Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1376

 

      2022         11          07                                         2022/ШЦТ/1376

 

 

      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

улсын яллагч: О.Пүрэвсүрэн,

шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн *******эд холбогдох эрүүгийн 2200000000000 тоот хэргийг 2022.11.02-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Мөнххайрхан суманд 1992 оны 6 дугаар сарын 05-ны өдөр, төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Б” ХХК-д түгээгч, жолооч, борлуулагч ажилтай, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Налайх дүүргийн 0 дугаар хороо Гандан-Уул 0-00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**0000000/ Хорхон овогт Гагын А нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Зорчигч тээврийн нэгтгэлийн автобус нэгдүгээр баазын 00-00 УБЧ улсын дугаартай ХМК- Офицеруудын ордон чиглэлийн автобусны жолоочтой маргалдан, чулуу шидэж автобусны хажуугийн салхины шилийг устгаж гэмтээсний улмаас 400000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна.

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /х.х-2/,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /х.х-4-6/,

- Зорчигч тээврийн нэгтгэл Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Нэгдүгээр баазын Тээвэрлэлт үйлчилгээний газрын албан тоот /х.х-7/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.С “Би “Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ” автобус баазад 2017 оноос хойш тасралтгүй автобусны жолоочоор ажиллаж байгаа. Би ХМК-Офицеруудын ордон чиглэлд 00-00 УБЧ улсын дугаартай шугамын автобустай 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ээлжтэй ажиллаж байхад Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо дүүргийн автобусны буудлын орчим явж байхад автобусанд зорчиж явсан сүүлд нэрийг нь мэддэг болоход ******* гэх согтуу залуу би гар утсаа хулгайд алдчихлаа чи утас олж өг гээд над руу орилоод байсан ба би тухайн залуутай маргалдаагүй тухайн залуу уурлаж орилж байгаад голын хаалга онгойлгоход буусан ба буугаад газраас чулуу авч шидээд автобусны баруун хойд талын угсраа том салхины шил хагалчхаад зугтаасан би автобуснаасаа бууж араас нь хөөж барьж аваад цагдаад дуудлага өгсөн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй учирсан хохирлыг бүрэн барагдуулсан” гэх мэдүүлэг /х.х-8-14/,

- Мастер үнэлгээ ХХК-ийн Хөрөнгийн үнийн тодорхойлолтоор “2009 онд Монгол улсад импортлогдон орж ирсэн автобусны, 00-00 УБЧ улсын дугаартай автобусны хажуугийн угсраа урт шил 400000 төгрөгийн хохирол учирсан дүгнэлт /х.х-20-21/,

- Яллагдагч ******* “Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Би эд зүйлийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Би хохирлоо барагдуулж өгсөн” гэх мэдүүлэг /х.х-54-55/  зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.   

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******ийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт Зорчигч тээврийн нэгтгэлийн автобус нэгдүгээр баазын 00-00 УБЧ улсын дугаартай ХМК-Офицеруудын ордон чиглэлийн автобусны жолоочтой маргалдан, чулуу шидэж автобусны хажуугийн салхины шилийг чулуугаар хагалж устгаж гэмтээсний улмаас 400000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд *******ийг бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******ийн хууль бус санаатай үйлдлийн улмаас Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-д 400000 төгрөгийн хохирол учирсан байх ба шүүгдэгч ******* нь 440000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид дансаар шилжүүлсэн тул гэмт хэргийн улмаас бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хор бүрэн арилсан, ******* нь бусдад төлөх төлбөргүй болсон байна.

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдэж буй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлж, хор уршгийг арилгасан, хохирогчийг гомдолгүй болгосон нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-д учирсан эд хөрөнгийн хохирол бүрэн нөхөн төлөгдсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, *******ийн хувийн байдал зэргийг харгалзан прокурортой тохиролцсон ял оногдуулах саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэж, торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хорхон овогт Ггын Аийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хорхон овогт Ггын Аэд 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-д 400000 төгрөг дансаар шилжүүлсэн гэх ба хохирол нөхөн төлөгдсөн гэж мэдүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож, хорих ялаар солино гэдгийг *******эд мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    С.СЭРЖМЯДАГ