Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2024/0179/З |
Дугаар | 221/МА2024/0594 |
Огноо | 2024-09-11 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2024/0594
“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг
Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н
Нэхэмжлэгч: “Д” ХХК
Хариуцагч: ХБХСГ
Нэхэмжлэлийн шаардлага: “Д” ХХК-д барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзсан Нийслэлийн хот байгуулалт, хотын стандартын газрын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, “Д” ХХК-ийн барилгын ажлын зөвшөөрөл хүсэх тухай хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Нийслэлийн ХБХСГт даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2024/0569 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай
Хэргийн индекс: 128/2024/0179/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Д” ХХК-иас ХБХСГт холбогдуулан “... барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзсан Нийслэлийн хот байгуулалт, хотын стандартын газрын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, “Д” ХХК-ийн барилгын ажлын зөвшөөрөл хүсэх тухай хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Нийслэлийн ХБХСГт даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 569 дүгээр шийдвэрээр: Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: “Д” ХХК нь Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах аялал жуулчлалын цогцолборын зориулалттай барилгыг Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.16 заалтуудыг тус тус зөрчиж барилга угсралтын ажлыг зөвшөөрөлгүй хийж гүйцэтгэсэн.
3.1. Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан баримт бичгийн бүрдлийг хангуулан Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг авалгүй дур мэдэн "Хот байгуулалтын тухай" хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дахь "эдэлбэр газар эзэмших, барилга байгууламж барих, инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлыг нутгийн захиргааны байгууллага болон эрх бүхий мэргэжлийн байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр зураг төслийн дагуу гүйцэтгэх" заалт, Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх "эрх бүхий байгууллагаас олгосон газрын зөвшөөрөл, зургийн даалгавар, норм, нормативын баримт бичиг, стандарт, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн паспорт, техникийн нөхцөл, инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулагдсан байх", 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх "барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу бүрдүүлэх", 37.1.3 дахь "барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх", 40 дүгээр зүйлийн 40.1.16 дахь "барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх” заалтуудыг зөрчин, барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэсэн.
3.2. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолоор батлагдсан "Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм"-ийн 72-т (шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт зааснаас бусад тохиолдолд Барилгын ажлын зөвшөөрөл олгогдоогүй барилга байгууламжид зөвшөөрлийг нөхөж олгохыг хориглоно) гэж заасны дагуу Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөж олгох хуулийн үндэслэлгүй.
3.3. Дээрх хуулиудыг зөрчин барилгын ажлыг зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэсний дараа "Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөж олгуулах тухай” гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль, эрх зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, “Д” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “Д” ХХК-иас ХБХСГт холбогдуулан “... барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзсан Нийслэлийн хот байгуулалт, хотын стандартын газрын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, “Д” ХХК-ийн барилгын ажлын зөвшөөрөл хүсэх тухай хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Нийслэлийн ХБХСГт даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
3. Хэргийн үйл баримтын тухайд:
3.1. БОНХАЖСын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалаар “Д” ХХК-д Хан-Уул дүүрэг, 23 дугаар хороо, Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын аманд байрлах 0.34 га талбай бүхий газрыг аялал жуулчлалын зориулалтаар, 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 2016/437 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.
3.2. Нэхэмжлэгч “Д” ХХК-иас дээрх газарт хэрэгжүүлэх “Аялал жуулчлалын цогцолбор” төслийн хүрээнд барилга барихаар төлөвлөж, 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ГБМЗХ2020/13-003 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2022 онд инженерийн шугамд холбох техникийн нөхцөлүүд олгогдож, барилгын загвар зураг батлагдаж, нэгдсэн дүгнэлт хийгдсэн байна.
3.3. Гэвч нэхэмжлэгчээс 2022 онд барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгогдоогүй байхад барилгын ажлыг эхлүүлсний дараа буюу 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 23/24 тоот албан бичгээр нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар /хуучин нэрээр/-аас барилга байгууламж барих ажлын зөвшөөрлийг нөхөн олгохыг хүссэн байх ба хариуцагчаас 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 9/2234, 9/3460 тоот албан бичгүүдээр “... Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг зөрчин барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Иймд Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолоор батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”-ийн 7.2-т заасныг үндэслэн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөж олгохгүй болохыг үүгээр мэдэгдэж байна” гэсэн хариу өгчээ.
4. Хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1. Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Барилгын ажлын захиалагч дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 37.1.3-д “барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Барилгын ажил гүйцэтгэгч дараахь чиг үүрэгтэй”, 40.1.16-д “барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх”, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолоор батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”-ийн 7.2-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт зааснаас бусад тохиолдолд Барилгын ажлын зөвшөөрөл олгогдоогүй барилга байгууламжид зөвшөөрлийг нөхөж олгохыг хориглоно” гэж тус тус заасан.
4.2. Дээрх хууль болон дүрмийн зохицуулалтаас үзвэл барилга байгууламжийг шинээр барихдаа хуулийн этгээд нь эрх бүхий байгууллагад зохих журмын дагуу хүсэлтээ гаргаж, барилгын ажлын зөвшөөрөл авсны үндсэн дээр барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, гүйцэтгэхээр байхад нэхэмжлэгч “Д” ХХК нь Хот байгуулалт, хотын стандартын газраас барилгын ажлын зөвшөөрөл авалгүйгээр барилгын ажлыг эхлүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбар, шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.
4.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж зааснаар хариуцагчийн татгалзсан үйлдэл хууль бус болох нь тогтоогдсон нөхцөлд хариуцагчид тодорхой шийдвэр гаргахыг даалгаж шийдвэрлэх учиртай.
4.4. Энэ тохиолдолд хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газрын Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөж олгох боломжгүй болохыг мэдэгдсэн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 9/2234, 9/3460 тоот албан бичгүүдийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.
5. Анхан шатны шүүх “... Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаас урьдчилан сэргийлэх байдлаар арга хэмжээ авсан хэмээн тайлбарласныг буруутгах боломжгүй ... барилгын ажлын зөвшөөрөл хүссэн хүсэлтийг Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаан, нийтэд илэрхий Ковид-19 цар тахлын сөрөг нөлөө байсан эсэх зэрэг нөхцөл байдлыг тогтоолгүй ... зөвшөөрөл олгохоос татгалзсан Нийслэлийн хот байгуулалт, хотын стандартын газрын үйлдэл хууль бус” гэж хуулийг буруу тайлбарлан, талуудын маргаагүй буюу нэхэмжлэлийн үндэслэлд дурдаагүй асуудлаар захиргааны байгууллагыг буруутгасан нь үндэслэлгүй болжээ.
5.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... хууль зөрчин барилгын ажлыг зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэсний дараа Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөж олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь хууль, эрх зүйн үндэслэлгүй” гэсэн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2024/0569 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.16-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Д” ХХК-ийн “... барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзсан Нийслэлийн хот байгуулалт, хотын стандартын газрын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, “Д” ХХК-ийн барилгын ажлын зөвшөөрөл хүсэх тухай хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Нийслэлийн ХБХСГт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохын дурдсугай.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
еРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ