Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1320

 

2022          10          25                                   2022/ШЦТ/1320

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга: Б.Лхагвасүрэн,

улсын яллагч: О.Пүрэвсүрэн,

шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2200000000000 тоот хэргийг 2022.10.21-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                               

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Алтанбулаг суманд 1987 оны 8 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Э” анагаах ухаан дээд сургуулийн цайны газарт тогооч ажилтай, ам бүл-3, нөхөр, 1 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Хустайн 0-00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**0000000/ Боржигон овогт Дын М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 8 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо Хустайн 0-00 тоотын гадаа Ц.Бтэй маргалдан түүнийг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /х.х-3/,

- Хохирогч Ц.Б “2022 оны 8 дугаар сарын дундуур би найз *******тэй хамт караокед орж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан чинь ******* намайг хаяад тооцоогоо хийгээгүй явчихсан ба би тухайн үед 100000 төгрөгийг өөрөөсөө гаргаж өгсөн. Тэгээд 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 18 цагийн үед *******ээс мөнгөө авах санаатай *******ийн ажил дээр нь очиж *******ийг аваад караоке орж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад би нөхөр А.Аийг дуудсан. Тэгээд А.А бид хоёр *******ийг хүргэж өгөх гээд *******ийн гэр рүү буюу Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 8 дугаар сарын 30-наас 31-ний шилжих шөнө 02 цагийн үед *******ийн гэрт очоод *******ийг буух үед нь мөнгөө өгч чадахгүй бол өөрийнхөө гар утсыг өгөөрэй гэсэн чинь ******* над руу уурлаад миний нүүр рүү гараараа 2-3 удаа цохиод бас намайг газар унагасан чинь манай нөхөр А.А бид 2-ыг салгасан. Тэр үед би өмнө *******ийн тооцоо болох 100000 төгрөгийг төлж байсан юм. Тэгээд би тухайн үедээ мөнгөө өгч чадахгүй бол өөрийнхөө гар утсыг өгөөрэй гэсэн чинь ******* над руу уурлаад тэгээд бид 2 хоорондоо маргалдсан. Тэр үед миний нүүр хавдаж хөхөрсөн. Миний биед учирсан гэмтлийг манай найз ******* учруулсан. Тэр үед би болон ******* бид 2 архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан” гэх мэдүүлэг /х.х-6-10/,

- Гэрч А.А “Би эхнэр Ц.Бийн хамт *******ийг гэрт нь буюу Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд очсон чинь ******* машинаас буучхаад манай эхнэр Ц.Бийг хамт гэр рүү оръё гээд дагуулаад хашаа руугаа орсон чинь хоорондоо мөнгөний талаар яриад маргалдаад эхэлсэн ба ******* манай эхнэр 2 хоорондоо барьцалдаад авсан чинь ******* манай эхнэр Ц.Бийн нүүр рүү нь гараараа 2-3 удаа цохиод газар унагаачихаар нь би очоод тэр хоёрыг салгасан. Тэр үед манай эхнэр Ц.Б *******ийг цохиж зодоогүй, хоорондоо барьцалдаж авсан” гэх мэдүүлэг /х.х-20-21/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 12009 дугаартай “Ц.Бийн биед тархи доргилт, хамрын нуруу, хамрын баруун угалз, зүүн хөмсөгт зулгаралт, дух, зүүн нүдний зовхи, зүүн алга, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /х.х-23-24/,

- Яллагдагч ******* “Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би хохирлоо барагдуулж өгсөн” гэх мэдүүлэг /х.х-46-49/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******ийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 8 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Хустайн 1-81 тоотын гадна Ц.Бтэй мөнгөний асуудлаас болж маргалдан цохиж түүний биед “тархи доргилт, хамрын нуруу, хамрын баруун угалз, зүүн хөмсөгт зулгаралт, дух, зүүн нүдний зовхи, зүүн алга, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурдсан хохирогч Ц.Бийн мэдүүлэг /хх-6-10/, шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 12009 дугаартай дүгнэлт /хх-23-24/, яллагдагч *******ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байна.

Эдгээр баримтаар шүүгдэгч ******* нь тухайн үед гэнэт үүссэн хувийн сэдэлтээр, шууд санаатайгаар найз Ц.Бийг цохиж зодсоны улмаас түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь нотлогдож байх тул *******ийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Ц.Бт шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол саналгүй, хохиролд 200000 төгрөг авсан” гэх тайлбарыг гаргаж иргэний нэхэмжлэл гаргаагүй байна.

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон нь эрүүгийн хариуцлагыг шалгах хуудсаар /х.х-27/ тогтоогдож байна.  

Шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хохирол төлбөрийг барагдуулсан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна. Харин түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч Ц.Б нь “гомдол саналгүй” гэх хүсэлт гаргасан /х.х-57/ болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурортой тохиролцсон ял оногдуулах саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэж, торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Дын Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Дын Мт 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогч Ц.Бийн хохирол төлбөрт 200000 төгрөг хүлээлгэн өгсөн ба хохирогч нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож, хорих ялаар солино гэдгийг *******т мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                С.СЭРЖМЯДАГ