Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2024/0571

 

 

 

 

 

 

 

Ж.С гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч А.Сарангэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч З.Ганзориг

Илтгэсэн: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ж

Нэхэмжлэгч: Ж.С

Хариуцагч: Боловсрол, шинжлэх ухааны сайд

Нэхэмжлэлийн шаардлага: “Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/72 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Орос-Монголын хамтарсан сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 918 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ж, Ц.Ж

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, Д.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2022/1017/З

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.С  нь Боловсрол, шинжлэх ухааны сайдад холбогдуулан “Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/72 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Орос-Монголын хамтарсан сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ээр маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2023/0918 дугаар шийдвэрээр: Боловсролын тухай хууль /2002 оны/-ийн 2 дугаар зүйлийн 2.2, 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Ж.С гийн “Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/72 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Орос-Монголын хамтарсан сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ж  нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Нэхэмжлэгч Ж.С-гоос Боловсрол, шинжлэх ухааны сайдад холбогдуулан “Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/72 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/72 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлд Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.5 дахь заалт болон Монгол-Оросын хамтарсан сургуулийн удирдлага, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийсэн тайлан дүгнэлтийг дурдаж Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн захирал Ж.С г үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс дуусгавар болгосон.

3.2. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.1-д Орос-Монголын хамтарсан сургуулийг Монгол Улсын төрийн өмчит хуулийн этгээд хэмээн дүгнэж, түүнээс хамааруулан дотоодын хууль тогтоомж дахь хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн гэж үзэж шийдвэрийнхээ гол үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэр бүхэлдээ олон улсын гэрээ хэлцэл, хуульд нийцээгүй болоход хүргэсэн байна. Тодруулбал, Орос-Монголын хамтарсан сургууль нь Монгол улсын төрийн өмчит хуулийн этгээд биш бөгөөд үйл ажиллагаа нь олон улсын гэрээгээр зохицуулагддаг ОХУ-ын өмчит байгууллага юм. Учир нь “Оросын холбооны улсын Боловсролын яам, Монгол улсын Шинжлэх ухаан, боловсролын яамны хооронд “Улаанбаатар хотод Орос-Монголын сургууль байгуулах тухай” 1994 оны хэлэлцээрт “...ОХУ-ын боловсролын яам өөрийн мэдэлд одоогоор байгаа зөвлөлтийн (хуучир нэрээр) сургуулийн хичээлийн байр болон багш нарын орон сууцыг Орос-Монголын хамтарсан сургуулийн захиргаанд 3 жилийн хугацаатай хүлээлгэн өгөх”, “Оросын холбооны улсын Боловсролын яам, Монгол улсын Шинжлэх ухаан, боловсролын яамны хооронд Улаанбаатар хотод Орос-Монголын сургууль байгуулах тухай” 1994 оны гэрээний гуравдугаар зүйлд “Уг гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн Оросын тал хуучин зөвлөлтийн 3 дугаар сургуулийн барилга, орон сууцыг сургалтын үйл ажиллагаа болон тус сургуульд ажиллах орос багш нарын амьдрахад зориулж Монгол-Оросын сургуулийн захиргаанд 3 жилийн хугацаагаар үнэ төлбөргүй эдлүүлэхээр (актаар) хүлээлгэн өгнө”, “Орос-Монголын хамтарсан сургуулийн дүрэм” (Монгол улсын Шинжлэх ухаан, боловсролын сайд, ОХУ-ын Буриад улсын Боловсролын сургууль, шинжлэх ухааны байгууллагуудын хэргийг эрхлэх яамны сайд нарын 1995 онд хамтран баталсан)-ийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Гэрээний 3 дугаар заалтын дагуу орон сууц ба сургуулийн барилга байгууламж нь Оросын талаас үйл ажиллагааны удирдлагад шилжүүлсэн тэр хугацаагаар Орос-Монголын хамтарсан сургуулийн өмч байна” гэж тус сургуулийн өмч нь ОХУ-ынх гэдгийг тодорхой зааж, харин гэрээний хугацаанд сургуулийн өмч байна гэдгийг мөн тодорхойлж, өмчлөлийн энэхүү хэлбэрт тулгуурлан сургуулийн захирлыг ОХУ-ын өмчийг удирдах чиг үүргийг нь сургуулийн дүрмийн 5 дугаар зүйлээр тусгайлан зохицуулсан.

3.3. Мөн гэрээний “Тавдугаар зүйл”-д “Монгол-Оросын сургууль нь өөрийн үйл ажиллагаандаа хоёр яамны хооронд 1994 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан хэлэлцээр, энэхүү гэрээ болон сургуулийн дүрмийг удирдлага болгоно” гэж Орос-Монголын сургуулийн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг ОХУ болон Монгол Улсын Засгийн газар хоорондын гэрээ буюу олон улсын гэрээгээр тодорхойлж талууд харилцан тохиролцсон байдаг. Эдгээр гэрээ, хэлэлцээр одоо хүчин төгөлдөр хэвээр байгаа бөгөөд эрх зүйн эх сурвалж, эрэмбийн хувьд олон улсын гэрээний ангилалд багтаж байна. Ийнхүү шүүх Орос-Монголын хамтарсан сургуулийн өмчлөлийг хэлбэрийг буруу дүгнэсний улмаас шүүхийн шийдвэрийн үндэслэл бүхэлдээ хуульд нийцээгүй болохыг дараах үндэслэлүүдээр хянуулахаар хандаж байна.

3.4. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 4, 5 дахь хэсэгт заасан дүгнэлтүүд үндэслэлгүй тухайд, Ж.С г үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс дуусгавар болгосон Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/72 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.5 дахь заалтыг баримталсан. Шүүх сургуулийн өмчийн хэлбэр, түүнээс үүдэн сургуулийн захиралд олон улсын гэрээгээр олгосон эрх хэмжээний үүднээс дээр дурдсан зөрчил гэх үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийх байтал сургуулийн Удирдах зөвлөлөөс дотооддоо ашиглах үүднээс судалгаа, мэдээлэл, зөвлөмжийн шинж чанар агуулсан ажлын хэсгийн тайланг эрх бүхий этгээдийн хяналт шалгалтын дүгнэлт мэтээр үнэлж, өөрөө, сайн дураараа ажлын хэсгийн хяналт шинжилгээний тайлангаас “өнгөрсөн 12 жилийн хугацаанд суралцагсдын сургалтын төлбөрийг арилжааны банкнуудад хадгалуулж, 3,030,000,000 төгрөгийн хүүгийн орлого, зарлагыг Удирдах зөвлөлөөр тодорхой шийдвэр гаргуулаагүй” гэх дүгнэлтийг сонгон авч түүнийгээ “санхүүгийн зөрчил” гэж дүгнэн тодорхойлж, шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 4.2-т “...Хөдөлмөрийн гэрээний 3.2.3-д “байгууллагын санхүү, эд хөрөнгөтэй холбоотой ноцтой зөрчил гарсан нь эрх бүхий байгууллагын шалгалт, хууль хяналтын байгууллагын актаар нотлогдсон” тохиолдолд ...хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчилд тооцохоор байна” гэж дүгнэсэн байна. Гэтэл дээрх ажлын хэсгийн тайланд “тус сургуулийн удирдах зөвлөл нь Боловсролын тухай хуулийн 36.12-д заасан удирдах зөвлөлийн дараах чиг үүргүүдийг хангалтгүй буюу хэрэгжүүлж ажиллаагүй байна. ...хадгаламжийн хүүгийн орлогыг хэрхэн зарцуулж байгаа зэрэгт удирдах зөвлөлөөс шийдвэр гаргаагүй үүнд хяналт тавьж ажиллаагүй байна гэж Удирдах зөвлөлийн чиг үүргээ хэрэгжүүлж буй байдлыг шүүмжилсэн бөгөөд түүнийг шүүх санаачилгаараа захирлын үйл ажиллагаатай холбож санхүүгийн зөрчил гэж дүгнэн Хөдөлмөрийн гэрээний 3.2.3-д хамааруулсан нь үндэслэлгүй байна.

3.5. Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д “...шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгасан, өөрөөр хэлбэл талуудын маргаж буй үндэслэлийн хүрээнд шүүхийн шинжлэн судлах цар хүрээг хязгаарласан болохыг дурдах нь зүйтэй” гэж дүгнэсэн атлаа маргаан бүхий актын үндэслэл гэж хариуцагчаас тодорхойлоогүй, талуудын хооронд маргаангүй асуудлыг өөрөө сонгон авч, дүгнэлт хийж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчсөн болно.

3.6. Мөн “сургуулийн захирлаар ажиллаж байсан Ж.С  нь өөрийн нөхөр болох их, дээд сургуульд багшилж байсан ерөнхий боловсролын сургуульд багшлах эрхгүй Н.Л-ийг гэрээт багшаар 2020 оны 09 дүгээр сараас 2022 оны 01 дүгээр сар хүртэл ОХУ-ын багштай дүйцүүлэн сард 4,160,000 төгрөгийн цалин олгож ажиллуулсан”, 3.3. “Өөрийн төрсөн дүүгийн ЭГ компанид сургуулийн өдөр өнжүүлэхийн байрыг сонгон шалгаруулалтгүйгээр зах зээлийн үнээс дээгүүр үнээр түрээслүүлсэн” гэх тухайд, Олон улсын гэрээний салшгүй хэсэг болох Орос-Монголын хамтарсан сургуулийн дүрмийн 5.2, 5.6, 5.7, 5.9, 6.4-д заасныг баримтлан сургуулийн эрх ашгийн үүднээс дээрх гэрээт багшийн болон түрээсийн гэрээг хамтын удирдлагын дээд байгууллага-Удирдах зөвлөлд танилцуулж, зөвшөөрөл авсны дагуу гэрээ байгуулж, Монгол Улсын төсвийн хөрөнгөөс бус, арилжааны банк дахь ОХУ-ын хөрөнгийн үр шимээс бүрдсэн мөнгөн хөрөнгөөс зарцуулсныг Монгол Улсын төрийн өмчит хуулийн этгээдийн төсвийн хөрөнгийг удирдах харилцаатай адилтган Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн үйлчлэлд хамааруулан хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн нь огт үндэслэлгүй юм. Мөн “Монгол-Оросын хамтарсан сургуулийн удирдлага, санхүүгийн үйл ажиллагаанд хийгдсэн ажлын тайлан”-гаар дээрх үйл баримтыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн гэж огт дүгнээгүй, сургуулийн өмчийн хэлбэр, эрх зүйн байдлын үүднээс дүгнэх бололцоогүй байсан болно. Харин “Монгол-Оросын хамтарсан сургуулийн удирдлага, санхүүгийн үйл ажиллагаанд хийгдсэн ажлын тайлан”-д “...“ЭГ” ХХК-тай байгуулсан гэрээний үнийн төлбөрт дулаан халаалтын үнийг багтааж өгсөн байна. Ингэснээр “ЭГ” ХХК-тай гэрээ байгуулсан гэрээний дагуу түрээсэлж байгаа талбайн м3 хэмжээнд төлөх дулааны зардлыг Монгол-Оросын хамтарсан сургууль төлөхгүй байгаа нь түрээсийн төлбөрийн бодит өртгийг бууруулсан байна” гэж дурдсан байх бөгөөд энэхүү гэрээг байгуулсны улмаас аливаа үр дагавар үүсээгүй байна.

3.7. Хэргийг хянан хэлэлцсэн шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийн өмгөөлөгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь заалтыг баримтлахдаа ямар алдаа зөрчил гаргасан гэж үзсэн талаар тодруулахад “ЭГ” ХХК-тай холбоотой гэж, хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчил гэдэгт хамаарна, хөдөлмөрийн гэрээний 3.2.4 дэх хэсэгт хамаарна гэж дурджээ. Дээрхээс үзвэл, шүүх дээрх асуудлыг зөрчил гэж дүгнэхдээ “ЭГ” ХХК-д сургуулийн өдөр өнжүүлэхийн байрыг сонгон шалгаруулалтгүйгээр зах зээлийн үнээс дээгүүр үнээр түрээслүүлсэн гэж Орос-Монголын хамтарсан сургуулийг түрээслүүлэгч мэтээр дүгнэсэн, мөн шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 4.2-т “... Хөдөлмөрийн гэрээний 3.2.4-т “байгууллагын өрөө тасалгаа бусад объектыг бусдад хууль бусаар эзэмшүүлэх, эрх шилжүүлэхэд санаачлан оролцсон нь баримаар тогтоогдсон” тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчилд тооцохоор байна” гэж дүгнэснээс үзвэл маргааны үйл баримтыг эсрэгээр тайлбарласан, энэ талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.

3.8. Түүнчлэн Монгол-Оросын хамтарсан сургуулийн Удирдах зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” тогтоолоор батлагдсан удирдамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсэг нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зөрчсөн эсэхийг хянан шалгах чиг үүрэг бүхий этгээд биш бөгөөд “Монгол-Оросын хамтарсан сургуулийн удирдлага, санхүүгийн үйл ажиллагаанд хийгдсэн ажлын тайлан” нь хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн буюу зөвхөн дотооддоо чиглэсэн мэдээлэл, зөвлөмжийг  гаргасан, эрх зүйн аливаа үр дагавар үүсгэхгүй тул тус тайлантай маргах хууль зүйн үндэслэлгүй болно. Орос-Монголын хамтарсан дунд сургууль нь төсвийн мөнгөн хөрөнгийг төсвийн дансанд ОХУ-ын хөрөнгийн үр шим буюу ОХУ-ын өмчийг удирдаж олсон мөнгөн хөрөнгийг арилжааны банканд сургуулийн дүрмийн 5.7-д “Сургуулийн мөнгөн хөрөнгө нь банкин дахь түүний дансанд хадгалагдана” гэж заасны дагуу байршуулан захиран зарцуулдаг онцлогтой.

3.9. ОХУ-ын хөрөнгийг удирдаж олсон мөнгөн хөрөнгө нь Монгол Улсын Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.1-д “Эд юмсын төрөлх шинж чанарын дагуу шинээр бий болсон буюу эд юмсыг зориулалтын дагуу ашигласны үр дүнд гаргаж авсан бүтээгдэхүүн нь эд юмсын үр шим байна”, 88.2-т “Эрхийг зориулалтын дагуу ашигласнаас бий болсон орлогыг тухайн эрхийн үр шим гэнэ”, 88.3-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол эд юмсын болон эрхийн үр шимийг тухайн эд юмс болон эрхийн хууль ёсны эзэмшигч олж авах эрхтэй” гэж заасны дагуу арилжааны банканд байршуулсан мөнгөн хөрөнгө нь ОХУ-ын өмчид хамаарахаар байна. Орос-Монголын сургуулийн тухай Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрт хөрөнгийн үр шимийг Монгол улсын төрийн өмчид хамааруулах талаар харилцан тохироогүй байна. Иймээс Орос-Монголын хамтарсан сургууль ОХУ-ын өмчийг удирдаж олсон мөнгөн хөрөнгө буюу хөрөнгийн үр шимийг сургуулийн дүрмийн 5.7-д2 заасны дагуу төсвийн дансанд бус арилжааны банканд тусгай данс нээн хадгалсан данснаас сургуулийн хөгжлийн эрх ашигт нийцүүлэн дээрх гэрээг санхүүжүүлсэн нь Монгол Улсын төрийн өмчийг захиран зарцуулах талаар журамласан хууль тогтоомжийн зохицуулалтуудад хамаарахгүй юм.

3.10. Тодруулбал, Олон улсын гэрээ буюу Сургуулийн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.6-д заасан эрх хэмжээний дагуу, ингэхдээ дүрмийн 6 дугаар зүйлийн 6.3-д заасныг баримтлан Хамтын удирдлагын дээд байгууллагад танилцуулж шийдвэр гаргуулсан зэрэг нь олон улсын гэрээ хэлэлцээрт заасан хэм хэмжээнд нийцсэн үйлдэл байсан тул жил, жилийн санхүүгийн болон аудитын тайлангуудаар аливаа зөрчилгүй гэж хянагдсан байна. Энэ талаар мөн “Монгол-Оросын хамтарсан сургуулийн удирдлага, санхүүгийн үйл ажиллагаанд хийгдсэн ажлын тайлан”-д Орос-Монголын хамтарсан дунд сургууль нь төсвийн мөнгөн хөрөнгө болон ОХУ-ын хөрөнгийн үр шим буюу ОХУ-ын өмчийг удирдаж олсон мөнгөн хөрөнгийн зарцуулалтын задаргааг 2012-2021 оны байдлаар хүснэгтлэн харуулсан байх бөгөөд төсвийн санхүүжилтийн тухайд “...Сургууль улсын төсвийн санхүүжилтийг Сангийн яаман дахь төрийн сангийн дансаар дамжуулан авч зориулалт ёсоор зарцуулсан байна. ...Уг төрийн сангийн данснаас өөр бусад зориулалт бусаар зарцуулсан гүйлгээ хийгдээгүй байна” гэж дурдсан нь Монгол Улсын төсвөөс хуваарилсан мөнгөн хөрөнгийг зүй бусаар захиран зарцуулаагүй гэдгийг нотолсон байна.

3.11. Сахилгын шийтгэл ногдуулах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн тухайд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-д “Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэж заажээ. Түүнчлэн шүүхийн шийдвэрт дурдсан дээрх 3 асуудлыг зөрчил гэж үзсэн тохиолдолд энэхүү гомдлын 2 дахь хэсгийн (1)-д заасан үйл баримтын хугацаа 12 жилийн өмнөөс, (2)-д заасан үйл баримтын хугацаа 2020-2022 оны 01 дүгээр сар, (3)-д дурдсан үйл баримтын хугацаа 2015 оноос эхэлсэн, эсхүл Монгол-Оросын хамтарсан сургуулийн удирдлага санхүүгийн үйл ажиллагаанд хийгдсэн ажлын тайлан 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр гарсан хугацаанаас ч тоолоход Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/72 дугаар тушаал нь сахилгын шийтгэл ногдуулах хуулийн хугацаа хэтрүүлсэн нь илэрхий байх бөгөөд шүүх энэ талаар огт дүгнэлт хийгээгүй байна.

3.12. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 7-д заасан зарим хэсэг болон 8 дахь хэсэг нь үндэслэлгүй тухайд, Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 7-д “Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй”  гэж дүгнэснийг нэхэмжлэгчийн зүгээс үндэслэлтэй гэж үзэж байгаа бөгөөд харин “... уг заалтыг баримталсан нь бусад үндэслэлийг няцаах, тушаалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж шүүх үзлээ” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, нэхэмжлэгч энэхүү тушаалыг бүхэлд нь хууль бус гэж үзэж тушаалд баримталсан хууль зүйн үндэслэл тус бүрийг эс зөвшөөрч маргаж байгаа бөгөөд хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д зааснаар хуульд үндэслэх тусгай зарчмыг зөрчсөн, захиргааны байгууллага иргэний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж аливаа захиргааны акт гаргаж байгаа бол түүний хууль зүйн үндэслэл, үйл баримтыг нотлох үүргийг өөрөө хүлээнэ. 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр гарсан маргаан бүхий актын хувьд сонсох ажиллагааг тус өдөрт хийсэн, холбогдох ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийсэн мэтээр шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 8-д дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд маргаан бүхий актад Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасныг баримталж байгаа тохиолдолд мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-д “Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй” бөгөөд шүүхийн дээрх дүгнэлт нь хуульд заасан энэхүү журмыг зөрчсөн хариуцагчийн үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй юм.

3.13. Шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт Боловсролын тухай /2002 оны/ хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, 28 дугаар зүйлийн 28.1.12 дахь ерөнхий эрх хэмжээний заалтыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, процессын болон материаллаг эрх зүйн зарчим, хэм хэмжээнд зохицсон агуулгатай байх, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна. Зүй нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шийдвэрлэж буй захиргааны актыг хянахдаа тус харилцааг зохицуулж буй Хөдөлмөрийн тухай хуулийн тодорхой зүйл, заалтыг үндэслэн хэрэглэх ёстой. Мөн нэхэмжлэгч Ж.С г Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-ийг үндэслэн ажил олгогч ажлаас чөлөөлсөн нь тогтоогдоогүйг шүүх өөрөө хүлээн зөвшөөрсөн, тус хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д “ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” гэх зохицуулалтын хүрээнд хариуцагч нэхэмжлэгчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйг албан ёсоор тогтоогоогүй, харин сургуулийн Удирдах зөвлөлийн дотооддоо мэдээлэл, зөвлөмж гаргах зорилгоор байгуулсан ажлын хэсгийн тайланг болон хууль хяналтын байгууллага шалгаж байгаа асуудлыг сураг таамаг байдлаар үндэслэж хэргийг шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгтээ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож буй материаллаг хуулийн тодорхой үндэслэлийг зааж чадаагүй гэж үзэхээр байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2023/0918 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчаас нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

2.1. Нэхэмжлэгч Ж.С гоос Боловсрол, шинжлэх ухааны сайдад холбогдуулан “Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/72 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Орос-Монголын хамтарсан сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан.

 

2.2. Маргаан бүхий Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/72 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.5 дахь заалт болон Монгол-Оросын хамтарсан сургуулийн удирдлага, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийсэн тайлан, дүгнэлтийг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ж.С-г Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс дуусгавар болгожээ.

 

2.3. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Монгол-Оросын хамтарсан сургуулийн Удирдах зөвлөлийн хурлын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор баталсан ажлын хэсгийн удирдамжаар тус сургуулийн удирдлага, санхүүгийн үйл ажиллагааны талаар нийгмийн сүлжээ, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдээд буй мэдээлэлд дүн шинжилгээ хийж, бодит байдлыг нотлох баримтын хүрээнд шалган тогтоож, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал дүгнэлт боловсруулах зорилгоор 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрүүдэд шалгалт хийсэн байх бөгөөд ийнхүү хяналт шалгалт хийх явцад “...сургуулийн 1-р ангийн суралцагсдын хичээлийн байрыг түрээсээр ашиглахдаа нээлттэй сонгон шалгаруулалт явуулаагүй, ...мөн бэлтгэл ангийн суралцагчдын хичээлийн байрыг 2020 оноос сонгон шалгаруулалт зарлаагүй гэрээ байгуулсан, ...өнгөрсөн 12 жилийн хугацаанд суралцагсдын сургалтын төлбөрийг таван арилжааны банкуудад хадгалуулж, 3,030 сая төгрөгийн хүүгийн орлого, зарлагыг Удирдах зөвлөлөөр тодорхой шийдвэр гаргуулаагүй...” зэрэг зөрчил илэрсэн талаар дүгнэлт гарч, уг ажлын тайланд “...Нийгмийн тухай мэдлэг хичээлийн багшаар Н.Л-ийг гэрээгээр авч ажиллуулах шийдвэрийг захирал Ж.С сургуулийн дүрмээр өөрт олгогдсон эрх хэмжээгээр шийдвэрлэсэн гэдэг тайлбарыг ажлын хэсэгт өгсөн” талаар дурдсан байна.

 

2.4. Мөн хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа “...нэхэмжлэгч Ж.С нь өөрийн нөхөр болох их дээд сургуульд багшилж байсан ерөнхий боловсролын сургуульд багшлах эрхгүй Н.Л-ийг гэрээт багшаар томилон 2020 оны 9 дүгээр сараас 2022 оны 1 дүгээр сар хүртэл ажиллуулж сард 4,160,000 төгрөгийн цалин хөлс олгосон, өөрийн төрсөн дүүгийн эзэмшлийн компани болох “ЭГ” ХХК-тай гэрээ байгуулан өдөр өнжүүлэх байрыг сонгон шалгаруулалт зарлалгүйгээр түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан” зэрэг нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийг зөрчсөн талаар дурдсан бөгөөд хэрэгт авагдсан баримтууд болон дээрх үйл баримтууд тогтоогдсон төдийгүй нэхэмжлэгчээс энэ талаар маргаагүй байна.

 

2.5. Харин нэхэмжлэгчээс “...тус сургуулийн Удирдах зөвлөлөөс сургуулийн захирлын албан тушаал хашиж байсан Ж.С г үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг гаргаагүй байхад Боловсрол, шинжлэх ухааны сайд тушаал гаргасан, ...ийнхүү тушаал гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй, ...нэхэмжлэгчийг мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй талаар аливаа эрх бүхий этгээд тогтоосон зүйлгүй” гэж тайлбарлан маргасан бөгөөд анхан шатны шүүх “...Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд Орос-Монголын хамтарсан сургуулийн захирлыг чөлөөлсөн нь Боловсролын тухай хууль /2002 оны/-ийн 28 дугаар зүйлийн 28.1.12 дахь ... төрийн өмчийн олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн ...захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх эрх хэмжээний хүрээнд хамаарч байна, ... ажлын хэсгийн хяналт шинжилгээний тайлан, дүгнэлтээр өнгөрсөн 12 жилийн хугацаанд суралцагсдын сургалтын төлбөрийг арилжааны банкнуудад хадгалуулж, 3,030,000,000 төгрөгийн хүүгийн орлого, зарлагыг Удирдах зөвлөлөөр тодорхой шийдвэр гаргуулаагүй санхүүгийн зөрчил, мөн сургуулийн захирлаар ажиллаж байсан Ж.С нь өөрийн гэр бүлийн хүнийг гэрээт багшаар 2020 оны 9 дүгээр сараас 2022 оны 1 дүгээр сар хүртэл ОХУ-ын багштай дүйцүүлэн сард 4,160,000 төгрөгийн цалин олгож ажиллуулсан, өөрийн төрсөн дүүгийн “ЭГ” компанид сургуулийн өдөр өнжүүлэхийн байрыг сонгон шалгаруулалтгүйгээр зах зээлийн үнээс доогуур үнээр түрээслүүлсэн зөрчлийг мөнгө эд хөрөнгө захиран зарцуулахдаа итгэл алдсан буруутай үйлдэл гаргасан үндэслэлд тооцож Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь заалтаар захиргааны санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож шийдвэрлэснийг хууль бус гэж үзэхээргүй байна” гэж маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлтийг хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

2.6. Орос-Монголын хамтарсан дунд сургуулийн “захирал” нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар “нийтийн албан тушаалтан” бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, ...гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан тул нэхэмжлэгч Ж.С г “ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан” гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

 

2.7. Тодруулбал, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан хориглолт нь тухайн албан тушаалтан албаны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны “шийдвэр гаргах” үйл ажиллагаанд шууд хамаарахаар заасан, харин уг шийдвэрийг ямар зорилгоор гаргасан, уг шийдвэрийн улмаас төсвийн хөрөнгөд, эсхүл өөр бусад этгээдэд хохирол учирсан байхыг шаардаагүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын “...сургуулийн эрх ашгийн үүднээс дээрх гэрээт багшийн болон түрээсийн гэрээг хамтын удирдлагын дээд байгууллага-Удирдах зөвлөлд танилцуулж, зөвшөөрөл авсны дагуу гэрээ байгуулж, Монгол Улсын төсвийн хөрөнгөөс бус, арилжааны банк дахь ОХУ-ын хөрөнгийн үр шимээс бүрдсэн мөнгөн хөрөнгөөс зарцуулсныг Монгол Улсын төрийн өмчит хуулийн этгээдийн төсвийн хөрөнгийг удирдах харилцаатай адилтган ...хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн нь огт үндэслэлгүй” гэх гомдол үндэслэлгүй.

 

2.8. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болох үндэслэлүүдийг зохицуулсан бөгөөд мөн хуулийн 80.1.5-д “ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” гэж заасан. Харин Боловсрол, шинжлэх ухааны сайд болон Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн захирал Ж.С  нарын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3.2-т “Дараах зөрчлийг хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гэж үзнэ” гээд 3.2.3-д “байгууллагын санхүү, эд хөрөнгөтэй холбоотой ноцтой зөрчил гарсан нь эрх бүхий байгууллагын шалгалт, хууль хяналтын байгууллагын актаар нотлогдсон” гэж, мөн гэрээний 6.3-д “Хөдөлмөрийн гэрээг ...энэхүү гэрээний 3.2-т тус тус заасан үндэслэлээр цуцалж дуусгавар болгоно” гэж заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д заасныг үндэслэн хариуцагчаас маргаан бүхий тушаалаар нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

2.9. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтыг зөрчсөн, мөн Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан болох нь Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн Удирдах зөвлөлийн 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор байгуулсан харьяалах яам, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, сургуулийн эцэг эхийн болон багш нарын төлөөллийг оролцуулсан ажлын хэсгийн хяналт шинжилгээний тайлан, дүгнэлтээр тогтоогдсон байна.

 

2.10. Энэ талаар анхан шатны шүүхээс “...нэхэмжлэгч Ж.С гийн 2019, 2020, 2021 онд бичсэн гэр бүлийн хүн гэрээт багшаар хичээл заалгах цагийн багшийн гэрээ байгуулах эрх олгох, төрсөн дүү Ж.С-тэй гэрээ байгуулах гэх ашиг сонирхлын зөрчил үүссэн тухай мэдэгдэлд Удирдах зөвлөлийн дарга тухайн албан үүргийг гүйцэтгэх өөр албан тушаалтан байхгүй гэх үндэслэлээр албан тушаалтныг албан үүргээ гүйцэтгэхийг зөвшөөрсөн байх ч энэ нь мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэснийг зөрчих үндэслэл болохгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

2.11. Түүнчлэн Орос-Монголын хамтарсан дунд сургуулийн дүрмийн 1.4-д “Сургууль нь Монгол Улсын Шинжлэх ухаан боловсролын яамны дунд боловсролын асуудал эрхэлсэн нэгжийн ерөнхий удирдлага дор ажиллана”, 1.11-д “сургуулийн удирдлагыг Монгол Улсын Шинжлэх ухаан, боловсролын яамнаас томилогдсон захирал хэрэгжүүлнэ”, 6.2-т “Орос-Монголын хамтарсан дунд сургуулийн удирдлагыг Монгол Улсын Шинжлэх ухаан, боловсролын яам хариуцан хэрэгжүүлнэ”, 6.3-д “Сургуулийн шууд удирдлагыг Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамнаас томилогдсон захирал хэрэгжүүлнэ”, 7.1-д “сургуулийн захирал Боловсрол, шинжлэх ухааны яамны өмнө сургалтын асуудлыг хариуцна” гэж тус тус зааснаас үзвэл сургуулийн захирлыг томилох, чөлөөлөх асуудлыг Монгол Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам шийдвэрлэхээр байх бөгөөд ийнхүү хариуцагчаас Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12-т заасан “... төрийн өмчийн олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн ...захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх” бүрэн эрхийнхээ хүрээнд маргаан бүхий захиргааны актыг гаргасныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй.

 

2.12. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д зааснаар ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар хуульчилсан бөгөөд нэгэнт зөрчил гаргасан нь хяналт шалгалтын явцад тогтоогдсон байгаа энэ тохиолдолд маргаан бүхий актыг гомдолд дурдсан үндэслэлүүдээр хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзлээ.

 

2.13. Нөгөөтээгүүр маргаан бүхий актын үндэслэл болох Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д хамаарах зөрчил нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлах зохицуулалт бөгөөд нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулаагүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын “...Сахилгын шийтгэл ногдуулах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн” гэх давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

 

2.14. Харин сонсох ажиллагаа явуулаагүй гэх гомдлын тухайд хариуцагч 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр маргаан бүхий актыг гаргахаас өмнө энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдэж, тайлбар өгөх боломжоор хангасан байх боловч нэхэмжлэгчээс тухайн хугацаанд очих боломжгүй талаараа илэрхийлсэн, түүнчлэн гомдолд дурдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-д заасан 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх зохицуулалт нь мөн хуулийн 80.1.5-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа энэ тохиолдолд хамаарахгүй юм.

 

2.15. Өөрөөр хэлбэл, сонсох ажиллагаа нь захиргааны байгууллагаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгох зохицуулалт бөгөөд нэхэмжлэгчийн хувьд зөрчил гаргасан нь шалгалтын тайлангаар тогтоогдсон байгаа тухайн тохиолдолд сонсох ажиллагаа нь аливаа байдлаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бий болгохгүй. 

 

2.16. Анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 918 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           А.САРАНГЭРЭЛ

 

ШҮҮГЧ                                                           З.ГАНЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА