Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/165

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч М.Сумъяа,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр  ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2230000000240 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .... оны ...... дугаар сарын ........-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин,  ам бүл 3, эмээ, өвөөгийн хамт Сүхбаатар аймгийн ******* сумын ...... дугаар баг, “.” гэх газарт орш..........ин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Г-ын С  

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 2 дугаар багийн “............” гэх газарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч *******ын биед халдан цохиж зодон, эрүүл мэндэд нь гэмтлийн гаралтай толгойн өвдөлт, баруун нүдний доод зовхи, зүүн чих, дагзны болон хоёр бугалга, шуу, хоёр хөлийн гуя, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.   

Эрүүгийн 2230000000240 дугаартай хэргээс:

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “...Би Сүхбаатар аймгийн ******* сумын 2 дугаар “...........” гэх газарт өвөө, эмээ нарынхаа хамт мал маллаж амьдардаг. 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр манай найз охин ******* манайд ирсэн. *******ын гэр нь Сүхбаатар аймгийн төвд байдаг ба ******* бид хоёр нэг нэгнийхээ гэрээр ирж очдог болоод 3 сар болж байгаа. Яг хамтдаа бол 7 хоногоос илүү хугацаанд хамт байж үзээгүй. Ингээд ирснийхээ маргааш нь буюу 2022 оны 06 дугаар сарын 19-ний оройноос эхэлж “хурга, ишигний засаа харамлалаа” гэх шалтгаанаар надад уурлаж эхэлсэн. Тэгээд намайг ******* сум руу эмээгийнд хүргэж өг гэж уурлаад байсан. 2022 оны 06 дугаар сарын 20-ны өглөө манай дүү *******, найз охин ******* нарыг би сумын төв рүү хүргэж өгөх гэтэл ******* “танай дүү хамт явбал би явахгүй” гээд уурлахаар нь би баруун гар дээрээс нь татахад намайг алгадаад, өшиглөхөөр нь би түлхсэн. Тэгсэн хойшоо босгонд тээглээд дагзаараа газар унасан. Очоод босгох гэхэд уурлаад машинд орж суусан. Тэгээд дахиад “танай дүүтэй хамт явахгүй” гээд уурлаад байхаар нь “чиний эрхээр байх юм уу” гээд би машинтайгаа ******* сум руу дүү *******, найз охин ******* нарын хамт хөдөлсөн. Тэгээд явж байхад уурлаад машины цонх хөлөөрөө өшиглөж хагалсан. Тэгэхээр нь би *******ыг нэг удаа алгадаад машинаа зогсоогоод дүү *******гаар машинаа бариулаад сумын төв рүү явсан. Замдаа ******* зүгээр явахгүй өшиглөж, нүүр ам руу самардах гээд байхаар нь цамцных нь ханцуй дээрээс бариад 7-8 км яваад бүр зүгээр явахгүй болохоор нь дүүг “зогсож бай, болохгүй бол гарыг нь хүлж явъя” гэхэд зүгээр болсон. Тэгээд ******* сумын төвд очоод *******ын ээж *******тай уулзаад “танай охинтой хамт байж чадахгүй юм байна” гэж хэлээд *******ыг үлдээгээд явсан...” гэх /хх 31-32 дугаар хуудас/

              -Хохирогч *******ын ”.....Би Сүхбаатар аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “Дугуйн говь” гэх газар 2022 оны 03 дугаар сарын 20-оос хойш ******* гэх залуутай хамт нэг гэрт хамтран амьдарч байсан. 2022 оны 06 дугаар сарын 20-ны өглөө 11 цагийн үед манай хамтран амьдрагч ******* гэрээсээ хөөж “юмаа бэлдсэн үү, чамайг гэрт чинь хүргэж өгнө, чи явна” гээд байсан гэж хэлээд миний зүүн гараас татаж намайг гэрээс гаргах гэхээр нь би зүүн хацар хэсэгт нь алгадсан. Тэгсэн миний цээжин тус газар түлхэж намайг гэрийн босго дамнуулаад арагш толгойн ар хэсгээр газар хүчтэй унагасан. Би хэсэг манарах хугацаанд толгойн үснээс чирч машиндаа суулгаж миний нүүр, толгой хэсэг рүү цохиод байсан. Би тухай үед ******* нь дүүгээрээ намайг даруулаад байсан болохоор миний амь тэмцэж хөлөөрөө тийчилж байгаад Сундуйгийн машины нүүрний шилийг хагалсан байсан. Тэгсэн “муу гичий чинь машины шил хагална гэнээ” гээд улам уурлаж төрсөн дүү *******гаа “машин барь” гээд тэр хоёр хоорондоо солигдсон. Сундуй миний хоёр гарын ханцуйн дээрээс бариад тавихгүй байсан. Би гарыг нь тавиулах гэж шууг нь маажсан. Тэгснээ өмднийхөө бүсийг тайлж миний хоёр гарыг уях гээд байхаар нь “би зүгээр явъя, чи зүгээр бай” гэсэн чинь больсон. Тэгээд намайг ******* сумын төвд гэрт хүргэж өгөөд тэр хоёр явсан. Миний ч толгой эргэж сумын эмнэлэгт үзүүлэхэд “доргилт авсан байна” гэж эмч хэлээд сумын эмнэлгээс аймгийн Нэгдсэн эмнэлэгт одоог хүртэл хэвтэн эмчлүүлж байсан...” гэх /хх 6-7 дугаар хуудас/

  •  Гэрч А.*******ын “...Би Сүхбаатар аймгийн ******* сумын төвд ээжийндээ 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байсан. Гэтэл миний охин болох *******ыг 16 цагийн үед хамтран амьдрагч Сундуй гэх залуу нь зодсон байдалтай нүүр нүд хөхөрсөн хүргэж оруулж өгсөн. Тэгээд Сундуй “танай охинтой таарч тохирохгүй юм байна, хүргэж өгч байна” гэж хэлээд гараад явсан удалгүй манай охины толгой нь эргэж манараад сумын эмнэлэгт хэвтсэн. Тэгээд битүү доргилттой нүд нь бүрэлзээд байна гэх оноштой Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирээд хэвтэн эмчлүүлж байна...” гэх /хх 14 дүгээр хуудас/
  •  Гэрч Г.*******гийн “...Би Сүхбаатар аймгийн ******* сумын 2 дугаар баг “Дугуйн говь” гэх газар өвөө эмээгийн хамт амьдардаг. 2022 оны 06 дугаар сарын 20-ны өглөө 11 цагийн үед ******* суманд сургалтад суух ажилтай байсан. Тэгээд Сундуй ах ******* эгч хоёр машиндаа суугаад Сундуй ах “сум явъя” гээд намайг гэрээс дуудахаар нь би машинд суусан чинь ******* эгч “танай дүү сум явах гэж байгаа бол би явахгүй” гэж хэлсэн. Тэгсэн Сундуй ах “чиний дураар байх юм уу, яагаад манай дүү явж болдоггүй юм” гээд машинтайгаа хөдөлсөн. Тэгтэл “би бууя” гээд машин дотор машины шил рүү өшиглөөд шилийг нь хагалсан чинь ах нэг удаа алгадсан. Тэгсэн бүр зүгээр байхгүй байхаар нь би үснээс нь татаад арагш суулгасан чинь улам уурлаад ахын толгой руу цохиод байсан. Тэгсэн ах намайг “машин барь” гэсэн. Бид солигдож, би машин бариад сум руу явах хугацаанд тэр хоёр хоорондоо муудаад байсан...” гэх /хх 15 дугаар хуудас/  мэдүүлгүүд,
  • Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 364 дугаартай шинжээчийн “...*******ын биед гэмтлийн гаралтай толгой өвдөлт, баруун нүдний доод зовхи, зүүн чих, дагзны болон 2 гарын бугалга, шуу, 2 хөлийн гуя, шилбэнд цус хуралт бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна...” гэх дүгнэлт /хх 17-18 дугаар хуудас/,
  • Хохирогч *******д эрүүл мэндийн үзлэг хийсэн эмчийн тодорхойлолт /хх 19 дүгээр хуудас/
  • Шүүгдэгч *******гийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 34 дүгээр хуудас/
  • Шүүгдэгч *******гаас хохирогч *******д учирсан хохиролд 350,000 төгрөг нөхөн төлсөн баримт /хх 45 дугаар хуудас/
  • Хохирогч *******ын Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт /хх 46 дугаар хуудас/
  • Шүүгдэгч *******гийн Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх”-ийг хүссэн хүсэлт /хх 47 дугаар хуудас/
  • Сүхбаатар аймгийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 79 дугаартай “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол, прокурорын санал /хх 51-53 дугаар хуудас/
  • Шүүгдэгч ******* нь хавтаст хэргээс нотлох баримт судлуулаагүй болно.

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Гэм буруугийн талаар:

          Шүүгдэгч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 2 дугаар багийн “.........” гэх газарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч *******ын биед халдан цохиж зодон, эрүүл мэндэд нь гэмтлийн гаралтай толгойн өвдөлт, баруун нүдний доод зовхи, зүүн чих, дагзны болон хоёр бугалга, шуу, хоёр хөлийн гуя, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч *******, гэрч А.*******, Г.******* нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 364 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч *******д эрүүл мэндийн үзлэг хийсэн эмчийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эрх зүйн дүгнэлт:

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт: бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулах нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл энэ хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэж буй үйлдлийг ойлгохоор хуульчилсан.

 Тодруулбал, шүүгдэгч ******* нь хохирогч *******ыг цохиж зодсоны улмаас гэмтлийн гаралтай толгой өвдөлт, баруун нүдний доод зовхи, зүүн чих, дагзны болон 2 гарын бугалга, шуу, 2 хөлийн гуя, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хор уршиг учруулсан нь гэмт үйлдэл болон үр дагаврын хоорондох шалтгаант холбоог бүрдүүлж байна.

Шүүгдэгч *******г өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр байж бусдын биед халдаж эрүүл мэндэд нь  санаатай хохирол учруулсан  гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 Прокуророос шүүгдэгч *******гийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд  учруулсан хохиролд 350,000 төгрөгийг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч *******н холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд прокуророос *******н хэргийг хялбаршуулсан журмаар  шийдвэрлүүлэхийг хүссэн хүсэлтийг хүлээн авч, түүнийг “500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял” оногдуулах  санал гарган тохиролцож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан  гэж үзлээ.

Шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг түүний мал маллаж амьдардаг,  хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан дээрх ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон болно.

            Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байхыг ойлгоно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч *******ын эрүүл мэндэд учирсан хохирол, эмчилгээний зардалд 350,000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдах нь зүйтэй.  

Хохирогч ******* нь өөрт учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний төлбөр, бусад хохирол, зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Бусад асуудлаар

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, иргэний бичиг баримтыг хэрэгт хавсаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,  36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.5, 36.6 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Г-ын С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.    

6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг  дурдсугай.

7. Хохирогч ******* нь цаашид  гарах гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.АЛТАННАВЧ