Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/166

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч М.Сумъяа,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2230001760229 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ...... оны ..... дугаар сарын ....-ны өдөр Сүхбаатар аймгийн ........ суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “.” ХХК-нд үйлдвэри........йн ээлжийн ажилтан ажилтай,  ам бүл ....., эхнэр, .... хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн ........сумын ..... дугаар баг, “..........” хотхон ....... тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Г овогт О-ын Б

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 17 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “*******” хүнсний дэлгүүрт хохирогч *******ын нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд баруун нүдний дээд доод зовхи салстад болон зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр “*******” дэлгүүр лүү согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ орсон. Уг дэлгүүр нь манай дүүгийн эзэмшлийнх. Тухайн үед ******* согтуу байсан. Дүүгээсээ “энэ хүмүүс яаж байгаа юм” гэж асуухад “архи зээлье” гээд өглөөнөөс эхлээд энд сууж байна гэж хэлсэн. Тэгээд “архи зээлэхгүй” гэсэн шаардлага тавьсан. *******ын нүд рүү нь нэг удаа цохисон, өшиглөсөн зүйл байхгүй. ******* ер нь архи уудаг. ******* нь мэдүүлэхдээ “намайг зүгээр байхад үл таних хүн зодсон” гэж хэлсэн байсан. Шаардлага тавихдаа хэтрүүлсэн байсан...” гэв.     

Эрүүгийн 2230001760229 дугаартай хэргээс:

  • Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “...2022 оны 06 дүгэр сарын 11-ний өдөр өөрийн ажлын газрын хүмүүстэй 3 шил 0.75 граммын архи хувааж уусан. ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” дэлгүүрийг манай хамаатан дүү   ажиллуулдаг. Тэгээд би найзынхаа гэрээс гараад 17 цаг 30 минут орчимд өөрийн хамаатны дүү тэй уулзах гэж ажил руу нь “*******” дэлгүүр лүү явсан. “*******” дэлгүүрт орох үед согтууруулах ундаа хэрэглэсэн үл таних эрэгтэй хүн “архи зээлээр худалдан борлуулаач” гээд худалдагчаас гуйгаад шалан дээр нь сууж байсан. Тэгэхэд  нь би согтууруулах ундаа хэрэглэсэндээ болоод тухайн үл таних эрэгтэй хүнийг “босооч чи, энэ чамд зээлээр архи өгөхгүй гээд байгаа юм биш үү” гэж хэлээд нүүр лүү нь  гараараа 2 удаа цохисон асуудал гаргасан байсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн  байсан учир болсон асуудлын талаар сайн санахгүй байна...” гэх /хх 17-18 дугаар хуудас/,
  • Хохирогч *******ын “...2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 17 цагийн үед ******* сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “*******” хүнсний дэлгүүрт худалдагч хийдэг найз тэй уулзахаар очсон. Дэлгүүрт нь байж байсан чинь гаднаас үл таних эрэгтэй хүн орж ирээд үгийн зөрүүгүй миний баруун нүд рүү цохисон. Тэгээд ухаан балартаад сэрсэн. Намайг цохисны дараа намайг газарт бөмбөрүүлээд байхаар нь “туслаач ээ” гээд бархирсан чинь манай найз салгаад дүү д “хүнд зодууллаа” гэж хэлсэн чинь цагдаа дуудсан...” гэх /хх 10-11 дүгээр хуудас/,
  • Гэрч *******ийн “... Би ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт “*******” хүнсний дэлгүүрийн үйл ажиллагааг эрхэлдэг. Би 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр өөрийн дэлгүүртээ байж байхад 14 цаг 30 минутын орчимд миний танил ******* гэх хүн согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай манай дэлгүүрт орж ирсэн. Тэгээд ******* нь манай дэлгүүрт орж ирээд архи зээлээр худалдахыг надаас гуйсан. Тэгэхэд нь би *******т “зээлээр зарахгүй” гэж хэлэхэд ******* нь манай дэлгүүрээс гарахгүй шалан дээр суугаад байсан. 16 цаг 30 минутын орчимд дэлгүүрт манай хамаатан ******* мөн согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай орж ирсэн. ******* ахыг дэлгүүрт орж ирэхэд ******* дэлгүүр дотор шалан дээр сууж байсан. ******* ах *******т хандаж “босооч чи, манай дэлгүүрээс гар” гэж хэлээд нүүр хэсэгт гараараа 2 удаа цохисон...” гэх /хх 13 дугаар хуудас/,
  • Гэрч *******гийн “...2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр миний утас руу ******* залгаад “Би хүнд зодуулчихлаа”  гэж ярьсан. Тэгээд би нөхөр лүүгээ яриад “ах руугаа очиж бай” гээд би араас нь “*******” гээд дэлгүүр лүү очсон. Намайг очиход ахын баруун нүд нь цус хурсан, зовхи нь хөхөрсөн, хөмсөгнийх нь доод тал нь шалбарсан байсан. Тухайн үед эзэнтэй нь уулзаад “зодсон хүнийх нь дугаар байна уу, гэрийг нь заагаад өгөөч” гэхэд хаягийг нь мэдэхгүй “Одкон” хотхонд л байдаг гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Тэгээд би гэрт нь ахыгаа аваачаад хувцсыг нь тайлж харахад зүүн гуяны гадна тал, зүүн шилбэний гадна тал, баруун гуяны ар тал, баруун хөлийн булчингийн ар тал, баруун гарын булчин , мөн шуу, зүүн гар нь шуундаа тус тус хөхөрсөн байсан...” гэх /хх 15-16 дугаар хуудас/ мэдүүлгүүд,
  • Согтуурсан мансуурсан хүнийг саатуулсан болон сулласан тухай тогтоол /хх 18-19 дугаар хуудас/,
  • Хохирогч *******ын эрүүл мэндэд үзлэг хийсэн “Яаралтай тусламжийн хуудас” /хх 24 дүгээр хуудас/,
  • Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 15-ний өдрийн 344 дугаартай шинжээчийн “... 1. *******ын биед баруун нүдний дээд, доод зовхи салстад болон зүүн гуянд цус хуралт бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна...” гэх дүгнэлт /хх 25-26 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч *******ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 40 дүгээр хуудас/,
  •  Шүүгдэгч *******т холбогдох Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх 42-46 дугаар хуудас/,

-Шүүгдэгч *******ийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх 48-50 дугаар хуудас/,

  • Шүүгдэгч ******* нь хавтаст хэргээс нотлох баримт судлуулаагүй болно.

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Гэм буруугийн талаар:

  • Шүүгдэгч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 17 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн ******* сумын ... дүгээр багт үйл ажиллагаа явуулах “*******” хүнсний дэлгүүрт хохирогч *******ын нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд баруун нүдний дээд доод зовхи салстад болон зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч *******, гэрч *******, ******* нарын мэдүүлэг, согтуурсан мансуурсан хүний саатуулсан болон сулласан тухай тогтоол,  хохирогч *******ын эрүүл мэндэд үзлэг хийсэн “Яаралтай тусламжийн хуудас”,  Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 15-ний өдрийн 344 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эрх зүйн дүгнэлт:

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт: бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулах нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл энэ хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэж буй үйлдлийг ойлгохоор хуульчилсан.

 Тодруулбал, шүүгдэгч ******* нь хохирогч *******ыг цохиж, зодсоны улмаас түүний баруун нүдний дээд, доод зовхи салстад болон зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хор уршиг учруулсан нь гэмт үйлдэл болон үр дагаврын хоорондох шалтгаант холбоог бүрдүүлж байна.

Шүүгдэгч *******ийг өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр байж ялимгүй зүйлээр шалтаглан бусдын биед халдаж, эрүүл мэндэд нь санаатай хохирол учруулсан гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 Прокуророос шүүгдэгч *******ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч *******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “...Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад гэмт хэрэг гарах болсон нөхцөл байдал шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Энэ хэргийн улмаас нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Хохирогчийн зүгээс баримтаар нэхэмжилсэн зүйл байхгүй. Хохирогч нь өөрт учирсан эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхийг шийтгэх тогтоолд дурдуулах...” гэсэн саналыг гаргав.

Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг ойлгосон зэрэг түүний хувийн байдлыг харгалзан үзэж, улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэж, түүний хувиараа хөдөлмөр эрхэлдэг, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан дээрх ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон болно.

            Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байхыг ойлгоно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч гомдолтой гэх боловч гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролтой холбоотой баримтыг хэрэгт ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй болохыг дурдах нь зүйтэй. 

Иймд шүүгдэгч *******ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь өөрт учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний төлбөр, бусад хохирол, зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Бусад асуудлаар

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, иргэний  бичиг баримтыг хэрэгт хавсаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.5, 36.6 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овогт О-ын Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.    

6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг  дурдсугай.

7. Хохирогч ******* нь цаашид  гарах гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.АЛТАННАВЧ