Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1083

 

 

 

 

 

 

2022         11          16                                      2022/ШЦТ/1083

 

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт,

          улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

          шүүгдэгч Т.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Гыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ..... дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, 19.. оны 7 дугаар сарын 26-ны өдөр ... хотод төрсөн, .. настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух,

          урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн .. оны 7 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Т.Г, /регистрийн дугаар /

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

          Яллагдагч Т.Г нь 2022 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А" нэртэй бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ баарны эд зүйлийг эвдэж, гэмтээн 793.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн прокурорын газраас яллагдагч Т.Гыг 2022 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А" нэртэй бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ баарны эд зүйлийг эвдэж, гэмтээн 793.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Т.Гт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

 

          Шүүх шүүгдэгч Т.Гт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

          Шүүгдэгч Т.Г нь 2022 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А" нэртэй бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ баарны эд зүйлийг эвдэж, гэмтээн 793.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

          хохирогч Б.Мын "... тухайн үед миний ажилдаг "А" Цэнгээний газар нь өглөө 04 цаг 30 минутаас 05 цагийн хооронд үйлчлүүлэгч нараа гаргаад, хаагаад, цэвэрлэгээ болон тооцоогоо хийж байтал гаднаас 4 залуу орж ирсэн. Тухайн үед дотуураа улаан өнгийн цамцтай, хар өнгийн малгайтай гадуур хувцастай, хар өнгийн өмдтэй залуу орж ирээд үгийн зөрүүгүй агсраад орилоод “намайг мэдэх үү, би Г байна” гээд байсан...Тэгээд согтуу агсраад, эд хогшил эвдээд байхаар нь цагдаа дуудсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 59-60/,

          гэрч Э.Бийн “....Би тухайн үед "А" бааранд хамгаалагч хийж байсан. Г гэх хүн 3 залуугийн хамт согтуу орж ирсэн. Тухайн үед би зам дээр хүн тарааж байсан. Манай зөөгч намайг зам руу гарч ирээд согтуу хүн агсам тавиад байна гээд дуудсан. Тэгээд орж иртэл лоунжны үүдэнд хамт явж байсан 2 хүн нь барьчихсан тухайн хүн гартаа хутга барьчихсан манай захирал ажилтнууд руу дайраад байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 62/,

          гэрч Т.Т "...Одоогоос 2-3 сарын өмнө байх манай эд зүйлийг эвдсэн гэх согтуу эрэгтэй, 3 эрэгтэй хүний хамт орж ирсэн. Тухайн үед би тек дээр ажиллаж байсан. Ая авчихсан тооцоо бодож байх үед орж ирсэн. Тухайн үед хутга гаргаж ирээд дайраад байсан сандал дээр гарч зогсоод өрсөн байсан пивыг цохиж хагалаад агсам согтуу тавиад байсан. Текний босоо баганын шил хагалчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 64/,

          гэрч Г.Бийн “...Тэгээд шууд Сүхбаатар дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт байрлах "А очоод за очиж захиралтай нь уулзана гээд тэнд байж магадгүй гээд очсон….Гэх хүнтэй захирал нь гэх Б гэх хүнтэй уулзсан...Тэгээд Б гэх хүнтэй муудалцаж баарны тек дээр байсан архи, мөс, усыг унагаад уурласан..." гэх мэдүүлэг /хх-ийн 66/,

          яллагдагч Т.Гын "...тухайн үед би баар луу орохдоо утсаар хүнтэй маргалдсан байсан учир нэлээн бухимдалтай орсон. Улмаар тухайн баарны захирал өөрийн найз Бд бага зэрэг агсам тавьж шишаны төхөөрөмж баганын толь, текний гипс зэргийг эвдэж гэмтээснээ хүлээн зөвшөөрч байна. Одоо бол хохирлыг бүрэн барагдуулсан байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…" гэх мэдүүлэг /хх-ийн 90-91 дүгээр хуудас/,

          Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 69-74/ зэрэг хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх 2022 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А" нэртэй бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ баарны эд зүйлийг эвдэж, гэмтээн 793.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Т.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Т.Г нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Т.Гт танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

Иймд шүүх шүүгдэгч Т.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Т.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Т.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:      

 

1.Шүүгдэгч Т.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Т.Гыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гт нь энэ тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай.

 

4.Шүүгдэгч Т.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР