсэн А эгч яг урд талд нь зогсчихсон А эгчид хандаад “та одоо яаж байгаа юм бэ таныг цагдаад өгнө” гээд уйлаад байхаар нь юу болов гэж бодоод талийгч охиныг нөхрийн гар дээрээс авахад уйлаад байхаар нь тэр үед охин айж, цочоод юм уу, мөөмөө идэх гээд уйлж байна гэж бодоод мөөмөө өгөхөд нэг их удаан хөхөхгүй 4-5 орчим мээмээ хөхчхөөд уйлахаа больсон. Тэр хооронд Б болон хадам эгч хоорондоо цагдаад өгнө, нөгөө нь явлаа гээд хэрэлдээд байхаар нь охиноо орон дээр тавьчхаад хадам эгч, нөхөр хоёрыг болиулах санаатай гартал манай нөхөр явуулахгүй гээд хашиж зогсоод байж байтал манай 2 настай хүүхдийн сууж унадаг тоглоом нь машиныг барьж аваад нөхрийг хэд хэдэн удаа цохиж машиныг эвдэхээр нь та яв яв цүнхтэй хувцсаа аваад яв гэж хэлсэн. Талийгаач охиныг А эгч хөлөөс нь татаж газар унгаасан гэдгийг мэдээгүй болохоор гаргаж явуулсан. Надад ямар нэг санал гомдол нэхэмжлэх зүйл алга..." гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 хуудас/,
Гэрч Б.Бы "...Эгч Н, Н хоёрт А суухыг заагаад, тэр хоёр чадахгүй болохоор нь загнаад байсан. Урьд нь ч гэсэн ингэж загнадаг байсан Тэгэхээр нь би хүүхэд битгий загнаад бай гэхэд би дүүгийнхээ хүүхдийг мэдэж байна гэж хэлээд гэнэтхэн чанга орилоод газар байсан хүүхдийн том тоглоом нь машин аваад миний зүүн хэвлий хэсэг рүү цохисон. Нүүр нүдгүй өшиглөөд алгадаад байсан. Тэгэхээр нь би буйдан дээр суугаад унтаж байсан хүүхдээ тэвэрсэн. Тэгтэл эгч хүрч ирээд хүүхдийн хөл хэсгээс нь угз татаад газар унгаачих шиг болсон., манай эгч хүүхэд татаад унгаачихаар нь явуулахгүй цагдаа дуудна гээд би гаргахгүй байсан юм. Тэгсэн манай эгч яваад өгсөн...манай эгч архи уучхаарай авир ааш гаргаад байдаг хүн байгаа юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 60-69 хуудас/,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн №767 тоот актын “…тархины аалзан бүрхүүл доорх голомтлог цус харвалт, дагзны хуйханд цус хуралт гэмтэл тогтоогджээ...Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. ...Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. ...Дээрх тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт нь хэмжээ талбай багатай, жижиг голомтлог гэмтэл тогтоогдлоо. Амь хохирогч Б.Н нь вирусын гаралтай тархины бүрхүүлийн шүүдэст үрэвсэл өвчний улмаас нас барсан “ гэх дүгнэлт /хх-ийн 111-116 дугаар хуудас/,
Шинжээч эмч Г.Энхбаатарын "...дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. Тархины аалзан бүрхүүл доорх голомтлог цус харвалт нь гадны хүчин зүйлээс шууд үүснэ. Амь хохирогчийн биед үүссэн голомтлог цус харвалт нь үхэлд хүргэхгүй, харин шүүдэст үрэвсэлийг сэдрээсэн, хүндрүүлсэн эсэхийг тогтоох боломжгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 167-170/,
Шинжээч эмч Б.Цолмонгийн "....тархины аалзан бүрхүүл доорх голомтлог цус харвалт, дагзны хуйханд цус хуралт дагзаар газарт унах болон унагаах үед үүсэх боломжтой" гэх мэдүүлэг /хх-ийн 120-122/,
Яллагдагч Б.Агийн "...Намайг хүүхдийг унагаасан гэж байгаа бол би ямар нэгэн байдлаар санаатайгаар унагаагүй, надад тийм бодол сэтгэл байхгүй, харин ч хайр хүрээд дүүгийнхээ хүүхдийг хайрлаж явдаг. Би өөрөө ганц хүүтэй учраас дүүгийнхээ хүүхдийг хайрлаж явдаг..." гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Б.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Б.Ад танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч Б.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Б.Ад 1.000 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч Б.А нь тус эрүүгийн хэрэгт нийт 52 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 52 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, түүнийг энэ тогтоолоор оногдуулсан торгох ялаас 780.000 төгрөгийн торгох ялыг эдэлсэнд тооцож, биечлэн эдлэх ялыг 220.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож шийдвэрлэв.
Үүнээс гадна шүүх шүүгдэгч Б.Ад 220.000 төгрөгөөр торгох ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Б.А нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар” буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Б.Аг 1.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Агийн цагдан хоригдсон 52 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүнд энэ тогтоолоор оногдуулсан торгох ялаас 780.000 төгрөгийн торгох ялыг эдэлсэнд тооцож, биечлэн эдлэх ялыг 220.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь энэ тогтоолоор оногдуулсан 220 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 220.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.А нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ад авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР