Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/147

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.******* даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат

          Улсын яллагч Ч.Отгонбаатар

          Шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн Э.*******т холбогдох эрүүгийн 2222000000163 дугаартай  хэргийг 2022 оны  10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1991 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Дундговь аймгийн ******* сумын 6 дугаар баг Боржгины 6-4 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Өргөн овогт *******гийн ******* РД:/*******/ гэв.

 

 

    Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Э.******* нь согтуугаар 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Дундговь аймгийн ******* сумын 6 дугаар баг Боржигон хороололд Б.*******тай маргалдан улмаар түүний нүүр рүү цохиж биед нь хамар ясны хугарал, дух хамрын нуруунд зулгаралт, баруун зүүн зовхи эгэмд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэмт хэрэгт  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Нэмж ярих зүйл байхгүй тул мэдүүлэг өгөхгүй.” гэв.

           Шүүгдэгч Э.*******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:  “Би 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 13 цагийн үед Дундговь аймгийн ******* сумын 6 дугаар Боржигон хороололд байрлах Минимаркет дэлгүүрийн гадаа *******тай таарсан. Тухайн үед ******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, бага зэргийн согтолттой ажил дээр нэг юм уучхаад халуураад явж байна, юм уух уу гэж асуусан. Тухайн үед би зөвшөөрч *******тай дэлгүүр ороод “Нийслэл” нэртэй 0.5 литрийн савлагаатай пиво 1 ширхэг, “Экс” нэртэй 0.75 граммын савлагаатай архи 1-ийг аваад манай гэрт очсон. Гэрт очоод ******* бид 2 архи пиво ууж дуусаад ******* намайг юм авч өг гээд байхаар нь “Экс” нэртэй 0.75 граммын савлагаатай архи аваад бид 2 хувааж авсан. Юм ууж байхад ******* намайг “Юм авч өгөх тамир байхгүй, юу ч үгүй гуйлгачин” гэх зэргээр намайг доромжлоод тэгж байснаа гэрт байсан ундааны савыг над руу шидэж оносон тухайн үед би уурлаж босож очоод *******ын нүүр хэсэгт 2 удаа гараараа цохсон. Тэгээд байж байтал гаднаас манай эхнэр орж ирээд бид 2-ыг салгасан, Тэгээд л ******* гараад явсан. Тухайн үед ойролцоогоор 18 цаг болж байсан. Би *******ын нүүр хэсэгт 2 удаа гараа атгаж байгаад цохисон. Тухайн үед *******ын хамрын хажуу хэсэгт урагдаж, тэрнээс цус гарсан.******* бид 2 архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, дунд зэргийн согтолттой байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/

 

         Хохирогч Б.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 16 цагийн үед Боржигон хороололд байх дэлгүүрийн гадна *******, *******ын эхнэр ******* нартай таарсан. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн халамцуу байсан. Харин тэр 2 эрүүл байсан ба би дэлгүүрээс ганц юм авъя гэхэд ******* манайд очъё гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрч “Экс” нэртэй 0.75 граммын савлагаатай архи 1, “Нийслэл” 2.5 литрийн савлагаатай пиво нэгийг авсан. Тэгээд *******ын гэрт нь буюу Боржигин хороололд байх хашаанд байшинд очсон. Архи пивио хувааж уугаад дуусахад ******* дэлгүүрээс “Экс” нэртэй архи нэгийг авсан. Тэр архийг талдаа орох үед би тасарсан байсан. Нэг ухаан ороход ******* миний нүүр хэсэг рүү цохиж байх шиг болсон. Тэгээд би явъя гэж бодоод хашааных нь хаалгаар гарах гэтэл миний хамаг юм цус болчихсон байсан. Би цусаа угаачихаад гаръя гэж бодоод байшингийнх нь гадаа очоод шанаганд ус хийгээд өгөөч, би гар нүүрээ угаачхаад явъя гэж хэлэхэд *******ын гэрээс 10 орчим насны эмэгтэй хүүхэд шанагатай ус барьж ирээд миний гар дээрээс ус хийж өгсөн. Тэгээд би явсаар гэрт ирсэн ба намайг *******ынхаас гарах үед гэгээтэй байсан. Тухайн үед ******* намайг зодсон, би нэлээн согтолттой байсан тул *******ыг зодоод байна гэдгийг мэдсэн боловч хариу үйлдэл үзүүлж чадаагүй. Эмчид үзүүлэхэд миний хамрын зүүн талын яс хугарсан, толгойн ар хэсэгт усан хаван гүйсэн хоёр нүд хөхөрсөн. Толгой өвдөөд унтаж чадахгүй. Толгой эргээд явж чадахгүй тухайн үед би хэрүүл маргаан хийснээ бол мэдэхгүй байгаа. Мөн ав өр авлагын асуудал байхгүй.”гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/

 

         Дундговь аймгийн шүүх шинжилгээний албаны 2022 оны 09 сарын 16-ны өдрийн 275 дугаартай:

  1. *******ын биет хамар, ясны хугарал, дух, хамрын нуруунд зулгаралт, зүүн баруун зовхи эгэмд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо өвчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.
  4. Эрүүл мэндийг түр хугацаагаар тань сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2. 4. 1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх хамар, ясны хугарал, гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт, хамрын нуруу нь нуруунд зулгаралт, баруун, зүүн зовхи, эм нь цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа болон нийлээд гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-17/

 

         Дундговь аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, амбулаториор эмчлүүлэгчдийн картны хуулбар /хх-ийн 1-4/

        Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ.

 

Үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч Э.******* нь согтуугаар 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Дундговь аймгийн ******* сумын 6 дугаар баг Боржигон хороололд Б.*******тай маргалдан улмаар түүний нүүр рүү цохиж биед нь хамар ясны хугарал, дух хамрын нуруунд зулгаралт, баруун зүүн зовхи эгэмд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүгдэгч Э.******* нь согтуугаар 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Дундговь аймгийн ******* сумын 6 дугаар баг Боржигон хороололд Б.*******тай маргалдан улмаар түүний нүүр рүү цохиж биед нь хамар ясны хугарал, дух хамрын нуруунд зулгаралт, баруун зүүн зовхи эгэмд цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

          Иймд шүүгдэгч Э.******* нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.******* нь холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

 

          Шүүгдэгч Э.******* нь хууль бус үйлдлийн улмаас хохирогч Б.*******ын эрүүл мэндэд *******ын биед “хамар, ясны хугарал, дух, хамрын нуруунд зулгаралт, зүүн баруун зовхи эгэмд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учирсан байна. Хохирогч нь эрүүл мэндэд учирсан хохирлын талаар ямар нэгэн баримт ирүүлээгүй, гомдол, саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй тухайгаа шүүхэд мэдэгджээ. Иймд шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

 Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүх шүүгдэгч Э.******* “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Э.******* нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 45 дугаартай тогтоолоор хангаж, түүнд 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн бөгөөд мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ. Иймд шүүгдэгч Э.******* нь прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж 3 сар хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

Шүүгдэгч Э.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдав.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

   1. Шүүгдэгч Өргөн овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

     2. Шүүгдэгч Өргөн овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

 

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.******* нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.******* нь  энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

 

5. Шүүгдэгч Э.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.******* нь гомдол саналгүй гэсэн  болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            З.УУГАНБАЯР