Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 135/ШШ2018/01240

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын -  тоотод оршин суух, *******-гийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан

 

Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ******* дугаар нээлттэй хорих ангийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 09/13 дугаартай Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлын шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч *******лтантуяа, өмгөөлөгч *******, хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч *******лтантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн 12 дугаар хорооллын 1 дүгээр байрны 5 тоотод байрлах өөрийн орон сууцыг шүүхийн шийдвэрээр өөрийн өмчөөр тогтоолгосон. Уг байр нь Хас банкны барьцаанд байсан ба шүүхийн шийдвэрээр уг байраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гарсан байна. Миний өмчлөлийн байрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас албадан дуудлага худалдааг өмнө нь нэг удаа явуулсан бөгөөд хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас гаргаад байгаа уг тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байгаа. Шүүхийн шийдвэрээр *******лтантуяагийн өмч мөн гээд тогтоосон байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь *******, н.Баясгалан нарын банкны үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2 дахь албадан дуудлага худалдаа явуулах гэж байгаа нь хууль зөрчиж байна гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, дэд хурандаа Ц.Сандагдорж, итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 809 тоот шийдвэрээр *******, Б.Баясгалан нараас 60.074.788.38 төгрөг гаргуулж Хас банкинд олгохоор шийдвэрлэжээ. Төлбөр төлөгч *******, Б.Баясгалан нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрт  үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан Дархан-Уул аймаг Дархан сум 10-р баг 12 дугаар хороолол 1 дүгээр байр 5 тоотод байрлах 36.56 мкв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Y-2003004402 дугаартай 2 өрөө орон сууцыг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 228, 229 дугаартай тогтоолоор хураан авч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч *******, Б.Баясгалан нар нь Дархан-Уул аймаг, Дархан сумыэ 12 дугаар баг 6 дугаар хороолол, 15 дугаар байрны 18 тоотод байрлах 29.0 мкв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Y-2003004402 дугаартай, 2 өрөө орон сууцыг 90.000.000 төгрөг, Дархан-Уул аймаг Дархан сум 10 дугаар баг 12 дугаар хороолол 1 дүгээр байр 5 тоотод байрлах 36.56 мкв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Y-2003017638 дугаартай 1 өрөө орон сууцыг 45.000.000 төгрөгөөр үнэлж байгаа талаар бичгээр санал гаргасныг төлбөр авагч Хас банк нь хүлээн зөвшөөрсөн талаар хүсэлт ирүүлсэн. Иргэн *******лтантуяа нь Хас банкны Дархан салбар, *******ад холбогдуулан Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг 12 дугаар хороолол 1 дүгээр байр 5 тоотод байрлах 36.56 мкв талбайтай орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 3545 дугаартай захирамжаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна. Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 823 дугаартай шүүхийн шийдвэрээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллаааг сэргээн талуудад үнэлгээг харилцан тохиролцон тогтоосон тул үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч *******, Б.Баясгалан иргэн *******лтантуяа Хас банкинд 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 03/1240, 03/1241, 03/1239, 03/1238 дугаартай албан бичгээр мэдэгдсэн бөгөөд талуудаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар үнэлгээний талаар гомдол гаргаагүй. Төлбөр төлөгч ******* нь тус газарт 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр бие даан худалдан борлуулах хүсэлт бичгээр гаргасан тул хүсэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авч 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл бие даан худалдан борлуулах 15 хоногийн хугацааг олгож, хөрөнгийг албадан борлуулах ажиллагааг зогсоосон байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.5-дахь заалт, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудын харилцан тохиролцож тогтоосон үнийн 70 хувиар Дархан-Уул аймаг Дархан сум 10 дугаар баг 12 дугаар хороолол 1 дүгээр байр 5 тоотод байрлах, 36.5 мкв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Y-2003017638 дугаартай 1 өрөө орон сууцыг 31.500.000 төгрөгөөр, Дархан-Уул аймаг, Дархан сум 12 дугаар баг 6 дугаар хороолол 15 дугаар байр 18 тоотод байрлах 29.0 мкв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Y-2003004402 дугаартай 2 өрөө орон сууцыг 63.000.000 төгрөгөөр албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоон 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд мэдээлэхэд үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-д заасны дагуу талуудын харилцан тохиролцож тогтоосон үнийн 50 хувиар Дархан-Уул аймаг, Дархан сум 10 дугаар баг 12 дугаар хороолол 1 дүгээр байрны 5 тоотод байрлах 36.5 мкв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Y-2003017638 дугаартай 1 өрөө орон сууцыг 22.500.000 төгрөгөөр Дархан-Уул аймаг, Дархан сумын 12 дугаар баг 6 дугаар хороолол 15 дугаар байрны 18 тоотод байрлах 29.0 мкв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Y-2003004402 дугаартай 2 өрөө орон сууцыг 45.000.000 төгрөгөөр албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоон 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 53 дугаартай захирамжаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т гүйцэтгэх баримт бичгийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор барьцаалсан битүүмжилсэн хураан авсан хөрөнгийг бусдад шилжүүлсэн тохиолдолд уг хөрөнгө хэний эзэмшилд шилжсэнээс үл хамааран гаргуулж, түүнийг төлбөрт суутгана, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т Барьцааны зүйлийг энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан журмын дагуу өмчлөлдөө шилжүүлэн авсан этгээд өмнөх барьцаалагчийн эрх, үүргийг хэрэгжүүлнэ гэж зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад,

 

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

*******лтантуяа нь Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ******* дугаар нээлттэй хорих ангийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 09/13 дугаартай Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлын шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул гомдлын шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 809 дугаартай шийдвэрээр Хас банкны Дархан салбарын нэхэмжлэлтэй *******, Б.Баясгалан нарт холбогдох зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 60 074 788,38 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хянан хэлэлцэж, хариуцагч *******, Б.Баясгалан нараас 60 074 788,38 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Дархан салбарт олгож, хариуцагч нар нь төлбөрийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сум 10-р баг, 12 хороолол, 1-р байрны 05 тоот, 000239577 гэрчилгээний дугаартай, Ү-2003017638 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 36,56 м2 1 өрөө орон сууц, Мон бамбай ХХК-ны өмчлөлийн Дархан сум 12-р баг, 6-р хороолол, 15-р байрны 18 тоот 29,0 м2 талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003004402 дугаартай, 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж шийдвэрлэсэн байна.

 

Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн хүсэлтээр 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 4176 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 677 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 987 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тогтоол үүсгэж, 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Дархан сум 10-р баг, 12 хороолол, 1-р байрны 05 тоот орон сууцыг, 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Дархан сум 12-р баг, 6-р хороолол, 15-р байрны 18 тоот 29,0 м2 талбайтай, 2 өрөө орон сууцыг тус тус битүүмжилж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Эд хөрөнгийг хураасан тогтоол үйлдэж, барьцаа хөрөнгийг хураан, төлбөр төлөгч *******ад эрх, үүрэг хариуцлагыг тайлбарлаж шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн байна.

 

Хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т Шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолыг хүлээн авсан даруйд энэ хуулийн 44 дүгээр зүйлд заасан арга хэмжээг авна, 49 дүгээр зүйлийн 49.1-д Хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах гэж тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах ажиллагааг ойлгоно, 49.2-т Энэ хуулийн 49.1-д заасан эрхийг хязгаарлах хүрээ болон хугацааг тухайн хөрөнгийн шинж чанар, гүйцэтгэх үүрэг, түүнийг эзэмшиж, ашиглаж байгаа хэлбэр, гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг биелүүлэхэд эзлэх хувийг харгалзан шийдвэр гүйцэтгэгч бие даан тогтооно, 54 дүгээр зүйлийн 54.1-д Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн хөрөнгийг худалдан борлуулах, эсхүл гүйцэтгэх баримт бичигт заасан тохиолдолд төлбөр авагчид шилжүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг хураан авна гэсэн хуулийн шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Дархан –Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 08/05 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, дуудлага худалдааны зарыг Засгийн мэдээ сонинд нийтлүүлсэн баримт, албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл, 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол зэрэг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д Төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгө, үнэт цаас, эдийн бус хөрөнгө, түүх, соёлын өвд хамаарах үнэт зүйл, тусгай зөвшөөрлийг энэ хуульд заасны дагуу хөрөнгийн албадан дуудлага худалдаа /цаашид “дуудлага худалдаа” гэх/-гаар худалдан борлуулна, 66 дугаар зүйлийн 66.1-д Дуудлага худалдааг шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, эсхүл шийдвэр гүйцэтгэх алба зохион байгуулна, 66.2-т Дуудлага худалдааг Иргэний хууль, энэ хуульд заасан журмын дагуу явуулна. 75 дугаар зүйлийн 75.1-д Дараахь тохиолдолд дуудлага худалдааг зохион байгуулагч дуудлага худалдааг хүчингүйд тооцож хоёр дахь дуудлага худалдааг явуулна, 75.1.1-д дуудлага худалдаанд нэг оролцогч ирсэн, 75.1.2-т анхны санал болгосон үнэд хүрэх санал гараагүй бол, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2-т Анхны дуудлага худалдаагаар санал болгосон үнэд хүрэх санал гараагүй буюу дуудлага худалдаанд хэн ч оролцоогүй бол хоёр дахь дуудлага худалдааг явуулна, 177.3-т Хоёр дахь дуудлага худалдааг эхний дуудлага худалдаа явуулснаас хойш 30 хоногийн дотор явуулна. Дуудлага худалдааг хоёр дахь удаа явуулж байгаа тухай хуульд заасан журмаар нийтэд мэдээлнэ, 177.4-т Хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон, эсхүл үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтооно гэсэн хуулийн шаардлагыг хариуцагч зөрчөөгүй байна.

 

*******лтантуяагийн нэхэмжлэлтэй Хас банкны Дархан салбар, ******* нарт холбогдуулан гаргасан Дархан сум 10-р баг, 12 хороолол, 1-р байрны 05 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг тус шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 879 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн гомдлоор давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 141 дугаартай магадлалаар давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн гомдлоор Хяналтын шатны Иргэний  хэргийн шүүх хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 001/ХТ2018/00209 дугаартай тогтоолоор анхан шатны шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч *******лтантуяаг Дархан сум 10-р баг, 12 хороолол, 1-р байрны 05 тоот, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн байна. / хх-ийн 5-7/

*******лтантуяагийн нэхэмжлэлтэй *******, Хас банкны Дархан салбарт холбогдуулан гаргасан *******, Хас банк нарын хооронд хийгдсэн 1070014954 дугаартай барьцааны гэрээнээс орон сууц чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг тус шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 823 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

 

Гомдол гаргагч *******лтантуяа нь Улсын дээд шүүхийн тогтоолоор өмчлөгчөөр тогтоосон миний өмчлөлийн орон сууцыг 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор дуудлага худалдаанд оруулж байгаа нь гуравдагч этгээд миний эрх ашгийг хөндөж байгаа тул хүчингүйд тооцож өгнө үү гэсэн гомдлын шаардлага гаргасан боловч зээлийн төлбөр гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тус шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 809 дугаартай хүчин төгөлдөр шийдвэрээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд *******лтантуяагийн шүүхэд гаргасан барьцаа хөрөнгийг чөлөөлөх шаардлагыг шүүхийн шийдвэрээр хангаагүй болох нь тогтоогдож байх тул гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай  хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-д тус тус заасныг баримтлан гомдол гаргагч *******лтантуяагийн Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт холбогдуулан гаргасан 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 09/13 дугаартай Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                      Д.АЛТАНТУЯА