Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 128/2014/0226/З |
Дугаар | 177 |
Огноо | 2017-05-17 |
Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 177
“Бужгар-Орд” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Атарцэцэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нинжгаваа, Б.Энхзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтанхүү, М.Сангижанцан нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 937 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0136 дугаар магадлалтай, “Бужгар-Орд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын ахлах байцаагч Ц.Хандаа, татварын улсын байцаагч Д.Мэндбаяр нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 937 дугаар шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 12 дугаар зүйлийн 12.1, 74 дүгээр зүйлийн 74.1.3, 74.1.4, 74.2, 74.3, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.21, 47 дугаар зүйлийн 47.1, 47.2, 47.2.1, 47.2.3, 47.3, 47.3.2, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Бужгар-Орд” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, татварын улсын байцаагч Ц.Хандаа, Д.Мэндбаяр нарын 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 210266 дугаар актаар “Бужгар-Орд” ХХК-аар төлүүлэхээр тогтоосон төлбөрөөс 46,682,0 мянган төгрөгийн торгууль, 12,359.8 мянган төгрөгийн алданги, нийт 59,041.8 мянган төгрөгийн төлбөрийг өршөөн хэлтрүүлж, төлбөрийн хэмжээг 155,605.5 мянган төгрөгөөр тогтоожээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0136 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 937 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нинжгаваа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Татварын ерөнхий хууль, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийг тус тус буруу тайлбарлаж, хуульд заагаагүй эрхийг эдэлж, хуулиас давуулж татвар тогтоосон Засгийн газрын тогтоолыг баримтлан татварын төлбөр ногдуулсан захиргааны акт буюу татварын улсын байцаагч нарын 210266 тоот актыг “хууль ёсны” гэж үзсэнд гомдолтой байгаа тул энэхүү гомдлыг гаргаж байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэрээ гаргахдаа Татварын ерөнхий хуулийн болон Ашигт малтмалын тухай хуулийн 47, 48 дугаар зүйлүүдийн холбогдох заалтуудыг үндэслэлээ болгосон ба ингэх явцдаа хуулийн дээрх заалтуудыг буруу тайлбарласан. Учир нь, анхан шатны шүүх “ашигт малтмалын олборлолт”, түүнийг олборлоход тавигддаг хуулийн шаардлага, нөхцөл, журам, тэр нь мөрдөгдөөгүй бол хэрхэх талаар төдийгүй ер нь Ашигт малтмалын “нөөц ашигласны төлбөр”-ийн талаарх ойлголт нь хуулиас тэс өөрөөр ойлгож байгаа нь шийдвэрээс нь харагдаж байсан. Өөрөөр хэлбэл “Уулын ажлын төлөвлөгөө, тайлан” батлуулаагүй бол хэзээ ч ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаа явуулах боломжгүй, хэрэв явуулсан бол ямар хариуцлага хүлээх талаарх хууль, хууль тогтоомжийн зохицуулалтын талаарх ойлголт дулимаг байсан.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн бусдаас жонш худалдан авснаа нотолж, үнийг төлсөн банкны дансны хуулга, автомашины баримтуудыг жоншийг “...бусдаас худалдан авсныг шууд нотлохгүй...”, “Бужгар-Орд” ХХК-ийн 2012 оны бэлэн мөнгөний зарлагын баримтууд нь “...өөр бусад баримтаар давхар нотлогдохгүй байна...” гэж шийдвэрийнхээ үндэслэл болгон дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Бид “олборлолт хийгээгүй” гэдгээ хангалттай хэмжээнд нотолсон, тэр нь хавтаст хэрэгт авагдсан олон баримтаас харагдана гэж үзэж байгаа.
Анхан шатны шүүх шийдвэрийнхээ нэг үндэслэлийг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтыг болгожээ. Уг зүйлийн бусад заалтыг хэрэглэх юм бол Монгол Улсын Засгийн газар экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн нэр зарлах эрхээ хэтрүүлж, тухайн бүтээгдэхүүний Монгол банкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийг зарласан гэдэг нь тодорхой харагдах ёстой. Хуулиар Засгийн газарт “биржийн нэр зарлах эрх” л олгосон.
Жоншны төрлийн бүтээгдэхүүний жишиг үнийг тодорхойлох бирж байхгүй тохиолдолд анхан шатны шүүхийн үндэслэлээ болгоод байгаа Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 4.7.2.3-т зааснаар “...мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн...” татвар тооцох үнэлгээг гаргаж ирэх ёстой. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “мэдүүлсэн” буюу татварын тайлангаар тодорхойлоод өгчихсөн “...борлуулалтын орлого...”, түүнийг нотолсон “гэрээний үнэ” байсаар байхад хуульд заасан эрхээ хэтрүүлж гаргасан Засгийн газрын тогтоолыг үндэслэсэн захиргааны актыг хууль ёсны гэж үзсэнд гомдолтой байсан тул бид давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн энэ алдааг олж харсангүй гэж үзэж байна.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал, татварын улсын байцаагч нарын 210266 тоот актыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
Маргаан бүхий акт болох татварын улсын байцаагч нарын 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 210266 дугаар актаар нэхэмжлэгчийн 2012 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалт, төлөлтийн байдалд хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд нөхөн татвар, торгууль, алданги ногдуулахаар шийдвэрлэсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө” гэж заасантай нийцжээ.
Тухайлбал, хэрэгт авагдсан Дорноговь аймгийн Айраг сумын байгаль орчны улсын байцаагчийн тодорхойлолтод “...“Бужгар Орд” ХХК нь өөрийн уурхайн талбайдаа 2012 онд нэмэлт хайгуулын ажил гүйцэтгэж суваг малталтын ажил гүйцэтгэсэн бөгөөд тухайн талбайн зүүн урд хэсэгт хувиараа ашигт малтмал олборлогч нар ажиллаж байсан болохыг тодорхойлов” /Хэргийн 3 дугаар хавтас, 79 дэх тал/ гэснээс үзвэл нэхэмжлэгч өөрийн уурхайн талбай дээр өөрөө олборлолт хийгээгүй, мөн бусдыг буюу хувиараа ашигт малтмал олборлогч нарыг ажиллуулаагүй гэдэг нь мөн тогтоогдохгүй байна.
Иймээс дээрх хуульд заасны дагуу нэхэмжлэгч нь өөрийн уурхайн эдэлбэрээс өөрөө, эсхүл бусдаар олборлолт хийлгээгүй, мөн жоншийг бусдаас худалдан авсан гэдэг нь тогтоогдохгүй байх тул ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүрэгтэй, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Маргаан бүхий захиргааны акт гарах тухайн цаг хугацаанд Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 88 дугаар “Биржийн нэр зарлах тухай” тогтоол, 2011 оны 193 дугаар “Аргачлал батлах тухай” тогтоолууд тус тус хүчин төгөлдөр үйлчилж байсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн үйл ажиллагаа явуулж байсан 2012 он болоод маргаан бүхий актыг гаргах үед эдгээр тогтоолыг эрх бүхий этгээдээс “хууль зөрчсөн” гэх үндэслэлээр хүчингүй болгоогүй байна.
Түүнчлэн, өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй Монгол Улсын Засгийн газрын 2016 оны “Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай” 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт “Зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох Монголбанкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр”-ийн 5-д зааснаар хайлуур жоншийг Хятадын хайлуур жоншны бүтээгдэхүүний FOB үнэ (www.indim.com)-ээр тооцохоор байгааг дурдах нь зүйтэй.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн маргаж байгаачлан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3-т зааснаар “...мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн” ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцох үндэслэлгүй. Учир нь уг зүйлийг хэрэглэх урьдчилсан нөхцөл нь “дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд...” юм. Гэтэл дээр дурдсан Засгийн газрын тогтоолуудаар зах зээлийн жишиг үнийг тодорхойлсон байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д зааснаар экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан тооцохоор байна.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Татварын ерөнхий хууль, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийг тус тус буруу тайлбарлаж, хуульд заагаагүй эрхийг эдэлж, хуулиас давуулж татвар тогтоосон Засгийн газрын тогтоолыг баримтлан татварын төлбөр ногдуулсан захиргааны акт буюу татварын улсын байцаагч нарын 210266 тоот актыг “хууль ёсны” гэж үзсэнд гомдолтой...” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 937 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0136 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ