Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 00360

 

Б.Э-гийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/03923 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Э-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Б-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 5 355 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Б нь надаас 2014, 2016 онуудад хүүхдийн сургалтын төлбөр төлөх шаардлагатай боллоо 3 500 000 төгрөгийг хүүтэй зээлүүлээч банкны зээлээ төлж дуусгаад бололцоотой үедээ эргүүлэн өгье гэж хэлсэн. Би бөөнөөр нь өгч чадахгүй, бага багаар нь зээлүүлье гэж хэлээд 2014 оноос эхлэн М.Б-ийн Төрийн банкны 343200326546 тоот данс руу шилжүүлсэн. Би 2016 оны 5 дугаар сард мөнгөө авахаар түүний утас руу залгахад М.Б нь банкны зээлээ төлж дуусаагүй байгаа, одоохондоо өгч чадахгүй гэж хэлсэн. Түүнийг банкны зээлээ төлж дуусгаад мөнгөө өгнө гээд хүлээж байгаад 2017 оны 4 дүгээр сард дахин нэхсэн боловч гар утсаа унтраах, дугаараа солих, ажлаасаа гарах мэт надаас бултан зугтаах үйлдэл гаргаж намайг хохироож байна. Хариуцагч М.Б-ийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлуулж одоо амьдарч байгаа хаягийг нь тогтоолгосон.

Иймд   хариуцагч   М.Б-ээс  зээлийн  үндсэн  төлбөр  3 500 000  төгрөг,  алданги 1 750 000 төгрөг, эрэн сурвалжлуулахад  төлсөн 70 200 төгрөг, алданги 35 000 төгрөг нийт 5 355 200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч М.Б шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Б нь Б.Э-ийг 2014 оноос таньдаг, дотно харьцаатай байсан. Б.Энхцэцэгийн нэхэмжилсэн 5 355 200 төгрөгийг зээлж аваагүй. М.Б-д сургалтын төлбөр төлдөг хүүхэд, дүү байхгүй. Тухайн үед М.Б-д тусалж байгаа нэрийдлээр мөнгө гуйвуулж байсан. Уг мөнгийг эргүүлэн өгч чадахгүй, авахгүй гэхэд тусалж байна гэж өгчихөөд, одоо мөнгө нэхэмжилж байгааг ойлгохгүй байна.

М.Б, Б.Э нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. Дансаар шилжүүлсэн мөнгө нь 3 500 000 төгрөг хүрдэггүй. Бичгээр гэрээ байгуулаагүй тул хүү, алданги төлөх үндэслэлгүй гэв.

Шүүх: Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч М.Б-ээс 2 810 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 545 200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106 633 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Б-ээс нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 55 674 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Э-т олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Би нэхэмжлэгч Б.Э-тэй ямар нэгэн зээлийн гэрээ байгуулаагүй, надад хариу үүрэг үүсээгүй. Учир нь: Б.Э надад анх мөнгө өгч эхлэхэд “юун мөнгө юм бэ би буцааж төлж чадахгүй” гэдгээ хэлсэн боловч Б.Энхцэцэг зүгээрээ би чамд тусалж байгаа юм гэж хэлсэн. Б.Э тухайн үед мөнгө шилжүүлэхдээ ямар нэгэн хариу төлбөргүй гэж надад хэлдэг байсан. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлахдаа хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь миний эрх хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч М.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн 3 500 000 төгрөг, алданги 1 750 000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, алданги 35 000 төгрөгийн хамт 5 355 200 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч М.Б-ийн Төрийн банкин дахь 343200326546 тоот дансанд 15 удаа нийт 2 810 000 төгрөг шилжүүлсэнийг хариуцагч хүлээн авсан үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрсөн тохиолдолд нэхэмжлэгч уг үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй, энэ үүргээ хэрэгжүүлээгүй.

Харин нэхэмжлэгчээс 2 810 000 төгрөг хариуцагчид шилжсэн үйл баримтыг хариуцагч үгүйсгээгүй ч төлөх үндэслэлгүй гэж тайлбарласан тул уг үндэслэлээ хариуцагч нотлох үүргээ мөн биелүүлээгүй.

Дээрхи нөхцөл байдлуудыг дүгнэвэл талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй буюу зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдоогүй тул нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхгүй. Харин хариуцагч нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг буцаан төлөхгүй гэх үндэслэлээ нотлоогүй тул тэрээр 2 810 000 төгрөгийн мөнгөн хөрөнгийн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж анхан шатны шүүх дүгнэн, хариуцагч М.Б-ээс 2 810 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасантай нийцжээ.

Иймд анхан шатны шүүх уг нэхэмжлэлийн шаардлагаас 690 000 төгрөгт холбогдох хэсгийг нэхэмжлэгч нотлоогүй, түүнчлэн талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй тул нэхэмжлэгч нэмэгдэл үүрэг болох алдангийг шаардах эрхгүй юм. Мөн хариуцагчийг эрэн сурвалжлахад улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлж хохирсон гэх үндэслэл, гаргасан шаардлагаа нэхэмжлэгч баримтаар нотлоогүй болон хохиролд алданги шаардах эрхийг хуулиар зохицуулаагүй алдангид 35 000 төгрөг шаардсан холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.

Шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд маргааны үйл баримтын талаар хуулийн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байх тул хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/03923 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 лэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59 910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Э.ЗОЛЗАЯА

                                                           ШҮҮГЧИД                                    А.ОТГОНЦЭЦЭГ          

                                                                                                                Д.БАЙГАЛМАА