Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1357

 

2022         11          02                                   2022/ШЦТ/1357

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

улсын яллагч: Р.Очирсүрэн,

шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2200000000000 тоот хэргийг 2022.10.26-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Сайнцагаан суманд 1968 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, радио механик мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Өнөр хороолол Москва 00-00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**0000000/ Хадны овогт Эгийн Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо 00 дүгээр байрны 00 тоотод байрлах гэртээ хувийн таарамжгүй харилцааны улмаас Ш.Ттай маргалдан түүний нуруун тус газар хутгаар хутгалж бие махбодод нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн шуурхай дуудлагын хуудас /х.х-2/,

- Хэргийн газрын тэмдэглэл, гэрэл зураг /х.х-5-7/,

- Хохирогч Ш.Тын “Би 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр өмнө нь хамт ажиллаж байсан ******* руу яриад “гэртээ байна уу танайх руу очиж явна” гэхэд ******* “хүрээд ир” гэсэн. Ингээд 19 цагийн орчимд *******ын гэрт очоод хоол цай уугаад байж байхад ******* эхнэрийгээ дэлгүүр рүү гаргаад нэг шил 0,75 литрийн архи авчруулсан. Тэгээд тэр архийг нь бид хоёр хувааж уугаад сууж байхад мэдээ гарч байхаар нь “Украйн ялж байгаа юм байна даа” гэхэд ******* уурлаж намайг “яв” гэхээр нь би хувцсаа өмсөх гээд үүд рүү явахад ******* араас нурууны ар сэрвээ хэсэгт нэг удаа хутгаар хатгахад цус гарсан. Тэгээд би охин руугаа яриад гэмтлийн эмнэлэг явсан” гэх мэдүүлэг /х.х-16-17/,

- Гэрч Т.Бгийн “2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр манай аав өмнө нь хамт ажиллаж байсан ******* гэх хүнтэй уулзахаар явсан юм. Тэгээд 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 21 цагийн үед аавтай фейсбүүкээр видео калл хийж холбогдоход аав ******* гэх хүнтэй хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан. Тэр үед аавд хандаж “хурдан ирээрэй” гэж хэлээд утсаа салгаад удаагүй байж байхад 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 21 цаг 18 минутад аав залгаад “хурдан хүрч ирээд аавыгаа аваарай цус алдаад байна” гэж хэлсэн. Тэгээд аавыг очиж аваад юу болсон талаар асуухад “аавыг нь ******* хутгалсан” гэж хэлсэн. Тухайн үед манай аавын нуруу хэсэг нь нил цус болсон байхаар нь өөрийнхөө автомашинд хэвтүүлээд Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү явсан. Тэгээд эмнэлэг дээр очиход яаралтай цэргийн төв эмнэлэг рүү яваарай гээд түргэн тусламжийн машинаар цэргийн төв эмнэлэг рүү яваад үзүүлэхэд эмч “хэвтэн эмчлүүлэх шаардлагатай та хэвтэн эмчлүүлэх үү” гэхэд аав “хэвтэн эмчлүүлэхгүй” гээд явсан. Би аавыг гэрт нь оруулж өгөөд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /х.х-24-25, 33/,

- Гэрч Г.Эгийн “2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр манай нөхөр Ш.Ттай архи хувааж ууж байгаад Орос, Украйн талаар яриад маргалдаад байсан. Тэгээд намайг нойлын өрөө ороод гараад ирэхэд Ш.Т “миний бие хачин болоод байна” гэхээр нь харсан чинь Ш.Тын ар нурууны хэсгээс цус гарсан байхаар нь цамцыг нь сөхөөд харахад зүүн далны дээд сэрвээ, гол хэсэгт шарх үүссэн цус гарч байсан. Тэгээд *******д хандан “чи хүн алах нуу” гэж хэлэхэд Ш.Т охин руугаа яриад манайхаас гарсан” гэх мэдүүлэг /х.х-31/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 12841 дугаартай “Ш.Тын биед нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүснэ. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэх дүгнэлт /х.х-35-36/,

- Хүний биед болон хутганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /х.х-10-14/,

- Яллагдагч *******ын “Би 2022 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гэртээ байж байхад манай Ш.Т над руу утсаар яриад “танай гэрт яваад очъё” гэхээр нь “хүрээд ир” гэж хэлсэн. Ш.Т манай гэрт 18-19 цагийн үед ирэхэд гэрт эхнэр, охин хоёр байсан. Ингээд хамт архи ууж, хоол идэж байгаад Орос, Украйны талаар яриад хоорондоо маргалдаад миний уур хүрээд айлгах санаатай гал тогооны шүүгээнээс хутга аваад түүний нуруун тус газар нь хатгасан” гэх мэдүүлэг /х.х-62-63/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 21 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 44 дүгээр байрны 39 тоотод байрлах гэртээ хувийн таарамжгүй харилцааны улмаас Ш.Ттай маргалдан түүний нуруун тус газар хутгаар хутгалж бие махбодод нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурдсан Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн шуурхай дуудлагын хуудас /х.х-2/, хэргийн газрын тэмдэглэл, гэрэл зураг /х.х-5-7/, хохирогч Ш.Тын мэдүүлэг /х.х-16-17/, гэрч Т.Батчимэгийн мэдүүлэг /х.х-24-25, 33/, гэрч Г.Эрдэнэчимэгийн мэдүүлэг /х.х-31/, шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 12841 дугаартай дүгнэлт /хх-35-36/, яллагдагч *******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь Ш.Тыг айлгах санаатайгаар хутга барьсан гэх боловч шүүх хуралдаанд шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч ******* нь үл ялиг зүйлээр шалтаглан танхайн сэдэлтээр, шууд санаатайгаар Ш.Тын нурууны гол хэсэгт хутгалсны улмаас түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь нотлогдож байх тул *******ыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Ш.Тт шүүх хуралдааныг товыг мэдэгдэхэд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх тайлбарыг гаргаж иргэний нэхэмжлэл гаргаагүй байна.

Шүүгдэгч *******ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин гэмт хэрэг үйлдэхдээ хүйтэн зэвсэг буюу хутга хэрэглэснийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

Шүүгдэгч ******* нь хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокуророос 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг ******* нь хүлээн зөвшөөрсөн байна.

Мөрдөн байцаалтын шатанд ******* нь хавтаст хэрэгт өөрийн эрүүл мэндтэй холбоотой баримтыг хавсаргуулахаар гаргаж өгөөгүй бөгөөд шүүх хуралдаан эхлэхэд ******* нь шүүхэд 2 хуудас баримтыг гаргаж өгсөн ба ******* нь Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэрээр хөдөлмөрийн чадвараа алдаж группэд байдаг болох нь тогтоогдож байх тул *******д нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохисгүй гэж дүгнэлээ. 

Дээрх нөхцөл байдал болон ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч Ш.Т нь хавтаст хэргийн материалтай танилцаад “гомдол саналгүй” гэх хүсэлт гаргасан /х.х-70/ болон шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгуулийн ялыг сонгон оногдуулж шийтгэхээр шийдвэрлэлээ.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Хадны овогт Эгийн Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хадны овогт Эгийн Бд 525 /таван зуун хорин таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 525000 /таван зуун хорин таван мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогч Ш.Т нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт үйлдэхэд хэрэглэсэн хутгыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг устгуулахаар Шүүхийн тамгын газарт шилжүүлэн өгч, баримтыг *******д холбогдох эрүүгийн 2208000000000 тоот хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслахад даалгасугай.

7. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг *******д мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                С.СЭРЖМЯДАГ