Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1423

 

 

 

 

 

 

 

    2022        10         04                                    2022/ШЦТ/1423

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                         

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

Улсын яллагч А.Өсөхбаяр,

Шүүгдэгч С.А- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ш овогтой С-ийн А-т холбогдох эрүүгийн 2206 00000 2332 дугаартай хэргийг шүүх 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1969 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, эрэгтэй, 53 настай, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, .. харуул ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт, Баянзүрх дүүргийн .0 дугаар хороо, 0-0 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: х000000, Ш овогтой С. А.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч С.А- нь 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Алтан өлгийн 0 дугаар гудамжны 0 тоотод хохирогч Ж.Бтэй “амгалан тайван байдал алдагдууллаа” гэсэн шалтгаанаар маргалдан, улмаар хохирогч Ж.Бийн нүүр хэсэг рүү банз шидсэний улмаас биед тархи доргилт, зүүн хацарт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.А- мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас  талуудын хүсэлтээр хохирогч Ж.Бийн өгсөн мэдүүлэг /хх-8/, гэрч У.Арвиндалайгийн мэдүүлэг /хх-14-15/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 9056 дугаартай дүгнэлт /хх-21-22/, шүүгдэгч С.А-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-32-33/, шүүгдэгч С.А-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-37/ зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч С.А- нь 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Алтан өлгийн 0 дугаар гудамжны 0 тоотод хохирогч Ж.Бтэй “амгалан тайван байдал алдагдууллаа” гэсэн шалтгаанаар маргалдан, улмаар хохирогч Ж.Бийн нүүр хэсэг рүү банз шидсэний улмаас биед тархи доргилт, зүүн хацарт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Бийн өгсөн: "... С.А- ахын хашаа руу орох гээд толгойгоо цухуйлгахад шидсэн банз нь миний зүүн нүдний доор зүүн хацрын төвгөр хэсэгт оносон. Тэгэхээр нь би шууд хашааны банзыг нь хуга өшиглөж ороод С.А- ахыг бариад 2 гарыг нь хойно нь хүлээд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Миний зүүн хацрын төвгөр хэсэгт язарч хавдсан байна” гэх мэдүүлэг /хх-8/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч У.Арвиндалайн өгсөн: “...Ж.Б “та яаж байгаа юм бэ хүн аллаа ш дээ” гээд хашаагаар цухуйгаад хэлтэл урдаас нь банз шидээд нүүрэн тус газар нь оноод ах нүүрээ дараад суусан ба нөгөө хүн дахиад банз шидэхээр нь Ж.Б ах хашааны банзыг эвдэж ороод нөгөө агсраад байсан ах дахиад банз шидэх гэхээр нь ах бид 2, тэр хүний гарыг ард нь уяад шонтой давхар хүлж байгаад цагдаад дуудлага дуудсан юм. ” гэх мэдүүлэг /хх-14-15/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 9056 дугаартай:

1. Ж.Бийн биед тархи доргилт, зүүн хацарт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих цохигдох үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шинэ гэмтэл байна.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-21-22/

 

Мөрдөн шалгах ажиллагаанд С.А-ын яллагдагчаар өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 21:00 цагийн үед манай арын хашааны айлын хүүхдүүд хашаандаа бөмбөг тоглоод шуугилдаад байсан бөгөөд бөмбөг нь манай хашаа руу ороод ирсэн. Тэгтэл нөгөө айлын хүүхдүүд манай хашаа руу орж бөмбөгөө авах гээд байхаар нь би “та нар бөмбөгөө маргааш аваарай” гэсэн чинь бүгд хашаан дээрээ гарч зогсоод шулганалдаад байсан. Тэгсэн чинь нэг эрэгтэй хүүхэд манай хашааны хаалга онгойлгож орж ирээд бөмбөгөө авсан ба нөгөө хүүхдүүд нь хашаан дээрээсээ “ав ав” гээд орилоод байхаар нь “та нар чимээгүй бай, хашаанаас буу” гэж хэлэхэд нөгөө хүүхэд бөмбөгөө аваад гараад явчихсан. Тэгээд “та нар яасан дээрэлхүү юм бэ, ингэж болохгүй” гэсэн чинь өөдөөс хэрэлдээд өдөөд байхаар нь хашаандаа хураалгаатай байсан банз аваад айлгах гэхэд хэл амаар доромжлоод байхаар нь уур хүрээд барьж байсан банзаа хашаа давуулаад шидсэн ба намайг 3-4 банз шидэхэд хөрш Батсүх хашаагаа эвдэж ороод араас нь эрэгтэй дүү, эхнэр нар нь ирээд намайг хэцийн шонгоос хүлж байгаад намайг “архичин, чи эндээс нүү” гэх мэтээр элдвээр хэлж доромжлоод, дээрээс гишгэж өшиглөөд, тамхи татаад байсан. Тэгээд цагдаа иртэл намайг шонтой хүлж байлгасанд гомдолтой байна. Энэ айл ер нь байнга тамхи татаж, тамхины ишээ хашаа руу шиддэг, байнга хүүхдүүд нь тоглож, шуугьж, дуулалдаж миний амгалан тайван байдал алдагдуулдагт гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-32-33/, 

 

Шүүгдэгч С.А-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-37/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан болохыг шүүгдэгч өөрөө болон хохирогч, гэрч нар хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид банзаар цохиулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч С.А-ын 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Алтан өлгийн 0 дугаар гудамжны 0 тоотод хохирогч Ж.Бтэй “амгалан тайван байдал алдагдууллаа” гэсэн шалтгаанаар маргалдан, улмаар хохирогч Ж.Бийн нүүр хэсэг рүү банз шидсэний улмаас биед тархи доргилт, зүүн хацарт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

Дээрх байдлаар шүүгдэгч С.А-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирогч Ж.Б нь гэм хорын хохирол 262,500 төгрөгийн хохирол нэхэмжилснийг шүүгдэгч С.А- нь нөхөн төлсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж  үзлээ.

 

Хохирогч Ж.Б нь гэм хорын хохиролд гарсан зардал болон цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч С.А-ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан торгох ял шийтгэл оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч С.А- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш овогтой С-ийн А-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар С.А-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар С.А- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх зааснаар С.А- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Хохирогч Ж.Б нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, С.А- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба С.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл С.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС