Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
Хэргийн индекс | 169/2022/0143/Э |
Дугаар | 2022/ШЦТ/146 |
Огноо | 2022-10-12 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ч.О |
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 2022/ШЦТ/146
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат
Улсын яллагч Ч.Отгонбаатар
Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.******* холбогдох эрүүгийн 2222000000152 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1998 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, аав, ээж, 2 эгч, дүү нарын хамт Дундговь аймгийн ******* сумын 4 дүгээр баг “Дөрөөлж” гэх газарт оршин суух, улсаас авсан шагналгүй, урд ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* овогт Бат-Эрдэний ******* РД:/*******/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.******* нь Дундговь аймгийн ******* сумын төвд 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр иргэн Б.*******ийн толгойн тус газарт архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна” гэв.
Шүүгдэгч Б.*******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Тухайн өдөр бензин авах гээд сумын төвд ирсэн. Суманд дэлгүүрийн гадаа ******* гэдэг ахтай тааралдаад бид хоёр сумаас урагш 3 км орчимд байрладаг сумын бордооны цэгийн урд талд 3-4 шил архи уусан. Би тэгээд тасарсан, цааш нь юу болсныг санахгүй байна. Ухаан санаа эрүүл саруул байхдаа хүнтэй зодолдож муудалцсан асуудал гараагүй. Би ******* ахыг танина, манай нутгийн ах байгаа юм. Би ******* ахыг зодож цохисноо санахгүй байна. Архи их уусан болохоор тасарсан байсан. ******* ахыг хэзээ ирснийг би мэдээгүй. ******* бид хоёр 3-4 шил архи уусан. *******, ******* нар ирээд хэдэн шил архи уусныг би мэдэхгүй. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би ******* ахад эмчилгээний зардалд зориулж 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 400.000 төгрөг бэлнээр өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/
Хохирогч Б.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ******* сумын төвд явж байхад манай найз Шоохойгийн эхнэр сумын төвд таараад Шоохой сумын урд байгаа чи очоорой гэж хэлсэн. Шоохой гэдэг нь миний багын найз бүтэн нэрийг нь ******* гэдэг юм. Тэгэхээр нь би дэлгүүрээс нэг шил архи аваад найз *******ыг сундлаад сумын урд талын бордооны цэг дээр очсон. Тэнд манай найз Шоохой эхнэртэйгээ, манай сумын ******* гэх залуу байсан. ******* бид хоёрыг очиход ******* нэлээн халамцуу, ******* согтоогүй байсан. ******* халамцуу *******, ******* бид гурав руу нь агсраад байсан. Тэгж байгаад манай найз *******тай муудалцаад түлхэж унагаагаад цохиж байсан. Тэгэхэд *******ын эхнэр тэр 2-ыг салгасан. *******ыг эхнэр машиндаа суулгаад аваад явчихсан. Тэр хоёрыг явсны дараа би *******т хандаж “миний дүү чи тэгж болохгүй шүү. Чи ахынхаа хурдны морийг унадаг хүүхэд байсан шүү. Чи ах нарыгаа ингэж болохгүй шүү” гэхэд ******* “та муу сайны үе өнгөрсөн шүү” гээд миний өөдөөс босч ирээд миний нүүр рүү балбаж эхэлсэн. Би гараараа нүүрээ дарж, өөрийгөө хамгаалж байхад намайг газар унагаагаад миний дээрээс сууж байгаад миний нүүр рүү цохиод балбаад байсан. Би тухайн үед ухаан балраад гарт ойр байсан архины шилийг автал ******* тэр архины шилийг булааж аваад миний толгой руу цохисон. Тухайн үед миний толгойн ар хэсгээр нойтон оргиод архины шил хагарсан. ******* миний дээр гараад хоолой боосон байхад миний ухаан санаа балартаад, би цагдаа дуудлаа шүү гэхэд гар нь арай сулраад миний дээрээс боссон. ******* намайг зодож байхад надтай хамт ******* байсан. ******* зугтаагаад явсан ******* босч ирээд муу ******* зугтаагаад явсан байна гээд мотоциклоо асаагаад хөдөлсөн. Би түүний араас босоод мотоциклоо асаагаад сумын төвд дүүгийндээ ирээд толинд харахад миний нүүр цус болсон байсан. Миний дүү эмнэлэгт сувилагчаар ажилладаг. Тухайн өдөр жижүүртэй байсан учраас намайг эмнэлэг дээр авч ирж анхны тусламж үзүүлэн эмч дуудсан. Миний толгойн арын хэсэгт хагалсан байсан. Эмч намайг үзээд толгойд оёдол тавьсан 2 талын шанаа их хөндүүр байгаа. Дээд талын уруул болон шүд хөндүүр шүд хөдөлсөн. Толгойн ар хэсэгт хагарсан, би гараараа өөрийнхөө нүүрийг дарж байсан учраас гар руу их цохисон гар өвчтэй байна. Эхэлж *******ыг цохиж унагасан, *******ыг бас цохиж байсан. Би тэнд очоод 2-3 удаа архи татсан. Гэхдээ би согтоогүй, ******* ч гэсэн ухаанаа алдталаа согтоогүй байсан. Би эсэргүүцээд тэр залууг дийлээгүй. Би гомдолтой байна. Мөн эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 7/
Гэрч Б.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр нөхрийн хамт сумын төв рүү бензин авах гэж орсон. Манай нөхөр хөдөөнөөс орж ирэхдээ согтуу ирсэн. Манай нөхөр суман дээр ******* гэх залуутай тааралдаад тэр 2 сумын урд талд архи уусан. Тэр хооронд би сумын төв орж дэлгүүр ороод, дэлгүүрийн гадаа нөхрийн найз *******, ******* нартай тааралдсан. Тэгээд Шоохой сумын урд байгаа гэж хэлсэн. Би буцаад нөхөр дээрээ очиход миний араас *******, ******* нар ирсэн. Тэр 2 ирэхдээ нэг шил архитай ирээд тэр 4 архи ууцгаасан. Манай нөхөр урьд нь архи уусан байсан болохоор дорхноо согтсон. *******, *******, ******* нар гайгүй байсан. Тэд нарыг архи ууж байхад ******* манай нөхөртэй муудалцах гээд үг сөрөөд байсан. Нөгөө 2 хүн рүүгээ мөн адил үг сөрөөд агсам тавиад байсан. Тэгж байснаа ******* босч ирээд манай нөхрийг түлхээд нэг удаа цохиж авсан. Тэгэхээр нь би ******* руу чи хамт архи уучихаад яагаад байгаа юм гэж хэлээд энд удаан байвал зодоон болж мэдэх юм байна гээд нөхрөө аваад явсан. Манай нөхөр хүнд зодуулж цохиулж байгаагаа мэдэхгүй согтуу байсан. Бид 2-ыг явснаас хойш юу болсон талаар мэдэхгүй. ******* гараараа манай нөхрийн зүүн гарын харьт орчимд нэг удаа цохисон. Биед нь ямар нэгэн гэмтэл учраагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 9/
Гэрч Ц.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 08 дугаар сарын 18-ны өдөр ******* суманд найз *******тэй хамт ирсэн. Би суманд ирээд найзуудтайгаа 2-3 шил архи уусан. Тэгээд *******тэй сундлаад сумын урд цаг уурын тэнд очсон. Тэнд манай сумын ******* эхнэртэйгээ байсан. Түүнийг Шоохой гэж дууддаг юм. Бас манай сумын ******* гэх залуу өөр ганц нэг хүмүүс байсан. Би өөрөө нэлээн согтуу байсан болохоор ямар хүмүүс байсныг нь сайн санахгүй байна. Бид хоёрыг очиход тэнд нэг шил архи тойруулаад ууж байсан. Бид нар нэг шил архитай очсон. ******* гэх залуу миний хажууд сууж байсан. Бид нар морь ярьж байгаад ******* гэх залуу намайг 2 удаа цохисон. Тэгэхэд миний хамраас цус гарсан ба би бусад зүйлийг нь санахгүй байгаа. Намайг хэн нэгэн нь гэрт хүргэж өгсөн байх. Шөнө хамраас цус гоожсон. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. ******* *******ийг зодсон талаар мэдэхгүй байна. Архи их уусан болохоор тасарсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 11/
Гэрч Б.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“Би тухайн өдөр эхнэр, хүүхдийнхээ хамт сумын төв орсон ба суманд ******* гэх залуутай тааралдаад дэлгүүрээс нэг шил архи аваад сумын урд бордооны цэгийн хажууд Б.*******тай хамт уусан. Би урьд өмнө нь архи уусан болохоор юу ч мэдэхгүй байгаа. Тэгээд манай эхнэр намайг машиндаа суулгаад машинаа бариад явсан байсан. Би өглөө нь гэртээ сэрсэн. Би тэр хоёрыг хэзээ ирснийг нь мэдэхгүй. Би энэ зун *******т морь зарсан юм тэгээд ах дүүгийн холбоотой болсон. ******* урьд өмнө нь нэг машинтай хүмүүст архи уусан байсан. Намайг очиход тэдгээр хүмүүс нь явчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13/
Дундговь аймгийн шүүх шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 251 дугаартай:
А.Б. *******ийн биед толгойн хуйханд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
В. Дээрх гэмтэл нь хязгаарлагдмал гадаргуутай хатуу зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байна.
Г.Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна, хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
Д. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-21/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/
Хохирогч Б.******* 2022 оны 08 сарын 19-ний өдөр эрүүл мэндийн төвд үзүүлсэн тухай Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 22-23/
Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Үйл баримтын талаар:
Хохирогч Б.******* нь 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Дундговь аймгийн ******* сумын төвд бусдад толгойныхоо ар хэсэгт архины шилээр цохиулсаны улмаас түүний толгойд хуйханд язарсан шарх гэмтэл учирч тус сумын Эрүүл мэндийн төвд очиж шархандаа оёдол тавиулсан үйл явдал болсон байна.
Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Дундговь аймгийн ******* сумын төвд нь хохирогч Б.******* нь бусдад зодуулсаны түүний толгойд учирсан хуйханд язарсан шарх гэмтлийг шүүгдэгч Б.******* 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр толгойн ар хэсэгт нь архины шилээр цохиж учруулсан гэм буруутай болох нь:
шүүгдэгч Б.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тухайн өдөр бензин авах гээд сумын төвд ирсэн. Суманд дэлгүүрийн гадаа ******* гэдэг ахтай тааралдаад бид хоёр сумаас урагш 3 км орчимд байрладаг сумын бордооны цэгийн урд талд 3-4 шил архи уусан. Би тэгээд тасарсан, цааш нь юу болсныг санахгүй байна. ...Би ******* ахыг танина, манай нутгийн ах байгаа юм. Би ******* ахыг зодож цохисноо санахгүй байна. ...Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би ******* ахад эмчилгээний зардалд зориулж 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 400.000 төгрөг бэлнээр өгсөн” гэх,
хохирогч Б.*******ийн: “2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ******* сумын төвд явж байхад манай найз Шоохойгийн эхнэр сумын төвд таараад Шоохой сумын урд байгаа чи очоорой гэж хэлсэн. Шоохой гэдэг нь миний багын найз бүтэн нэрийг нь ******* гэдэг юм. Тэгэхээр нь би дэлгүүрээс нэг шил архи аваад найз *******ыг сундлаад сумын урд талын бордооны цэг дээр очсон. Тэнд манай найз Шоохой эхнэртэйгээ, манай сумын ******* гэх залуу байсан. ... ******* халамцуу *******, ******* бид гурав руу нь агсраад байсан. ...би *******т хандаж “миний дүү чи тэгж болохгүй шүү. Чи ахынхаа хурдны морийг унадаг хүүхэд байсан шүү. Чи ах нарыгаа ингэж болохгүй шүү” гэхэд ******* “та муу сайны үе өнгөрсөн шүү” гээд миний өөдөөс босч ирээд миний нүүр рүү балбаж эхэлсэн. .... Би тухайн үед ухаан балраад гарт ойр байсан архины шилийг автал ******* тэр архины шилийг булааж аваад миний толгой руу цохисон. Тухайн үед миний толгойн ар хэсгээр нойтон оргиод архины шил хагарсан. ******* миний дээр гараад хоолой боосон байхад миний ухаан санаа балартаад, би цагдаа дуудлаа шүү гэхэд гар нь арай сулраад миний дээрээс боссон. ... сумын төвд дүүгийндээ ирээд толинд харахад миний нүүр цус болсон байсан. ...намайг эмнэлэг дээр авч ирж анхны тусламж үзүүлэн эмч дуудсан. Миний толгойн арын хэсэгт хагалсан байсан. Эмч намайг үзээд толгойд оёдол тавьсан 2 талын шанаа их хөндүүр байгаа. ...” гэх,
гэрч Б.гийн: “2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр нөхрийн хамт сумын төв рүү бензин авах гэж орсон. Манай нөхөр хөдөөнөөс орж ирэхдээ согтуу ирсэн. Манай нөхөр суман дээр ******* гэх залуутай тааралдаад тэр 2 сумын урд талд архи уусан. Тэр хооронд би сумын төв орж дэлгүүр ороод, дэлгүүрийн гадаа нөхрийн найз *******, ******* нартай тааралдсан. Тэгээд Шоохой сумын урд байгаа гэж хэлсэн. Би буцаад нөхөр дээрээ очиход миний араас *******, ******* нар ирсэн. ... Тэд нарыг архи ууж байхад ******* манай нөхөртэй муудалцах гээд үг сөрөөд байсан. Нөгөө 2 хүн рүүгээ мөн адил үг сөрөөд агсам тавиад байсан. Тэгж байснаа ******* босч ирээд манай нөхрийг түлхээд нэг удаа цохиж авсан. Тэгэхээр нь би ******* руу чи хамт архи уучихаад яагаад байгаа юм гэж хэлээд энд удаан байвал зодоон болж мэдэх юм байна гээд нөхрөө аваад явсан...” гэх,
гэрч Ц.*******ын: “Би 08 дугаар сарын 18-ны өдөр ******* суманд найз *******тэй хамт ирсэн. Би суманд ирээд найзуудтайгаа 2-3 шил архи уусан. Тэгээд *******тэй сундлаад сумын урд цаг уурын тэнд очсон. Тэнд манай сумын ******* эхнэртэйгээ байсан. Түүнийг Шоохой гэж дууддаг юм. Бас манай сумын ******* гэх залуу өөр ганц нэг хүмүүс байсан. ... ******* гэх залуу миний хажууд сууж байсан. Бид нар морь ярьж байгаад ******* гэх залуу намайг 2 удаа цохисон. Тэгэхэд миний хамраас цус гарсан ба би бусад зүйлийг нь санахгүй байгаа...” гэх мэдүүлгүүд болон хохирогч Б. *******ийн биед толгойн хуйханд язарсан шарх гэмтэл үүссэнийг тогтоосон шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Б.******* 2022 оны 08 сарын 19-ний өдөр Дундговь аймгийн ******* сумын эрүүл мэндийн төвд үзүүлж “толгойн арын хэсэгт ярагдсан шарханд 2 оёдол тавьсан” талаар тэмдэглэгдсэн яаралтай тусламжийн хуудас хуудас зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.*******ын хохирогч Б.*******ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж шүүх дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Б.******* нь хохирол төлбөртэй холбоотой ямар нэгэн баримт шүүхэд ирүүлээгүй бөгөөд гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй тухайгаа шүүхэд мэдэгдсэн байна. Иймд шүүгдэгч Б.*******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.******* шүүх хуралдаанд хохирогч Б.*******т 400.000 төгрөгийн хохирол төлсөн гэж мэдүүлж байгааг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Б.*******ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагчаас “шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял дүгнэлтийг гаргаж байх боловч шүүгдэгч нь шүүх хуралдаанд “тогтсон цалин орлого байхгүй, эцэг, эхийн хамт Дундговь аймгийн ******* сумын 4 дүгээр багт мал аж ахуй эрхэлдэг” гэж мэдүүлж байх боловч хавтаст хэрэгт шүүгдэгчийн цалин хөлс, малын А данс болон бусад орлогын талаарх баримт авагдаагүй, мөн хэрэгт Б.*******ын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй талаарх Дундговь аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг авагджээ.
Иймд торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн хувийн байдалд тохирохгүй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний тогтсон цалин орлого байхгүй гэх хувийн байдалд дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгч Б.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.******* гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ******* овогт Бат-Эрдэний *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт Бат-Эрдэний *******т 240 /хоёр зуун дөч/ цагийн цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.
4. Шүүгдэгч Б.******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.******* гомдол, саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГАНБАЯР