Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 86

 

                    

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гансүх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор: П.Удвал,

Хохирогч: Б.Болд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Бунжаа,

Шүүгдэгч: Б.Уламбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Борлууд овогт Буядаагийн Уламбаярт холбогдох 201620000208  дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1978 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Увс  аймгийн Малчин суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин,  ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Увс аймгийн Малчин сумын 4 дүгээр багт оршин уух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Борлууд овогт Буядаагийн Уламбаяр / РД:ОЖ78022019 /, 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 2016 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Увс аймгийн Малчин сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Хяргас нуурын хөвөөнд 51-76 ГАА улсын дугаартай УАЗ 33-03 маркийн автомашин жолоодож замын хөдөлгөөний дүрмийн 7.6 дахь хэсэгт заасныг зарчсөний улмаас 1 нас 2 сартай Б.Бум-Эрдэний биед гэмтэл учруулж улмаар амь насыг нь хохироож, зам тээврийн осол гаргасан талаар зохих байгуулага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэх гэмт хэргүүдэд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:                                                                                                                  

            1. Хохирогч Б.Болдын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ 2016 оны 07 дугаар сарын 11-ний өдөр би эхнэр Отгонтуяа, хүү Билгүүн талийгаач хүү Бум-Эрдэнэ нарын хамт Хяргас нуурын хөвөөнд хонио услаж явсан. Тухайн үед миний ах Б.Уламбаяр эхнэр Нэргүйн хамт мөн Балган, Дэнсмаа, Эрдэнэбат, Отгонхүү нар малаа цуг усанд оруулна гэж бид нар малаа Хяргас нууранд услаж дуусчихаад гэр бүлээрээ явж байсан болохоор нэг ямаа боож идээд усанд орчихоод явъя гэж ярилцаад нуурын хөвөөнд цуглачихаад, хоол ундаа идчихээд Хар тэрмис гэх газраас 2 ширхэг 2 литрийн Боргио нэртэй пиво авч ууцгаасан. Тэгээд сууж байтал миний 1 нас 2 сартай хүү Бум-Эрдэнэ унтахаар нь миний эхнэр мотоциклийн сүүдэрт хэвтүүлэх гэсэнд би хажуунаас нь элстэй газар мотоцикль уначихна хүүхдээ Б.Уламбаяр ахын автомашины арын сүүдэр доор унтуулчих гэж хэлэхэд миний эхнэр Оюунтуяа хүү Бум-Эрдэнийг Уламбаяр ахын автомашины буруу талын гүүзүүн доор хэвтүүлж байсан. Тухайн үед Уламбаяр УАЗ маркийн / нутгийн иргэд аавын цээж гэж ярьдаг ачааны машин / автомашинтай явж байсан. Тэгээд бид нар усанд очиж орохоор явсан бөгөөд тухайн үед эмэгтэйчүүд эхэлж нуур луу явчихсан байсан ба Уламбаяр ах ганцаараа машины дэргэд үлдэж байсан. Бид нар машинаас явж нууранд орж байтал Уламбаяр ах машинаа асааж хөдөлгөөд зогссон. Тэр үед нь нуураас гарч би хамгийн түрүүнд яваад очиход автомашины зүүн талын хойд дугуй нь хүүхдийн толгойн орой хэсгээр шүргэж гарсан мөр үүссэн, хүүхэд уйлчихсан байсан. Тэгээд хүүхдээ аваад үзэхэд зүүн талын чихнээс нь цус гарсан байхаар нь усаар угааж цэвэрлэчихээд Малчин сумаас эмч дуудаж үзүүлэхэд эмч ирж үзээд Улаангом оруулж үзүүлье гэж хэлээд Улаангом сум руу авч орж үзүүлэхэд 3 хоног эмчилгээ хийлгээд нас барсан. Тэгээд Улаангом сумаас зүүн урд зүгт явж байгаад нутаглуулсан. / Нутгын зон олны ёсоор бага балчир хүүхдийг гээчихдэг, түүний дагуу авч явж байгаад унагаачихсан/. Би одоо нутаглуулсан газрыг нь бүдэг бадаг санаж байна. Тухайн үед цуг явсан Бат-Очир гэж хүн мэдэж байгаа. Бид нар Малчин сумаас эмч нар ирэхэд гэртээ очсон байсан. Тэгээд эмч нар ирж юу болсон талаар асуухад энэ хүүхэд нуурын хөвөөнд машины доор хэвтэж байгаад машинд шүргүүлсэн байж магадгүй гэж хэлсэн. Миний харснаар бол 1 метр өнгөрүү зайнд л явсан байсан. Сүүлд сонсоход Уламбаяр ах нуурт очиж машинаа угаах гэж хөдөлгөсөн гэж хэлж байсан. Тухайн үед Уламбаяр ах хүүхэд дайрах санаа бодолгүй, болгоомжгүй байдлаас болж хүүхэд бэртэж гэмтсэн учраас цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Бум-эрдэнэ хааяа нэг халуурдаг байсан. Эмч нарт үзүүлэхэд рахит буюу тархины даралттай гэж оношлогддог байсан. Ягаан дэвтрийг нь шатаачихсан. Нэгэнт болгоомжгүй байдлаас болж ийм асуудал болсон учраас ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Б.Уламбаяр ах надад нэг сая төгрөг өгсөн. Энэ хүний ар гэрийн амьдрал нь бас хүнд байдалд байгаа учраас ял шийтгэлгүй салгаж өгөхийг хүсэж байна. Тухайн  үед Уламбаяр ах намайг цагдаа хуулийн байгууллагад мэдэгд гэсэн боловч би хүүхэд эмнэлэгт очсон юм чинь гайгүй байх гэж бодоод мэдэгдэх хэрэггүй гэсэн юм” гэх мэдүүлэг / хх-ийн 51-53-р тал /,

            2. Гэрч Б.Ганжуур-Оолын мөрдөн байцаалтад өгсөн: “ 2016 оны 7 дугаар сарын 11-ний өдөр хүүхдийн чихнээс цус гоожсон, огиж бөөлжүүлээд байна гэсэн дуудлага Малчин сумын Эрүүл мэндийн төвд ирсэний дагуу тус аймгийн Малчин сумын нутаг Могойн гол гэх газар иргэн Болдын гэрт очиход 1 нас 2 сартай Бум-Эрдэнэ гэх хүүхэд байсан. Тухайн үед юу болсон талаар асуухад машины сүүдэрт хүүхдээ унтуулсан байхад машин хаазалсаны улмаас хүүхэд цочиж уйлсан. Явж очоод хүүхдээ авахад чихнээс нь цус гоожиж байсан гэж хэлсэн. Тийнхүү Бум-Эрдэний биед үзлэг хийхэд зүүн чихнээс цусархаг шингэн гоожиж байсан. Мөн биед нь үзлэг хийхэд илэрхий үзэгдэх бэртэл гэмтэл байхгүй болохоор нь Улаангом сумын төв орж нарийн шинжилгээнд оруул гэж зөвлөөд өөрийн биеэр аймгийн төв орж 103 дээр очоод мэс заслын эмч Гансүхэд хүлээлгэн өгч үзүүлэхэд мэс засал талаас тодорхой гэмтэл байхгүй. Чих хамар хоолойн эмч дуудаж үзүүл гэж хэлсэн. Тухайн үед шөнө дунд болсон байсан. Отгонгэрэл эмч рүү залгахад өглөө үзье гээд би хүүхдийг эцэг эхэд нь хүлээлгэж өгөөд маргааш ирж үзүүлээрэй гэж хэлчихээд сум руугаа буюу Малчин суманд ирсэн. Ил харагдах гэмтэл байхгүй байсан учраас аймгийн төв орж нарийн шинжилгээнд оруулъя гэж авч явсан. Б.Бум-Эрдэнэ рахит буюу сульдаатай, ханиад томуу өвчлөмтгий, эцэг эхийн асаргаа муутай, багийн эмчийн байнгын хяналтанд байсан” гэх мэдүүлэг / хх-ийн 56-57-р тал /,

            3. Гэрч Б.Оюунтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “Тэр өдөр манайх Хяргас нууранд малаа маллаж услаж байсан бөгөөд манайхтай цуг Уламбаяр ахынх, Эрдэнэбат, Балган зэрэг айлууд малаа усласан. Тухайн үед бүгд гэр бүлээрээ явж байсан ба бид нар нийлж нуурын хөвөөнд тухайн газраа сууж байгаад хоолоо идчихээд би хүүхдээ унтуулаад Уламбаяр ахын ачааны машины тэвшин дээр ард дугуй, урд дугуй дунд зүүн талд нь сүүдэр бараадуулж тавьчихаад нуур луу очиж усанд орж байсан. Тухайн үед цуг явсан хүмүүс бүгд усанд орж байсан ба бид нарын сууж байсан газарт Уламбаяр ах ганцаараа үлдсэн байсан. Тухайн үед миний хүү Бум-Эрдэнэ машин доор унтаж байсан. Тэгтэл нэг мэдэхэд машин дуугарч хөдлөөд буцаад унтарсан. Тэр үед Бум-эрдэнэ уйлсан бөгөөд миний нөхөр Болд түрүүлж гүйгээд хүүхдээ авсан ба араас нь гүйж очоод харахад хүүхэд доор дэвссэн байсан дээлний хэсэг газар цус болсон. Хүүхдийн зүүн чихнээс цус гарсан байхаар нь би айгаад сандраад хүүхдээ тэврээд мөөмөө өгөхөд мөөмөө хөхсөн. Тэгээд Малчин сумын төвөөс эмч дуудахад Ганжуур-Оол эмч ирж үзээд аймаг руу авч явъя гээд аймаг орсон. Аймаг орж 3 хоног эмчилгээ хийлгээд нас барсан юмаа. Манай сумын эмч ирж үзээд хэнгэрэг цоорсон байна гэж хэлж байсан боловч аймагт оруулж үзүүлэхэд хэнгэрэг хэвийн байна гээд эмчилгээ хийж байсан. Миний хүү урьд өмнө нь зүгээр сайн бойжиж байсан. Машин доор хэвтэж байхад нь машин асч хаазалснаас л болж өвдөж эхэлсэн. Машин хөдлөөд явахыг би хараагүй, нэг л мэдэхэд машин асаад унтарсан, тэр үед хүүхэд уйлсан” гэх мэдүүлэг / хх-ийн 58-59-р тал /,

            4. Гэрч О.Отгонхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Тэр үед манайх отроор Хяргас нуурын орчимд Урд могойн гол орчимд малтайгаа гарсан байсан бөгөөд ойр орчимд хамаатны хүмүүс малтайгаа гарсан байсан бөгөөд бид ярилцаж байгаад Могойн гол гэх газарт очиж нэг ямаа шарж идэхээр ярилцаад тус тусдаа унаатай машинтай нь машинтайгаа мотоцикльтой нь мотоциклоороо нуурын эрэг рүү явсан юм. Манайх мотоциклоор очсон юм. Бид 10.00 цаг орчимд очиход Болд, эхнэр хүүхдүүдтэйгээ очсон байсан. Хажууд нь хадам дүү нар нь байсан. Бид тэнд очоод нэг ямаа шарж идэхээр болж түүнийг болгох хооронд зарим хүмүүс нь Хар тэрмэс явж ойр зуурын ууж идэх зүйл болон 2 л-ийн савлагатай З ширхэг орос пиво авч ирж хоол унд идэж байх зуураа хэрэглэсэн юм. Тухайн үед Уламбаярын эзэмшлийн УАЗ маркийн тэвштэй аавын цээж гэж ярьдаг машин нуураас 100 орчим метрийн зайд зогссон. Тэр машины ойролцоо бид нар байрлаж хоол ундаа хийж идэж байсан. Тэр үед Болдын 1 ой орчим насны хүүхэд машины сүүдэрт машины буруу талын урд дугуйны хажууд ойрхон хэвтүүлээд унтуулсан байсан. Би Уламбаярын эхнэр Нэргүй болон Болдын эхнэр Чимгээ, Дэнсмаа болон хүүхдүүдийн хамт усанд орчихсон байсан. Эрэгтэйчүүд хувцасаа тайлаад усанд орох гэж байтал Уламбаярын эхнэр Нэрүй "хөөе машин асаж хөдөллөө хүүхэд байгаа шүү дээ" гэж хашгирсан бид нар нуураас гарч гүйсэн тэр чимээнээс машин хөдлөөд зогссон. Биднийг нуурнаас гүйгээд очих хооронд Болд түрүүлж очиж хүүхдээ авсан. Бид нар очиж үзэхэд хүүхдийн зүүн чихнээс бага зэрэг цус гарчихсан уйлж байсан юм. Тухайн үед бид нар очиж харахад хүүхэд дайрагдаагүй бололтой ямар нэгэн дайрагдсан ул мөр харагдахгүй хүүхдийн чихнээс цус гарсан байсан бөгөөд өөр ямар нэгэн шалбарсан гэмтэл бэртэл байгаагүй. Бид нар тэндээс сумын эмнэлэг рүү яриад хүүхдийг Болдын гэрт аваачаад ойр орчмын айлаас өвчин намдаах эм хайгаад нэг айлаас өвчин намдаах лаа олж аваад хүүхдийн бөгсөнд хийсэн. Тэгээд удаагүй байтал эмнэлгийн машин ирсэн бөгөөд үзлэг хийгээд энэ хүүхэд цочролд орсон юм шиг байна гэж хэлээд шууд Улаангом сумруу авч явсан юм. Тэр хүүхэд Аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж хэд хоноод нас барсан байсан. Би нуурын усанд орж байсан. Нуурнаас харахад машины цаад талд буюу баруун талын урд дугуйны гадна талд хүүхдийг унтуулахаар хэвтүүлсэн байсан. Нуурнаас харахад машин халхлаад хүүхэд харагдахгүй байсан. Машины дугуй хүүхдийн эсрэг талруу буюу зүүн талруу дарж зогссон байсан юм. Машин хөдлөөд 1 м орчим яваад бид нарын хашгирах чимээнээс зогссон. Би яг хүүхэд дайрахыг хараагүй. Очиход хүүхдийн чихнээс бага зэрэг цус гарсан өөр гэмтэлгүй байсан тул машин дайраагүй юм байна. Хүүхэд унтаж байгаад машины чимээнээс цочсон байх гэж бодсон юм. Машины мөрийг харахад дарсан чигтээ хөдөлсөн байсан. Хүүхдээс холдсон маягтай мөр байсан. Сул элстэй зөөлөн газар байсан. Тэр үед хоолоо идээд 3 том пиво оо хувааж уугаад дуусгасан байсан. Нийтдээ 10 том хүн байсан бөгөөд бүгд хувааж уусан. Уламбаяр ч уусан байсан. Гэхдээ согтсон хүн огт байгаагүй. Бид нар хүүхэд машины сүүдэрт унтаж байгаа талаар жолооч Уламбаярт хэлээгүй байсан. Уламбаяр мэдээгүй байсан тул нуур луу ойртох гэж машинаа асааж хөдөлсөн гэж хэлж байсан” гэх мэдүүлэг / хх-ийн 60-61-р тал /,

            5. Гэрч Б.Эрдэнэбатын мөрдөн байцаалтад өгсөн: “ 2016 оны 07 дугаар сарын 11-ний өдөр манайх Хяргас нууранд хонио усалсан. Тухайн үед Болд, эхнэр Оюунтуяа, Б.Уламбаяр эхнэр Нэргүй болон хүүхдүүдтэйгээ, манай гэр бүл, мөн Мөнхөө, Нямжав бүгд тус бүрдээ хонио услаж яваад бид нар бөөндөө сууцгааж нэг ямаа боож идэхээр болж Б.Уламбаярын 51-76 ГАА улсын дугаартай УАЗ буюу нутгийн иргэд аавын цээж гэж ярьдаг ачааны автомашины сүүдэрт сууцгааж хоол унд хийж идэцгээсэн. Тухайн үед Болдын 1 нас гаруйтай Бум-Эрдэнэ унтах үед нь түүний ээж Оюунтуяа хүүг машины зүүн талд урд талын дугуйны сүүдэрт тавьсан байсан бид нар хоол ундаа идчихээд нууранд усанд орохоор болж нуур луу явсан ба хамгийн сүүлд Б.Уламбаяр үлдсэн байж байгаад машинаа асаасан тэр үед нууранд орж байсан хүмүүс хөөе хүүхэд гэж хэлэхэд хөдлөөд л зогссон яг хэдэн метр газар явсныг би мэдэхгүй, машинаа асааж хөдлөөд л зогссон. Тэгээд бид нар яваад очиход хүүгийн чихнээс цус гарсан байсан, сумын төвөөс эмч дуудсан. Бид нар 3 ширхэг 2 литрийн пивыг хуваагаад л ууцгаасан түүнээс ганц хоёр аяга уусан байхаа. Б.Уламбаяр нь эхнэр 4 хүүхдийн хамт Малчин сумын 4-р багт амьдардаг. Хүүхдүүд нь 2-14 насны 4 хүүхэдтэй, Б.Уламбаяр нь ер нь төлөв даруу, бусадтай нийтэч тусархуу зантай, архи согтууруулах ундааны зүйл хааяа нэг хэрэглэдэг. Ямар нэгэн элдэв муу зуршил байхгүй” гэх мэдүүлэг / хх-ийн 62-63-р тал /,

            6. Гэрч Б.Балганы мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 07 дугаар сард манайх тус аймгийн Малчин сумын 4-р багийн нутаг Хяргас нуурын дэргэд Могойн гол гэх газраар нутаглаж байсан бөгөөд 2016 оны 07 дугаар сард манай ойролцоо Б.Уламбаяр, Б.Болд, Эрдэнэбат болон отор хийж явсан Мөнхөө, Нямжав нар тус бүрдээ малаа маллаж байсан юмаа. 2016 оны 07 дугаар сарын 11-ний өдөр би малаа усанд оруулах гээд Хяргас нуур луу хонио туучихаад гэртээ байж байгаад мотоциклиороо эхнэрээ сундлаад Хяргас нуурийн хөвөөнд очиход Болд, Эрдэнэбат, Нямжав нар хонио услаж байсан тухайн үед Б.Уламбаяр байгаагүй бөгөөд бид нар малаа услаж дуусаад зарим нэг малаа нуурт оруулж угаачихаад байж байтал Уламбаяр машинтайгаа ирсэн. Тэгээд бид нар малаа услаж дуусаад бүгд цуглаад машины дэргэд нэг ямаа боож идээд сууцгаасан. Тэр үед 3 ширхэг Боргио нэртэй пиво бид нар хувааж ууцгаасан. Бид нар машины сүүдэрт сууж байгаад 4 эмэгтэй түрүүлээд нуурын усанд орох гээд явчихсан байж байтал бид нарын араас Нямжав түрүүлж ирээд араас нь бүгд цувраад нуур луу ирсэн. Тухайн үед Нямжав нуурын усанд мотоциклио угаана гэж хэлж байсан бөгөөд тэр үед Б.Уламбаяр би машинаа бас угаана гээд сууж байсан. Тэгээд бид нар нуурын усанд орж байтал машин зогсож байсан газраасаа хөдөлсөн тэр үед жолоочийн эхнэр Нэргүй хөөе наана чинь хүүхэд гээд орилсон тэр үед машин 2-3 метр орчим газар яваад зогссон. Тэр үед бид нар сандраад нуурнаас гараад яваад очиход хүүхэд уйлж байсан чихнээс нь цус гарсан байсан болохоор сумын төвөөс эмч дуудсан. Уламбаярын машин зүүн тийш харж зогссон байсан. Талийгаач автомашины зүүн талын 2 дугуйны голд урд дугуйн гадна ард хэвтэж байсан. Тухайн үедээ уйлж байгаад хөхөө хөхөж байсан. Чихнээс нь л жаахан цус гарсан байсан өөр ямар нэгэн бэртэл гэмтэл байгаагүй” гэх мэдүүлэг / хх-ийн 64-65-р тал /,

            7. Гэрч Б.Дэнсмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 07 дугаар сарын 11-ний өдөр манайх гэр бүлээрээ малаа усанд оруулсан тухайн үед малаа услаж байхад Б.Уламбаярын гэр бүл, Эрдэнэбатын гэр бүл, Нямжав, Мөнхөө, Болдоогийн гэр бүл цөм малаа услаж байсан тухайн үед бид нар хонь малаа услаж дуусчихаад бөөндөө цуглаж нэг ямаа боож идэхээр болж нэг ямаа бариад Б.Уламбаярын 51-76 ГАА улсын дугаартай автомашины сүүдэрт сууцгаасан тухайн үед Б.Болдын 1 нас 2 сартай Бум-Эрдэнэ гэх хүүхэд унтачихаар нь ээж нь автомашины сүүдэр доор буюу зүүн зүгт харж зогсож байсан автомашины зүүн талд дээл дэлгээд дээр нь хүүгээ тавьсан тухайн үед хүүхэд автомашины зүүн талын 2 дугуйны урд дугуйны ойролцоо гадна талд нь унтаж байсан. Бид нар хоол ундаа идчихээд нуур луу явж усанд орохоор болж эмэгтэйчүүд нь түрүүлээд явсан араас эрэгтэйчүүд нь цувраад ирсэн бөгөөд хамгийн сүүлд Б.Уламбаяр үлдээд машинаа асаахад Нэргүй нууран дотроос хөөе хөөе наана чинь хүүхэд гэж орилоход Б.Уламбаяр 2-3 метр орчим газар хөдлөөд машинаа унтараасан тэр үед хүүхэд уйлаад Б.Уламбаяр, Болд нар хамгийн түрүүн хүүхэд дээр очсон араас нь нууранд байсан хүмүүс цувраад очиход хүүгийн чихнээс цус гарсан уйлагнаж байсан. 51-76 ГАА улсын дугаартай автомашин нь Б.Уламбаярын өөрийнх нь автомашин, уг автомашиныг миний мэдэхээр 3 жилийн урдаас унаж эдэлж хэрэглэж байгаа. Тухайн автомашиныг Зүүнговьд явж байгаад хүнээс худалдаж авсан гэж ярьж байсан. ” гэх мэдүүлэг / хх-ийн 66-67-р тал /

            8. Гэрч Б.Мөнхбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 07 дугаар сард би тус аймгийн Малчин сумын 4-р багийн нутаг Могойн гол гэх газарт Нямжавтай цуг отор хийж явсан. 2016 оны 07 дугаар сарын 11- ний өдөр бид хоёр хонио усанд оруулахад тухайн үед Болд, Уламбаяр, Эрдэнэбат нар мөн гэр бүлээрээ хонио услаж явсан. Тэд нар хонио услаж дуусчихаад ямаа боож идэхээр болж Б.Уламбаярын УАЗ буюу ачааны автомашины сүүдэрт цуглацгаасан. Хоол ундаа хийж идээд 3 ширхэг пиво авч ирсэн байсан түүнийг бүгд хувааж уучихаад усанд орохоор нуур луу явцгаасан. Тухайн үед машины доор зүүн талын 2 дугуйн дунд хэсэгт арай урд хэсэгт нь Болдын Бум-Эрдэнэ гэдэг 1 нас 2 сартай хүүхэд унтаж байсан ба бид нар нуур луу явахад хамгийн сүүлд Уламбаяр үлдсэн байж байгаа гэнэт машинаа асаагаад хөдөлсөн тэр үед нууранд орж байсан хүмүүс хөөе, хөөе хүүхэд гэж орилолдоод гүйгээд очиход хүүхдийн чихнээс нь цус гарсан байсан. Тэгээд хүүхдээ аваад Болдын гэр лүү яваад сумын төвөөс эмч дуудсан. Тэр талаар би мэдэхгүй байна. Ямар ч хэрүүл маргаан зодоон болоогүй. Машин хөдлөөд бид нар гүйлдээд ирэхэд хүүхдийн чихнээс цус гарсан уйлж байсан. Бид нар нууранд орохын өмнө чихнээс нь цус гараагүй хүүхэд хэвийн байсан. 3 ширхэг 2 литрийн Боргио нэртэй пивыг 10 хүн хувааж уусан тэр үед пивоноос уусан. Б.Уламбаяр машинаа асаагаад 2-3 метр орчим газар хөдөлсөн” гэх мэдүүлэг / хх-ийн 68-р тал /

            9. Гэрч М.Нямжавын мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 07 дугаар сард би тус аймгийн Малчин сумын 4-р багийн нутаг Могойн гол гэх газарт Мөнхөөтэй цуг отор хийж явсан. 2016 оны 07 дугаар сарын 11-ний өдөр бид хоёр хонио усанд оруулахад тухайн үед Болд, Уламбаяр, Эрдэнэбат нар мөн гэр бүлээрээ хонио услаж явсан. Тэд нар хонио услаж дуусчихаад ямаа боож идэхээр болж Б.Уламбаярын машины сүүдэрт цуглацгаасан. Хоол ундаа хийж идээд 3 ширхэг пиво авч ирсэн байсан түүнийг уучихаад бүгд усанд орохоор нуур луу явсан. Тухайн үед машины доор зүүн талын 2 дугуйн дунд хэсэгт Болдын Бум-Эрдэнэ гэдэг 1 нас 2 сартай хүүхэд унтаж байсан ба бид нар нуур луу явахад хамгийн сүүлд Уламбаяр үлсдэн байж байгаа гэнэт машинаа асаагаад хөдөлсөн тэр үед нууранд орж байсан хүмүүс хөөе хүүхэд гэж орилолдоод гүйгээд очиход хүүхдийн чихнээс нь цус гарсан байсан. Тэгээд хүүхдээ аваад Болд гэр лүүгээ яваад сумын төвөөс эмч дуудсан. Тухайн үед байсан хүмүүс бол бүгд мэдэж байсан би бодохдоо Б.Уламбаяр хүүхэд хэвтэж байгаа гэдгийг мэдсэн байхаа. Тухайн үед ямар нэгэн хэрүүл маргаан зодоон болоогүй. Хүүхэд хэвийн ээжийнхээ мөөмийг хөхөөд байж байсан. Машин хөдлөөд бид нар гүйлдээд ирэхэд хүүхдийн чихнээс цус гарсан уйлж байсан. Бид нар нууранд орохын өмнө чихнээс нь цус гараагүй байсан. Бид нар 3 ширхэг 2 литрийн Боргио нэртэй пивыг 10 хүн хувааж уусан тэр үед пивоноос уусан байх, бүгд л ууцгаасан. Б.Уламбаяр машинаа асаагаад 2-3 метр орчим газар хөдөлсөн” гэх мэдүүлэг / хх-ийн 69-р тал /,

            10. Гэрч Б.Нэргүйгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Хяргас нууранд орохоор Балган, Дэнсмаа, Эрдэнэбат, Отгонхүү, Уламбаяр, Мөнхөө, Нямжав, Болд, Эрдэнэчимэг нарын хамтаар хүүхдүүдтэйгээ явцгаасан. ... Тэгэхэд гэнэт манай машин асаад ухасхийгээд зогссон. Болд өөрийн нэг настай хүүхдийг нуурын хөвөөнд авч ирсэн байсан ба машин асахаар нь би орилж хашгираад Болдын хүүхэд хаана байгаа юм бэ? гэж орилоход машины сүүдэрт байгаа гээд Болд манай машин руу гүйгээд явсан. Тэгээд бид нар араас нь яваад очиход Болдын хүүхэд машины баруун талын сүүдэрт уйлсан хэвтэж байхад Болд очоод авахад хүүхдийн баруун чихнээс цус гарч байсан ба усаар угааж тогтоосон. Тэгээд ээж нь авч хөхүүлэхэд уйлах нь гайгүй болсон. Бид нар Малчин сум руу эмчид мэдэгдэж дуудлага өгчихөөд Болд эхнэртэйгээ хүүхдээ аваад гэр лүүгээ явсан. Уламбаяр бид хоёр машинаа гэрт хүргэж тавьчихаад Болдынд очсон. Хүүхэд эхийнхээ өвөр дээр сүүгээ хөхөөд унтаж байна гэж тэвэрсэн байсан. Тэгээд сумаас 2 цагийн дараа эмч ирээд хүүхдийг үзээд явсан. Хүүхэд машины дугуй доор хэвтэж байгаагүй. Харин машины хажуу талд сүүдэрт хэвтэж байсан. Машин гэнэт асахаар машины дуунд чих нь өвдөж цус гарсан гэж бодож байна. Хүүхдийг машин хөдөлж дайраагүй. Уламбаяр машины хажууд сүүдэрт хэвтэж байхыг мэдээгүй гэсэн. Уламбаяр машиныхаа толгойг нуурын усаар угаана гэж хэлж байсан гэсэн” гэх мэдүүлэг / хх-ийн 70-72-р тал /

            11. Гэрч О.Одбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “ 2016 оны 07 сарын 13-ны өдөр 15 цагт хэвтсэн тухайн үед жижүүр эмч Маамуу тархины доргилт гэсэн оноштой хэвтүүлсэн. Тасагт ирэхэд хүлээж аваад 07 сарын 14-ний өдөр ажил цуглаж тасгийн эрхлэгч эмч Ж.Батсүхийн хамт эмч нарын хамтарсан үзлэг хийсэн. Тухайн үед хүүхэд нь онц зовиур байхгүй, уйлагнасан байдалтай, нойр хоолондоо сайн үзлэг хийх явцад хүүхэд боорцог барьсан идэж байсан. Ухаан санаа саруул, амьсгал зүрх судас нь тогтвортой, хэвлий зөөлөн, ялгадас хэвийн, чихнээс нь бага зэрэг цус гарч чихний дэлбэнд цус хатсан байдалтай байсан. Тэгээд тухайн хүүхдийг чих хамар хоолойн эмчид үзүүлэх, цусны ерөнхий шинжилгээ хийгдэх шаардлагатай байна. Тархи доргилт гэсэн тул Компьютер томограмфийн шинжилгээ хийе гэж хүүхдийн ээжид хэлээд тухайн шинжилгээ нь 90.000 тегрөгний өртөгтэй байдаг юмаа та мөнгө төгрөгөө бэлдчихээрэй гэж хэлээд өрөөндөө ороод байж байтал хүүгийн эмээ гэх хүн орж ирээд 90.000 төгрөгөөр шинжилгээ хийлгэсэн юу яриад байгаа юм бэ гэхэд амбулаториор үйлчүүлэгчийн картыг авч ирэхэд тухайн картан дээр компьютер томографийн шинжилгээ, нүдний уг харах шинжилгээ, чих хамар хоолойн эмчийн шинжилгээ үзлэг хийгдсэн байсан. Тэгээд тухайн шинжилгээнүүдийг үзэхэд Я.Алтангэрэл эмч үзлэг хийж бичилт хийсэн байсан. Бичилтэнд: Тархинд голомтод болон эзэлхүүнд өөрчлөлт үгүй дунд бүрдэл хазайлтгүй. Хажуугийн ховдол 3,4-р ховдлын байрлал ердийн хэлбэр зөв, тархины эдийн нягтрал буурсан. Сильвений ховил /тархины нуглаа/ 2 талдаа ижил, тархины атериа жигд нарийссан. Бага тархины урд цистерн өргөссөн. Хамарын таславч тэгш, хамрын дайвар хөндий агааржил хэвийн нүдний арын зай чөлөөтэй, харааны мэдрэл гадна дотно шулуун булчингууд хэвийн, урд талын зулай битүүрээгүй гэсэн бичилт хийсэн байсан. Үүнийг дүгнэж үзэхэд гавал ясанд ямар нэгэн бэртэл гэмтэл байгаагүй. Цистерн өргөссөн, тархины атираа нарийссан, тархины эдийн нягтрал буурсан гэсэн байсан энэ нь бол тархины доргилттой байна гэдгйиг илэрхийлсэн өгүүлбэрүүд байгаа юмаа. Мөн чих хамар хоолойн эмчийн үзлэгт 2016 оны 07 сарын 12-ны өдөр үзэхдээ: - чихнээс цус гарна уйлагнаад зовиуртай байна. Өчигдөрөөс хойш 3-4 удаа бөөлжсөн, хоол ундандаа муу, ээжийгээ орооно гэсэн зовиур хэлсэн. Үзлэгт зүүн чихний сувагт хатсан цус ихтэй. Цэвэрлэж харахад хэнгэргэн хальс урд доод хэсэгт урагдсан. Цус шүүрч хатсан байв. Отгонгэрэл гэсэн байсан. Дээрх оношуудыг би томографик хийлгэсэн учир рентген шинжилгээ хийлгэх шаардлагагүй, цаашид чих хамар хоолойн эмчид давтан үзүүлье зохих шинжилгээг бүрдүүлнэ хүүхдийн эмчээс зөвлөгөө авъя гэж бичсэн. Тэгээд 07 сарын 14-ний өдөр чих хамар хоолойн эмч үзэхдээ чихний хэлбэр зөв, зүүн чихний сувагт хатсан цустай, хэнгэрэг бүтэн үрэвсэлгүй байна чихийг цэвэрлээд давтан үзье гэж Энхтуяа эмч үзсэн байсан. Ерөнхийдөө хархад хүүхдийн биеийн байдал хөнгөн дунд байсан учир жижүүр эмчийн эмчилгээг цааш нь үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн. Үндсэн оношоо бид ярилцаад тархины доргилт няцралт, гэмтлийн гаралтай байж магадгүй гэсэн оношийг 07 сарын 14-ний өдөр тавьсан. 07 сарын 15-ны өдөр чих хамар хоолойн эмчид давтан үзүүлсэн, эмч чихийг цэвэрлэж харахад хэнгэрэг бүтэн, гэрлийн урвалтай, улайлтгүй гэсэн байсан. Тэгээд нүдний эмчийг дуудаж үзүүлэхэд торлог хавантай байна гэж байсан. Тэгээд дахин үзэхэд хүүхэд халуураад байна, олон удаа бөөлжүүлээ гэж ээж нь хэлсэн тэгээд хүүхдийг үзэхэд биеийн байдал хүндэвтэр, ухаан санаа саруул, зүрхний авиа тод хэм жигд, пульс 110, уушиг 2 талд цулцангийн амьсгалтай хэвлий зөөлөн, өтгөн шээс хэвийн, уусан зүйлээрээ бөөлжиж байна гэж хэлсэн. Халууныг үзэхэд 38 градус, арьс салст цэвэр байсан тэгээд эмчилгээн дээр нэмж шингэн сэлбэх давсны уусмал, сувилагчийн хяналт, хэвтрийн дэглэм сахих зөвлөгөө өгсөн. Мөн сувилагчид хэлээд рентгенд цээж гэрэлд харах хэрэгтэй гэж хэлээд рентгенд харахад уушигны зураглал 2 талдаа олширсон, угууд ердийн синус чөлөөтэй, зүрх болон уушиг хэвийн байсан. Тэгээд эмчилгээ хэвийн хийгдэж байгаад хүүхдийн эмч Дарьжавыг дуудаж 07 сарын 15-ны өдрийн 16 цагг цуг үзлэг хийхэд хүүхдийн биеийн байдал хүнд байна. Тархины доргилтоос үүссэн хоёрдогч менингит / тархи нугасны шингэний үрэвсэлт өвчин / гэж оношлоод сэхээн амьдруулах тасаг руу шилжүүлсэн. Сэхээн амьдруулах тасагт тухайн хүүхдийг аварч болох бүхий л ажиллагааг хийсэн боловч нас барсан. Тэгээд 07 сарын 16-ны өглөө эмгэг судлалын шинжилгээнд Б.Баттүвшин эмчийн хамт орсон. Тэгэхэд тухайн хүүхдийн тархины суурь ясны хугарал тархины хаван гэсэн онош гарсан. Ийнхүү миний тавьсан онош зөрөх шалгаан болсон. Рентген зураг авхуулах шаардлага байгаагүй учир нь 07 сарын 12-ны өдөр уг хүүхэд нь компьютер томографийн шинжилгээ хийгдэж хэвийн гэж гарсан байсан. Уг компьютер томографийн шинжилгээн рентген шинжилгээнээс даруй хүчин чадал сайн юмаа. Бид нар рентген зургаар гараагүй оношийг Компьютер томографаар гаргадаг. Хүүхэд боловч хүүхдийн тасагт өвчний улмаас өвдсөн хүүхдүүд хэвтдэг. гэмтлийн тасагт гэмтлийн шалтгаантай хүмүүс хэвтдэг учир гэмтэлд хэвтсэн. Би өөрөө Тархины суурь ясны хугарал гэсэн онош тавиагүй, яагаад онош тавиагүй бэ гэвэл: 1-рт: Асуумж буруу байсан хүүхдийн эцэг, эх асран хамгаалагч нар өвчний түүхийн дагуу асуултанд буруу хариулсан худал ташаа мэдээлэл өгсөн. Хүүхдийн асран хамгаалагч буюу тухайн үед цуг байсан ээжтэй нь ярилцахад ерөөсөө асуусан асуултанд хариулахгүй, хүүхдийнхээ талаар мэдээг өгөхгүй, Хувийн асуумж буюу анамнизаас өвчний оношийн 60% нь нөлөөлдөг эцэг, эх асран хамгаалагч нараас нь ташаа мэдээлэл өгсөн нь тухайн хүүхэд оношлоход бэрхшээлтэй нөхцөл байдлыг бий болгосон. Мөн зөрүүтэй онош тавих шалтгааныг бий болгосон. 2-рт: Компьютер томографийн шинжилгээнд ясны хугарал цуурал илрээгүй, 3-рт: Хэнгэргэн хальс бүтэн байна гэсэн онош мөн хүүхдийн биеийн байдал тогтвортой зовиур бага байсан зэргээс болж тархины суурь ясны хугарал гэсэн онош тавигдаагүй. Магадгүй тухайн хүүхэд цонх үед орсон байхыг үгүйсгэхгүй. Цонх үе гэдэг нь өвчтэй хүн хэсэг хугацаанд ямар нэгэн зовиургүй, эрүүл хүн мэт харагдаж явах тохиолдлыг хэлдэг. Нэгдсэн эмнэлгийн үйл оношийн тасаг дээр байгаа байх. Би шинжилгээг эхлээд Я.Алтангэрэл эмчийн хамт үзэхэд илэрхий гэмтэл байхгүй байсан. Дахин Батсүх эмч, Я.Алтангэрэл эмч нарын хамт үзсэн боловч ямар нэгэн илт хугарал цуурал огт байгаагүй. Гавал ясны хугарал гарахгүй байх тохиолдол бараг байхгүй, 1 мм зөрсөн ч гаргах чадвартай, дээрх тохиолдолд бол хүүхийн яс нь бүрэн бэхжээгүй, яс нь мөгөөрсөн эд мэт зөөлөн байдаг учраас компьютер томографийн шинжилгээнд илрээгүй байхыг үгүйсгэхгүй. Энэ талаар мэргэжлийн эмч болох Я.Алтангэрэл нарийн сайн мэдэх байхаа” гэх мэдүүлэг / хх-ийн 73-74-р тал /

            12. Гэрч Э.Энхтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “ 2016 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Бум-Эрдэний ээж түүнийг тэвэрч орж ирсэн. Тухайн үед ээжээс нь зовиур асуухад ямар нэгэн зүйл ярихгүй байсан. Хүүхдийн өвчний талаар өгүүлэмж өгөөгүй тул би үзлэг хийхэд зүүн талын чихний гадна сувагт хатсан тав байсан. Цэвэрлэх гэсэн боловч хатуу байсан тул тос тавьж өгөөд маргааш давтан үзүүлье гэж гаргасан. Маргааш нь буюу 7 сарын 15 нд тавыг цэвэрлэж харахад хэнгэрэг дээд хэсгээр цайвар өнгөтэй харагдсан тул үрэвсэлгүй гэж бичээд явуулсан. Анх намайг үзэхэд хэнгэрэг дээд хэсэгт цайвар саарал харагдсан. Мөн хүүхдийн хэнгэргийн бүтэц том хүнийхийг бодвол гадна сувагтайгаа 20 градус налуу тул бүрэн харахад төвөгтэй байдаг тул урагдалт гүйцэд харагдаагүй, үүнээс үндэслэн эрүүл гэж оношилсон. Мөн түүний ээж урьд эмчид үзүүлсэн талаар хэлээгүй. Асуумжинд хариулахгүй зэрэг нь онош зөрөхөд нөлөөлсөн. Онолын хувьд 4-5 хоногт гэмтлийн дараа хэнгэргэн хальсны 1 дүгээр давхрага үүсэх боломжтой гэж үздэг. Чихнээс гарсан цусны хатсан тав чихний гадна сувагт наалдсан байсан” гэх мэдүүлэг / хх-ийн 75-76-р тал /

            13. Гэрч Я.Алтангэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: “ 2016 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Бум-Эрдэний биед үзлэг хийсэн. Компютер томографийн зураг авсан. Тухайн үед би тархины хавантай гэж бичсэн. Тархины ясны хугарал харагддаг. Гэхдээ хүүхдийн яс бүрэн бэхжээгүй байдаг. Мөгөөрс нь бүрэн ясжаагүй байдаг тул эдийн цонхоор харагдаад ясны цонх бол орж ирээгүй. Эдийн цонх гэдэг нь тархины эд зөөлөн эдийг хэлж байгаа юм. Тархины зураг авахад компютер томограф нь илүү гарна. Хүүхдийн хувьд тархины яс замдалшилаас бүрддэг учир их төвөгтэй байдаг” гэх мэдүүлэг / хх-ийн 77-р тал /

            14. Гэрч Б.Баттүвшингийн мөрдөн байцаалтад өгсөн: “Бум-Эрдэний биед эмгэг судлалын шинжилгээ хийсэн. Шинжилгээгээр хүзүүний баруун зүүн хоёр талд 3-4 ширхэг хөндлөн ташуу, босоо зулгархай байсан. Гавал тархинд эмгэг өөрчлөлтгүй, гавал нээхэд тархи доргилттой гарч ирсэн. Тархины хэмжээ 1086 гр маш их улбагар хөхөлбий бага тархи шаантагласан оролттой. Зүслэгт эмгэг өөрчлөлт байгаагүй. Дархлаа дутмагшилтай байсан.  ... Чих хамар хоолойн эмч Отгонгэрэл, Энхтуяа, толгойн компютер томографийн Я.Алтангэрэл үзэж байсан. Үүнд үндэслэн эмчлэгч эмч О.Одбаяр тархины няцрал, доргилт гэсэн онош тавьсан байсан. ... Эмгэг судлалын шинжилгээ хийхэд үндсэн онош буруу тавигдсан байсан. Гэр бүлийн хүмүүс өвчний асуумж нуун дарагдуулсан, шинжилгээ бүрдүүлэлт дутуу, рентген зураг авхуулаагүй зэргээс болж О.Одбаярын оношлосон тархины няцрал зөв ч гэсэн үндсэн оношоо буруу тавьсан” гэх мэдүүлэг / хх-ийн 78-79-р тал /

            15. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургын үзүүлэлтүүд / хх-ийн 36-38-р тал/,

            16. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургын үзүүлэлтүүд /хх-ийн 39-41-р тал /

            17. Автомашин хураан авч битүүмжилсэн, ВС ангилалын 358834 дугаартай жолооны үнэмлэх хураан авсан тэмдэглэл / хх-ийн 43-46-р тал /,

            18. Тээврийн хэрэгслийн АЯ№0152360 дугаартай гэрчилгээний хуулбар /хх-ийн 83-р тал/,

            19. Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 26 дугаартай шинжээчийн: “ Талийгаач Б.Бум-Эрдэний биед гэмтэл учирсан байна. Гавлын суурь хэсгийн буюу суурь яс, зүүн чулуулаг ясны урд хэсгээр болон дагз ясны хугарал, тархины доргилт, няцрал, зүүн хэнгэргэн хальсны урагдал, дунд чихний хөндийд цус хуралт, дух, зүүн хөхлөг сэртэн, дагзанд зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байхыг үгүйсгэхгүй. Талийгаач Б.Бум-Эрдэнэ эмчлүүлэгчийн картын хуулбар болон өвчний түүхийн хуулбарт тэр талаар бичилтгүй байна. Талийгаач Б.Бум-Эрдэнэ нь дээрх гавал тархины гэмтлүүдийн улмаас тархи хавагнан тархи нугас шаантаглан амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан байна” гэх дүгнэлт / хх-ийн 87-88-р тал/,

            20. Увс аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 39 дугаартай шинжээчийн: “1. Жолооч Б.Уламбаяр нь Замын хөдлөгөөний дүрэм зөрчсөн байна. 2. Жолооч Б.Уламбаяр нь МУ-ын Замын хөдлөгөөний дүрмийн 7.6-д зааснаар “Жолооч хөдөлгөөнийг эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана ” гэсэн заалтыг зөрчсөн байна. 3. Жолооч Б.Уламбаярын энэ үйлдэл нь зам тээврийн осол гарах үндсэн гол шалтгаан гэж үзэн актыг тогтоов. Зам тээврийн осол гэдэг нь зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдлыг хэлнэ. 4. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг тогтоох боломжгүй“ гэх дүгнэлт / хх-ийн 93-р тал /,

            21. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дүгээр сарын 24-ны өдрийн 13/1 дугаартай шинжээчийн: “ 1. 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 26 дугаартай дүгнэлттэй санал нэг байна. 2. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. 3. Талийгаачид үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4. Талийгаач нь Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт 2 хоног эмчлэгдэж тархины доргилт, няцрал хаван, гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдал, хоёрдогч мэнэнгитээр хүндэрч нас барсан гэж үзсэн ба энэ нь эмгэг судлалын задлан шинжилгээгээр батлагдаагүй, учир буруу оношилж эмчилсэн байна. Талийгаачийн биед учирсан суурь ясны хугарал / их бага далавчны ховил, турк эмээл / гэмтлийг оношлоогүй байна. 5. Талийгаачийн үхэлд хүргэсэн оношийг бүрэн тогтоож эмчлээгүй байна. Талийгаачид эмнэлэгийн тусламжийг үзүүлсэн боловч бүрэн оношлоогүй байна. Талийгаачид эмчилгээ зөв хийгдсэн бол амь нас аврагдах боломжтой байхыг үгүйсгэхгүй. 9. Талийгаачид хийгдсэн Толгойн КТГ-н шинжилгээгээр дээрх гавлын суурь ясны хугарал, гэмтлийг оношлоогүйн улмаас оношийг буруу тогтоосон байна. Хэн буруутай эсэхийг шинжээч эмч тогтоохгүй” гэх дүгнэлт / хх-ийн 102-104-р тал /,

            22. Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 36 дугаартай шинжээчийн: “ 1. Талийгаач Б.Бум-Эрдэний тархины тодосгогч бодисгүй КТГ-н 3D зурагт гавал ясны хугарал, цуурал харагдахгүй байна. Бусад зүслэг дээр харах боломжгүй байна“ гэх дүгнэлт / хх-ийн 109-р тал /,

23. Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон баримтууд / хх-ийн 123, 125, 127, 129, 132-135-р тал /,

            24. Шүүгдэгч Б.Уламбаяр урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа / хх-ийн 137-р тал /, 

            25. Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Гэмтлийн тасгийн Б.Бум-Эрдэний 2016 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 07 дугаар сарын 16 ны хооронд эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар, задлан шинжилгээний материал /хх-ийн 139-170-р тал /,

            26. Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Эмнэлзүйн эмгэг судлалын  2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 14 цаг 30 минутанд сургалтын танхимд болсон конфиренц хурлын тэмдэглэл, / хх-ийн 174-184 –р тал /,

           27. Шүүгдэгч Б.Уламбаярын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 07 дугаар сард манайх гэрээрээ тус аймгийн Малчин сумын 4-р баг Могойн гол гэх газарт оторлож явсан. 07 дугаар сарын 11-ний өдөр манайх Хяргас нууранд малаа услахаар болж Хяргас нуур луу малаа туугаад яваад очсон тэр үед манайхтай айл саахалт байсан миний дүү Болд эхнэр Оюунтуяатай цуг, Эрдэнэбат, эхнэр Отгонхүүтэйгээ цуг, Балган, эхнэр Дэнсмаа, мөн тэнд оторлож явсан Мөнхбаяр, Нямжав нар малаа услаж явсан бөгөөд бид нар малаа услаж дуусчихаад миний 51-76 ГАА улсын дугаартай Уаз маркийн ачааны машины сүүдэрт сууцгааж нэг ямаа боож идэхээр болсон тэгээд бид нар цуглаад ямаагаа гаргаад боодогоо хийгээд сууцгааж хоол ундаа идэж уучихаад хүмүүс нуур луу явсан бөгөөд би машиндаа суугаад нуур луу очиж машинаа угаах гээд машинаа асаагаад хөдөлтөл нууранд усанд орж байсан хүмүүс орилолдоод байхаар нь би машинаа хөдөлгөөд буугаад ирэхэд машины хойд талд дээлэн дээр хүүхэд уйлж байсан тэгхээр нь очоод харахад чихнээс нь цус гарч байсан тэр үед эмэгтэйчүүд чихыг нь угааж цэвэрлэсэн тэгээд сумын төвөөс эмч дуудахад Ганжуур-оол эмч ирж үзээд та нар шулуун засмал замаар аймгийн төв орж үзүүлсэн дээр юм шиг байна сумын төв рœœ зам муу гэж хэлээд аймаг руу аваад явсан тэгээд аймагт очоод эхний орой айлд хоноод маргааш нь тархины зураг авахуулахад зүгээр байна гэсэн гэж хэлж байсан тэгээд 07 сарын 13-ны өдөр дахин очиж үзүүлээд эмнэлэгт хэвтэн эмчүүлж байгаад Бум-Эрдэнэ хүү  нас барсан юмаа. Би хүүхэд хэвтэж байсныг мэдээгүй, хэрэв би хүүхэд хэвтэж байсныг мэдсэн бол машинаа асааж хөдөлгөхгүй байх байсан. Ядаж би хүүхэд байгааг мэдсэн бол эцэг эхийг дуудаж өгөх байсан. Анх миний машин зүүн зүг рүү харж зогсож байсан. Би хөдлөөд машинаа унтараахад миний машин хойд зүг рүү харсан байсан. Би 2-3 метр зайнд л хөдөлсөн гэж үзэж байгаа. Намайг машинаас бууж ирэхэд хүүхэд дээлэн дээр хэвтэж байсан. Надад машин зарсан хүнийг би одоо танихгүй байна явуулын машин зарна гэсэн хүн байхаар нь авчихсан. Шилжүүлгийг хийлгэж аваагүй байгаа. Өөрийн болгоомжгүй байдлаасаа болж ийм хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Дүү Болдод энэ талаар цагдаад мэдэгдье гэсэн боловч дүү манай дүү Болд “хүүхэд гайгүй болох байх. Цагдаад хэлж хэрэггүй” гээд хэлээгүй. Цагдаад мэдэгдээгүй нь миний буруу. Миний буруугаас болж л ийм хэрэг гарсан”  гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

 

             Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлэн дүгнэхэд: Шүүгдэгч Борлууд овогт Буядаагийн Уламбаяр нь 2016 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Увс аймгийн Малчин сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр  Хяргас нуурын хөвөөнд 51-76 ГАА улсын дугаартай УАЗ 33-03 маркийн автомашин жолоодож замын хөдөлгөөний дүрмийн 7.6 дахь хэсэгт заасныг зарчсөний улмаас 1 нас 2 сартай Б.Бум-Эрдэний биед гэмтэл учруулж улмаар амь насыг нь хохироосон, зам тээврийн осол гаргасан талаар зохих байгуулага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хохирогч Б.Болд, гэрч Б.Ганжуур-Оол, Б.Оюунтуяа, О.Отгонхүү, Б.Эрдэнэбат, Б.Балган, Б.Дэнсмаа, Б.Мөнхбаяр, М.Нямжав, Б.Нэргүй, О.Одбаяр, Э.Энхтуяа, Я.Алтангэрэл, Б.Баттүвшин нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургын үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургын үзүүлэлтүүд, Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 26 дугаартай шинжээчийн дүгнэлт,  Увс аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 39 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дүгээр сарын 24-ны өдрийн 13/1 дугаартай шинжээчийн дүгнэлт,  Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 36 дугаартай шинжээчийн дүгнэлт,  шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Уламбаяр нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөнөөс хохирогч Б.Бум-Эрдэний амь нас хохирсон, зам тээврийн осол гаргасан талаар зохих байгуулага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.1-д тус тус зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч Б.Уламбаяр нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд амь хохирогч Б.Бум-Эрдэний ар гэрт 1.000.000  төгрөг өгсөн, цаашид нэхэмжлэх хохиролгүй болох нь хохирогч,

шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд хохирогч Б.Болд өөр хохирол нэхэмжлэхгүй гэсэн болно.

 

            Иймд шүүгдэгч Б.Уламбаяраас гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Уламбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн амь хохирогч Б.Бум-Эрдэний толгойн рентген зураг бүхий CD нэг ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх нь  зүйтэй байна.

 

Шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй тул шүүгдэгч Б.Уламбаярын эзэмшлийн 51-76 ГАА улсын дугаартай УАЗ 33-03 загварын автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Уламбаярт ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан түүнд хорих ял оногдуулж биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэн хянан харгалзах боломжтой гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Уламбаярт оногдуулсан ялыг тэнсэж, хянан харгалзсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар Б.Уламбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав / жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1,  286 дугаар зүйлийн 286.1,  294-296 дугаар зүйл, 297 дугаар зүйлийн 297.1-297.5 дахь хэсэгт, 298 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Борлууд овогт Буядаагийн Уламбаярыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж бусдын амь нас хохироосон, зам тээврийн ослын талаар жолооч зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдээгүй гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  215 дугаар зүйлийн  215.3 дахь  хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Уламбаярт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилээр хасаж,  3 /гурав/    жил 5 /тав/ сар хорих, мөн хуулийн 216 дугаар зйүлийн 216.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох  эрхийг хасахгүйгээр 2 /хоёр/ сар баривчлах ял  тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг журамлан шүүгдэгч Б.Уламбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сар баривчлах ялыг мөн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 5 сар хорих ялд багтаан, шүүгдэгч Б.Уламбаярын эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилээр хасаж,  3 /гурав/ жил 5 /тав/ сар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Уламбаярт оногдуулсан  3 /гурав/ жил 5 /тав/ сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар Б.Уламбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 / гурав / жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч Б.Уламбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүйг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч Б.Уламбаярын  эд хөрөнгө  болох УАЗ-3303 загварын 51-76 ГАА улсын дагууртай авто машин  хураан авч битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг автомашиныг шүүгдэгч Б.Уламбаярт буцаан олгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 /нэг/ ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

9. Шүүгдэгч Б.Уламбарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 358834 дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Увс аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Отгоннямд үүрэг болгосугай.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Уламбаярт оногдуулсан 3 жил 5 сар  хорих ялыг тэнсэж,   2 / хоёр /  жилийн хугацаагаар хянан харгалзах хугацаа тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавьж ажиллахыг Увс аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

11.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шүүгдэгч Б.Уламбаярт өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан,  хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах ба улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.ГАНСҮХ