Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/60

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Хэрлэнтунгалаг,

Улсын яллагч: Н.Бадам,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

 *** аймаг *** сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***д холбогдох *** дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

             Монгол Улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр ** аймгийн ** суманд төрсөн, 56 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, механикжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ач хүүгийн хамт ** аймгийн ** сумын 3-р баг *** *** 1-р гудамж, ***-р байр *** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэл эдэлж байгаагүй, *** овогт *** *** /РД:***/,

                  Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч *** нь 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр *** аймгийн *** сум 2 дугаар багийн нутагт байрлах "*** зоогийн газарт иргэн ***ийн гээгдүүлсэн "Айфон 11" загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж шунахай сэдэлтээр завшиж, бусдад 1,100,000 төгрөгийн хохирол учруулсан завших гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

.

            Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч *** нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэсэн болно.

 

Эрүүгийн **** тоот хавтаст хэргээс

 

1. Иргэн ***аас гаргасан гомдол, уг гомдлыг 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр *** аймгийн *** сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст гомдол мэдээллийн /№123, ***/ дугаарт хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2-3-р хуудас/,

2. 2022 оны 07 сарын 05-ны өдөр гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4, 5-р хуудас/,

3. 2022 оны 07 сарын 19 ний өдрийн "Капитал зууч" үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгийн үнэлгээний компанийн "IPhone-11" маркийн гар утас 1,100,000 төгрөг байна гэх хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 10-12-р хуудас/,

4.Хохирогч ***ийн “...Би 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр сумынхаа иргэний бүртгэл дээр хувийн ажлаар орох гэсэн чинь манай иргэний бүртгэлийн ажилтан амарчихсан байгаа гэхээр нь ***ийн иргэний бүртгэлийн ажилтантай уулзахаар 15 цагийн орчим ороод ирсэн чинь ***ийн иргэний бүртгэлийн ажилтан байхгүй болохоор нь буцаад гэр рүүгээ явах гэж байгаад замаараа “***” цайны газар ороод хоол идчихээд гараад шууд *** сум руу гэр лүүгээ явсан. Тэгээд бараг сум руугаа орж яваад утсаа хайсан чинь байхгүй болохоор нь буцаад “***” цайны газар луу очоод камерыг нь шүүе гэсэн чинь эзэн нь байхгүй байна гээд эзнийг нь иртэл бараг 30-аад минут хүлээсэн. *** эзэн нь гээд нэг залуу ирээд камерын бичлэгийг нь шүүж олоход ягаан өнгийн даавуун өмдтэй, үзмэн ягаан өнгийн цамцтай тайрмал шар үстай ахимаг насны гэмээр эгч миний утсыг аваад гараад явж байгаа бичлэг байсан. Тэгээд би гадаа камерыг нь харах гэсэн боловч камер нь шуурганд унаад ажиллахгуй болчихсон байсан. Өөр “***” цайны газрын авто зогсоoл pyy xapcaн ханалтын камертай аж ахуй нэгж хайгаад олоогүй. Миний утас Айфон-11 маркийн үзмэн ягаан өнгийн хар өнгийн кейстэй гар утас байсан. Сүрхий содон шинж тэмдэг гээд байх зүйл байхгүй 2021 оны 10 сарын 05-ны өдөр Улаанбаатар хотын ТЭДИ төвөөс 1,580,000 төгрөгөөр худалдаж авч байсан гэх мэдүүлэг /хх-ийн 10-19-р хуудас/,

5. Гэрч ***ийн “... Тухайн өдөр буюу 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр би “***” зоогийн газарт ээлжтэй ажиллаж байсан. 15 цагийн орчим санагдаж байна 2 охинтойгоо нэг эгч орж ирээд хаалгаар орж ирээд зүүн талын буланд цонхны дэргэд суусан. Хоол захиалж идээд гараад явсан, удаагүй араас нь нэг тайрмал шар үстэй ахимаг насны эгч орж ирээд 1 аяга цай, 1 гуляш захиалаад идэхээр үү гэсэн чинь идэхээр гэж хэлээд нөгөө хүмүүсийн сууж байсан хэсэг рүү явснаа удаагүй буцаж хүрч ирээд "хоолоо пакетлуулаад аваад явчихья" гэхээр нь би тэгвэл та 500 төгрөг нэмж өгөх юм байна гэсэн чинь за эгч нь гараад аваад ирье гээд гараад удаагүй 500 төгрөг бэлэн авч ирж өгөөд буцаад явсан 30-40 минутын дараа манай ажлын утас руу 2 охинтойгоо орж ирж үйлчлүүлсэн эгч залгаад "Утсаа танайд үлдээчихсэн юм шиг байна. Наад хавиараа үзээд өгөөч" гэхээр нь би суусан газрынх нь ойр хавиар үзэхэд байхгүй байсан Тэгээд нөгөө эгч чинь чинь "камерын бичлэг шүүж үзэж болох уу гээд манай даргатай ирж камерын бичлэг шүүж үзсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,

6. 2022 оны 07 сарын 08-ны өдрийн 5048/185 дугаартай *** салбарын Хаан банк зээлийн төвийн тодорхойлолт, дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 24 25-р хуудас/,

 7.Яллагдагч ***ийн “...Тухайн өдөр би *** аймаг *** суманд хувийн ажлаа амжуулаад *** аймаг *** суманд байрлах гэр рүүгээ явж байхдаа *** аймаг *** суманд 16 цагийн үед түр зогсоод тус суманд байрлах "***" гэх хоолны газар руу ороод өндөгтэй хуурга захиалсан бөгөөд хоолны 1 удаагийн сав буюу пакетны мөнгө хүрээгүй учир буцаж машин руугаа яваад мөнгө аваад тухайн хоолны газрын хүнд пакетны мөнгө өгөөд хоолны газрын баруун талын зах хэсэгт байрлах ширээ хэсэгт суутал миний суусан ширээний сандал дээр IPhone 11 загварын шар, ягаан өнгийн гэртэй утас байхаар нь тухайн утсыг шууд авч гараад машиндаа үлдээгээд хоолны газар руу ороод захиалсан хоолоо аваад машиндаа суугаад шууд явсан. *** аймаг *** сумаас *** аймаг руу явдаг тойрог хэсэгт явж байтал "***" хоолны газраас авсан Iphone 11 загварын утас руу 88-аар залгаад байсан бөгөөд тухайн үед би машин жолоодож явсан учир дуудлагыг авч чадаагүй юм. Уг дугаар pyy буцаагаад залгах гэтэл тухайн утас кодтой байсан учир залгаж чадаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч *** нь 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр *** аймгийн *** сум 2 дугаар багийн нутагт байрлах "***” зоогийн газарт иргэн ***ийн гээгдүүлсэн "Айфон 11" загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж шунахай сэдэлтээр завшиж, бусдад 1,100,000 төгрөгийн хохирол учруулсан завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлгийг давхар нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч ***, гэрч *** нарын мэдүүлэг, Үл хөдлөх, хөдлөх хөрөнгийн үнэлгээний “Капитал зууч” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *** нь хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь  гэмт этгээд ...гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд  байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг ба нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан “Гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

Энэ гэмт хэргийн субьектив талын онцлог нь гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй буюу анхнаасаа гэмт хэрэг үйлдэх санаа, сэдэлт төрөөгүй байдаг ба харин хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, улмаар шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогчийн эд хөрөнгийг хууль бусаар авсан, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг онцлогтой.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч *** нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *** гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *** нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч ***ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Л*** нь ач хүү ***ийн хамт амьдардаг, түүний асрамжид өсөж хүмүүждэг болох нь *** аймгийн *** сумын Хайлааст 3-р багийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 05-ний өдрийн 10/116 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байх тул шүүх шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Шүүх шүүгдэгчийн  хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.  

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *** 1,100,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

            Шүүгдэгч *** нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгчөөс хууль эрх зүйн туслалцаа авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч *** нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл 1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.*** овогт *** *** эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***д танилцуулсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7.Хэргийн хамт хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар хэсгийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг өөрөө  гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичигдсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлэхийг дурдаад шүүх хуралдааныг хаав.

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.АЛГИРМАА