Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2024/0611

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Ц.М

Нэхэмжлэгч: Н.Г

Хариуцагч: ААБШУГД

Гуравдагч этгээд: Б.О

Нэхэмжлэлийн шаардлага: “ААБШУГД-ын 2024о ны 03 дугаар сарын 26-ны өдрийн Б/21 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Гийг урьд эрхэлж байсан ажилд буюу Архангай аймгийн Хайрхан сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, нөхөн бичилт хийлгэх”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 109/ШШ2024/0020 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Н.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн С.Номуунаа

Хэргийн индекс: 109/2024/0007/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.Г нь ААБШУГДд холбогдуулан “ААБШУГД-ын 2024о ны 03 дугаар сарын 26-ны өдрийн Б/21 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Гийг урьд эрхэлж байсан ажилд буюу Архангай аймгийн Хайрхан сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, нөхөн бичилт хийлгэх”-ээр маргасан байна.

2. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 109/ШШ2024/0020 дугаар шийдвэрээр: Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Н.Гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга:

3.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийг зөрчин нотлох баримтад буруу үнэлэлт дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэсэн.

3.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх заалтыг буюу “Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ” гэсэн заалтын хэрэгжилтийг хангалгүй орхиж, Хөдөлмөрийн тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиудын маргаан бүхий захиргааны акттай холбоотой зүйл заалтуудын хэрэгжилтийг магадлан үзэлгүй хэргийг хянан хэлэлцсэн.

3.3. Нотлох баримтыг дутуу шинжлэн судалж, үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулиудыг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэжээ.

4. Нэхэмжлэгчээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Н.Гээс “ААБШУГД-ын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Б/21 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Гийг урьд эрхэлж байсан ажилд буюу Архангай аймгийн Хайрхан сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, нөхөн бичилт хийлгэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг ААБШУГДд холбогдуулан гаргажээ.

3. Хэргийн үйл баримтын тухайд:

3.1. Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/34 дүгээр захирамжаар хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Б.О нь жирэмсний амралт авсан үндэслэлээр түүний оронд нэхэмжлэгч Н.Гийг тус сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.

3.2. Улмаар мөн аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/51 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Н.Гт жирэмсний болон амаржсаны амралт олгож, мөн өдрийн Б/52 дугаар тушаалаар тус цэцэрлэгчийн арга зүйч Д.Бд цэцэрлэгчийн эрхлэгчийн албан тушаалыг хавсран гүйцэтгүүлсэн байна.

3.3. Нэхэмжлэгч Н.Гээс 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ажилдаа орох хүсэлт гаргасан боловч хариуцагч ААБШУГД-ын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар Д.Бг, мөн өдрийн Б/21 дүгээр тушаалаар Н.Гийг Хайрхан сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалаас чөлөөлснөөр энэхүү маргаан үүсжээ.

4. Маргаан бүхий ААБШУГД-ын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Б/21 дүгээр тушаалд

- “Б.Оийн хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусч, албан ажилдаа үргэлжлүүлэн ажиллах болсон,

- Н.Г нь хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын тодорхойлолтод заагдсан шаардлагыг хангахгүй,

- Хөдөлмөрийн гэрээнд заагдсан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэсэн гурван үндэслэл дурдсан байна.

4.1. “Б.Оийн хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусч, албан ажилдаа үргэлжлүүлэн ажиллах болсон” гэх үндэслэлийн тухайд:

4.1.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.1-д “Гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, эцэг өөрөө хүсэлт гаргасан бол ажил олгогч түүнд хүүхэд асрах чөлөө олгох ...”, 139.2-т “Хүүхэд асрах чөлөө нь дууссан, эсхүл дуусаагүй боловч ажилтан хүсэлт гаргасан бол ажил олгогч түүнийг ажлын байранд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй ...” гэж тус тус заасан.

4.1.2. Гуравдагч этгээд Б.О нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөөтэй байх ба ажилдаа орох талаар хүсэлт гаргаагүй болох нь түүний шүүхэд ирүүлсэн тайлбар, хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн баримтаар тус тус тогтоогдож байна.

4.1.3. Өөрөөр хэлбэл, Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын маргаан бүхий тушаалд дээрх үндэслэлийг дурдаж, нэхэмжлэгч Н.Гийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болжээ.

4.2. “Н.Г нь хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын тодорхойлолтод заагдсан шаардлагыг хангахгүй” гэх үндэслэлийн тухайд:

4.2.1. ААБШУГД-ын баталсан “Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын тодорхойлолт”-д “бакалавр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх”, “сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйч” мэргэжилтэй, “цэцэрлэгийн багш, арга зүйчийн ажлыг нийт 8-аас доошгүй жил хийж гүйцэтгэсэн” туршлагатай байхаар тусгасан байна.

4.2.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Н.Г нь “Багш, сургуулийн өмнөх насны хүүхдийн мэргэжил”-ийн бакалавр, “Боловсролын удирдлага”-ын магистр зэрэгтэй, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад багшаар 11 жил, эрхлэгчээр 2 жил, нийт 14 жил ажилласан туршлагатай болох нь тогтоогдож байх тул “... албан тушаалын тодорхойлолтод заагдсан шаардлагыг хангахгүй” гэх хариуцагчийн тайлбар мөн үндэслэлгүй.

4.3. “Хөдөлмөрийн гэрээнд заагдсан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэлийн тухайд:

4.3.1. Хариуцагчаас маргаан бүхий тушаалд дурдсан дээрх үндэслэлээ “... байгууллагын 2023 оны гүйцэтгэлийн тайланг ирүүлээгүй” гэж тайлбарлан маргасан байна.

4.3.2. Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол эрх бүхий этгээд дараахь тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ түр орлон гүйцэтгүүлж болно”, 43.2-т “Түр орлон гүйцэтгэгч нь тухайн албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг хэрэгжүүлнэ. Шийдвэрт түр орлон гүйцэтгэх хугацаа болон шаардлагатай бол зарим бүрэн эрхийг хязгаарлах талаар тусгана” гэж тус тус заасан.

4.3.3. Нэхэмжлэгч Н.Гийг 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс жирэмсний болон амаржсаны амралтаа авсантай холбогдуулан тус цэцэрлэгийн арга зүйч Д.Бд эрхлэгчийн үүргийг хавсран гүйцэтгүүлсэн байх ба Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 01/427 тоот албан бичгээр 2023 оны жилийн эцсийн тайланг 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дотор байршуулахыг мэдэгдсэн байна.

4.3.4. Дээрхээс үзвэл, Архангай аймгийн Хайрхан сумын хүүхдийн цэцэрлэгийн 2023 оны жилийн эцсийн тайланг эрхлэгчийн үүргийг хавсран гүйцэтгэж байсан Д.Б хариуцан хүргүүлэх ёстой байжээ. Энэ үндэслэлээр амаржсаны амралттай байсан Н.Гийг буруутгасан нь үндэслэлгүй.

5. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх ба давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ..

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

                                                                 ТОГТООХ нь:                                      

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 109/ШШ2024/0020 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохын дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Т.ЭНХМАА

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ