Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 889

 

     Г.Гөд холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Гантулгабат,

яллагдагч Г.Г, түүний өмгөөлөгч Ц.Цэрэнням,

хохирогч Луо Зэн Лон /Luo Zenglong/-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Ганчөдөр, түүний өмгөөлөгч Б.Ганцэцэг,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 2231 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Очбадрахын бичсэн 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 104 дугаартай эсэргүүцлээр Г.Гөд холбогдох эрүүгийн 1806061981419 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

............................., 1993 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Хятад хэл, соёл судлал мэргэжилтэй, “Мөнхтөгөл-Од” ХХК-д орчуулагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Аман хуур хотхон 33а-33 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /......................../;

Г.Г нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сентури Лэндмарк” ХХК болон “Шинэ эрин угсралт” ХХК-ий орчуулагчаар ажиллаж байх хугацаандаа дээрх нэр бүхий компаниудын гадаад ажилчдын ажлын байрны төлбөр, Монгол улсад түр оршин суух зөвшөөрөл, визний сунгалт зэргийн төлбөрийг тушаахаар авч хувьдаа зарцуулан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж нийт 281.324.600 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эх хувийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна гэжээ. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтууд нь эх хувиараа биш, шинжээчийн дүгнэлт 2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр гарсан боловч түүнийг 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр яллагдагчид танилцуулсан, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлд яллагдагч нь санал хүсэлтийг өмгөөлөгчтэй байлцаж өгнө гэсэн байхад энэ хүсэлтийг хангаагүй, шинжээч томилсон тогтоол болон шинжээчийн дүгнэлт, хавтас хэргийн материалыг өмгөөлөгчид танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...........................д холбогдох эрүүгийн 1806061981419 дугаартай хэргийг Баянзүрх дүүргийн прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол Г.Гөд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор М.Очбадрах бичсэн эсэргүүцэлдээ: “Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Т.Алтангэрэл нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр санхүүгийн баримтын хуулбар орчуулга гэх 202 хуудас баримтыг хүлээн авч мөрдөгчийн тэмдэглэл /1хх 197/ үйлдэн хэрэгт хавсаргасан ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна” гэж заасныг зөрчөөгүй байхад нотлох баримтууд болох санхүүгийн анхан шатны баримтуудыг эх хувиараа биш байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Мөрдөн байцаалтын явцад шинжилгээ хийлгэхээр 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /1хх 187/-оор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтэст даалгаж холбогдох материалыг хүргүүлсэн боловч нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт нь Хятад хэл дээр хийгдсэн, шинжилгээнд ирүүлсэн орчуулгын баримтууд нь хаана ямар нэртэй газраар орчуулга хийсэн нь тодорхойгүй, тамга тэмдэг дарж баталгаажаагүй гэх үндэслэлээр шинжилгээ хийх боломжгүй тухай шинжээчийн дүгнэлт гаргаж материалыг буцаасан. Уг дүгнэлтэнд дурдсаны дагуу шинжилгээнд хүргүүлж байгаа баримтуудын шаардлагыг хангаж 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нэмэлт шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /2хх 17/-оор шинжилгээ хийлгэж 2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр 17 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх 18-20/-ийг гаргасан. Дээрх шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай болон нэмэлт шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолыг шинжээч, хохирогчийн өмгөөлөгч, яллагдагчид өөрт нь танилцуулсан байна. Нэмэлт шинжилгээ хийж 2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр 17 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан байх ба шинжээчийн дүгнэлтийг яллагдагчид 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр танилцуулсан тэмдэглэл хавтас хэрэгт нотлох баримтаар авагдсан. Гэхдээ уг шинжээчийн дүгнэлтийг яллагдагч Г.Гийг мөрдөн шалгах ажиллагаа явцад 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр гэрчээр дахин мэдүүлэг авахдаа танилцуулсан болох нь гэрчээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /2хх 235-236/-ээр нотлогддог. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтас хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...мөрдөгч хэргийн материалтай танилцах боломж, нөхцлийг бүрдүүлнэ” гэж тус тус заасан байх бөгөөд өмгөөлөгчид хавтас хэргийн материалыг заавал танилцуулах тухай зохицуулалт биш бөгөөд хэргийн материалтай танилцах боломжоор хангана. Мөн өмгөөлөгч нь мөрдөн байцаалт дууссан тохиолдолд аль ч үе шатанд хэргийн материалтай танилцах эрхтэй. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 2231 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

 

Прокурор Ц.Гантулгабат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүхээс хэргийг буцаасан үндэслэл нь санхүүгийн баримт эх хувиар биш байна гэдэг. Хавтас хэрэгт авагдсан баримтаас үзэхэд мөрдөгч баримтыг хуулбарлаж аваад тэмдэглэл үйлдэж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлсэн. Эхний удаа Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс материалыг буцаасан. Дараа нь нотлох баримтын шаардлага хангаж байна гээд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс дүгнэлт гарсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн нь өөрөө ямар баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжтой, ямар баримт дээр дүгнэлт гаргах боломжтой гэдгээ өөрсдөө дотоод дүрэм журмаараа үнэлээд, дүгнэлт гаргах боломжтой тохиолдолд өөрсдөө дүгнэлт гаргадаг. Хөндлөнгийн зүгээс өмгөөлөгч нотлох баримтын шаардлага хангахгүй баримт дээр дүгнэлт гаргасан гэж хэлснээр шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэж болохгүй. Шинжээчийн дүгнэлтийг цаг хугацааны хувьд сүүлд танилцуулсан гэж ярьж байна. Г.Гөөс 2 дугаар сард мэдүүлэг авсан. Уг тэмдэглэлээс үзэхэд “1 сарын шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дүгнэлттэй танилцсан, уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэсэн мэдүүлэг нь хавтас хэрэгт авагдсан байгаа. Прокурор шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзвэл дахин шинжээч томилохгүй байж болно. Мөн шүүх дүгнэлтийг үндэслэлгүй байна гэж үзвэл шинжээч томилох эрхтэй. Заавал хэргийг прокурорт буцааж дахин шинжээч томилох шаардлага байхгүй. Хавтас хэргийн материалтай аль ч үе шатанд танилцах эрх нь нээлттэй. Анхан шатны шүүх хурал дээр Цэрэнням өмгөөлөгч хавтас хэргийн материалтай танилцахгүйгээр оролцсон гэж бодохгүй байна. Иймд хэргийг прокурорт буцаахгүйгээр анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байсан.” гэв.

 

Хохирогч Луо Зэн Лон /Luo Zenglong/-ний өмгөөлөгч Б.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Манай хоёр компанид 281.324.600 төгрөгийн хохирол учирсан. Үүнийг шинжээч үндэслэлтэйгээр нотолсон. Манай компанийн зүгээс Г.Г гэх хүнд ямар нэгэн байдлаар ял оногдуулах хүсэл зориг байхгүй. Г.Гтэй 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Хохирлын төлбөрөөс 50.000.000 төгрөгийг Г.Гийн зүгээс өгсөн байгаа. Г.Г цаашдаа сар бүр 10.000.000 төгрөгийг төлөөд 2020 оны 10 дугаар сард компанид учруулсан хохирлыг төлж барагдуулах нөхцөлтэйгээр манай компанитай гэрээ байгуулсан. Шинжээчийн дүгнэлтээр гарсан 281.324.600 төгрөг манай компанид учирсан хохирол мөн. Гэхдээ Г.Гтэй тохиролцсон гэрээнийхээ дагуу 150.000.000 төгрөгөө төлчих юм бол өөр ямар нэгэн санал хүсэлт байхгүй.” гэв.

 

Хохирогч Луо Зэн Лон /Luo Zenglong/-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Ганчөдөр тус шүүх хуралдаанд “...хэлэх тайлбар байхгүй.” гэв.

 

Яллагдагч Г.Гийн өмгөөлөгч Ц.Цэрэнням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн захирамжийг дэмжиж байна. Эсэргүүцэлд дурдаж буй шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй гарсан. Мөрдөгчийн тогтоол 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гарсан байдаг. Уг тогтоолоор шинжээчид 202 хуудастай холбогдох баримтыг шилжүүллээ гэдэг. Гэтэл шинжээч дүгнэлтэндээ би нэмэлт шинжилгээ хийхдээ Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэсээс ирүүлсэн баримтаас гадна “Сентури Лэндмарк” ХХК болон “Шинэ эрин угсралт” ХХК-ий 17 хуудас санхүүгийн баримтуудыг үндэслэсэн болно гэж дурдсан байна. Мөрдөгч шинжээч томилж нэмэлт шинжилгээ хийлгэх тогтоолоор хууль сануулсан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлд “дүгнэлт гаргахад хэрэгцээтэй нэмэлт баримт ирүүлэх талаар шүүх, прокурор, мөрдөгчид хандаж хүсэлт гаргана” гэж байдаг. Гэтэл шинжээч өөрөө шүүх болон прокурорт мэдэгдэлгүйгээр 17 хуудас санхүүгийн анхан шатны баримтыг татаж авч үзээд дүгнэлтийг гаргаснаа дурдсан байдаг. 17 хуудас баримтаас яг ямар баримтыг нь шинжээчийн дүгнэлт гаргахад ашигласан бэ гэдэг нь тодорхойгүй. Ашигласан санхүүгийн анхан шатны баримтууд нь хавтас хэрэгт байхгүй.” гэв.

 

Яллагдагч Г.Г тус шүүх хуралдаанд “...хэлэх тайлбар байхгүй.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Г.Гөд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Г.Гөд холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-д “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараахь байдлыг нотолно” гэж, 16.2 дугаар зүйлийн 1.5-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” гэж тус тус хуулчилсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бодитой тогтоож чадаагүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2-д “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана.” гэж зааснаар шүүхийн шатанд дахин шинжээч томилуулах эрх хэмжээтэй боловч гадаадын хөрөнгө оруулалттай тус компаниудтай холбоотой санхүүгийн баримт бичиг, нотлох баримтуудыг шүүхийн шатанд авахуулж, дахин шинжилгээ гаргуулах боломжгүй. Харин мөрдөн байцаалтын шатанд эрх бүхий байгууллага нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шалгаж ирүүлэх шаардлагатай гэж үзэв.

 

Мөн талуудын хоорондын тохиролцооны үндсэн дээр гэмт хэргийн хохирлын хэмжээг тогтоохгүй бөгөөд хуульд заасан эрх бүхий албан тушаалтан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг бодитой тогтоож ирүүлсний үндсэн дээр шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 2231 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор М.Очбадрахын бичсэн 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 104 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ         

 

ШҮҮГЧ                                                            Д.МЯГМАРЖАВ