Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1461

 

 

 

 

 

 

 

 

  2022       10          11                                    2022/ШЦТ/1461  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

Улсын яллагч Х.Эрдэнэтуяа,

Шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хялбаршуулсан журмаар хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ж овогт А-н Б-д холбогдох эрүүгийн 2206 00000 2761 дугаартай хэргийг шүүх 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 34 настай, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, эмээгийн хамт Баянзүрх дүүрэг 0 дугаар хороо “ннн” хотхоны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: хх000000 Ж овогт А-ийн Б.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч А.Б нь 2022 оны 8 дугаар сарын 14-ний орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо “Да хүрээ” 2 дугаар гудамжинд Х.Д-гийн эзэмшлийн 00-00 ххх улсын дугаартай Тоёота Сай загварын тээврийн хэрэгслийн их гэрлийг өшиглөн хагалж, хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 2.140.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас  талуудын хүсэлтээр хохирогч Х.Д-гийн өгсөн мэдүүлэг /хх-6-7/, “Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-12/, шүүгдэгч А.Бийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд /хх-16-22/, шүүгдэгч А.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-24/, шүүгдэгч А.Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-17/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч А.Б нь 2022 оны 8 дугаар сарын 14-ний орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо “Да хүрээ” 2 дугаар гудамжинд Х.Д-гийн эзэмшлийн 00-00 ххх улсын дугаартай Тоёота Сай загварын тээврийн хэрэгслийн их гэрлийг өшиглөн хагалж, хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 2.140.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Д-гийн өгсөн: "...2022 оны 8 дугаар сарын 14-ний өдөр машинаа бариад “Да хүрээ” захаар дээш яваад гудамж руу ортол согтуу эрэгтэй хүн явж ирээд машины гэрэл хэсэг рүү өшиглөсөн. Буугаад яаж байгаа талаар асуухад “ууртай байна яадаг юм бэ чи яах гээд байгаа юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би машинаа цааш нь байрлуулаад гэрэл хагарчихсан байхаар нь гүйж очоод яаж байгаа юм бэ гэрэл хагалчихсан байна гэж хэлсэн. Тэгтэл аав дээр очъё гээд намайг дагуулж явсан бөгөөд аав нь би мэдэхгүй, миний хүүхэд мөн гэж хэлтэл уг залуу зугтаагаад явчихсан” гэх мэдүүлэг /хх-6-7/,

 

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 533 дугаартай хөрөнгийн үнэлгээний “үнэлгээгээр тогтоогдсон дүн 2.140.000 төгрөг” гэх тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-12/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд А.Бийн яллагдагчаар өгсөн: “...Тухайн үед согтуу сэтгэл санаа тавгүй байх үедээ гэмт хэрэг үйлдсэн. Хохирол мөнгийг төлж барагдуулсан. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-30-31/,

 

Шүүгдэгч А.Бийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд /хх-16-22/,

Шүүгдэгч А.Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-17/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч А.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Х.Д-гийн эзэмшлийн 00-00 ххх улсын дугаартай Тоёота Сай загварын тээврийн хэрэгслийн их гэрлийг өшиглөн хагалж, хууль бусаар гэмтээж бага хэмжээнээс дээш буюу 2,140,000 төгрөгийн хохирол учруулсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгч А.Бийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.    

 

Хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч А.Б 2022 оны 8 дугаар сарын 14-ний орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо “Да хүрээ” 2 дугаар гудамжинд Х.Д-гийн эзэмшлийн 00-00 ххх улсын дугаартай Тоёота Сай загварын тээврийн хэрэгслийн их гэрлийг өшиглөн хагалж, хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 2,140,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Эрх зүйн дүгнэлт

                                       

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Иймд шүүгдэгч А.Бийн 2022 оны 8 дугаар сарын 14-ний орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо “Да хүрээ” 2 дугаар гудамжинд Х.Д-гийн эзэмшлийн 00-00 ххх улсын дугаартай Тоёота Сай загварын тээврийн хэрэгслийн их гэрлийг өшиглөн хагалж, хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 2,140,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүхий л шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

  Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Дээрх байдлаар шүүгдэгч А.Бийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Хохирогч Х.Д-гийн зүгээс гомдол саналгүй, хохирлоо бүрэн барагдуулсан, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх хялбаршуулсан журмаар А.Бэд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч А.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж овогт А-ийн Б-ийг “Бусдын хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Бийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар А.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар А.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, А.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба А.Бэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл А.Бэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС