Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2016/0464

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 7 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2016/0464

Улаанбаатар хот

 

 

Иргэн Ш.Сонинхүүгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 329 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, иргэн Ш.Сонинхүүгийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албанд тус тус холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 329 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 59 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч Ш.Сонинхүүгийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/816 дугаар захирамжийг хүчингүй болгож,  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.6-д заасныг баримтлан 24,065,485 төгрөгийн хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо:Иргэн Ш.Сонинхүүгийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн шүүн шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 329 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Анхан шатны шүүхийн үндэслэх хэсэгт шүүгч дүгнэхдээ "Нэхэмжпэгч Ш.Сонинхүү нь өөрийн оршин суудаг Баянгол дүүргийн 17 дугаар хорооны 67 дугаар байрны 1 давхрын аваарын гарц, 2 дугаар давхрын гаднах тагтыг ашиглан төмөр карказан хийцтэй өргөтгөлийн угсралтын ажлыг гүйцэтгэн хийхдээ тухайн байрны Сууц өмчлөгчдийн холбооноос зөвшөөрөл авсан хэдий ч Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6, 26 дугаар зүйлийн 26.1.1 дэх заалтыг тус тус зөрчиж дээрх өргөтгөлийг барьсан байна" хэмээн нэхэмжлэгчийн хууль зөрчиж, дур мэдэн өргөтгөлийн барилга барьсныг тогтоосон юм.

Гэтэл дээрх хууль зөрчиж барьсан өргөтгөлийн барилгыг Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т "Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө" 57 дугаар зүйлийн 57.4-т "Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна" гэж заасны дагуу дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 17/01, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 17/02 дугаар "өргөтгөлийн ажлыг зогсоож газар чөлөөлөх тухай" шаардах хуудас 2 удаа хүргүүлсэн боловч биелүүлээгүй.

Гэтэл анхан шатны шүүхээс дүүргийн Засаг даргаас хугацаатай мэдэгдэл өгөөгүйгээр албадан буулгаж, газар чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн байна гэж дүгнэсэн нь шүүх Газрын тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх" зарчимд нийцээгүй байна.

Дүүргийн Засаг дарга нь хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ захиргааны байгууллагаар дамжуулан тодорхой чиг үүргийг гүйцэтгүүлэх бөгөөд дүүргийн Өмч, газрын харилцааны алба нь дүүргийн нутаг дэвсгэрт газартай холбогдон гарсан зөрчлийг илрүүлэх, арилгах, газрын маргааныг зохицуулах, шийдвэрлэх ажлыг зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

Гэтэл Анхан шатны шүүхээс дүүргийн Өмч, газрын харилцаанаас иргэн Ш.Сонинхүүд өгсөн 2 удаагийн мэдэгдлийг "Мэдэгдэл" биш хэмээн үзсэн нь үндэслэлгүй юм.

Дүүргийн Засаг даргын 2016 оны А/816 дугаар захирамж болон албадан буулгаж, газар чөлөөлсөн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хууль, Барилгын тухай хууль, Орон сууцны тухай хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн дагуу явагдсан болно.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 329 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож хэргийг шийдвэрлэж өгнө үү”гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах гомдолд дурдсан үндэслэлийн дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.  

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад “Нэхэмжлэгч Ш.Сонинхүү нь өөрийн оршин суудаг Баянгол дүүргийн 17 дугаар хорооны 67 дугаар байрны 1 давхрын аваарын гарц,  2 дугаар давхрын гаднах тагтыг ашиглаж, төмөр карказан хийцтэй өргөтгөлийн угсралтын ажлыг гүйцэтгэн хийхдээ тухайн байрны Сууц өмчлөгчдийн холбооноос зөвшөөрөл авсан хэдий ч Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 26 дугаар зүйлийн 26.1.1 дэх заалтыг тус тус зөрчиж, дээрх өргөтгөлийг хийсэн байна” хэмээн зөв дүгнэлт хийжээ. 

Гэхдээ шүүх Баянгол дүүргийн Засаг дарга 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/816 дугаар захирамжийг Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”,  57 дугаар зүйлийн 57.4-д “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж заасантай нийцээгүй гэж үзэж хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд иргэн Ш.Сонинхүүд 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 17/01 дугаартай шаардах хуудас хүргүүлсэн болох нь талуудын тайлбар, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогджээ. Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсгийн агуулгаас дүгнэхэд Засаг дарга захирамжаар мэдэгдэл өгнө гэж заагаагүй, харин газрыг чөлөөлөх тухай мэдэгдлийг хүргүүлнэ гэсэн агуулгаар ойлгогдохоор байна.

Энэхүү хэргийн тохиолдолд “шаардах хуудас” гэсэн нэртэй боловч зөвшөөрөлгүй эзэмшиж, ашиглаж буй газраа чөлөөлөхийг Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас мэдэгдсэн байгааг “мэдэгдэх хуудас” өгөөгүй,  дүүргийн Засаг дарга газраа чөлөөлөх талаар мэдэгдээгүй гэж дүгнэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч талаас хуурамч баримтад үндэслэн захирамж гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч Баянгол дүүргийн Засаг дарга дан ганц 17/02 тоот шаардах хуудсыг үндэслэн захирамж гаргасан гэж дүгнэх боломжгүй, бусад байруудад бас өргөтгөл хийж байгаа гэсэн тайлбар нь нэхэмжлэгч Ш.Сонинхүүгийн хууль зөрчсөн үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй юм.

Нэхэмжлэлийн “хохирол 24.065.485 төгрөг гаргуулах”-ыг хүссэн 2 дахь шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй. Учир нь Ш.Сонинхүү нь Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 26 дугаар зүйлийн 26.1.1 дэх заалтыг тус тус зөрчиж дээрх өргөтгөлийг хийсэн, хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын захирамжийг шүүх хууль зөрчөөгүй, хуульд нийцсэн захиргааны акт гэж дүгнэсэн тул дээрх захирамжийн улмаас учирсан хохирол гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 329 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 болон 2 дахь заалтыг нэгтгэж, “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 59 дүгээр зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Сонинхүүгийн Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/816 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, хохирол 24.065.485 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 болон 4 дэх заалтын дугаарыг 2, 3 болгон тус тус өөрчилсүгэй.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.    

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

             

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.МӨНХТУЯА

            ШҮҮГЧ                                                            Ц.ЦОГТ

            ШҮҮГЧ                                                            Э.ЗОРИГТБААТАР