Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 125/ШШ2021/0010

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Буянт цуурай” ХХК-нийн захирал Б.Ц  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Буянт сумын Засаг даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын 2021 оны 3 сарын 22-ны өдрийн А/29 дүгээр “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Буянт цуурай” ХХК-нийн захирал Б.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч “Буянт цуурай” ХХК-нийн захирал Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Анх 2018 оны 4 сард маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтээ сумын Засаг даргад гаргаж байсан. Тухайн үед иргэнд 30 га газар эзэмшүүлэх боломжгүй гэсэн тул Буянт сумын Засаг даргын 2018 оны 8 сарын 08-ны өдрийн А/89 дүгээр захирамжаар Ховд аймгийн Буянт сумын нутагт байрлах, Захын гууны эхэнд жимс, жимсгэнэ, усалгаатай тариалангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай, 30 га газрыг манай******* ХХК эзэмших эрхтэй болсон.

Уг газарт төслийн шугамаар мод тарьсан гэх боловч арчлаагүйн улмаас ургаагүй байсан тул 30 га газрыг бүрэн торлон хашаалж,суваг шуудуу татаж, 5

 

эгнээ 1500-2000 ширхэг мод суулгасан. Хашааны шон суулгах, мод суулгах, бордоо авах зэрэгт 20 гаруй сая төгрөгийн зардал гаргаад байна.

Гэтэл Буянт сумын Засаг даргын 2021 оны 3 сарын 22-ны өдрийн А/29 дүгээр захирамжаар манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.

Энэ хавар тухайн газар дээр нэмж жимс, жимсгэний суулгац тарихаар суулгац худалдан авч, бордоо бууц зэргийг буулгасан байсан ба жилийн 3 хувийн хүүтэй зээл авч олон ажил хийхээр төлөвлөж байсан. Гэтэл бидэнд мэдэгдэлгүйгээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосонд гомдолтой байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.5-д зааснаар захиргааны актыг надад мэдэгдээгүй, оролцоог хангаагүй, сонсох ажиллагаа явуулаагүй, нотлох баримт, тайлбар гаргах боломжоор хангаагүйд гомдолтой байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ховд аймгийн Буянт сумын Засаг дарга Ч.Н шүүхэд гаргасан тайлбартаа:******* ХХК-нд эзэмшүүлсэн газар нь Буянт сумын Засаг даргын 2014 оны 6 сарын 18-ны өдрийн А75 дугаар захирамжаар “Хан тунгалаг” нөхөрлөлд ойжуулалт, жимс жимсгэнэ тариалах зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байдаг. Гэтэл Буянт сумын Засаг даргаар ажиллаж байсан М.П нь 2018 оны 6 сарын 04-ний өдрийн А/60 дугаар захирамжаар хүчингүй болгосон байдаг.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заасан байна” гэж заасан Гэтэл дээрх газрыг бусдад эзэмшүүлэх талаар 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байхад захирамж гаргаж эзэмшүүлсэн нь газрын тухай хууль зөрчсөн үйлдэл байсан.

Иймд миний бие 2021 оны 3 сарын 22-ны өдрийн А/29 дүгээр захирамжаар 2018 оны 8 сарын 8-ны өдрийн А/89 тоот захирамжийг хүчингүй болгосон гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын өмнө нь шүүхэд гаргасан тайлбарыг дэмжиж байна Монгол Улсын Засгийн газраас зарласан чацаргана тариалах төслөөр анх тус газарт чацаргана тарьсан байдаг.  Дараа нь Хан тунгалаг нөхөрлөлд жимс жимсгэнэ тариалах зориулалтаар

 

эзэмшүүлсэн. Уг газрыг бусдад эзэмшүүлэхээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж байгаагүй. Хэрвээ газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгавал бусдад эзэмшүүлэх боломжтой. гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батзаяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч******* ХХК-нийн өмгөөлөгчөөр оролцож байна. 2018 онд “Буянт цуурай” ХХК нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар анх тус газрыг эзэмших хүсэлтээ гаргасан.  Энэ хүсэлтийн дагуу Буянт сумын Засаг дарга нь хүсэлтийг хангаж,******* ХХК-нд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.

Энэ маргааны гол үндэслэл нь  тухайн газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй гэх үүднээс тайлбарлаж маргаж байгаа.  Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй нь хэний буруутай үйл ажиллагаа юм  бэ  гэдгийг шүүх үнэлж дүгнэх ёстой. Нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар газрыг эзэмшиж ашиглах тухай өргөдөл хүсэлтээ өгсөн. Засаг дарга  нь өөрөө Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах үүрэгтэй.

Нэхэмжлэгчийн хувьд тухайн газрыг 2018 оноос хойш 3 жилийн хугацаанд өөрийн хүч, нөөц боломж, санхүү зэрэг бүх  зүйлээ зарцуулж, 3000 гаруй 5 эгнээ мод тарьсан. Өөрөөр хэлбэл газар эзэмшүүлэх гэрээнд заасан үүргээ биелүүлж ирсэн, Газрын тухай хуулиа зөрчөөгүй.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд зааснаар Засаг дарга тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулах саналаа Иргэдийн хуралд өгөх үүрэгтэй. Энэ үүргээ  биелүүлээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс 2018 онд тус газрыг эзэмших хүсэлтээ Засаг даргад гаргасан. Энэ хүсэлтийн дагуу маргаан бүхий газрыг энэ оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулах бүрэн боломжтой. Нэхэмжлэгчийн хувьд 3 жилийн хугацаанд тарьж ургуулсан, хашаалсан, суваг шуудуу татсан зэрэг 20,000,000 төгрөг орчмын зардал гарчихсан. Хэрвээ энэ газрыг хүчингүй болголоо гэхэд энэ зардлыг хэн хариуцах Засаг даргын Тамгын газраас энэ мөнгийг гаргаж өгөх боломж байхгүй.

Цаашид тус газарт өөр ямар нэгэн зориулалтаар ашиглахаар төлөвлөгөө байхгүй. Нийтийн эзэмшлийн газар талбай, эсвэл гуравдагч этгээдэд эзэмшүүлэх ашиглуулах нөхцөл байдал өнөөдөр үүсээгүй байна. Буянт сумын Засаг даргын энэ газар дээр барьж байгаа үндсэн чиглэл нь ойжуулалт жимс жимсгэнэ тариалахаар иргэдэд эзэмшүүлэх зорилготой, энэ нь нэхэмжлэгчийн хийж байгаа үйл ажиллагаатай адил юм.

 

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 22-ны  өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай А/29 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3 дахь хэсгийг тус тус үндэслэн нэхэмжлэгч Буянт цуурай ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчийн зүгээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй буюу газар эзэмшигчээс үл  хамаарах үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцалсан, мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй гэж үзэж захиргааны актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тухайн жилд эзэмшүүлэхээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг эзэмшүүлсэн нь хууль зөрчсөн гэж тайлбарлан маргаж байна.

 Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт, маргаан бүхий газарт шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл зэрэгт үнэлэлт өгч дүгнээд дараах үндэслэлээр захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл хугацаанд маргаан бүхий захиргааны актын түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн маргааны үйл баримтад дүгнэлт хийж, хууль зүйн үндэслэлийг хянаж үзвэл:

Нэхэмжлэгч Буянт цуурай ХХК-иас Буянт сумын Гууны эх гэх газарт Тасархай толгойн зүүн талд байрлах урьд нь чацарганы тариалалт хийгдэж байсан гэх газрыг нөхөн сэргээлт хийж, ойжуулалтын зориулалтаар эзэмших хүсэлтийг[1] 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр тус сумын газрын даамалд гаргажээ. 

 Улмаар Буянт сумын Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн А/89 дүгээр захирамжаар нэгж талбарын 8409000502 дугаар бүхий 30 га газрыг мод үржүүлэг, ойжуулалтын зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй болж, 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 000306755 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ авсныг 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр шинэчлэн 000004417 дугаартай гэрчилгээ олгож, мөн өдөр Буянт сумын газрын даамалтай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан.[2]

Нэхэмжлэгч Буянт цуурай ХХК уг газрыг эзэмших болсон үеэс эхлэн мод тарьж, ойжуулалтын ажиллагаа хийж байгаа болох нь тус газарт шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдсон ба Буянт сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 22-ны  өдрийн А/29 дүгээр захирамжаар тус эзэмшүүлсэн газар нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосноор маргаан үүсчээ.

Захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлд зааснаар захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлж байгаа бол мөн хуулийн 24 дүгээр зүйлд заасан бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлж, шийдвэрийн үндэслэлд хамаарах үндэслэлийг шалгах ажиллагааг явуулах үүрэгтэй .

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т зааснаар газар эзэмшүүлэхэд тавигдах нэг шаардлага нь эзэмших хүсэлт гаргасан газрын байршил нь тухайн сумын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байхыг шаардах ба сумын Засаг дарга нь мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.2-т “аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу нутаг дэвсгэрийнхээ тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх, 21.4.3-т “... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр байна.

Гэтэл нэхэмжлэгч Буянт цуурай ХХК-д эзэмшүүлсэн газар нь сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлэхээр тусгаж байгаагүй, 2018 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б-ын шүүхэд гаргасан тайлбар, гэрч Л.Б-ийн мэдүүлэг[3], Буянт сумын 2018, 2019, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг тус тус баталсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 сарын 08-ны өдрийн 4/13 дугаар, 2018 оны 12 сарын 06-ны өдрийн 5/07 дугаар, 2019 оны 12 сарын 20-ны өдрийн 8/04 дүгээр тогтоолуудаар[4] тогтоогдож байна.

Иймээс хариуцагчаас тус газрыг нэхэмжлэгчид газар эзэмшүүлэхээс өмнө болон дараа ч сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд тусгаж байгаагүй болох нь дээрх үйл баримтаар хангалттай нотлогдож байх тул газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж ажиллаагүй  захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааг залруулсан гэх шалтгаанаар  нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргасан нь буруу гэж үзлээ.

Учир нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана.” гэж заасны дагуу нэхэмжлэгч газар эзэмших хүсэлт гаргах эрхтэй, харин уг хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх нь хариуцагч Засаг даргын бүрэн эрхийн асуудалд хамаарна.

Захиргааны ерөнхий хуулийн хуулийн 26 дугаар зүйлд зааснаар захиргааны акт гаргахаас өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдийг сонсох ажиллагааг явуулах үүрэгтэй бөгөөд хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийг сонсох ажиллагаа явуулаагүй болохыг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэж байна.

Мөн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон үндэслэлийг  Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д нарийвчлан зохицуулсан байхад уг зохицуулалтыг хэрэглэхгүйгээр газар эзэмшүүлэх шийдвэр гаргах тухай /Газрын тухай хуулийн 21.4.3/ заалтыг үндэслэн захиргааны акт гаргасан нь хууль хэрэглээний алдаатай байгааг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Буянт цуурай ХХК-д газар эзэмшүүлсэн шийдвэр гаргахдаа хариуцагчаас Газрын тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй нь шүүхээс нөхөн хэрэгжүүлэх боломжгүй буюу газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх эрх сумын Засаг даргын бүрэн эрхийн асуудалд хамаарч байх тул  хариуцагчийг хууль журамд нийцүүлэн маргааны үйл баримтыг бүрэн гүйцэт шалган тогтоох ажиллагааг дахин явуулж дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.2, 21.4.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/29 дүгээр захирамжийг дахин шинэ акт гарах хүртэл 6 /зургаан/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” 86 дугаар захирамж хүчингүй болсонд тооцсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/29 дүгээр захирамжийг  хүчингүй болсонд тооцсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          С.ОЮУНГЭРЭЛ

 

[1] хх-ийн 70 дугаар хуудас

[2] хх-ийн 73-75 дугаар хуудас

[3] хх-ийн 91-92 дугаар хуудас

[4] хх-ийн 39-66 дугаар хуудас