| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2022/0792/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1425 |
| Огноо | 2022-10-04 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1425
2022 10 04 2022/ШЦТ/1425
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,
Улсын яллагч Ц.Ганцэцэг,
Шүүгдэгч, хохирогч Д.Б,
Шүүгдэгч, хохирогч Б.Л нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б овогт Д-н Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Б овогт Б-н Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2206 01424 1517 дугаартай хэргийг шүүх 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5 нөхөр, 3 хүүхдийн хамт, Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо Шар хадны 0-0 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх000000000 Б овогт Д-гийн Б
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, математикийн багш мэргэжилтэй, Нийслэлийн 0 дугаар сургуульд математикийн багш, ам бүл 4 ээж, дүү, хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүрэг, 0 дүгээр хороо, Хангайн 0-0 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх000000, Б овогт Б-н Л
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Мөн 2022 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 0-0 тоотод, өөрийн төрсөн дүү Д.Даваагэрэлийн салсан эхнэр болох Б.Лтай маргалдах явцдаа, Б.Лын хүүхэд болох 5 настай Д.Дийг “манай ээжийг зодохоо болиоч” гэж хэлэн түлхэх үед нь түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, тус байшингийн жижиг өрөөний хаалгыг хөлөөрөө өшиглөж орохдоо буюу бусадтай руу чиглэсэн идэвхтэй үйлдлийн улмаас, насанд хүрээгүй хохирогч Д.Дий эрүүл мэндэд нь “дээд үүдэн хоёр шүдний сулрал, уруулд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар "хоёр, түүнээс олон хүнийг”, 2.7 дахь заалтад зааснаар “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт,
Шүүгдэгч Б.Л нь 2022 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 0-0 тоот гэртээ, хадам эгч болох Д.Бтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний хоолойг боож, нүүрэн тус газар нь гараараа цохиж, гарын сарвууг нь маажих зэргээр эрүүл мэндэд нь “баруун нүдний доод зовхи, хамар, цээж, хүзүү, баруун, зүүн сарвуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Д.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хоёр хүний биед гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дөлгөөний хувьд бол гараараа цохиогүй. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хохирогчийн хувьд гэмт хорын хохирол 130.000 төгрөг баримтаар нэхэмжилсэн тэрийгээ нэхэмжилж байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Б.Л мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Д.Дий сүүн шүд гэмтсэн. Шинээр ургах учраас гэм хорын хохирол нэхэмжлээгүй. Зүүн гарын бугалгын хэсэг нь гэмтсэн. Үүн дээр эмчилгээ хийлгэнэ...” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3-4/, хохирогч Б.Лын өгсөн мэдүүлэг /хх-20, 97/, Д.Дийг хохирогчоор тогтоосон тогтоол /хх-49/, хохирогч Д.Бийн мэдүүлэг /хх-23/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 4216 дугаартай дүгнэлт /хх-9-10/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 4225 дугаартай дүгнэлт /хх-11-12/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 4234 дугаартай дүгнэлт /хх-25-26/, Д.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 33/, Б.Лын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-56/, шүүгдэгч Б.Лын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-35/, шүүгдэгч Д.Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-34/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 0-0 тоотод, өөрийн төрсөн дүү Д.Даваагэрэлийн салсан эхнэр болох Б.Лтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр, цээж, хүзүү болон зүүн гаран тус газар нь цохиж, маажих зэргээр эрүүл мэндэд нь “доод эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хамар, хүзүү, цээжинд зулгаралт, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн 2022 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 0-0 тоотод, өөрийн төрсөн дүү Д.Даваагэрэлийн салсан эхнэр болох Б.Лтай маргалдах явцдаа, Б.Лын хүүхэд болох 5 настай Д.Дийг “манай ээжийг зодохоо болиоч” гэж хэлэн түлхэх үед нь түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, тус байшингийн жижиг өрөөний хаалгыг хөлөөрөө өшиглөж орохдоо буюу бусадтай руу чиглэсэн идэвхтэй үйлдлийн улмаас, насанд хүрээгүй хохирогч Д.Дий эрүүл мэндэд нь “дээд үүдэн хоёр шүдний сулрал, уруулд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар "хоёр, түүнээс олон хүнийг”, 2.7 дахь заалтад зааснаар “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт,
Шүүгдэгч Б.Л нь 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 0-0 тоот гэртээ, хадам эгч болох Д.Бтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний хоолойг боож, нүүрэн тус газар нь гараараа цохиж, гарын сарвууг нь маажих зэргээр эрүүл мэндэд нь “баруун нүдний доод зовхи, хамар, цээж, хүзүү, баруун, зүүн сарвуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Лын өгсөн: “...Би Д.Даваагэрэл гэх хүнтэй 2016 оноос хойш хамтран амьдарч байгаа бөгөөд бид 2 дундаасаа 1хүүтэй. Миний хамтран амьдрагч Д.Даваагэрэлийн хувьд архи согтууруулах ундааг байнгын хэрэглээд эгч Д.Бтэй хамт гэрээсээ хөөгөөд байхаар нь би салахаар шийдэж 2020 оны 4 дүгээр сард өөрийн ээж дээр Сонгинохайрхан дүүрэгт очиж амьдарсан. Гэтэл Д.Даваагэрэл энэ цагаас хойш эгчтэйгээ хамт уучлалт гуйсаар манай ээжийн гэрт ирж хамт амьдрах болсон ба Д.Даваагэрэл намайг тусдаа байшиндаа очиж амьдаръя гэж хэлээд Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 0-0 тоотод байх байшиндаа авч ирсэн. Гэтэл уг үед Д.Б нөхөртэйгөө хамт Д.Даваагэрэлийн байшинд амьдарч байсан ба бид нарыг “байшинд чинь 2 сая төгрөгийн халаалт хийсэн. Тэр мөнгөө өгч байж ор” гэхээр нь би хувиасаа Д.Бийн данс руу 2 сая төгрөг өгч байшинд орж амьдарч эхэлсэн. Гэтэл Д.Даваагэрэл архи уусан хэвээр байсан ба 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Д.Даваагэрэл гэрээсээ яваад өгсөн ба заримдаа л шөнө согтуу орж ирдэг байсан. Харин 2022 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Д.Б манай гэрт, би хүүхдийн хамт хоёулаа байхад орж ирээд бид хоёрыг “яг одоо зайлцгаа” гэсэн. Тэгэхээр нь би “тэгвэл чамд өгсөн 2 сая төгрөгөө авъя, эсхүл гарч чадахгүй” гэхэд намайг хүрч ирээд үсдээд авсан. Тэгээд би урдаас нь барьж авахад миний гинжийг тасалж, хүзүү маажиж, толгой руу олон удаа цохисон... Хэрэг болсон өдөр буюу 2022 оны 3 дугаар сарын 12-ны өдөр миний хүү Д.Дий дээд уруул хавдаж, дотроо язарсан, дээд талын үүдэн 2 шүд суларч, хөдөлгөөнтэй болсон. Мөн зүүн гарын булчингийн дотор хэсэг хөхөрсөн байсан. Дээрх гэмтлүүдийг бүгдийг нь миний салсан нөхрийн төрсөн эгч Д.Б учруулсан бөгөөд тус өдөр Д.Б бид 2 зууралдсан байдалтай байхад Д.Д ирж “болиоч ээ” гэж салгасан ба энэ үед Д.Б миний хүүгийн нүүр рүү 1 удаа мангасдаж түлхээд, дээд уруул орчим нь гараа атгаж байгаад 1 удаа цохихдоо дээд уруулыг нь язалж, шүдийг нь хөдөлгөөнтэй болгосон. Үүний дараа миний хүүгийн амнаас цус гарч байсан ба би хүүгээ аваад жижиг өрөөнд орж хаалгыг нь даран цагдаа дуудах гэж байхад Д.Б араас хаалга өшиглөж орж ирэхдээ Д.Дий баруун мөр хэсэгт нь хаалгаар цохиж газарт унагасан. Харин Д.Дий зүүн гарын булчингийн дотор хэсэгт хөхөрсөн байсныг Д.Б өөрөөсөө холдуулах гэж гараасаа базахдаа учруулсан. Д.Бийн хувьд дээрх үйлдлүүдийг бүгдийг нь санаатай учруулсан... Би өөрийгөө болон хүүхдээ зүгээр байж байгаад зодуулсандаа маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-20, 97/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Бийн өгсөн: “...Би 2022 оны 3 дугаар сарын 12-ны өдөр өөрийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 44 дүгээр гудамж, 667 тоот гэртээ байж байхад тухайн үед эхнэрээсээ салж манай гэрт амьдарч байсан миний төрсөн дүү Д.Даваагэрэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гэрт орж ирээд “миний хүү надад үнсүүлэхгүй байна, би эхнэрээ гэрээсээ явуулчхаад гэртээ баймаар байна” гэх мэт зүйл яриад уйлаад байсан. Би Д.Даваагэрэлийг хэсэг хугацаанд унтуулах гэж оролдсон боловч Д.Даваагэрэл уйлж сууж байснаа гэрээс гарч машинаа аваад яваад өгсөн. Тэгэхээр нь би түүнийг гэр лүүгээ явж байгаа юм байна гээд санаа зовоод түүний Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 45 дугаар гудамж, 688 тоот гэрт нь очиход Д.Даваагэрэлийн эхнэр Б.Л болон хүүхэд Д.Д нар нь байсан. Би Б.Лд хандаж “чи миний дүүгээс салсан юм бол наад байшинг нь суллаж өгөөч, чамаас болж миний дүү орох ч газаргүй, өдөр бүр архи уугаад яваад байна” гэж хэлэхэд Б.Л бид хоёрын дунд хэрүүл болсон. Энэ үед хүү Д.Д нь намайг “зайл” гээд түлхэхээр нь буцаагаад цээж рүү нь түлхэж холдуулсан. Гэтэл Д.Д хутга авч ирээд урдаас хараад бариад зогсоод байхаар нь би ахиж түлхэхэд Б.Л “чи миний хүүхдэд гар хүрдэг хэн юм” гээд миний толгой руу цохиод авахаар нь би буцаан түүнийг 1 удаа нүүр лүү нь цохиод бид хоёр барьцалдаж авч зууралдаж эхэлсэн. Энэ үед Б.Л намайг угаалгын машинд шахаад хоолой боогоод түлхсэн ба би гарыг нь тавиулж чадахгүй байсан болохоор түүний үснээс нь зулгааж байж гарыг нь тавиулсан. Тэгээд Б.Л жижиг өрөө рүүгээ явд ороод хаалгаа хаачихаар нь би араас нь орох гээд хаалгыг нь өшиглөтөл хаалганы цаана байсан хүүхдийг нь хаалгаар цохичихсон.” гэх мэдүүлэг /хх-23/,
Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 4216 дугаартай:
1.2. Б.Лын биед доод эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хацар, хүзүү, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой.
6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. гэх дүгнэлт. /хх-9-10/
Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 4234 дугаартай:
1.2. Д.Бийн биед баруун нүдний доод зовхи, хамар, цээж, хүзүү, баруун зүүн сарвуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4,1-д эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой.
6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. гэх дүгнэлт. /хх-25-26/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 4225 дугаартай:
1 .Д.Дий биед дээд үүдэн хоёр шүдний сулрал, уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт/хх-11-12/,
Хохирогч Д.Бээс гаргаж өгсөн хохирлын баримт /хх-31/
Шүүдэгч Д.Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-34/,
Шүүгдэгч Б.Лын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-35/ зэрэг болно.
Шүүх дээрхи нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нар нь харилцан зодолдож тус тусын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болохыг хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, шүүгдэгч, хохирогч нар харилцан зодолдсоны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Д.Бийн 2022 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 0-0 тоотод, өөрийн төрсөн дүү Д.Даваагэрэлийн салсан эхнэр болох Б.Лтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр, цээж, хүзүү болон зүүн гаран тус газар нь цохиж, маажих зэргээр эрүүл мэндэд нь “доод эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хамар, хүзүү, цээжинд зулгаралт, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн 2022 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 0-0 тоотод, өөрийн төрсөн дүү Д.Даваагэрэлийн салсан эхнэр болох Б.Лтай маргалдах явцдаа, Б.Лын хүүхэд болох 5 настай Д.Дийг “манай ээжийг зодохоо болиоч” гэж хэлэн түлхэх үед нь түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, тус байшингийн жижиг өрөөний хаалгыг хөлөөрөө өшиглөж орохдоо буюу бусадтай руу чиглэсэн идэвхтэй үйлдлийн улмаас, насанд хүрээгүй хохирогч Д.Дий эрүүл мэндэд нь “дээд үүдэн хоёр шүдний сулрал, уруулд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар "хоёр, түүнээс олон хүнийг”, 2.7 дахь заалтад зааснаар “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг
Шүүгдэгч Б.Лын 2022 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 0-0 тоот гэртээ, хадам эгч болох Д.Бтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний хоолойг боож, нүүрэн тус газар нь гараараа цохиж, гарын сарвууг нь маажих зэргээр эрүүл мэндэд нь “баруун нүдний доод зовхи, хамар, цээж, хүзүү, баруун, зүүн сарвуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Б.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.
Дээрхи байдлаар шүүгдэгч Д.Б, Б.Л нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь тогтоогдсон учир тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Б нь хохиролд баримтаар 130.000 төгрөгийн баримт гаргаж өгсөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Лаас 130.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Бд олгохоор тогтов.
Хохирогч Д.Б, Б.Л, насан хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Л нар цаашид гарах гэм хорын болон эмчилгээний зардалтай холбоотой баримтыг бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүхээс шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, шүүгдэгч Б.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял шийтгэл оногдуулж, тэднийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Б, Б.Л нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д-ийн Б-ийг “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны
хүүхэд болохыг мэдсээр байж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б овогт Б-ын Л-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Б нь шүүхээс оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял, Б.Л нь шүүхээс оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Б, Б.Л нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Лаас 130.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Бд олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Б, Б.Л, насан хүрээгүй хохирогч Д.Дий хууль ёсны төлөөлөгч Б.Л нар нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Д.Б, Б.Л нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Д.Б, Б.Л нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Б, Б.Л нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС