| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2022/1434/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1463 |
| Огноо | 2022-10-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Батзориг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1463
2022 10 11 2022/ШЦТ/1463
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,
Улсын яллагч Ч.Батзориг,
Шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2206 00000 2864 дугаартай хэргийг шүүх 2022 оны 10 дугаар сарын 4-ний хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Говь-Алтай аймагт суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар байрны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй,
Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оноож, Эрүүгийн хуулийн 42 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан.
Говь-Алтай аймаг дахь Сум дундын 2004 оны 1 дүгээр сарын 20-ний өдрийн 8 дугаар шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86.2.6-д зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар,
Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих оноож, Эрүүгийн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус шүүхийн 2004 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 8 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 12 жилийн хорих ялд багтааж нийт эдлэх ялыг 12 жилээр тогтоосон, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: .............., Б ургийн овогт Ц-н А.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ц.А нь Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо ... хотхоны 0-0 тоотод байхдаа 2022 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр эхнэр З.Этэй маргалдаж улмаар түүний эрх чөлөөнд халдан цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.А мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр хохирогч З.Эийн өгсөн мэдүүлэг, /хх-8-9/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 12227 дугаартай дүгнэлт /хх-16-17/, шүүгдэгч Ц.Аын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-44/, шүүгдэгч Ц.Аын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-27/ хуудас зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ц.А нь Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо ... хотхоны 0-0 тоотод байхдаа 2022 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр эхнэр З.Этэй маргалдаж улмаар түүний эрх чөлөөнд халдан цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч З.Эийн өгсөн: “...Тухайн өдөр манай нөхрийг нагац ах Батсайхан нь гэртээ урьсан байсныг би мэдээгүй байсан ба 2022 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр манай нөхөр Батсайхан ахынх руугаа явна гэхээр нь би хамт яваагүй хүүхдүүдтэйгээ үлдсэн. Маргааш өглөө нь манай нөхөр гэртээ ирээд үл ялих зүйлээс болж маргалдаж байгаад нүүрэн хэсэгт 1-2 удаа цохисон. Орой нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх-8-9/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 12227 дугаартай:
1. З.Эийн биед хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд хазагдсан шарх, баруун нүдний дээд, доод зовхи, эрүү, хүзүү, баруун мөр, бугалга, тохой, шуу, зүүн хацар, бугалга, шуу, гуя, өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд хазагдсан шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус бүрдээ 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх дүгнэлт /хх-16-17/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Аын яллагдагчаар өгсөн: “...Би тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир эхнэртэйгээ маргалдаж улмаар түүний биед халдсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна." гэх мэдүүлэг /хх-44/,
Шүүгдэгч Ц.Аын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-27/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч Ц.А нь хохирогч З.Эийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болохыг шүүгдэгч, хохирогч хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Шүүгдэгч Ц.Аыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч Ц.А нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Чухаг 2” хотхоны 602-65 тоотод байхдаа 2022 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр эхнэр З.Этэй маргалдаж улмаар түүний эрх чөлөөнд халдан цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ц.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Ц.А нь хохирогч З.Эт гэм хорын хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн бөгөөд үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Шүүх хялбаршуулсан журмаар Ц.Ат холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Борчин овогт Цэдэндамбын Алтайбаатарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аыг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ат оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Ат мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ц.Ат авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС