Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1331

 

        2022          10           26                                   2022/ШЦТ/1331

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

улсын яллагч: Б.Энхбаяр,

шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2200000000000 тоот хэргийг 2022.09.30-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Цагаанчулуут суманд 1968 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “М” ХХК-д механик засварчнаар ажилладаг, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 00-000 тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо Зээлийн 00-0А тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**0000000/ Их мянган овогт Дийн Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” ХХК-ны хашаан дотор хохирогч Г.Этой “гар утсаа авсангүй, ажлаа хийсэнгүй” гэх шалтгааны улмаас маргалдаж, түүний бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогч Г.Эын “2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр өглөө 08 цагийн үед би компанийн ажилтан ******* руу залгаад “... хөдөө машин тэрэг явах гээд запаас дугуй нь байхгүй техникийн шаардлага хангахгүй байна, өчигдөр бэлдэхэд яадаг юм бэ” гэхэд Б надад ямар хамаатай юм гээд утсаа тасалчихсан. ..Тэгээд 08 цаг өнгөрч байхад Б ирчихсэн үүдэн дээр цагаа бүртгүүлж зогсож байхаар нь би очоод п...а чинь яагаад утсаа авахгүй ажлаа хийхгүй алга болчих юм гэж хэлсэн. Тэгсэн чинь намайг шууд нүүр рүү гараараа 2 удаа цохиод тэгээд газраас тоосго аваад толгойны ар дагз хэсэг рүү 1 удаа цохисон... Би эхлээд жоохон уурлаад п..а чинь утсаа авахгүй алга болчих юм гээд хэлчихсэн чинь л гэнэт уурлаад шууд цохиод авсан. Би тухайн үед толгойн томограф хийлгэсэн 140000 төгрөг болсон, өөр зардал байхгүй, Би энэ мөнгөн дүнг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /х.х-16-17/,

- Гэрч М.Лгийн "2022 оны 8 дугаар сарын 31-ний өглөө 07 цаг өнгөрч байхад ажил дээрээ ирэхэд манай ажлын газрын ах Э ажил дээрээ ирсэн ажлын хашааны үүдэнд зогсож байсан. Ингээд 08 цаг өнгөрч байхад манай ажлын механик ******* ах ирсэн. Тэгээд Г.Э нь Б ахыг машин тэргээ засаач п...а минь гэсэн чинь ******* ах уурлаад харуулын байрны хажууд байсан тоосгыг аваад Эын толгойн ар хэсэгт 1 удаа цохисон” гэх мэдүүлэг /х.х-65/,

- Гэрч Д.Сын “манай ажлын Г.Э нь түрүүлээд ажил дээр ирсэн байсан. Ингээд 08 цаг болж байхад манай ажлын ******* ирээд Г.Э нь *******г чи яагаад утсаа авахгүй байсан машин тэргээ засаач гэсэн утгатай үг хэлсэн чинь Б нь Этой маргалдаад ******* нь Г.Эыг цохиод авсан. Тухайн үед *******гийн гарт улаан өнгийн тоосго байсан. Тэгэхээр нь би болон Л нар Г.Э, ******* нарыг салгасан юм” гэх мэдүүлэг /х.х-67/,

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /х.х-74-80/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан 12021 дугаартай “Г.Эын биед тархи доргилт, дагзны хуйх, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /х.х-22-23/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******гийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” ХХК-ны хашаан дотор хохирогч Г.Этой “гар утсаа авсангүй, ажлаа хийсэнгүй” гэх шалтгааны улмаас маргалдан түүний биед “тархи доргилт, дагзны хуйх, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хохирогч Г.Эын “...нүүр рүү гараараа 2 удаа цохиод тэгээд тоосго аваад толгойны ар дагз хэсэг рүү нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-16-17/, хүний биед хийсэн шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022.09.05-ны өдрийн 12021 дугаартай “Г.Эын биед тархи доргилт, дагзны хуйх, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /х.х-22-23/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /х.х-74-80/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч ******* нь Г.Эыг “утсаа авсангүй, ажлаа хийсэнгүй” гэх шалтгааны улмаас уурлан түүнийг цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь хувийн сэдэлттэй, шууд санаатай үйлдэл болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Г.Э нь КТГ-ын шинжилгээ хийлгэсэн талаарх 140000 төгрөгийн хохирлын баримтыг хавтаст хавсаргуулахаар гаргаж өгсөн ба шүүх хуралдаан эхлэхэд шүүгдэгч *******гаас хохирогчид хохирол төлбөр барагдуулахаар бэлнээр нийт 140000 төгрөгийг өгсөн болно.

Шүүгдэгч *******гийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин гэмт хэрэг үйлдэхдээ тоосгыг зэвсгийн чанартай хэрэглэснийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдэж буй нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байгаа болно. /х.х-31/

Дээрх нөхцөл байдал болон ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэж, торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Их мянган овогт Дийн Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Их мянган овогт Дийн Бд 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогчийн хохирол төлбөрт нийт 140000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг *******д мэдэгдсүгэй.

7. Хэрэгт хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг *******д холбогдох эрүүгийн 2200000000000 тоот хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

8. Шүүх хуралдаан эхлэхэд шүүгдэгч *******гаас хүлээлгэн өгсөн 140000 төгрөгийг хохирогч Г.Эод хүлээлгэн өгч, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслахад даалгасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ