Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1417

 

 

 

 

 

 

   2022        10         04                                  2022/ШЦТ/1417

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

    Улсын яллагч Н.Гэрэлмаа,

          Шүүгдэгч Л.Е, түүний өмгөөлөгч О.Сайнгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Л.Ед холбогдох эрүүгийн 2202 00000 0264 дугаартай хэргийг шүүх 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураач мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол 0 дүгээр байрны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: ..................., А овогт Л.Е.

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Л.Е нь 2022 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр "Монгол шилтгээн" цогцолборт зохион байгуулагдаж буй “Плей тайм” нэртэй үйл ажиллагаанд НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай уутны хамт 1,1 грамм жинтэй “шавар” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Е мэдүүлэхдээ: “...2022 оны  7 дугаар сарын 7-ны өдрөөс 10-ны хүртэл найзуудтайгаа Плэй Таймд явсан. Ээжээсээ тэр билет зэргийн мөнгийг авсан. Эхний өдөр хар масктай хүн олон удаа асуугаад “ийм зүйл байна сонирхож үзэх үү гээд байхаар нь би сонирхож үзээд авсан. Надад ерөөсөө таалагдаагүй. Жижиг цүнх дотроо хийгээд майхан дотор орхисон байсан. Тэгээд 2 дахь өдрөөс 3 дахь өдөр лүү шилжих шөнө унтаж байхад цагдаа нар ирээд нэгжлэг хийсэн. “Биед чинь янз бүрийн сэтгэцэд нөлөөлөх бодис байна уу” гэхээр нь би эсэргүүцэл үзүүлэхгүйгээр гаргаж өгсөн. Би баригдсан өдрөөсөө өөрийнхөө гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд явсан гэв.”

 

Мөн талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан нотлох баримтуудаас шүүгдэгч Л.Ен биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6-9/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 3506 дугаартай дүгнэлт /хх-20-22/, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тогтоол /хх-4-5/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-11/,  Шүүх сэтгэц эмгэг судлалын 699 дугаартай дүгнэлт /хх-25-26/, шүүгдэгч Л.Ен гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-17, 38-40/, Л.Егөөс шинээр гаргаж өгсөн хувийн байдалтай холбоотой 72 хуудас баримт, шүүгдэгч Л.Ен эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-41/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч Л.Е нь 2022 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр "Монгол шилтгээн" цогцолборт зохион байгуулагдаж буй “Плей тайм” нэртэй үйл ажиллагаанд НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай уутны хамт 1,1 грамм жинтэй “шавар” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Хүний биед үзлэг хийж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай: “...Л.Ен биед үзлэг хийж, ...Үзлэг явуулахын өмнө Л.Егөөс "Таны биед ямар нэгэн хууль бус эд зүйл, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис байна уу, хэрэв байгаа бол сайн дураараа гаргаж өгнө үү” гэхэд надад байгаа хар өнгийн цүнхэнд нэг бүтэн, нэг тал шавар хэмээх сэтгэцэд нөлөөт бодис байгаа гэж өөрөө сайн дураараа цэнхэр өнгийн тамхины хайрцагтай бүтэн, тал нийт 2 ширхэг сэтгэцэд нөлөөт шавар, тугалган цаасны хамт байсныг гаргаж өгөв. Уг шаврыг граммлаж үзэхэд 1 грамм жинтэй байв. Дээрх цэнхэр өнгийн тамхины хайрцагтай 2 ширхэг сэтгэцэд нөлөөт бодис шаврыг үзлэгийн явцад эд мөрийн баримтаар хураан авлаа...” гэх тэмдэглэл /хх-6-9/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 3506 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн “ХТТГ, МШХ гомдол дугаар: 103 тэмдэглэл: 1.0 грамм шавар мэт тусгай тэмдэглэл: БЗД 20-р хороо playtime 2022.07.09” гэж хаягласан шавар мэт зүйл нь шинжилгээнд тэнцэж байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн шавар мэт зүйлийн гялгар ууттай жин нь 1,1 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0,9 грамм болов. Шинжилгээнд ирүүлсэн шавар мэт зүйл нь наалдамхай шинж чанартай, гялгар уутны гадаргууд наалдсан тул цэвэр жинг тогтоох боломжгүй.

3.4.Шинжилгээнд ирүүлсэн шавар мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ- ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно.” гэх дүгнэлт /хх-20-22/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 699 дугаартай:

1. Л.Е нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

2. Л.Е нь хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн ямар нэг өвчинтэй байсан гэх баримт, шинж үгүй байна.

3.Л.Е нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Л.Е нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна” гэх дүгнэлт /хх-25-26/

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Ен яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Монгол шилтгээнд болж байгаа Плей тайм нэртэй фестивальд оролцохоор найзуудын хамт очсон. Тухайн үед фестивалийн үеэр үл таних хар өнгийн макстай хүнээс шавар хэмээх сэтгэцэд нөлөөт бодис авсан. Би сонирхоод хэрэглэж үзэх гээд авсан ба биедээ хадгалж байгаад нэг удаа мөнгөн цаасан дээр тавьж байгаад хэрэглэж үзсэн. Намайг хэрэглэж үзэхэд муухай мэдрэмж төрсөн болохоор дахиж хэрэглээгүй, хаяна гэж бодоод үүрч явсан хар өнгийн цүнхэндээ хийгээд явж байсан. Тэгсэн чинь 2022 оны 7 дугаар сарын 8-ны өдөр мөн фестиваль болж байгаа газар унтаж байсан чинь цагдаа нар ирж намайг авч явсан..." гэх мэдүүлэг /хх-38-40/,

 

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тогтоол /хх-4-5/

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-11/,

 

         Шүүгдэгч Л.Ен эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-41/  зэрэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Түүнчлэн шүүгдэгч Л.Ен үйлдэлд яллах дүгнэлтийн хүрээнд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хэргийг анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийг хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” хэмжээний дотор шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Л.Ед  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бус гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөл үзүүлдэг, Мансууруулах эмийн тухай 1961 оны НҮБ-ын конвенц, Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай 1971 оны НҮБ-ын конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтанд байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгоно. Хууль бусаар хадгалсан гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар, нууц далд аргаар олж авсан, бэлтгэсэн, тэдгээрийг өөрийн орон байр, тээврийн хэрэгсэл, бусад газарт нууц байдалд байлгахыг хэлнэ.

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шүүгдэгч Л.Ен гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, шүүгдэгч Л.Ед Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сайнгэрэлийн зүгээс “...нийгмээс заавал тусгаарлахгүйгээр хүмүүжих бололцоог олгож тэнсэх, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн, мөн шүүгдэгч Л.Е нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх боловч эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял шийтгэлийг оноож биеэр эдлүүлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Л.Ед оноосон хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

Шүүгдэгч Л.Е нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн уутны хамт 1.1 грамм жинтэй шавар гэх бодис /Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа/-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөл болмогц устгахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт даалгаж  шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

   1. Шүүгдэгч А овогт Л.Е-г “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэм буруутайд тооцсугай.

 

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ег 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

          

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ед оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.     

 

  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн уутны хамт 1.1 грамм жинтэй шавар гэх бодис /Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа/-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөл болмогц устгахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

          5. Шүүгдэгч Л.Е нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

          6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Л.Ед урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

     7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

      8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Л.Ед авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                           Э.ЧИНГИС