Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/168

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч М.Сумъяа,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2230000000213 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ....... оны . .....дүгээр сарын ......-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ...... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...., эхнэр, ......  хамт Сүхбаатар аймгийн ******* сумын ....... дүгээр баг, ........... дугаар гудамжны . т.......оотод оршин суудаг, урьд

- Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар,

- Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 сарын хугацаагаар хорих ялаар,

- Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг “Өршөөл үзүүлэх тухай” хуульд зааснаар мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял болгон дүйцүүлэн сольж байсан, Б овогт Ц-ийн Х

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 08 цаг 40 минутад Сүхбаатар аймгийн ******* сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах “*******” зочид буудлын 208 тоот өрөөнд буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хохирогч *******гийн “Samsung А-72” загварын гар утас, мөнгөн эдлэл зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 744,400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараа мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй...”  гэв. 

Эрүүгийн 2230000000213 дугаартай хэргээс:

  • Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Би 2022 оны 04 сарын 13-ны өглөө 08 цагийн үед “*******” зочид буудал руу орсон. Тухайн үед би архи уусан, согтуу байсан. Тэгээд 2 давхарт зүүн тийшээ харсан хаалгатай өрөө рүү ороход тэр өрөөнд 3-4 хүн унтаж байсан. Тэгсэн тэр өрөөний ширээн дээр нь хар өнгийн цүнх байхаар нь ухаж үзэхэд дотор нь гар утас, жижиг цаасан хайрцагтай 4-5 ширхэг ээмэг бөгж зэрэг зүйлс байхаар нь хулгайлж авсан. Тэгээд тэр өдрөө 2-3 ээмэг бөгжийг нь гудамжинд таарсан танихгүй хүмүүст зарсан. Мөнгөөр нь архи, тамхи авч өөрөө хэрэглэсэн. Гар утас болон үлдсэн байсан мөнгөн эдлэлийг нь гэртээ хадгалж байхад 2022 оны 05 дугаар сарын эхээр “*******” буудлын Билгүүнээ гэх залуу надтай төвд таараад “ахаа та манай буудлаас юм хулгайлсан байна лээ, буцаагаад өгвөл гомдолгүй” гэхээр нь би гар утас болон мөнгөн ээмэг, бөгжийг нь буцааж өгсөн. Мөн дээр нь 400,000 төгрөг хохирогчид нэмж өгсөн...” гэх /хх 41-42 дугаар хуудас/,

- Хохирогч *******н “...Би ******* сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах “*******” нэртэй зочид буудлыг гэр бүлийн хамт түрээсэлж ажиллуулдаг. 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр би буудлынхаа 208 тоот өрөөнд унтаж байгаад 11 цагийн үед сэрэхэд орны хөлд байсан миний хар цүнхэнд байсан “Samsung A-72” маркийн гар утас, уг цүнхэнд байсан ээмэг бөгж хийдэг хүрэн бор өнгөтэй цаасан хайрцагтай мөнгөн хослол /хос ээмэг, гинж, бөгж/, ээмэгнүүд хулгайд алдагдсан. Буудлынхаа камерыг шүүж үзэхэд тус өдрийн өглөө 08 цаг 40 минутад миний унтаж байсан 208 тоот өрөө рүү масктай, шаргал өнгийн юүдэнтэй цамцтай, цамцан дээгүүрээ хар өнгийн ханцуйгүй цамцтай, доогуураа цэнхэр жинсэн өмдтэй, тавчиктай үл таних хүн орж ирээд 08 цаг 45 минутад гарч явсан байсан. Уг хүнийг манай дүү Ихбаньд авто вокзалаар явдаг хүн байна гэж таньж байсан. 05 дугаар сарын эхээр манай дүү Ихбаньд камерын бичлэг дээр байсан уг хүнийг авто вокзалаар явж байхад нь дагуулж ирсэн. Тэгээд би “та манай буудлаас гар утас, ээмэг бөгжний савтай мөнгөн хослол, ээмэгнүүд хулгайлсан байна. Таны камерын бичлэг байгаа. Таныг цагдаад өгнө шүү” гэж хэлэхэд Хангал гэх тухайн ах хэргээ хүлээн зөвшөөрч миний Samsung A-72 маркийн гар утсыг маргааш нь авчирч өгөөд, ээмэг бөгжний савтай ээмэг бөгжийг нь танихгүй хүнд зарчихсан гээд бэлэн 350,000 төгрөг өгсөн...” гэх /хх 9-10 дугаар хуудас/,

- Гэрч *******ын “...Би Сүхбаатар аймгийн ******* сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах “*******” нэртэй зочид буудлыг ах Ууганболд, түүний эхнэр ******* нартай хамтран түрээсэлж ажиллуулдаг юм. Намайг хүмүүс Билгүүн гэж дууддаг. 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр манай эгч Мөнх-Өлзий нь 208 тоот өрөөнд унтаж байгаад цүнхнээсээ ээмэг, бөгжний савтай мөнгөн ээмэг, бөгж, гар утсаа хулгайд алдсан. Тэгээд буудлынхаа хяналтын камерыг шүүж үзэхэд манай эгчийн унтаж байсан 208 тоот өрөө рүү өглөө 08 цаг 40 минутын үед цэнхэр масктай, цагаан хар өнгийн малгайтай цамцтай, цэнхэр жинсэн өмдтэй, авто вокзалаар архи уугаад явдаг Хангал гэх ах байсан. Өрөөнд ороод 5 минут орчмын дараа тус өрөөнөөс гарч явсан бичлэг бичигдсэн байсан. Хэд хоногийн дараа Хангал ахыг авто вокзалаар явж байхад нь эгч Мөнх-Өлзийн хамт уулзсан. Хангал ахад камерын бичлэгийг нь үзүүлэхэд мөнгөн ээмэг, бөгж, гар утас хулгайлсан хэргээ хүлээн зөвшөөрч ээмэг, бөгжийг нь зарсан, гар утас нь байгаа гээд гар утсыг нь маргааш нь авчирч өгөөд мөнгөн ээмэг, бөгжний мөнгө өгч, эгчийн хохирлыг барагдуулсан...” гэх /хх 12 дугаар хуудас/ мэдүүлгүүд,

- Хяналтын камерт бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 3 дугаар хуудас/

  • Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн  2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2202230 дугаартай шинжээчийн хулгайд алдагдсан Samsung A-72 маркийн гар утас  589,400 төгрөг, мөнгөн хослолыг 65,000 төгрөг, 1 хос ээмэг 15,000 төгрөг, нийт 669,400 төгрөг” гэх дүгнэлт /хх 18-27 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч *******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 44 дүгээр хуудас/,
  • Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ............ дугаартай шийтгэх тогтоолын хуулбар болон шүүгдэгч *******д урьд ял оногдуулж байсан шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 45-63 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч ******* нь хавтаст хэргээс нотлох баримт судлуулаагүй болно.

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 08 цаг 40 минутад Сүхбаатар аймгийн ******* сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах “*******” зочид буудлын 208 тоот өрөөнд буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хохирогч *******гийн “Samsung А-72” загварын гар утас, мөнгөн эдлэл зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 744,400 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч *******, гэрч ******* нарын мэдүүлэг, хяналтын камерт бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн  2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2202230 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эрх зүйн дүгнэлт:

Хулгайлах гэмт хэрэг гэдэгт:Бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд “Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орсныг тус тус ойлгохоор хуульчилсан.

Тодруулбал, шүүгдэгч ******* нь  хохирогч *******гийн үйл ажиллагаа явуулдаг “*******” зочид буудлын 208 тоот өрөөнд нууцаар, сэм орж цүнхнээс нь эд зүйлсийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авснаар хулгайлах гэмт хэрэг төгсөж, уг гэмт үйлдлийн улмаас хохирогчийн өмчлөх эрхэд хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа бусдын өмчлөх эрхэд санаатай хохирол учруулан гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

  Прокуророос шүүгдэгч *******ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч *******ыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч  хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас түүнд “...Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл болж байдал байна. Гэмт хэрэг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөлийг ойлгож байгаа гэж ярьж байгаа боловч шүүх хуралдаан товлон зарлагдсан өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж шүүх хуралдааныг хойшлуулсан байдлыг харахад гэмшил, ухаарлыг аваагүй байна гэж дүгнэж байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлэх. Урьд тус шүүхээс 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг “Өршөөл үзүүлэх тухай” хуульд заасны дагуу мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял болгон дүйцүүлэн сольж байсан. Тухайн эдэлж байсан ялын эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 19 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу нэмж нэгтгэн 4 жил 1 сар 19 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах...”  саналыг гаргав.

            Шүүгдэгч ******* нь ялтай байх хугацаандаа хүнд гэмт хэрэг дахин үйлдсэн, хэрэг үйлдсэн нөхцөл, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн .............. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2021 оны “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг, мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн байна.

Иймд шүүгдэгч *******д энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/137 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 01 сарын 19 хоногийн эдлээгүй үлдсэн зорчих эрх хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх заалтыг журамлан нэмж, нэгтгэн шүүгдэгч *******ын биечлэн эдлэх хорих ялыг нийт 3  жил 1 сар 19 хоногийн хугацаагаар тогтоосон болно.

Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж заасан бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч *******гийн эд хөрөнгөд санаатай хохирол учруулсан бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Бусад асуудлаар

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдсан эд зүйл байхгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ц-ийн Х-ыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т хэсэгт зааснаар урьд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 01 сар 19 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн, биечлэн эдлэх нийт ялыг 3 /гурав/ жил, 01 /нэг/ сар, 19 /арван ес/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан 3 жил, 1 сар, 19 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, камерын дүрс бичлэгтэй 1 ширхэг  CD дискийг хэрэгт хавсарган хадгалсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.АЛТАННАВЧ